| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0846/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/876 |
| Огноо | 2022-08-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/876
2022 09 12 2022/ШЦТ/876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямгэрэл,
Улсын яллагч Ц.Төгөлдөр,
Шүүгдэгч ******* түүний хууль ёсны төлөөлөгч Н.Д өмгөөлөгч н.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын *******т холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамтаар Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, Б овогт Дын *******, регистрийн дугаар: /НН00000000/;
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ...- а тоотод хохирогч Б.Штэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, хэвлийн баруун хэсэгт шилний хагархайгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн баруун талд гялтангийн арын зайд хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий, гялтангийн арын зай дахь цусан хураа, цус алдалтын июк 3-4 зэрэг, хоёр нүдний зовхи, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00 дүгээр гудамжны 00 тоот хашаан дотор шалтгаангүйгээр Ж.Г баруун гарын долоовор хурууг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “... Хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Манай хүүхэд гэрээсээ гардаггүй юм. Хүүдээ сайн хяналт тавиагүй учраас хүү маань ийм хэрэг үйлдлээ эгчийнх нь буруу. Тухайн өдөр манай хүү утас авч яваад, П гэдэг хүнд утсаа өгөөд буцааж авах гэсэн чинь П, Ш 2 би аваагүй гээд утсыг нь өгөхгүй байснаас болоод маргаан гарсан, удаах нь Пгийн ээж нь П тэнд архидаад байна аа тэнд очиж 2-лаа аваадахъя гээд миний хүүг хохирогч Г байгаа газарт дуудаад гэрийг нь зааж өгчхөөд өөрөө яваад өгсөн байгаа юм. тэр өдөр хүү миний А-6 маркийн гар утсыг авч явсан байсан. П миний хүүгээс утсыг нь булааж аваад өгөөгүйгээс болж бас маргаан үүссэн гэж бодож байна. Би тодорхой зүйлийг мэдэхгүй байна. Тэгээд нь Г гэх хохирогчийг би эмнэлгээр авч явж эмчлүүлсэн...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн дүгнэлттэй маргах зүйлгүй ...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
НЭГ: Хууль хэрэглээ болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ...- а тоотод хохирогч Б.Штэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж, хэвлийн баруун хэсэгт шилний хагархайгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн баруун талд гялтангийн арын зайд хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий, гялтангийн арын зай дахь цусан хураа, цус алдалтын июк 3-4 зэрэг, хоёр нүдний зовхи, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ...- тоот хашаан дотор шалтгаангүйгээр Ж.Г баруун гарын долоовор хурууг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Шийн өгсөн “...Би 1337 дугаартай дүгнэлттэй танилцсан. Тухайн гэмтлүүдээс хэвлий хэсэгт шилээр хатгасны улмаас үүссэн гэмтлийг ******* учруулсан юм. Харин баруун гар, нүдний цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл гэсэн байсныг би *******тай муудалцаад шилээр хатгуулсан өдрөөс 2 хоногийн өмнө байшингийн модон хаалга суулгаж байхдаа баруун гараа хавчуулсны улмаас үүссэн. Зөөлөн эдийн гэмтлийг ******* учруулаагүй. Би *******тай маргалдахын өмнө 2 хоногийн өмнө ганцаараа архи уухад л учирсан байх. *******тай муудалцахад миний толгой тархинд хүрсэн, зууралдсан зүйл болоогүй. Би *******тай хамт явж байсан П гэх эмэгтэйтэй 1 жил гаран үерхэж хамт амьдарсан. Тэгээд салаад 1 жилийн дараахан *******тай хамт явж байхад нь Птэй хэдэн үг солиод мэнд мэдээд Баатарпүрэвийн байшингийн цаад өрөөнд сууж байхад ******* орж ирээд П рүү та хоёр юу яриад байгаа юм гээд уурлангуй яриад байхаар нь би зөрөөд том өрөөнд орсон. Тэгээд том өрөөнд ороод зогсож байтал ардаас халуун оргиод, шингэн юм гоожоод байхаар нь эргээд хартал ******* баруун гартаа шил барьчихсан зогсож байсан. Тэгээд өөрөө шилээ гаргаад хаячихсан. Тэгэхээр нь би нэг цагаан даавуугаар хатгуулсан хэсэгтээ боогоод жаахан суусан чинь цус нь тогтохгүй байсан. Тэгээд жаахан нүд бүрэлзээд эвгүй болчихсон. Тэгээд түргэн дуудаарай гээд хэвтээд өгсөн. Тэгээд эмнэлэг намайг ирээд явж байхыг л санаж байна. Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Гэхдээ хүний хэлж байгааг ойлгоод биеэ авч явах чадвартай байсан. Хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Н.Дын өгсөн “...******* нь миний том хүү байгаа юм. 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод Д гэх айлын ууган хүү болж төрсөн. Доороо 1 дүүтэй. Ерөнхий боловсролын сургууль соёл төгсөөгүй. Багаасаа унаж татдаг өвчтэй байсан. 16 настай байхад нь Lilap хадны эмнэлэгт үзүүлээд оюуны хомсдолтой гэж гарч ирээд 70 хувийн групд орсон. Сүүлдээ эмнэлэгт хэвтээд бие нь муудаад 79 хувийн групд орсон. Тэрнээс ямар нэгэн ажил хийж байгаагүй, гэртээ байдаг байсан. Манай хүү ******* нь их түргэн ууртай. Уур нь хүрэхээрээ гарт тааралдсан зүйлээ шидээд эхэлдэг цочмог ууртай... Манай хүү *******ын төрийн банкны дансаар халамжийн мөнгө нь ордог. Би картнаас нь халамжийн мөнгийг нь авч хэрэгцээнд зарцуулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Пын өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 07 цагаас Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... а тоотод манай гэрт С., Да. Со. гэх эмэгтэй, М гэх эмэгтэй, П гэх эмэгтэй, П-ийн нөхөр Ш гэх хочтой Ш, Б гэх хочтой *******, Б-ийн төрсөн ах Д, өндөр Ж гэх хочтой Э нар байсан. Тэгээд бид хоёрыг очиход Б-ийнд байсан хүмүүс бүгд халамцуу байсан. Бид хоёр очоод нэгээс хоёр шил архи уусан байх. Би архиндаа согтоод унтаад өгсөн. Тэгээд босоод ирэхэд эмнэлэг, цагдаа ирсэн байсан. Манай гэрт тог цахилгаан байхгүй болохоор бид нар харанхуйд архи ууцгаасан. Миний мэдэхээр Ш нь *******ыг боогоод байсан. Өөр зодоон болсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.М-ын өгсөн “... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн үед С гээд манай дүү Э-ийн найз байсан. Намайг хамт очиж Со.ыг хүүхэдтэй нь аваад ирье гэж хэлсэн. Би Б.ийн гэрт очиход С, Д, Д, Ө, Б, С, Ж, Ш нар байсан. Миний араас ******* нь гартаа хутга барьчихсан Шийг алнаа гээд байсан. Би *******аас хутгыг нь авчаад байж байхад Ш, ******* хоёр Пү. гэх эмэгтэйгээс болж хоорондоо зодолдсон. С, М хоёр тэр хоёрыг салгасан. Тэгэхэд *******, Ш, П гурав Б-ийн байшингийн цаад өрөөнд орсон. Би явах гэж байхад ******* нь цаад өрөөнөөс гарч ирээд би Шийг дүрчихлээ гэхээр нь би чи миний чамаас авч нуусан хутгыг хаанаас авчив гэхэд би аваагүй, шилээр дүрчихсэн гэж хэлсэн. Би ямар шилээр дүрсэн юм гэж хэлэхэд ******* нь цонхны хагарсан шилийг аваад дүрсэн гэж надад хэлсэн. Би цаад өрөө рүү ороход Шийн нуруунаас цус гараад байсан. Би тэгээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д-ийн өгсөн “... Ш миний төрсөн дүү байгаа юм. 0000 оны 00 дугаар сарын 00-нд Дорнод аймгийн Баян-Уул суманд Б гэх айлын бага хүүхэд болж төрсөн. Дээрээ 5 ах, 3 эгчтэй. Доороо дүү байхгүй. Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн төгссөн. Хотод 2012 онд орж ирээд хувиараа барилгын ажил хийж байгаад 2016 онд сайд нарын хоёрдугаар эмнэлэгт өвдөгний хагалгаанд ороод 2017 онд 2 дахь удаагаа хагалгаанд орсон. Тэрнээс хойш ажил төрөл хийхээ болиод архины хамааралтай болсон. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд аав, ээжийн хамт амьдардаг бөгөөд эхнэр хүүхдээсээ салаад удаж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/-р тал,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “...Б.Шийн биед хэвлийн баруун талд гялтангийн арын зайд хатгагдаж нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий, гялтангийн арын зай дахь цусан хураа, цус алдалтын шок 3-4 зэрэг, хоёр нүдний зовхи, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх хэвлийн баруун талд гялтангийн арын зайд нэвтэрсэн хатгагдсан шарх, хэвлий хөндий, гялтангийн арын зай дахь цусан хураа, цус алдалтын шок 3-4 зэрэг гэмтлийн улмаас амь нас тэнссэн байдалд орсон тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хоёр нүдний зовхи. баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 67-70/-р тал,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119 дугаартай “...******* нь сэтгэцийн хувьд F71 оюуны хүндэвтэр хомсдол эмгэгтэй байна. ******* нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас өмнө сэтгэцийн хувьд F71 оюуны хүндэвтэр хомсдол эмгэгтэй байсан талаар эмгэг судлалын шинжилгээ болон эмнэлгийн бичиг баримттай, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож группэд байдаг тухай бичилттэй байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. ******* нь сэтгэцийн хувьд бодитой мэдүүлэг өгөх чадваргүй байна. ******* нь Сүхбаатар дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтад, группэд байдаг тухай эмнэлгийн бичиг баримттай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй учир эмнэлгийн чадвартай албадпагын арга хэмжээг 3 сараар авах шаардлагатай байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 76-79/-р тал,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-24/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Г өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр урьд нь хамт амьдарч байсан Х тэрэлжид байрлах гэрээсээ ирчихсэн байхад 11 цагийн орчимд танил 40 орчим насны Л манайд 0.5 литрийн “Хараа” гэх нэртэй архитай ирээд бид 2 хувааж уугаад сууж байхад Л өөрийн танил П гэх нэртэй 40 орчим насны эмэгтэйг дуудсан. П-г ирсний дараачаар нь Лх-ийн найз гэх Улаанка гэх нэртэй залуу бас ирсэн. Тэгээд П дэлгүүр яваад “Хараа” гэх нэртэй 0.75 литр архи авчраад Х-ээс бусад нь хамт уусан юм. Тэгээд би согтоод унтаад өгчихсөн байсан. Намайг Х дуудаж сэрээгээд гадаа зодоон болоод байна гэж хэлэхээр нь гараад хартал гэрийн үүдэн дээр Л нэг танихгүй эрэгтэй хүнтэй газар уначихсан ноцолдож байсан. Тэгэхээр нь би очоод зодооноо боль гэж хэлтэл тэр хоёр ноцолдохоо болиод босоод ирсэн. Тэгсэн чинь Л-тэй ноцолдож байсан залуу миний гарын долоовор хурууг хазчихсан. Тэгээд цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандсан. Эмнэлгийн байгууллагаас буглаатай шархтай, өвчин ихтэй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Л-тай муудалцсан зүйл байхгүй бөгөөд намайг зодолдохоо боль гэж хэлсний төлөө миний гарыг хазсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102/-р тал,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6941 дугаартай “...Ж.Г биед баруун сарвууны долоовор хурууны хазагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 104-105/-р тал,
Хохирогч Б.Шийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн талаарх өвчний түүх /хх-ийн 113-134/-р тал,
Шүүгдэгч *******ын “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 146/-р тал,
Гэрэлт манал өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “...******* нь Оюуны хүндэвтэр хомсдол өвчний учир сэтгэцийн эмчийн болон өрхийн эмчийн хяналтад группэд байдаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч *******ын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө Ф71 буюу сэтгэцийн хувьд хүнд хэлбэрийн өөрчлөлттэй, хэрэг хариуцах чадваргүй байсан ба Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлтээр 03 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай зэрэг үйл баримт тогтоогдсон. Иймд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д 03 сарын хугацаагаар албадлагын чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хүний биед хүнд, хөнгөн хохирол учруулсан боловч гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогч болон гэрч нарын архидан согтуурсан, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй хүнтэй зүй бусаар харилцсан үйлдэл байсан. Шүүгдэгчийн биеийн байдал хүнд байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний зан байдал өөртөө болон бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх эсхүл асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно гэж заасны дагуу шүүгдэгчийг түүний хууль ёсны төлөөлөгч болох Дд асран халамжлуулахаар шилжүүлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүх сэтгэц гэм судлалын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119 дугаартай дүгнэлтэд “...Шүүгдэгч ******* нь F71 буюу оюуны хүндэвтэр хомсдолтой, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдож, 03 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай...” талаар дурджээ.
Ийнхүү шүүгдэгч *******ын сэтгэцэд шинжилгээ хийж, түүнийг хэрэг хариуцах чадваргүй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл тэрээр өөртөө болон бусдад аюул учруулахаар нөхцөл байдалтай болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлын бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй буюу ойлгох чадваргүй байсан, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагын талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд 03 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт даалгаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хүний биед хүнд, хөнгөн хохирол учруулсан боловч гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогч болон гэрч нарын архидан согтуурсан, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй хүнтэй зүй бусаар харилцсан үйлдэл байсан. Шүүгдэгчийн биеийн байдал хүнд байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний зан байдал өөртөө болон бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх эсхүл асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно гэж заасны дагуу шүүгдэгчийг түүний хууль ёсны төлөөлөгч болох Дт асран халамжлуулахаар шилжүүлж өгнө үү...” гэх саналыг гаргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шинжээчийн дүгнэлт зэргээс харвал шүүгдэгч ******* нь өөртөө болон бусдад аюул учруулахгүйгээр нийгмийн харилцаанд оролцох боломжтой гэх үйл баримт тогтоодохгүй байгааг дурдвал зохино.
ГУРАВ. Бусад асуудлаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шилний хагархайг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3 дугаар зүйлийн 6, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Дын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ял оногдуулахгүйгээр 03 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт даалгасугай.
3. Шүүгдэгч *******д холбогдох хэргийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шилний хагархайг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР