Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 112/ШШ2021/0029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн О.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдох ******* сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн Б/07 тоот захирамж хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, урд эрхэлж байсан албан тушаал болох хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгал дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Ж.А, гуравдагч этгээд М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: О.Ц нь Говь-Алтай аймгийн ******* сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1985 оноос 24 жил төрийн албанд ажиллаж байна. Сүүлийн 12 жил цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажилласан. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаартай ******* сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Тухайн захирамжид ажлаас чөлөөлсөн үндэслэлийг огт заагаагүй, ямар ч шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхэд гаргасан тайлбартаа цэцэрлэгт халдварт өвчин тархсан гэдэг талыг барьж ажлаас чөлөөлсөн байдаг. Цэцэрлэг нийт 75 хүүхэдтэй. Үүнээс ахлах болон бэлтгэл бүлэгт өвчин огт гараагүй. Тухайн үед бага бүлэгт 14 хүүхэд явж байснаас 5 хүүхэд өвчилсөн ба бусад хүүхдүүд нь өвдөөгүй. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгийн бүх хүүхдүүд халдварт өвчинд нэрвэгдсэн мэтээр нэхэмжлэгчийг буруутгаж, сумын онцгой комисс гэсэн нэрийдлээр захирамж гарган цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл мэргэжлийн байгууллагаас эрүүл ахуй болон өвчлөлтэй холбоотойгоор дүгнэлт гараагүй. Мөн сумын *******ас холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Сумын онцгой комиссын хуралдсан хуралдааны тэмдэглэл гэх зүйлийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байдаг. Хуулбар хувиар хавтаст хэрэгт ирсэн. Тэмдэглэлд О.Цгийн үгийг хүртэл гуйвуулж бичсэн байдаг. Бага бүлэг 20 хүүхэдтэй, 5 хүүхэд өвчлөөгүй гэх мэтээр эсрэгээр нь хурлын тэмдэглэлийг хөтөлсөн байна. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн юм болов уу гэж харах нөхцөл бүрдээд байна. Цэцэрлэгийн жилийн ажлын тайлан тавигдсан байгаа. Энэ тайлан 2 янзаар бичигдэж ирсэн. Тухайн үеийн эрхлэгчээр ажиллаж байсан хүн нь О.Ц байдаг. Хурлын тэмдэглэл О.Ц, н.Т нарын гарын үсэгтэй ирсэн байдаг. Мөн тухайн тэмдэглэлээс тэс өөр буюу О.Ц гарын үсэг зураагүй, ганцхан н.Тийн гарын үсэгтэй хурлын тэмдэглэл байсан. О.Ц, н.Т нарын гарын үсэгтэй хурлын тэмдэглэлээс тэс хөндлөнгөөр буюу дандаа шүүмжилсэн маягтай товчхон бичигдэж ирсэн. Үүнтэй холбоотойгоор итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүсэлт гарган Тээс асуулгасан. Т нь маш тодорхой хариултыг өгсөн байна лээ. Энэ нь Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримтыг хүний эсрэг гуйвуулж худал материал бүрдүүлсэн нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Сумын сургууль захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг Боловсрол соёл урлагийн газрын саналын дагуу сумын ******* ажлаас чөлөөлөх хуулийн заалттай. Гэтэл эсэргээрээ ******* сумын *******ас Боловсрол соёл урлагийн газарт санал очсон байна лээ. Санал нь ажлаас чөлөөлсөн захирамж гарснаас хойш 7 хоногийн дараа очсон байдаг. Энэ нь нотлох баримтаар харагддаг. Төсвийн хөрөнгө ямар билээ. Хүүхэд багатай цэцэрлэгийн хувьд санхүүжилт бага очдог гэдгийг бүгд мэднэ. Сум орон нутгийн удирдлага хүлээн авдаг эсэхийг мэдэхгүй юм. Ажил авсан цагаасаа хойш шаардлага тавьсан гэж байна. Үнэхээр шаардлага тавьдаг юм бол албан шаардлагаа өгөөд суухгүй яасан юм. Өнөөдөр албан шаардлагын хариуг өгдөг байсан эсэх талаар яриад суух байсан. Засаг даргын цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой эрх хэмжээ нь Боловсрол соёл урлагийн газрын саналыг үндэслэн ажлаас чөлөөлөх ёстой. Гэтэл Боловсрол соёл урлагийн газраас санал очоогүй байна. Өнөөдөр энэ асуудал хуулийн хүрээнд явагдаагүй байна.

Хариуцагчийн зүгээс ч хэлсэн. Хурлын тэмдэглэлд бичигдсэн үүрэг даалгаврыг яагаад биелүүлээгүй юм гэж байна. Хурлын тэмдэглэлийн он, сар өдрийг харахад өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх хугацаа байсан эсэх эргэлзээтэй. 03 дугаар сарын 22, 03 дугаар сарын 10, 03 дугаар сарын 23 гэх арав хүрэхгүй хоногийн хугацаанд энэ хүн эдгээр үүрэг даалгаврыг биелүүлэх боломжтой байсан уу?. Халдварт өвчний эх уурхайг тодорхойлно, тогтооно гэж өөрсдөө захирамж гаргачхаад О.Ц рүү дайраад байгаа нь ойлгомжгүй. Гар, хөл амны өвчин ганцхан сум даяар биш улс орон даяар тархдаг. Аймгийн төвийн цэцэрлэгээр хүртэл гардаг. Ханиад шиг дэгддэг вирус. Энийг зөвхөн цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоод байгаа нь үндэслэлтэй эсэх дээр дүгнэлт хийх нь зөв байх. 13 жил цэцэрлэгийг өөд нь татаагүй гэж байна. Байгаа төсөвтөө тааруулаад өөд татаад байсан нь энэ ч юм билүү энийг хэн ч мэдэхгүй. Төсөв нь ямар байдаг байсан юм. Цэцэрлэгийн хувьсах зардал хүүхдүүдээсээ шууд хамаардаг. ******* сумын тухайд бусад сумдаас харьцангуй бага хүүхдүүд цэцэрлэгт хамрагддаг. Үүнтэй холбоотой хувьсах зардал бага ирдэг байх. Үнэхээр хувьсах зардал нь их ирдэг байсан бол сургуулиас ширээ аваад суухгүй байх. Боломжтой бол шинэ ширээ аваад суух байсан байх. Яагаад заавал шинэ ширээн дээр суух ёстой гэж. Төсөв байхгүй байхад энэ хэмжээнд аваад явж байгаа ч юм билүү мэдэхгүй байна. Цэцэрлэгт хүлээн авч байгаа бүртгэлтэй цэцэрлэг аймгийн төв дээр ч байхгүй. Аймгийн цэцэрлэг хүртэл хүүхдүүдэд үзлэг хийгээд тэмдэглэл хөтөлж авдаггүй юм. Яах вэ энэ жишгийг ******* сумаас үлгэр жишээ болгоод аймаг, улс орон даяар дэлгэрүүлэхийг үгүйсгэхгүй. Дэлгэрүүлээд аваад явах нь сайшаалтай ажил. Гэхдээ эцэг эхийнхээ үүднээс шүүмжлэл хэлж байгаа нь төрийн байгууллагын уялдаа холбоотой асуудал биш. Төрийн байгууллагын үйл ажиллагаа албан ёсны бичиг цаасаар хэрэгжиж баталгааждаг. Өөрийнхөө байр суурь бодлыг илэрхийлэх нь төрийн ажил биш. Өнөөдөр ажилтнаа шүүмжлээд сууж байхын оронд төсөв нь хангалттай, хангалтгүй байсан эсэхэд дүгнэлт хийж ярих ёстой байх. Зарим зүйл дээр хүний сэтгэл дутсан байж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Цэцэрлэгийн ажил ямар байгаа нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 заасан байгаа. Аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө гэсэн байдаг. Таны хэлээд байгаа зөвшилцөх гэсэн заалт утга агуулга нь шал өөр. Дүүргийн ******* боловсрол соёлын газрын даргыг зөвшилцөж томилж ,чөлөөлнө гэсэн байдаг. Зөвшилцөх заалт ганц энэ дээр л гарч ирнэ. Түүнээс сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарыг Боловсрол соёлын газрын саналыг үндэслэж чөлөөлнө гэсэн байдаг. Энэ нь хэмжээгүй эрхийг хязгаарласан заалт гэж үздэг. Би эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж байна гэж хандаад байгааг нь ойлгохгүй байна. Үнэхээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд байж боломгүй зүйл байдаг бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч шийдэгдэх болохоос сумын *******, онцгой комиссын хурлаар шийдэгдэхгүй байх. Чиглэл чиглэлийн байгууллага холбогдох дүрмээр ажлаа хийж дүгнэлтээр шийдэгдэх асуудал учраас хариуцагчийн зүгээс ярьж байгаа зүйл нотлогдохгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Байгууллага удирдаж байгаа хүн энэ байгууллагын өнгө үзэмжийг өөрчилж, ажилчдаа удирдлагаар хангаж, ажиллах орчныг нь бүрдүүлэх ёстой гэж үздэг. Би ажил авсан цагаасаа хойш 4 сар энэ хүнд шаардлага тавьсан. Миний тавьсан шаардлагыг биелүүлж чадаагүй. Удаа дараа зөрчил гаргасан. Би эсрэг нотолгоогүй баримт бүрдүүлээд байгаа юм биш. Хурлын тэмдэглэл дээр ч байгаа онцгой комиссын гишүүдээр ч тайлбар өгүүлж болно. Бага бүлэг 20 хүүхэдтэй. 20 хүүхдийн 5 нь өвчлөөгүй гэж өөрөө хэлсэн. 5 хүүхэд өвчлөөгүй юм бол 75 хувь нь юм байна гэхэд гайхаад эргэлзээд янз бүр болсон. Одоо ч гэсэн хариуцлагатайгаар нэг зүйл хэлэхэд энэ хүний хувийн зохион байгуулалт ажлын хариуцлага ямар байгаа нь энэ шүүх хурлаар харагдаж байна. Бүхэл бүтэн 40 минутаар энэ шүүх хурлыг хойшлуулж байна. Яаж ажил хийдэг нь энгийн зүйлсээр харагдаж байна. 13 жил уг байгууллагыг удирдаж байгаа хүн. 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн сумын ******* О-ын захирамжаар томилогдсон байдаг. Хуучин эрхлэгч нь Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож О.Ц эрхлэгчээр томилогдсон. 2012-2016 он хүртэл Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Дараагаар нь би аймгийн Хаан банканд ажиллаж байгаад сум орон нутагтаа эргэж амьдарна гэж боддог байсан тул эргээд сумандаа Хаан банкны эрхлэгчээр очиж ажилласан. 2003 оноос хойш сумандаа ажиллаж байгаа. Миний 17 жилийн амьдрал энэ сумтай холбогддог. О.Ц тайлангийн хурал болгон дээр шүүмжлэлд өртөж, үйл ажиллагаа нь жигдрээгүй гэсэн асуудал үүсгэдэг. Энэ асуудлууд үргэлж батлагдаж ирсэн. Ганцхан энэ халдварт өвчнөөс болж шийдвэр гаргаагүй. Өмнө нь 2017 онд хүртэл манай сумын цэцэрлэгт гар хөл амны өвчин дэгдсэн. 2 удаа цэцэрлэгийн хүүхдүүд толгойны шимэгч хорхойгоор өвчилсөн. Энэ бүх зүйлийн тайлбар, баримт байдаг. Би ужгирсан төрийн албанд шигдсэн арчаагүй байдлыг үгүй болгож, ажил хийдэг болгоё гэдэг үүднээс би 11 дүгээр сарын 16-нд ажил аваад 11 дүгээр сарын 17-нд анх байгууллагын дарга нартай хурал хийн бүгдэд нь жигд шаардлагыг тавьж байсан. Цэцэрлэгийг 13 жил удирдахдаа халаалтын асуудлыг төгс шийдэж чадаагүй. Хүүхдийн цэцэрлэгийн барилгын асуудал хүртэл царцсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай шинээр баригдаж байгаа цэцэрлэг 2018 оноос эхэлж баригдаад 2019 онд ашиглалтад орж дуусах байтал өдийг хүртэл баригдаагүй. Тендер авсан компанитай нь холбоотой байдаг байх. Гэхдээ энэ нь ажил удирдаж байгаа хүнтэй ямар нэгэн байдлаар шууд холбоотой гэж би үздэг. 1989 онд ашиглалтад орсон хоёр давхар хуучин байшинд одоог хүртэл үйл ажиллагааг явуулдаг. Цэцэрлэгийн байр 3 янзын өнгөтэй. Яагаад бүхэл бүтэн 13 жил энэ байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд нэг өнгийн, нэг загвартай болгож болдоггүй юм. 1989 онд ашиглалтад ороход нь хийсэн модон хүрээтэй цонхтойгоо байдаг. Өдий болтол яагаад тэрийг ч сольж чаддаггүй юм. Өнөөдөр вакум цонхгүй барилга ер нь байхгүй. Энэ байдлаас 13 жилийн үйл ажиллагаа нь харагдаж байна. Маш олон хүүхдүүд цэцэрлэг дээрээ даардаг. Олон хүүхдүүд даарснаасаа болоод циститтэй болсон. Хүүхдүүдийн бодит байдлыг би зургаар илэрхийлж чадаагүй. Хүүхдүүдийн унтдаг ор дэвсгэрийн хөнжил даавууг хадгалдаг өрөөнд халаалт байхгүй. Хүйтэн хөнжил гудас дэвсэж хүүхдүүдийг унтуулдаг. Хүүхдүүдийн угаалгын өрөө нь пялтан шалтай, халаалт байхгүй. Бүтэн 13 жилийн хугацаанд түмний хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглосон. Би энийг л ярьж байна. Ажлаа сайжруулах талаар олон удаа хэлж шаардаж, шаардлага тавьсан. Нэг ч удаа эргэж хариу мэдэгдээгүй. Бараг төрийн албаны бичиг баримт хөтөлж мэддэггүй байх. Яаж хариу өгөхөө мэдэхгүй. Ажил яаж хөөцөлдөж зохицуулахыг мэддэггүй ийм хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн. Тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлж чадаагүй. Хүүхэд даараад байна гэж эцэг эхчүүдээс хэлж гомдол гаргахад тень тавиад халаагаад өгөхөд болохгүй зүйл байхгүй. Үргэлж тень асаахад хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байх гэхдээ даарч байснаас л дээр. Даарснаас зөндөө олон өвчин олж авдаг. Цистит туссан олон охид байна. Нотлох баримт хэрэгтэй гэвэл эцэг эхээс нь тайлбар өгүүлж болно. Намайг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж байна. Онцгой комиссын хурлын тэмдэглэлийг хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн хөтөлдөг. Би эх хувиас нь хуулбарлаж авсан. 20 хүүхдийн 75 хувь нь өвчилсөн гэхээр өчигдөр тэд нь байсан юм гээд буруу зөрүү яриад худлаа хэлдэг. О.Ц ажлаа мэддэггүй. Хүүхдүүдийг өглөөд хүлээж авахдаа шарх сорвийг нь хүртэл бүртгэж авдаг дэвтэртэй байх хэрэгтэй гэж хэлдэг. Ийм дэвтэр багш нарын үйл ажиллагаанд нь ч байгаагүй. Би тамгын газрын дарга, орлогч хоёрыг явуулж үйл ажиллагааг нь шалгуулсан. Мөн эмнэлгээс надад санал ирсэн учраас үйл ажиллааг нь зогсоохоос өөр арга байгаагүй. 20 хүүхдийн 15 өвдсөн гэж эрхлэгч надад өөрөө хэлж байхад үйл ажиллагааг нь зогсоохгүй гээд яах юм. Өмнө нь олон удаа ийм үйл явдлууд давтагдаж байсан. Би ганцаараа шийдвэр гаргаагүй, онцгой комиссын бүрэлдэхүүнтэйгээр шийдсэн. Зохион байгуулалттайгаар ажлаас нь халах гэж хийсэн юм биш. Хурал дээр үргэлж шүүмжлэл дагуулсан өнгө аясаар бүх эцэг эхчүүд ярьдаг. Хүнийг ажилгүй болгохгүйн тулд ажлаа сайжруулах болов уу гэж бодоод дийлэнх олонх нь хангалттай гэж далан хэдэн хувь нь гараа өргөж л байдаг. Гэхдээ хүмүүсийн өнгө аяс эцэг эхчүүдийн хандлага 13 жил энэ хүний эсрэг байсан. Би өөрийнхөө гаргасан шийдвэрийг хэзээ ч хууль бус гэж үзэхгүй байна. Энэ цэцэрлэг 75 хүүхэдтэй биш. Хамрах сургалт зуны бүлэг Олонбулаг баг дээр ажиллаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй, үйл ажиллагаа нь жигдэрч чадаагүй 12 хүүхэдтэй нэг бүлэг хичээллэдэг. Сум дээр 20 орчим хүүхэдтэй хоёр бүлэг хичээллэдэг. Өвлийн улиралд манай сумынхан хүүхдээ цэцэрлэгт өгдөггүй. Даардаг хүйтэн. 13 жил дааруулсан. Одоо энд багш нь сууж байна. Би энэ хүнийг арай залуу сэтгэлгээтэй өөр байх байлгүй гэж бодсон. Цэцэрлэгийн эрхлэгч, багш, аргазүйч мэргэжилтэй хүнийг л үүрэг гүйцэтгэгчээр томилох ёстой учраас М.Нг томилсон. Дараагийн багш нь сургуульд жижүүрээр ажиллаж байсан хүнийг авсан. 1985 оноос хойш 30 жил багш хийчхээд тайлангийн хурал дээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэг норм, нормативыг хэлэх чадаагүй. Танай сургалтын цөм агуулга юу юм гэхэд хэлж чаддаггүй, гацсан. Би ийм хүнээр удирдах ажил хэзээ ч хийлгэж чадахгүй. Цэцэрлэгт хүүхэд юм сурахдаа гол биш, эрүүл аюулгүй орчинд өсөх ёстой. Хүүхдээ би дааруулаад байя гэж боддоггүй. Эхнэр бид хоёр хоёулаа ажилтай учраас хүүхдээ цэцэрлэгт өгдөг. Хэдэн төрийн албан хаагчид л өвөл хүүхдээ цэцэрлэгт өгдөг. Өгөхөөс ч өөр сонголтгүй. Эмээ өвөө нь хардаг хүүхдүүд өвөл хүйтрэхээр цэцэрлэгт явдаггүй. Хүйтрээд ирэхээр цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа нь доголдож, алдагддаг. Ийм үйл ажиллагаатай байсан учраас би хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн. Би илүү олон баримт нотолгоог гаргаж өгнө. Миний охин 6 нас хүртлээ цэцэрлэгт явдаг байсан. Одоо 10 настай. Үргэлж даардаг байсан. Би орой 6 цагт цэцэрлэгийн багш гарч явах үед нь шөмбийтөл даарсан охиноо очиж авдаг байсан. Би бодит үнэнийг л ярьж байна. Түүнээс хэн нэгнийг намаар алагчилж халаагүй, ажил хийх чадварыг нь л харсан одоогоор ийм л зүйлийг ярья. Манай сум гамшгийн онцгой нөхцөлд ажиллаж байгаа. Өдий 13 жил ажил хийж байгууллага удирдчихаад сууж байгаа ширээ нь сургуулийн ширээ байгаа юм. Дараагийн эрхлэгч нь ажлаа хүлээж авахад сургуулиас ширээгээ ирээд авч байгаа юм. Яаж төрийн ажил хийж байсныг ойлгодоггүй юм. Хүнийг шүүмжлэх амархан. Би бодитой шүүмжлэлийг хэлж байна. Эрх зүйн хүрээнд ярья гэж байгаа бол ******* эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргах эрхтэй. Боловсролын тухай хуулиар сургууль цэцэрлэгийн эрхлэгчийг Боловсрол соёл урлагийн газартай зөвшилцөж томилно гэсэн заалт байгаа. Уг заалтыг үндэслэсэн. Бичиг, тоот явуулахаас өмнө аман харилцаанд орж шийдсэн нь алдаа болсон байх. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Би гаргасан захирамжаа энэ хуулийн заалттай холбогдоно гэж үзэж байна. Би нэг зүйл дээр харамсаад байдаг юм. О.Ц байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг хангах ёстой.

Зөрчигдөөд байгаа хүүхдийн эрхийн талаар яагаад ярихгүй байгаа юм. Би энийг л яриад байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасан хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах гэсэн заалтаар нотлогдоод байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 заасны дагуу Засаг даргын эрх хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хүрээнд хэрэгжүүлэх эрх үүргийг О.Ц хэрэгжүүлэх ёстой. Би биш. Засаг даргын нэрийн дор гүйцэтгэж үүрэг чиглэл оруулж ирэх ёстой. Төсөв ирдэг. Төсөв буцдаг. Юунаас болоод төсөв буцаад байгаа хүртэл талаар асуудаг. Урсгал засварт ирсэн төсвөө юунд ашиглахаа мэддэггүй буцаадаг. Төсвийн хуулиа ч хэрэгжүүлж чаддаггүй. Энэ нөхцөл байдлаас болж 13 жил хүүхдийн эрх ашиг хөндөгдөөд байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан миний үндэслэсэн заалт зөрчигдөөд байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-нд би ажлаа авсан. Хангалттай гэж үнэлсэн үнэлгээ миний үнэлгээ биш. Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ирүүлсэн үнэлгээ.Би багш хийдэг байсан. Хангалттай гээд ирсэн үнэлгээг би хасаад яах вэ гэж боддог. Урамшуулал олгодог юм байна лээ. Холбогдох мэргэжилтнээс нь асууж тодруулсан. Би үнэлгээ өгөөд энэ хүмүүсийн урамшууллыг хасах эсэхийг асуухад ер нь бол олгох ёстой цалингийн нэмэгдлийг урамшууллаар олгож байгаа гэж хэлсэн. Би зөвхөн энэ хүнийг шүүмжлээд байгаа юм биш. Энэ хүн өөрийн хариуцсан байгууллагаа хэвийн хэмжээнд авч явж чадаагүй, олон хүүхдийн эрх ашгийг зөрчөөгүй бол би өнөөдөр ингээд яриад сууж байхгүй байсан гэв.

Гуравдагч этгээд М.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие нь 13 жил ******* сумын цэцэрлэгийн бүлгийн багшаар ажилласан. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Засаг даргын захирамжийн дагуу цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байна. 2008 оноос О.Ц эрхлэгчтэй хамтран ажилласан. Энэ цаг үеэс байгууллагын удирдах удирдуулах горим алдагдсан. Байгууллагын дотоод ажил болон сургалт хүмүүжлийн ажлууд өнөөдрийг хүртэл алдагдаж уналтад орсон. Цэцэрлэгийн үйл ажиллагаа уналтад орсныг тухайн үеийн удирдлагууд болон эцэг эхчүүд мэдэж байгаа. Албан хаагчид шүүмжилж шаардлага тавьж байсан боловч намын нэрээр хайрлагдаж өдийг хүрсэн. Цэцэрлэгийн жил жилийн ажлын тайлан дараалаад муу үнэлгээ авч байсныг иргэд мэднэ. Тухайн үед байгууллагын халаалтыг стандартын дагуу хийлгээгүйгээс болж бага насны хүүхдүүд цистит өвчин болон бусад суурь өвчнийг авч байна гэж эцэг эхчүүд шүүмжилж хэлж байсан. Мөн хүүхдүүд бөөстсөн. Хонины мах идэх ёстой байхад ямааны махаар хоол хийж өгдөг нь тогтоогдож байсан. Сард 700.000 төгрөгийг хүүхдийн хоолонд зарцуулах ёстой байхад зарцуулж чаддаггүй байсан. Мөн иргэдээс цэцэрлэгт хандиваар өгсөн мөнгийг орлогод тусгалгүй өөрт зарцуулж төсвийн хөрөнгийг үрэгдүүлснийг илрүүлсэн. Эцэг эхчүүдээс удаа дараа гомдол ирэхэд тухайн үеийн удирдлагууд тоолгүй өнгөрөөж байсан. 2021 оны 03 дугаар сараас цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд гар, хөл амны халдварт өвчин тархсан. Тархалтыг арга хэмжээ аваагүй тараасан газар цэцэрлэг болж таарсан. 03 дугаар сарын 23-нд жилийн ажлын тайлангаа тавихад хөрөнгө дутаж, иргэдээс маш их гомдол санал ирсэн. Багш нарын хөдөлмөрийг бодоод хангалттай үнэлгээ өгдөг. Урьд өмнөх жилүүдэд тэгж л хүүхдүүдээр түрүү барьж хангалттай үнэлгээ авч ирсэн. Иймд тухайн байгууллагын эрхлэгч О.Ц-д арга хэмжээ авч тушаал буруулах шийдвэр гаргасан нь оновчтой байсан гэж үзэж байна. Тушаал бууруулан багш болох санал тавьсан боловч өөрөө татгалзсан. Би энэ хүнтэй 14 жил хамтарч ажилласан. Сэтгэл дутаж ажилладаг байсан. Хоолны тухайд төсөв хангалттай ирдэг. Өдрийн бүлэгт 75 хүүхэд хувилбартад 35 хүүхэд нийт 110 хүүхдийг төсөв хангалттай орж ирдэг. Төсвийг үр ашигтай хуваарилаад зохицуулж чаддаггүй. Бүлгийн багш нар нь суух сандал, ширээгүй, хүүхдүүд нь хоол идэх аяга, халбагагүй байсан. Эцэг эхчүүдээс мөнгө татаж авсан. Энэ бол наад захын жишээ. Хүүхдүүдийн цагаан хэрэглэл, дэвсгэр шал ямар байгааг хар. Эцэг эхчүүдээс санал гомдол их ирдэг. Өдий 12-13 жил үүрэг гүйцэтгэчхээд яаж ингээд сууж байдаг юм. Ямар ч сэтгэлгүй. Хоолны цэс долоо хоног бүр батлагдах ёстой. Гэвч хэдэн сараар нь батлаагүй явж байдаг. Ажлаа өгөхдөө байгууллагын хоёр компьютер, аппаратыг аваад явчихсан. Миний юм гэж хэлээд аваад явсан байгаа. Утсаар залгахаар утсаа авдаггүй. Бүлгийн багш нарт хэрэг болж байна. Ийм удирдах албан тушаалтан гэж байх уу? Удирдах удирдуулах зарчим байхгүй алдагдсан. Хэн хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн О-ийн Ц-гээс ******* сумын ******* Ж.Аын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч О.Ц нь Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар захирамжаар ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон 12 жил тасралтгүй ажилласан байна.

 

1. ******* сумын ******* Ж.Аын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 29.1.5 а, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

 

1.1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь бүх шатны Засаг даргын захирамж гаргах нийтлэг бүрэн эрхийг илэрхийлсэн заалт байна. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 29.1.5-т хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар: а/нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион байгуулах; гэж заажээ.

Хариуцагч *******ас хуулийн энэ заалтын биелэлтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлж ажил сайжруулах зорилгоор нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг.

******* нь тухайн сумын нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихгүй байх, ялангуяа төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөхгүй байх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан Засаг даргын бүрэн эрх нь түүнд бусад хууль тогтоомжийг зөрчих эрхийг олгохгүй юм.

1.2. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх; гэж заажээ.

Энэ хуулийн заалтаас үзвэл Сумын ******* цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөхийн тулд 1/ Ажлын үр дүн буюу үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд дүгнэлт өгөх 2/ Аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэх зохицуулалтыг агуулж байна.

Нэхэмжлэгч 2020 оны 12 сарын 24-нд Байгууллагын 2020 оны жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан-гаа үнэлүүлж, хэрэгжүүлсэн арга хэмжээ тус бүрээр Хангалттай үнэлгээ авсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам-д зааснаар байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг жилд 2 удаа хагас, бүтэн жилээр дүгнэхээр тусгасан байна. Энэхүү журмыг Засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн баталж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх бөгөөд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах хугацаа хэвээр батлагдсан байна.

Нэхэмжлэгч 2020 оны үнэлгээгээр хангалттай үнэлэгдсэн, 2021 оны гүйцэтгэлийн тайланг үнэлэх хагас жилийн хугацаа болоогүй байжээ.

 

1.3. Түүнчлэн хариуцагч ******* сумын ******* Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт сумын цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөх, үүргийг түр орлон гүйцэтгэгчийг ажилд томилох талаар санал солилцож, зөвшилцөөгүй болох нь Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаар албан бичгээр тогтоогддог. Хариуцагч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа тухайгаа мэдэгдсэн агуулгатай албан бичгийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай санал солилцсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

1.4. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй байх бөгөөд энэ талаар нотлох баримт гаргаагүй. Хариуцагч нэхэмжлэгчийн эрхийг хөндөхдөө түүнээс санал, тайлбар аваагүй байна.

1.5. О.Цгийн удирдах арга барил муу, чадваргүй байдлаас шалтгаалан цэцэрлэгийн байр шинэчлэгдээгүй, дулаан алдагдал ихтэй хүйтэн, хүүхдүүдийн дунд халдварт гар, хөл, амны өвчин гарсан, хүүхдүүд ариун цэвэр муугаас бөөстсөн зэрэг нөхцөл байдлыг хариуцагч дурдсан. Гэвч энэ бүхнийг зөвхөн цэцэрлэгийн эрхлэгчийн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж дүгнэх боломжгүй юм. Үүнд:

1.5.1. Говь-Алтай аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар албан бичигт ... халдварын эх үүсвэр нь тодорхойгүй, вирусын гаралтай халдварт өвчин гарч... гэж дурдсан байна. Өвчлөлийн эх үүсвэр нь тодорхойгүй гэсэн байх бөгөөд цэцэрлэгээс үүдэлтэй гэх баримт байхгүй болно.

1.5.2. Цэцэрлэгийн барилга нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа боловч дуусаагүй хамгаалалтын горимд шилжүүлсэн тухай хариуцагчийн гарын үсэг бүхий тэмдэглэлд тусгагджээ.

1.5.3. Нэхэмжлэгчид албан үүрэгтэй нь холбоотой үүрэг даалгавар өгөөд биелүүлээгүй гэж хариуцагч мэдүүлж байх боловч ямар хугацаатай ямар үүрэг өгсөн нь тодорхойгүй, тогтоогдоогүй.

1.6. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Дээрх дурдсан үндэслэлүүдээр ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцээгүй, хууль бус болох нь тогтоогдож байна.

Иймээс маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;, 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч О.Цг ажлаас чөлөөлсөн захирамж хууль бус болох нь тогтоогдож, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир 2021 оны 04 дүгээр сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан 77 хоногийн олговор 5,529,097 /таван сая таван зуун хорин есөн мянга ерэн долоо/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн төсвөөс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Цгийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2021 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн О-ийн Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/07 дугаар захирамж хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар О.Цд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 5,529,097 /таван сая таван зуун хорин есөн мянга ерэн долоо/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Ж.Ат даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч О.Цд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ч.ОЮУНСҮРЭН