Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 2236000000207 дугаартай, 178/2022/0177/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.******* нь 2022 оны  08 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.*******тай маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2 дугаар хуудас/

Хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ганзориг, Сүхбаатар бид гурав Сүхбаатарын хүүгийнд хөзөр тоглоод архи уугаад бараг 2 цаг орчим болоод би тэднийхээс гараад явсан. Би нэлээд согтчихсон байсан. Нэг санахад Дуут суманд мал хариулж яваад хальт уулзаж байсан нэг залуугийн араас дагаад алхаад байсан.Гэнэт тэр залуу миний нүүр лүү цохиод цээж рүү өшиглөж байсныг санаж байна.Тэгээд гэртээ яаж харьсныг мэдэхгүй, орой нь эмнэлэгт хүргэгдсэн байсан.Манай охин цагдаад хандсан... гэх мэдүүлэг / хэргийн 6 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас / хэргийн 8-9 дүгээр хуудас/

Гэрч Б.Болорзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр 15,16 цагийн үед Тахилт багийн 10-10 тоотод байх гэртээ очоод байж байтал 21 цагийн үед манай аав хүнээр зодуулсан байдалтай гэртээ орж ирсэн. Аав “Би хүнээр зодуулчихлаа, тэр хүнийг харвал танина” гэж хэлж байсан.Аавын хамар нүүр хавдаж хөхөрсөн, амнаас нь цус гарсан, гар цээж нь хөхөрсөн, хувцас хунар нь шороо, цус болсон байдалтай байсан... гэх мэдүүлэг / хэргийн 14 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 659 дугаартай... Х.*******ын биед доод уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, доод эгнээний зүүн 1-р шүдний сулрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, зүүн хацар, хамар, нуруунд тус бүр зулгаралт, хамрын нуруу, цээжний баруун дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.Х.*******ын биед учирсан дээрх гэмтэл ньтухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн болно. Х.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 17-19-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...би Х.*******ын ам хэсэг рүү гараараа 2 удаа цохисон, цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, өөр цохиогүй.Х.******* намайг цохиогүй,цохих гэхээр нь гараараа хаасан.Х.******* захын ар талаас намайг согтуу дагаад байхаар нь би 0.33 гр-ийн нэг шил архи аваад бид хоёр айлын эзгүй хашаа руу орж уусан.Архи уух хоорондоо маргалдаж түүнийг цохисон.Бид хоёрын хажууд хүн байгаагүй.Би гудамжны адаг руу очоод нэг хүүхдийг “ ах нь тэр хашаан дотор хүн цохичихлоо, очоод хараад ир” гээд явуулсан чинь хүүхэд гүйж яваад буцаж ирээд “ тэр хүн хашаанаас гараад дээшээ алхаж байна” гэхээр нь би явчихсан.Х.*******тай 2 удаа уулзаж уучлалт гуйсан, хохирол мөнгө авахгүй гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 659 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Болорзаяагийн мэдүүлэг зэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн өөрөөр хэлбэл хохирогчийн биед халдан зодсоноос түүний биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж хүсч үйлдэн гэмтэл учруулсан байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

Шүүгдэгч Б.******* хохирогч Х.******* нар хамт архи ууж үл ялих зүйлээс үүдэн хоорондоо маргаснаас Б.******* өөрөөсөө ахмад хүнийг үл хүндэтгэн харьцаж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 659 дугаартай  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Х.******* ... шүүгдэгч Б.*******оос нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 44-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Б.Алтанбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.******* эцэг эхээс долуулаа. Гэр бүлтэй байж байгаад салсан, төрсөн үр хүүхэд байхгүй.Ховд аймгийн Дуут суманд айлын мал маллаж амьдардаг... гэх мэдүүлэг /хэргийн 39-р хуудас/,

Гэрч С.Чинбатын өгсөн...Б.******* Дуут суманд хүний мал маллаж амьдардаг, хааяа аймгийн төвд орж ирэхээрээ архи уучих гээд байдаг...гэх мэдүүлэг / хэргийн 42-р хуудас/ шүүгдэгч Б.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж,  хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 550000 төгрөгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргав.

Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, шүүгдэгчийн орлого, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар торгох ялын таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******од тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2, 36.2, 36.6- 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******од мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236000000207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС