Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0478

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын

ахлах прокурор Н.Э-ийн дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Дүгнэлт гаргагч Н.Э

Шаардлага: “Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.Х 0847548 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар  сарын 25-ны өдрийн 541 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Ш.Н

Хариуцагч: Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0503/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 541 дугаартай шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Э-ээс Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө-т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.Х 0847548 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Дүгнэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

2.1. ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэсэн заалт, 4.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Иргэд, байгууллагаас прокурор, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно” гэсэн заалт, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл” нь өөрөө хууль зөрчсөн байхад шүүх дүгнэлт хийлгүйгээр зөвхөн “Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлийн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

2.2. Эрх бүхий албан тушаалтан тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан хамгийн гол тэмдэглэл болох “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д иргэн П.Х нь иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн үйл баримт нь эрх бүхий албан тушаалтан гомдлыг шалгах болон мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад ямар нотлох баримтаар тогтоогдсон талаар тусгаагүй, “улсын бүртгэлийн тогтоогдсон хугацаанд бүртгүүлээгүй, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн” гэх зөрчилтэй танилцаж гэж тэмдэглэсэн нь Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрийн дагуу тогтоогдсон нотлох баримт, үйл баримтын талаар дурдалгүйгээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байхад энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

2.3. ... Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний үнэмлэхийн дүрэм нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтад заасан “Иргэний үнэмлэхийн загвар, тодорхойлолт болон дүрмийг Засгийн газар батална”, мөн зүйлийн 6.5 дахь заалтад заасан “Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/, иргэний цээж зураг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгах бөгөөд санах ойд тусгах боломжтой бусад мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулсан” эрх зүйн хэм хэмжээний акт юм. “Иргэний үнэмлэхийн дүрэм”-ийн 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” үүргийг иргэн хүлээх талаар тусгасан нь иргэн өөрийн эзэмшиж байгаа иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үед хариуцлага хүлээлгэх талаар зохицуулсан зохицуулалт биш юм.

2.4. Харин уг дүрмийн 2.8-2.12-дэх заалтад тухайн иргэн хүний иргэний үнэмлэхийг хадгалж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд иргэний үнэмлэх эзэмшигчид бус харин хадгалж, хамгаалж байгаа этгээдэд хариуцлага хүлээлгэх талаар зохицуулсан байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалаар баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-аар иргэний үнэмлэхийн бүртгэл хөтлөх асуудлыг зохицуулж өгсөн. Уг журмын 8.8-д “Иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн иргэний өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ” гэжээ. Гэтэл улсын байцаагч дээрх Иргэний үнэмлэхийн дүрэм, Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Иргэний бүртгэлийн талаар тогтоосон журам” зөрчих зөрчилд иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

2.5. Гэтэл улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар иргэнд хүлээлгэсэн үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан хэм хэмжээний актад хамааруулан хүнд шийтгэл оногдуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

2.6. Дээрх улсын бүртгэлийн байцаагч буюу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хүнд шийтгэл оногдуулсан талаар прокуророос хууль зүйн дүгнэлт хийж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, хүнд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн болно.

2.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 541 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.17, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийн баримтлан прокурорын гомдол гаргав” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг дүгнэлт гаргагчийн гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр дүгнэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхив.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах байцаагч Б.Ө 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр П.Х-аас гаргасан мэдээллийг бүртгэлийн 489 дугаарт бүртгэн, мөн өдрийн 0847559 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн П.Х-ыг “Иргэний бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх ... цэвэр гамтай эзэмших, хадгалах, заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчилд холбогдогч иргэн Н.Х нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шийтгэлийн хуудастай танилцан, Төрийн сангийн 100200000905 тоот дансанд торгуулийн 30,000 төгрөгийг төлсөн байна.

2.2. Дээрх шийтгэлийн хуудсыг “... өөрийн иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж үзэн, хүчингүй болгуулахаар прокурор Н.Э прокурорын дүгнэлт бичжээ.

2.3. Анхан шатны шүүх “... иргэний үнэмлэхээ өөрөө эзэмших ба иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь дүрэмд заасан цэвэр гамтай эзэмших үүргээ зөрчсөн зөрчил болох ба холбогдогч П.Х иргэний үнэмлэхээ гээгдүүлсэнийг Иргэний бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан “иргэний үнэмлэх эзэмших, хадгалах үүргээ зөрчсөн” гэж үзэн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтад заасан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэх зөрчилд Иргэний бүртгэлийн дүрэмд заасан иргэний үүргээ биелүүлээгүй зөрчил хамаарах юм” гэж дүгнэн, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

2.4. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тодорхой заасан байна.

2.5. Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих” гээд 4-д “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.6-д “Иргэний үнэмлэхийг тухайн иргэн өөрөө эзэмшинэ”, 2.7-д “Иргэн иргэний үнэмлэх эзэмшихэд дараахь үүрэг хүлээнэ”, 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэж тус тус заажээ.

2.6. Дээр дурдсан хууль, дүрмийн заалтуудаас үзэхэд иргэний үнэмлэхийг тухайн иргэн өөрөө эзэмшиж, цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй байх бөгөөд иргэн П.Х нь хуульд заасан хадгалах үүргээ биелүүлээгүй байх тул Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.Ө-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0847548 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн П.Х “... иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” нь үндэслэлтэй байна.

2.7. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд гомдлын шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

2.8. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй хуулийн заалтыг баримталсан байх тул “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3” гэж заасныг хассан өөрчлөлтийг тогтоох хэсэгт оруулж, дүгнэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3” гэж заасныг хасч өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, дүгнэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар дүгнэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                             Г.МӨНХТУЛГА

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ