| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0826/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/884 |
| Огноо | 2022-09-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/884
2022 09 13 2022/ШЦТ/884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Ж.Энхжаргал,
Хохирогч Г.Г- түүний өмгөөлөгч Б.Чинбат,
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Бгийн Эад холбогдох эрүүгийн ... дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, Бэрх 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, Б овогт Бгийн Э /РД:НН00000000/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “...Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий явж ирээд гэртээ амарч байсан ба 11 цагийн үед хүрээд ир тооцоогоо хийе гэж дуудсан. Намайг яваад очиход тэд надад хандан амралт чинь юм чинь ууя гэж хэлээд 0.75 литрийн 1 шил архи, 4 шар айраг виски зэргийг уусан. Тэгээд 18 цагийн үед дүүгийндээ очих гээд машинтайгаа явж байгаад цагдаагийн хэлтсээс 500 метрийн зайтай газар машинтай мөргөлдсөн...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болсон үйл явдлын улмаас 8.000.000 төгрөг, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Гэм буруу дээр маргаагүй. Хохирлын мөнгөнөөс 8.700.000 төгрөгийг төлсөн. Бодит хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлын мөнгөнүүдийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэм хорын хохирол баримтаар бүрэн нотлогдохгүй байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн сувилалд эмчлүүлсэн баримтын орчуулга нь байхгүй. Орос хэл дээр бичигдсэн. Олох ёстой орлогоо тодорхойлж чадахгүй байна. Түрээсийн гэрээ хийсэн эсэх нь нотлогдохгүй байна. Нэхэмжилж байгаа хохирлын мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү...” гэжээ.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 5 дугаар сарын 31-ний орой Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 0000 УАЭ улсын дугаартай Делька 5 маркийн машиныг хүргэн Э-аар жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол өртөн зүүн гарын бугалганы яс маш олон хэсэг бутарч бяцарсан байсан. Түүнээс хойш олон хоног өвдөж, рентген зураг авхуулахад зүүн гарын бугалга хэвэндээ орохгүй их удсан. 2 сар болоход тэр хэвэндээ байсан. Гэмтлийн эмнэлгээр явахад байж бай гэж хэлдэг юм байна. Хаппи Трип гэдэг компани янз бүрийн сувилал байдаг юм гэхээр нь тэр аянд хамрагдсан. 3.889.000 төгрөгөөр сувилалд эмчилгээ хийлгэсэн. 14 хоног шавар эмчилгээ, халуун рашаан, физик эмчилгээ гэх зэрэг хийлгээд ирсэн. Тээврийн хэрэгслээ түр саатуулах байраас авахад 305.000 төгрөг төлсөн, тархи толгой гэмтэлтэй байна гэхээр нь бариулсан бөгөөд эм тарианы 230.000 төгрөг, нийт 11 ширхэг хохирлын баримт гарсан. Би өвчтэй байх хугацаандаа ажлын байрандаа сар болгон 1.260.000 төгрөг төлдөг байсан бөгөөд ажлын байрны түрээсийг өөрөө төлсөн. Мөн банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Сар болгон 3.700.000 төгрөгийг төлж явдаг. 3 сарын хугацаанд зээлийг өөрийнхөө ашгийн бус зардлаас төлсөн. Зээлийн 3 сарын төлөлт нь 10.715.370 төгрөг төлсөн. Нийт 23.102.670 төгрөгийг нэхэмжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч 4.500.000 төгрөг төлсөн. Дээрх мөнгөнөөс 4.200.000 төгрөгийг хасаж тооцно. Үлдсэн мөнгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүхийн шатанд эмчилгээ хийлгэсэн талаарх баримт гаргаж өгсөн. Гэмтлийн эмнэлгээс яс нь бяцарсан учраас эмчлэх боломжгүй гэсэн учраас өөрөө сувиллын газрыг сонгож эмчилгээ хийлгэсэн. Тээврийн хэрэгслээ түр саатуулах байраас авахад 305.000 төгрөг төлөгдсөн. 234.000 төгрөгийн тархи толгой бариулсан баримт, 8.125.000 төгрөг машины эвдрэлийн зардал, эм тариа авсан зардал 84.300 төгрөг, нийт 13.137.300 төгрөгийн бодит хохирол гарсан. Үүнээс 8.700.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 4.363.700 төгрөгийн бодит хохирол төлөгдөөгүй байна. Хор уршгийн хувьд 100.000.000 төгрөгийн зээлтэй байсан, зээлээ ашгийн бус орлогоос төлсөн, уг гэмт хэргийн улмаас үйл ажиллагаа нь зогсоод 3.700.000 төгрөгийг төлдөг байсан. хэрвээ бизнес хэвийн явагдаж байсан юм бол орлогоосоо төлөх боломжтой байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 19 цаг 10 минут үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн замд, “Toyota Prius” маркийн 00-00 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а ”Жолоочид дараах зүйлийг хориглоно :а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгслийг жолоодох "11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан *******рдэнэбуян жолоочтой "Mitsubishi Delica" маркийн 00-00 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, "Mitsubishi Delica" маркийн 00-00 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Г.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь:
2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 05-12/-р тал,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...2022 оны 05 сарын 31-ний өдөр Б овогтой Б. Эыг драйгер багаж ашиглан шалгахад 2,70% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл./хх-ийн 14/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Г-гийн өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагийн үед манай хүргэний М.Делика маркийн 00-00 УАВ улсын дугаартай машинд суугаад Дамбын замаар явж байсан. Тэгсэн өөдөөс нэг “Приус-30” маркийн машин урсгал сөрж орж, ирээд манай машины зүүн урд талаас мөргөөд хөмрөөд унасан байсан. Эрүүл мэндэд учирсан хохирол, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ын гэрчээр өгсөн "... Би тэр өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад 13 цагийн үед найз Ш.Н маань над руу 0000-0000 дугаарын утсаар залгаад "Манай гэрт хүрээд ир, хүн харын цалин мөнгө тавих гэж байна тооцоо мөнгөө хараа" гэж дуудсан. Тэгэхээр нь би гэрээсээ өөрийн эзэмшлийн "Тоёота Приус-30" маркийн 00-00 УАЕ улсын дугаартай машинаа би өөрөө жолоодоод эхнэр, дундах хүүгээ дагуулаад бид гэрээсээ гараад явсан. ...Бэлх зах орж, хонины хаа, өвчүү, жимс ногоо, 500 граммтай "Соёрхол" архи нэгийг, "Жак Данелс" нэртэй 750 граммтай виски худалдаж аваад, буцаад Ш.Н-ын гэр рүү нь очсон. Тэндээ бид хэд авсан махаараа тогооны хорхог хийж идсэн хорхог хийх дундаа “Соёрхол” архиа Ш.Н-ын эхнэр Г, манай эхнэр ******* бид дөрөв хувааж уусан. Дараа нь махаа чанаж идсэнийхээ дараагаар "Жак Данелс" вискигээ бид дөрөв хувааж уучхаад, орой 18 цагийн үед гэр рүүгээ явъя гээд эхнэр хүү бид гурав гараад би "Тоёота Приус-30" маркийн 00-00 УАЕ улсын дугаартай машинаа би өөрөө жолоодоод явсан. Тэгээд замдаа явж байгаад гэнэт түс тас болоод явсан нэг мэдсэн машин хөмөрсөн байсан тэр хавьд байсан хүмүүс ирж миний суудлын бүсийг тайлж намайг буулгасан..." гэх мэдүүлэг./хх-ийн 64-65/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *******-ийн өгсөн "...Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний орой 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн "Mitsubushi Delica" маркийн 00-00 УАВ улсын дугаартай машинаа жолоодоод Бэлхийн замаар явж байхад, нэг цагаан машин эгнээнээсээ орж гараад урсгал сөрөөд, донсолгоо гаргаад байгаад юм шиг өөдөөс яваад байсан. Гэтэл тэр машин 10 метр дотор хүрэхгүй над руу дараад, сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би сигналаа дараад, тоормосоо гишгээд нам зогстол миний машиныг мөргөөд өөрөө дээшээ хараад онхолдсон. Тэгээд манай эхнэр эмнэлэг дуудаад би цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг./хх-ийн 44/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Иргэний нэхэмжлэгч *******-ийн өгсөн "...Ослоос шалтгаалж тархи хөдөлсөн. Бариа засал хийлгэж байгаа, гаргаж өгөх баримт байхгүй, ойролцоогоор 80.000 төгрөг болсон байгаа. Нөгөө машины жолооч Эаас мөнгө өгөөгүй байгаа..." гэх мэдүүлэг./хх-ийн 42/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Золзаяагийн өгсөн "...Охин А-г тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд ноцтой гэмтэл бэртэл байгаагүй. Яг одоогийн байдлаар толгой нь өвдөж байгаа. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгийн зардал гарсан, 48.000 төгрөгөөр витамин авч өгсөн. Гаргаж өгөх баримт надад байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.У-ийн өгсөн "...Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн орчим нөхөр Э, эх Г, хүү Б, дүү А нарын хамт "Делика" маркийн 71-72 дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дамбадаржаа өнгөрөөд, ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлд явж байсан. Манай нөхөр Э тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Би урд талын суудалд, миний ар талд манай ээж Г, 2 хүүхэд манай нөхрийн ар талд суугаад явж байсан. Бид нар Бэлх орохоор явж байсан. Тэгээд явж байтал, манай машины урд талаас "Toyota Prius" маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж, ирээд манай машины зүүн урд талаас мөргөсөн. Тэр машин манай машиныг мөргөөд, онхолдсон. Тэгээд манай нөхөр нөгөө машин дээр очсон. Тэр машины жолооч , зорчигч нар бүгд согтуу байсан. Тэр машин дотор жолоочоос гадна нэг эмэгтэй нэг бага насны хүүхэд байсан.Жолооч болон зорчигч эмэгтэй 2 согтуу байсан...” гэх мэдүүлэг. /xx-ийн 54/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Б.А-ын өгсөн “...Миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл. Би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 05 дугаар сарын үед Эад 18.500.000 төгрөгөөр худалдсан. Би төлбөрөөсөө эхлээд 6.000.000 төгрөгийг авч, дараа нь 12.500.000 төгрөгийг авсан. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгөх гэтэл Э хөдөө ажлаар явчихдаг байсан болохоор эзэмшигчийн нэрийг шилжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Би хохирлыг барагдуулахгүй, би уг тээврийн хэрэгслийг Эад худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/-р тал,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Г-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 8026 дугаартай “...Г.Г-ийн биед зүүн бугалга ясны олон сэлтэрхий үүсгэсэн бяцарсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 130-131/-р тал,
“Х-” ХХК-ний 11262 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”: “Mitsubishi Delica” маркийн 00-00 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 7.478.000 төгрөгийн, нийт 8.125.500 төгрөгийн хохирол учирсан...” гэх тайлан /хх-ийн 153-154/-р тал,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а ”Жолоочид дараах зүйлийг хориглоно :а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгслийг жолоодох "11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч Г.Г-гийн зорчиж явсан тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргасан, улмаар тухайн ослын улмаас хохирогч Г.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байх бөгөөд тээврийн прокурорын газраас *******ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирчээ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд, шүүгдэгч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах...” саналыг гаргасан хэргийн бусад оролцогч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч *******ыг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-д учирсан бодит хохирол болох 9.222.480 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогч Г.Г-д өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох *******аас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын хэрэгт хавсаргагдан ирсэн №1035495 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Эыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******ын зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах тухай нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Г нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР