Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 201

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Түмэнчимэг,

улсын яллагч  Б.Уранчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /¹0096/

шүүгдэгч Б.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулин тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батжаргалын Энхбатад холбогдох 201625031461 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 20-нд Завхан аймагт төрсөн, хүйс эрэгтэй, нас 23, боловсрол бүрэн дунд, мэргэжил байхгүй, Азийн топ эхлэл харуул хамгаалалтын албанд ажилдаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 56-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Батжаргалын Энхбат /РД:ИЮ93052011/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Б.Энхбат нь 2016 оны 7 дугаар сарын 10-наас 2016 оны 7 дугаар сарын 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн орчимд Э.Жавхланг “...намайг түлхлээ...” гэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, түүний бие махбодид баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд зохвхины зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, зүүн гуя, өвдөг, зүүн хөлний гадна шагайн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

­­­­­­­­­Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбат мэдүүлэхдээ: “... 2016 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Жавхлан Алтжин бөмбөгөр худалдааны төвийн хаалга нүдэж байхаар нь очсон. Тэгээд би боль гэх шаардлага тавьсан. Үүнээс болоод хоорондоо муудалцаад хохирогч Жавхлангийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэв.

 

Хохирогч Э.Жавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвд манай найз Хишигбаяр нь хамгаалагч хийдэг юм. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 12 цаг өнгөрч байхад тэр найзтайгаа уулзах гэж очоод хамгаалагч нарын өрөөны хаалгыг тогшсон юм тэгтэл буланд нэг залуу зогсож байснаа намайг дуудсан юм. Тэгээд яваад очтол цаанаас нь нэг залуу гарч ирээд яах гэж байгаа юм бэ гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би түлхээд зугтааж гүйгээд газар уначихсан юм. Тэгтэл намайг тэр залуу цохиод өшиглөөд байсан ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон юм.

Би цагдаагийн байгууллагад гомдол гаргачихаад гэртээ хэвтэрийн байдалтай байсан бөгөөд яг өөрийнхөө холбоо барих утсыг өгөөгүй өөр хүний дугаар өгчихсөн байсан юм. Тэгээд холбогдож чадаагүй бөгөөд өнөөдөр өөрийн биеэр хүрэлцэн ирсэн юм.

Би тухайн үед нэг найзтайгаа уулзаад пиво уучихаад Бөмбөгөр дотор харуулын албанд ажилладаг найз Хишигбаяртай уулзах гэж байсан юм. Би тухайн үед ер нь согтолттой байсан гэхдээ өөрийн биеэ хянах чадвартай байсан…” /хх-ийн 9-10х/

 

Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Б.Энхбат бид 2 Азийн топ эхлэл ХХК-д ажилладаг бөгөөд Бөмбөгөр худалдааны төв дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг юм. Би тухайн үед Хосбаяр гэх залуутай хамтарч ажиллаж байсан юм.Тэгэхдээ хэрэг маргаан болсон талаар мэдээгүй юм. Маргаан зодоон болсны дараа хамт ажиллаж байсан Хосбаяр гэх залуугаас олж мэдсэн юм. Хосбаяр нь ярихдаа Энхбат нь танихгүй залуутай зодолдсон талаар хэлж байсан. Тухайн өдөр Хосбаяр нь манай хамгаалалтын албанд анхны удаа ажилласан бөгөөд дадлагжих маягаар ажиллаад нэг хоночихоод дахиж ажилдаа ирээгүй алга болчихсон юм. Манай үндсэн ажилтан биш байгаа юм. Ингээд тэр өдрөөс хойш түүнийг олж хараагүй одоо хана байгааг нь мэдэхгүй байна нэрнээс нь өөр зүйл мэдэх юм алга...” /хх-ийн 13х/

 

    Яллагдагч Б.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвд дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж орой 20 цагийн орчимд ажилаас буусан юм. Манай Азийн топ эхлэл нэртэй харуул хамгаалалтын алба нь Бөмбөгөр худалдааны төвийн харуул хамгаалалтыг хариуцаж ажилладаг юм. Ингээд нэг найзтайгаа уулзаж бага зэрэг пиво ууж байгаад 2016 оны 7 дугаар сарын 10-ны орой 00 цагийн орчимд ажил руу орчихоод гараад явж байхад ягаан Бөмбөгөрийн хаалгыг нэг согтуу хүн балбаад орилж хашгичаад яваад байсан тэгэхээр нь би болиоч гэж хэлээд тэр хүнийг явуулах гэтэл надтай маргалдаад муудалцаад байсан чамд ямар хамаа байна гээд байхаар нь би энэ худалдааны төвд хамгаалагчаар ажилладаг юм гэхэд чамд ямар ч хамаа байхгүй гээд түлхсэн тэгэхээр нь би эргүүлэн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл надтай харилцан маргалдаж би түүнтэй зодолдсон юм. Ингээд тухайн өдөр хамгаалагчаар ажиллаж байсан Хосбаяр гэх залуу гарч ирээ бид хоёрын маргааныг зогсоосон байдаг. Ингээд Жавхлан ч тэндээс яваад өгсөн удалгүй цагдаагаас хүмүүс ирж намайг баривчилсан юм. Уг нь бид хоёрын дунд маргаан болох шалтгаан байгаагүй тэр өөрөө Бөмбөгөр худалдааны төвийн хаалгыг цохиод яваад байсан юм тэгэхээр нь л очиж би хамгаалагч байгаа юм боль гэсэн шаардлага тавьснаас болж маргаан болсон юм. Би Жавхлан гэх залууг таньж мэддэгүй өмнө нь түүнийг харж байгаагүй тэр өдрөөс хойш таньж мэддэг болсон. Би Жавхлангийн биед гараараа цохиж гэмтэл учруулсан. Хосбаяр бол уг маргаанд оролцоогүй харин маргааныг ирж салгасан Жавхлан бид 2 л харилцан зодоон хийсэн байдаг. Тэр үед Жавхлан өөрөө нилээд согтолттой байсан худлаа хэлсэн байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр учирсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан гартаа ямар нэгэн зүйл барьж цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн цаг хугацаанд Бөмбөгөр худалдааны төвийн хамгаалагчаар Хосбаяр, Батзаяа нар ажиллаж байсан. Хосбаяр нь тухайн өдөр нэг л гарсан юм байна лээ тэгээд дахиж ажиллаагүй алга болчихсон. Надад мэдэх зүйл байхгүй таньж мэддэггүй хүн байгаа юм нэрийг нь Хосбаяр гэдгийг л мэднэ…” /хх-ийн 24-26х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №9826 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Жавхлангийн биед баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд зохвхины зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, зүүн гуя, өвдөг, зүүн хөлний гадна шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.             Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 16х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Энхбат 2016 оны 7 дугаар сарын 10-наас 2016 оны 7 дугаар сарын 11 -нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн орчимд Э.Жавхланг “...намайг түлхлээ...” гэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, түүний бие махбодид баруун нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд зохвхины зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, зүүн гуя, өвдөг, зүүн хөлний гадна шагайн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-26х/, хохирогч Э.Жавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10х/, гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 9826 дугаартай дүгнэлт /хх-ийн 16х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд Б.Энхбатад холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Жавхлан бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “400.000 төгрөг бэлнээр авч хохирлыг барагдуулсан бөгөөд урьд нэхэмжилсэн 1.500.000 төгрөг, 1.100.000 төгрөгнөөс татгалзаж байна. Үүгээр бидний дунд хохирол төлбөр байхгүй бөгөөд одоо надад Б.Энхбатад холбогдуулан гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие шүүх хуралд оролцох шаардлагагүй тул хэргийг намайг байлцуулалгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй. Б.Энхбатад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж /хх-ийн 59-60х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Энхбатад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураарааа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүхээс түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.  

    

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 302 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Батжаргалын Энхбатыг олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхбатад 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Энхбатын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Б.Энхбат цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдаж гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Энхбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.БАТГЭРЭЛ