Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

Хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн  овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2236001090133 дугаартай, 178/2022/0136/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.******* нь Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Н.Нарантуяагийн биед халдан цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******... Н.*******бид нар өөр нутаг болохоор нутгийн маргаанаас болсон. Гэхдээ би тэр хүнийг зодоогүй. Харин Н.*******Магсаржав хоёр хоорондоо байнга хэрэлдэж зодолдож байдаг... гэж мэдүүлэв.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн...Н.Нарантуяагийн биед зүүн бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсгийн цус хуралтууд, баруун гарын шууны дотор дээд хэсгийн цус хуралт, баруун гарын шууны дотор доод хэсгийн цус хуралт, баруун хөхний дээд дунд хэсгийн цус хуралт, баруун гарын 3 дугаар хурууны 3 дугаар үений гадна хэсгийн зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, зүүн гарын шууны урд доод хэсгийн зулгаралт, баруун гуяны урд хэсгийн цус хуралт, баруун хөлийн өвдөг хэсгийн зулгаралт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсгийн цус хуралт, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Н.Нарантуяагийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 13-15-р хуудас/

Хохирогч Н.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...М.******* машинтай ирээд хаалгаа онгойлгоод манай нөхөр лүү “ чи хаана юу хийгээд шаагаад байгаа пизда вэ” гээд бууж ирээд газраас чулуу аваад манай нөхрийг “ална “ гээд дайрахаар нь би дундуур нь ороод тэр эмэгтэйгийн гарыг бариад автал миний үснээс зулгаасан.Би гартаа барьж байсан модоор гар луу цохиж гарыг нь тавиулсан...Би гэртээ ороод дотроос нь цоожилчихоод байж байтал М.******* манай хаалгыг нүдсээр байгаад хаалганы цоож сугараад гэрт ороод ирсэн. Тэгээд М.******* гэрт орж ирээд 10 литрийн савтай ус аваад над руу шидэхэд миний гэдэс хэсэгт оносон.Мөн сандал аваад над руу шидсэн. Дахиад сандал аваад орон дээр сууж байсан манай хүүхэд рүү шидэхээр нь би дундуур нь ороод өөрөө цохиулсан.Тэгснээ манай үүдэнд байсан лаазтай аргал аваад цацаж асгаад над руу ирж миний үснээс зулгаасан. Энэ үед манай нөхөр гэрт орж ирээд “ хүүхэд аллаа ш дээ” гээд хүүхдээ аваад тэвэрсэн.Манай нөхөр “ би цагдаа дуудаад ирье” гээд гэрээс гараад мотоциклио асаагаад явсан чинь М.******* “ тэгвэл энэ дээр чинь гүйцээнэ” гэж хэлээд манай нөхрийн араас машинтайгаа явсан. Цаашаа юу болсныг би мэдэхгүй байна. Тэрхэн зуур ухаан алдаж унаад сэрсэн чинь би орон дээр хэвтэж байсан, манай хоёр хүүхэд уйлчихсан сууж байсан ...” гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/

Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр малын бэлчээр дээр Магсаржавтай уулзаад мэнд усаа мэдээд байж байтал Магсаржав “ малын замаас нүүгээд Баян овоо руугаа зайл, надаас зөвшөөрөл авч байгаад буу” гээд намайг хэл амаар доромжилсон.Би Магсаржавыг “ чи улсын өмчтэй  газар эзэлдэг хэн бэ“ гээд мотоциклиос нь татахад өөрөө буугаад ирсэн.Тэгснээ Магсаржав “ манай эхнэр намайг тантай хардаад энэ авгайг нүүлгэмээр байна гээд байна” гэж хэлсэн.Тэгээд бид хоёр гэр гэр лүүгээ явсан. Орой нь гэртээ байж байтал Магсаржав залгаад “ миний нуруу өвдөж байна,бариач авчирч бариулж өг, тэгэхгүй бол чамайг цагдаад өгнө” гэхээр нь “ би худал хэлж хулгай хийгээгүй” гэж хэлээд утсаа тасалсан. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Магсаржавынд очоод “ манай 3 ишиг байдаггүй” гээд асуусан чинь Н.*******гэх эмэгтэй мод бариад “ хувхай шар үсийг чинь үмтээж хаяна” гэж хэлээд над руу дайрч ирээд модоор миний толгой гар хэсэгт цохихоор нь би модоо хаяарай үзэх гээд байвал махан гараараа үзье гэж хэлсэн чинь над руу зэвтэй төмөр барьж ирээд миний зүүн гарын шуу хэсэгт цохисон.Би Нарантуяаг цохиогүй ...” гэх мэдүүлэг / хэргийн 60-61-р хуудас/  зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Хохирогч Н.*******нь Төв аймгийн Баянгол суманд ажил хийж байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн болно.

Шүүгдэгч М.*******  нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн нутаг дэвсгэрт Б.Магсаржавын гэрийн гадна очиж Б.Магсаржав  түүний эхнэр Н.*******нартай маргалдаж, Н.Нарантуяаг зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Тухайн хэрэг учралын үед М.*******, Н.*******нар нь харилцан нэгэндээ гэмтэл учруулсан болох нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Магсаржавын гэрчээр өгсөн “...М.******* манай эхнэрийг үсдээд тавихгүй болохоор барьж явсан модоороо гар луу нь цохисон...” Н.*******гэрт байсан дэгээ төмрөөр М.*******ийн машины цонхоор оруулж толгой руу нь түлхсэн...” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 422 дугаартай шинжээчийн “...М.*******ийн биед духны дунд дээд хэсгийн зулгаралтын сорви, баруун хацар хэсгийн зулгаралтын сорви, баруун доод эрүүний хэсгийн зулгаралт, зүүн бугалганы дотор дээд хэсгийн зулгаралтуудын сорви, зүүн бугалганы дотор дунд хэсгийн зулгаралтын сорви, зүүн гарын шууны гадна дээд хэсгийн цус хуралтууд, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралт, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтын сорви,баруун гуяны урд доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. М.*******ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гэвч шүүгдэгч М.******* “би Н.Нарантуяаг зодоогүй, харин өөрөө зодуулсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хохирогч Н.Нарантуяагийн мэдүүлэг, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч хохирогч нарын дунд үл ойлголцох байдал, зүй бус харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч иргэний нэхэмжлэгч Н.*******1055007 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа ба хохирогчоос гарган өгч хавтаст хэрэгт тусгуулсан хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирлын баримтын шаардлага хангахуйцаар бүрдүүлж хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэх,

Хохирогч Н.Нарантуяагийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Н.*******Төв аймагт ажиллаж байгаа,шүүх хуралдаанд  ирж оролцох боломжгүй. Хохирлын баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх,

Шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийн хавтаст хэрэгт ирүүлсэн хохирлын гэх баримтууд нь нотлох баримтын хуулийн шаардлага хангахгүй, мөн хохирогчид 1055007 төгрөгний хохирол учирсан гэдэг нь нотлогдохгүй байна. Иймээс хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч М.******* нь хохирогч Н.Нарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.******* нь хохирогч Н.Нарантуяагийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 414 дугаартай  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Н.*******мөрдөн шалгах ажиллагаанд 1055007 төгрөгний хохирлын тооцоо гаргаж өгсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийн шаардлага хангаагүй, улсын яллагч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын “нотлох баримтаар тооцохгүй байх” хүсэлтийг үндэслэн, гаргаж  өгсөн хохирлын баримтыг шүүх хэлэлцээгүй болно.

 Иймээс хохирогч Н.*******нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг  дурдах нь зүйтэй.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 78-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Ц.Орломсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... М.******* нь шулуун шударга зан ааштай, хэлэх үгээ хэлчихдэг, хөдөлмөрч эмэгтэй.Дөргөн сумын Сээр багт нөхөр хүүхдүүдийнхээ хамт мал маллаж амьдардаг... гэх мэдүүлэг /хэргийн 64-р хуудас/,

Гэрч Б.Батжаргалын өгсөн...бид гэр бүлийн найзууд байгаа юм. М.******* шударга, сэргэлэн, хөдөлмөрч, нийтэч зан чанартай хүн...гэх мэдүүлэг / хэргийн 66-р хуудас/ шүүгдэгч М.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн арга, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 1200000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 1200000 төгрөгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг 1 сарын хугацаанд хүлээлгэж, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс: Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх санал тус тус гаргав.

Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар торгох ялын зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийг 10 / арав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236001090133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6- 36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236001090133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.*******нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС