Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/883

 

 

 

 

 

 2022         09          13                                  2022/ШЦТ/883

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга О.Нямгэрэл,

Улсын яллагч Д.Даваадорж,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Т овогт Бийн Аад холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

            Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 00 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 0-0 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, Банкир мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Т овогт Бийн А /РД:ЖЖ00000000/,         

           2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Ла фонтана” ресторан баарны үүдэнд хувийн таарамжгүй харилцаа өс хонзонгийн улмаас Т.Итэй маргаан үүсгэж түүний нүүрэн тус газарт шилэн аягаар 1 удаа цохиж нүүрний зүүн хоншоорын урд ханын хугарал, дух, зүүн хөмсөг , хамрын хажуу болон дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх зүйл байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан “...Зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Ла фонтана” ресторан баарны үүдэнд хувийн таарамжгүй харилцаа өс хонзонгийн улмаас Т.Итэй маргаан үүсгэж түүний нүүрэн тус газарт шилэн аягаар 1 удаа цохиж нүүрний зүүн хоншоорын урд ханын хугарал, дух, зүүн хөмсөг , хамрын хажуу болон дээд зовхинд шарх, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Иийн өгсөн “...2022 оны  06 дугаар сарын 04-ний өдөр, Миний бие 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 00 цагийн орчим Т, Б, Э, Ч нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Ла фантано” зоогийн газар луу явсан ба зоогийн газрын үүдээр би хамгийн хойно алхаж орох гэтэл биерхүү шар өмдтэй, хар цамцтай залуу намайг мөрлөсөн ба би “яаж байна” гэж асуухад намайг цохих гэж далайхаар нь би биеэ холдуулж араас нь дахиад миний толгой руу цохисон ба энэ үед найз нь дундуур орж салгах гэтэл нөгөө залуу гартаа барьсан виноны хундагаар миний зүүн нүдийг цохиж нүдний ойр орчимд зүсэгдсэн. Намайг анх мөрдөхөд нь А байна гэж таньсан. Бид 2 урд нь 2 удаа таарч байсан...надад гэмтэл учруулсан залуу А эмчилгээний зардалд сайн дураараа 200.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 27-29/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Э-н өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр А, Б бид 3 “Ла фантано” зоогийн газарт жин тоник ууцгаасан. Ингэхдээ жин тоникоо шилэн хундаганд ууцгааж байсан. Хэсэг сууж байгаад А бид 2 тамхилах гээд зоогийн газрын гадна байдаг тамхины цэг рүү гарч ирэхэд орох хаалганы жижиг өрөөнд хэрүүл болсон ба эргээд хартал А хэсэг залуустай маргалдаж эхэлсэн. Би намжаах зорилгоор очиж салгаад хэсэг гайгүй болтол яасан юм мэдэхгүй гэнэт эргэж хэрүүл хийгээд А гараараа нэг залуугийн нүүр лүү цохисон. Би ямар учраас цохисон учрыг нь ойлгоогүй бөгөөд цохиулсан залууг найз нар нь дотогш авч ороод үлдсэн найзууд нь зоогийн газрын гадна талд гарч ирээд А руу харааж Аыг нэг унагасан ба би байдлыг намжаах гэж үзээд болоогүй ба цагдаагийн байгууллагын ажилтнууд ирж Аыг саатуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №8208 дугаартай “...Т.Иийн биед зүүн хоншоорын урд хананы хугарал,  дух, зүүн хөмсөг, хамрын зүүн хажуу болон дээд зовхинд шарх, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Т.Иийн биед учирсан дух, зүүн хөмсөг, хамрын хажуу болон дээд зовхинд шарх гэмтэл нь ердийн явцаар сорви тогтоно. Т.Иийн биед зүүн хоншоорын урд хананы хугарал, дух,зүүн хөмсөг, хамрын зүүн хажуу болон дээд зовхинд шарх, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь сэтгэцэд нөлөөлөх эсэхийг шүүх эмнэлэг тогтоохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангиллаар тогтоох бөгөөд дараах үндсэн шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд,

           -Амь насанд аюултай эсэх;

           -Эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа;

           -Гэмтлээс үүссэн үлдэц уршиг байгаа эсэх;

        -Хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үндсэн шалгууруудаар гэмтлийн зэргийг тогтоодог.

            Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

     -Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулдаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч Т.Иийн биед зүүн хоншоорын урд хананы хугарал,  дух, зүүн хөмсөг, хамрын зүүн хажуу болон дээд зовхинд шарх, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь хохирогчийн хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулсан хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын зүгээс өөрийн гэм буруутай үйлдлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан /хх-ийн 202/-р тал, байх бөгөөд хохирогч Т.И болон түүний өмгөөлөгчийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан, цаашид гомдол, санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан /хх-ийн 201/-р тал, байх бөгөөд улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч болон хохирогчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч *******ад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг тусгаж өгсөн бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна...” гэж заажээ.

Хохирогч Т.И болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй тухайн тохиолдолд тэдгээрийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагагүй бөгөөд нөгөөтээгүүр тэдгээрийн зүгээс шүүх хуралдаанд оролцохгүй талаараа Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хандан хүсэлт /хх-ийн 201/-р тал гаргасан болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бийн Аыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР