Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/02038

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Б” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БХ” ХХК- д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 193.082.493 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  255.108.157 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн захирал С.Жамсран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, хариуцагч компанийн захирал С.Нарантунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, гэрч Ц.Энхбаяр, С.Уянга, С.Цэцэгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь “БХ” ХХК-тай хоёр барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцуулахаар гэрээ байгуулсан.

2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн байрны цогцолбор барилгын ажлыг 349.850.105 төгрөгөөр 2012 оны 4 дүгээр 20-ны өдрөөс эхэлж 2012 оны 10 дугаар сарын 15-ны дотор барьж ашиглалтанд оруулах гэрээг байгуулсан боловч уг хугацаандаа ажлыг хийж гүйцэтгээгүй учир 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулахаар гэрээний хугацааг сунгасан. Гэтэл уг гэрээгээр хүлээсэн үүргээ “БХ” ХХК биелүүлээгүй, улмаар захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар манайхаас шаардсан тул дээрх цогцолбор барилгын гэрээт ажлыг манай “Б” ХХК өөрөө хийж гүйцэтгэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулсан.

Мөн 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажлыг 328.113.565 төгрөгөөр 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн доторт барьж ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулсан боловч мөн хугацаандаа дуусгаагүй тул ажлыг 2013 оны 8 дугаар сарын 01-ний дотор хийж гүйцэтгэхээр хугацааг сунгасан. Гэтэл уг гэрээгээр хүлээсэн үүргээ “БХ” ХХК мөн биелүүлээгүй учир манай компани өөрөө хийж гүйцэтгэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулж, ерөнхий захиалагчид хүлээлгэн өгсөн.

“Б” ХХК нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажлын хөлсөд “БХ” ХХК-д 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 95.000.000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 88.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-нд 19.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 30-нд 46.622.713 төгрөг нийт 248.622.713 төгрөгийг олгосон.  

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор барилгыг “БХ” ХХК хугацаандаа хийж гүйцэтгээгүйгээс захиалагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт алданги 14.901.710 төгрөгийг “Б” ХХК түүний нэрийн өмнөөс төлсөн.

Мөн Чингэлтэй дүүрэг дэх уг барилгын ажлыг гүйцэтгэхдээ дээврийг нэг үе хар цаас нааж, уулзварыг хар тосоор тосолсон байсан. Зураг төсөл болон барилгын норм, дүрмээр 2 үе хар цаас наах ёстой байсан. Манай компани  “БХ” ХХК-ийн дутуу хийсэн ажлыг гүйцээж хийхдээ дээврийг бүрэн хийсэн гэж ойлгосон  байсан. Гэтэл дээврийн ажлыг чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэснээс дээврээс ус гоожиж улмаар 2015 онд манай компани 12.205.455 төгрөгний зардал өөрөөс гарган засварлаж захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн.

Харин Хан-Уул дүүрэг дэх барилгын ажилд 2012 оны 6 дугаар сарын 11-нд 10.000.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 20-нд 90.000.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 19-нд 18.860.000 төгрөг, мөн өдөр дахин 40.000.000 төгрөг нийт 158.860.000 төгрөг олгосон.

Үүнээс гадна “БХ” ХХК нь “Чинбаа инвест" ББСБ-аас “Б” ХХК-ийн нэрээр 2012 онд 60.000.000 төгрөгийг зээлж аваад төлөхгүй болохоор нь “Б” ХХК 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Чинбаа инвест” ББСБ-д тэдний өмнөөс дээрх мөнгийг хүүгийн хамтаар буюу 63.850.000 төгрөгийг төлсөн.

“БХ” ХХК нь “Б” ХХК-ийн үйл ажиллагаагаар хийж гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 135 дугаар цэцэрлэгийн барилгын гадна тохижилтонд зориулж тоглоом Эрээнээс авчирч өгнө гэж хэлж 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 22.000.000 төгрөгийг аваад өгөөгүй.

Мөн “БХ” ХХК нь 2012 онд нэг бүр нь 40.000 төгрөгийн үнэтэй 24 ширхэг нийт 960.000 төгрөгийн үнэтэй хаалгыг аваад одоо болтол үнийг төлөөгүй байна.

Иймд Чингэлтэйн дүүрэг дэх барилгын санхүүжилтэд илүү олгосон 69.379.526 төгрөг, уг барилгад “БХ” ХХК-с болж төлсөн алданги 14.901.710 төгрөг, доголдлыг засварлахад гарсан зардал 12.205.455 төгрөг, “Чинбаа инвест” ХХК-ийн зээлд төлсөн 63.850.000 төгрөг, тоглоомны үнэд шилжүүлсэн 22.000.000 төгрөг, 24 ширхэг хаалганы үнэ 960.000 төгрөг, мөн Хан-Уул дүүрэг дэх барилгыг хугацаа хоцроосноос төлсөн алданги 9.875.802 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс томилсон шинжээч “БХ” ХХК-г Чингэлтэй дүүргийн цогцолбор барилгад 224.702.869 төгрөг, Хан-Уул дүүрэг дэх барилгын ажилд  165.558.511 төгрөг гэж тооцсонд маргахгүй. Иймд Чингэлтэйн барилгад илүү олгосон 69.379.526 төгрөг нэхэмжилснийг 4.919.844 төгрөг болгон багасгаж байна. Хүүхдийн тоглоомны 22.000.000 төгрөгний хувьд талуудын хооронд байгуулсан 2013 оны тооцоо нийлсэн актад тооцогдож орсон тул уг актын дагуу 9.457.419 төгрөг болгон багасгаж байна. “Чинбаа инвест” ХХК-д зээл, хүүнд төлсөн 63.850.000 төгрөгийн хүүгээс татгалзаж, үндсэн зээлд төлсөн 60.000.000 төгрөгийг гаргуулна. Хоёр барилгын алданги, хаалганы 960.000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж байна. Харин ажлын доголдол засварлахад гарсан зардал 12.205.455  төгрөгийг гаргуулна. Нийтдээ  86.582.718 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна гэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Чингэлтэй дүүрэг дэх барилгын тендерт оролцохоор 16.446.000 төгрөгийг авсан нь үнэн тул төлөхөд татгалзахгүй. Харин Хан-Уул дүүрэг дэх барилгын тендерийн баталгааны мөнгийг манайх өөрөө төлсөн тул зөвшөөрөхгүй. 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18.860.000 төгрөг олгосон баримтын тухайд уг мөнгийг тухайн өдөр хариуцагчид ийм хэмжээний мөнгө бэлнээр өгсөн нь үнэн. Харин баримт дах гарын үсэг С.Нарантунгалагынх биш, мөнгөө өгчихөөд баримтад зуруулаагүй байсан тул манайх зурсан. 90.000.000 төгрөгний баримтын тухайд С.Нарантунгалагын хамаатан н.Мөнхбат гэдэг хүн манайхаас 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хайрга авсан байдаг. Уг мөнгийг С.Нарантунгалаг төлөхөөр тохирч улмаар 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн барилгын санхүүжилтэд тооцохоор тохиролцсон тухай акт үйлдсэн тул бодитоор мөнгийг аваагүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 Хан-Уул дүүрэг дэх барилгын санхүүжилтийг “БХ” ХХК-д бүрэн төлсөн тул зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүргийн болон Чингэлтэй дүүргийн барилгын ажлуудыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар огт мэдэхгүй, барилгыг гардан гүйцэтгэж байсан намайг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж ойлгож байсан. Дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлүүд, алданги төлөх заалт, барилгын чанар, баталгаат хугацааны тухай бид 2012 оны 4 сард өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулаагүй, манай зүгээс эртний танил бизнесийн хамтрагч С.Жамсран ахын Б гэдэг компани нь тухайн үед 4-5 төрлийн барилгын ажил авсан, ажил ихтэй, мөнгө санхүү хүндрэлтэй байна туслаач гэхээр нь түүнд тусалж түүний компанийн ажлыг нь дэмжиж байсан. 2013 оны зун бидний хооронд санхүүжилт болон карьер худалдах асуудлаас үүдэн маргаан гарч 2012 оны 4 дүгээр сарын 02-ны гэрээг үзэглэж байсан.

Манай компани барилгын тусгай зөвшөөрөлгүй, маргаан бүхий барилгын туслан гүйцэтгэгчээр орсон тохиолдолд тухайн барилгын ажлын зөвхөн 10 хувийг гүйцэтгэх хуулийн зохицуулалт үйлчилж байсан хэдий ч бид 2 барилгын ажлыг мэргэжлийн хүмүүсийн тус, дэмээр 70-80 хувь хүртэл барьсан. Хан-Уул дүүргийн барилгыг 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн барьж 2012 оны 12 сард дулаан хангамжийн техникийн нөхцөл гараагүй болон хүйтэрсэнтэй холбогдуулан зогсоосон. Нэхэмжлэгч компанийн захирал С.Жамсран 2013 оны 4 сараас өөрөө дуусгана гэж бидний дуусгах дөхсөн барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтанд оруулсан. Харин Чингэлтэй дүүргийн барилгыг 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж барьсан 2012 оны 12 сард өвлийн улиралтай холбогдуулан зогсоож, дахин 2013 оны хавар барилгаа үргэлжүүлэн 7 сарыг хүртэл барьж байхад бидний хооронд маргаан үүсч нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн барилгыг 2013 оны 9 сараас үргэлжлүүлэн барьж дуусгасан. С.Жамсран манай компанийг тендерийн төсөвт өртөгөөр нь биш, зах зээл ханшаар нь бараа материалуудыг худалдан аваад барилгыг барьж бай, дараа нь бидэнд тухайн санхүүжилтийг гүйцэтгэлээр компанид чинь буцааж бүрэн төлөхөөр амалсан тул бид өөрсдийн бүхий л нөөц бололцоог ашиглан нийт 349.850.105 төгрөгийн төсөвт өртөг бүхий Хан-Уул дүүргийн барилгыг 70 хувьд хүртэл барьсан. Манай компаниас нийт 226.228.720 төгрөгний бодит зардал гарсан нь санхүүгийн баримтаар нотлогдох бөгөөд үүнээс 110.000.000 төгрөгийг “Б” компани манайд бэлнээр болон бэлэн бусаар өгсөн. Энэхүү 110.000.000 төгрөгт 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Чинбаа-Инвест” ББСБ-аас зээлсэн гэх 60.000.000 төгрөг орж тооцогдсон байгаа. Хэрэв 60.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтэнд оруулж тооцохгүй тохиолдолд “Б” компани манай компанид Хан-Уул дүүргийн барилгын санхүүжилтэнд зориулан зөвхөн 50.000.000 төгрөгийг л өгсөн байхаар тооцоо гарна. Дээрх мөнгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн харилцаа үүссэн гэж үзэн нэхэмжилж байх тул зөвшөөрөхгүй. Бид зээлээгүй, харин ажлын хөлсөд тооцож авсан.

Харин 328.113.565 төгрөгөөр төсөвлөгдөн Чингэлтэй дүүргийн барилгыг бид мөн 80 хувьд хүртэл барихдаа өөрсдөөс 354.356.150 төгрөгийг зарцуулсан нь санхүүгийн баримтаар нотлогдоно. Үүнээс “Б” ХХК манайд санхүүжилт гэж 248.622.713 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлсэнтэй маргахгүй. Ийнхүү манай компани барилгын 2 ажлыг гүйцэтгэхэд нийт 580.584.870 төгрөгийг зарцуулсан бөгөөд үүнээс дансаар болон бэлнээр 358.622.713 төгрөгийг “Б” ХХК-иас авсан, харин 221.962.157 төгрөгний алдагдлыг бид хүлээж хохирсон.

“Б” ХХК нь 2013 оны 7 дугаар сард тооцоо нийлэхдээ манай компанид 90.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн санхүүжилтэнд тооцон олгоно гэсэн атлаа өнөөдрийг хүртэл мөнгийг бодитоор өгөөгүй. Хайргыг манай компани аваагүй, өөр этгээдэд өгсөн. Мөн 18.860.000 төгрөгийг манайд өгөөгүй, уг баримт дах гарын үсэг хариуцагч компанийн захирал С.Нарантунгалагынх биш.

Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн санхүүжилтэд 2012 оны 6 дугаар сарын 11-нд 10.000.000 төгрөг хүлээж авсан нь үнэн. Мөн тоглоомын үнэ гэж 22.000.000 төгрөгийг авсан. Гэхдээ энэ мөнгөнүүдийг 2013 онд хоёр байгууллагын хийсэн тооцоо нийлсэн актад орж тооцогдоод манайх 9.457.419  төгрөгийн үлдэгдэлтэй гэж баталгаажуулсан тул дахин тооцоонд орох ёсгүй. Манай зүгээс баталгаажуулсан үлдэгдлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч тал хариуцагчид 24 ширхэг хаалга хүлээлгэн өгөөгүй, бид хаалгыг хүлээж аваагүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Барилгуудыг гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ туслан гүйцэтгэгч биелүүлээгүй гэж өөрсдийн буруугаас алданги тооцуулсан асуудлыг зөвтгөн манай байгууллагаас шаардаж байгаа нь буруу. Алданги тооцогдох үндэслэлийг нэхэмжлэгч өөрөө захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын өмнө үүсгэсэн. Нэхэмжлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын өмнө Ерөнхий гүйцэтгэгчийн хувьд маргаан бүхий барилгыг өөрөө л барьж байгаа гэж захиалагчид мэдүүлдэг, бодит байдал дээр энэ цаг хугацаанд өөр газруудад ажил гүйцэтгэн, энд тэндээс орж ирсэн барилгын гүйцэтгэлийн мөнгийг хооронд нь хольж хутган шилжүүлж санхүүжилтийг саатуулдаг байсан. Хэрэв бид 80 хувьтай барьсан Чингэлтэй дүүргийн барилгыг гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтанд оруулсан бол 1 үе хар цаас наасан дээврийн ажлаа 3 үетэй болгон засварлаж дуусгаад стандартад нийцсэн дээврийг зохих газарт нь хүлээлгэн өгөх байсан. Манайхаас дээврийг 1 үе хар цаас наасан байдалтай буюу дутуу гүйцэтгэсэн гүйцэтгэлтэйгээр дураараа авч үргэлжлүүлэн барилгыг барьсан Жамсран гуайд мэдээж 1 үеийг 3 болгоход тодорхой төсөвт тусгасан зардлын үлдэгдэл нь шаардагдахаас биш арай ч 12.205.455 төгрөг зарцуулагдахгүй. Мөн уг доголдол хэзээ илэрсэн, доголдол юунаас үүссэн, түүнчлэн ерөнхий гүйцэтгэгч “Б” ХХК эсхүл манай компанийн алины буруугаас учирсан, бодитоор хэдэн төгрөгний зардал гарч засварласан талаар нотлосон баримтгүй бана. Мөн гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн тул манайх хариуцах үндэслэлгүй.  

Маргаж буй 2 барилгын ажлыг гүйцэтгэхэд алдагдалд орсон компани нь “Б” ХХК биш, манай компани юм.

Шинжээч манай компанийн хийсэн ажлыг Чингэлтэй дэх барилгад 224.702.869 төгрөг, Хан-Уул дүүрэг дэх барилгад 165.558.511 төгрөг гэж тогтоосонд маргахгүй. Нэхэмжлэгчээс Чингэлтэйн барилгын санхүүжилтийн зөрүү 4.919.844 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хүлээн зөвшөөрч, төлөхөд татгалзахгүй. Нийтдээ үндсэн нэхэмжлэлээс актаар баталгаажуулсан 9.457.419 төгрөг, Чингэлтэйн барилгын зөрүү 4.919.844 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани маргаан бүхий 2 барилгыг нэг цаг хугацаанд өөрийн бүхий л нөөц бололцоог ашиглан, тухайлбал Чингэлтэй дүүргийн барилгыг 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарыг хүртэл өөрсдөөс нийт 354.356.150 төгрөгийг зарцуулж барьсан. “Б” ХХК нь Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас энэ барилгын санхүүжилтэнд нийт 313 348 465 төгрөгийг авснаас манайд 248.622.713 төгрөгийг олгосон. Харин Хан-Уул дүүргийн барилгыг 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2013 оны 3 дугаар сарыг хүртэл бид өөрсдөөс нийт 226.228.720 төгрөгийг зарцуулж барьсан. “Б” ХХК нь Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас энэхүү барилгад зориулж нийт 333.940.019 төгрөгийн санхүүжилт авснаас манайд 110.000.000 төгрөгийг олгосон. Дээрх 2 барилгын ажилд манайхаас нийт 580.584.870 төгрөг зарцуулж, дансаар болон бэлнээр 358.622.713 төгрөгийг “Б” компаниас хүлээн авсан.

Иймд 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгын цогцолбор барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний үүргийг биелүүлэхэд зарцуулсан бараа, материалын үнийн зөрүү 105.733.437 төгрөг, уг барилгын ажлын тендерийн баталгаанд урьдчилж байршуулахаар “Б” ХХК манайхаас авсан ч буцаан өгөөгүй 16.446.000 төгрөг, Хан-Уул дүүрэг дэх барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан бараа, материалын үнийн зөрүү  26.228.720 төгрөг, уг барилгын ажлын тендерийн баталгаанд байршуулахаар манай компаниас аваад эргүүлж өгөөгүй 16.700.000 төгрөг, мөн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн актын дагуу Хан-Уул дүүргийн барилгын ажлын гүйцэтгэлд олгохоор тохиролцсон байсан боловч олгоогүй 90.000.000 төгрөг нийт 255.108.157 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, багасгаж байна.

Чингэлтэй дүүргийн барилгын ажлын зөрүү 105.733.437 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Харин 2 барилгын ажлын тендерийн баталгаанд урьдчилан байршуулна гэж анх зээлсэн нийт 33.146.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны “Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийг биелүүлэхэд санхүүжилтэд тооцсон хайрганы гэх 90.000.000 төгрөгийг олгоогүй. Эсрэгээрээ манайх зарцуулсан бараа, материал 26.228.720 төгрөг бус 65.558.511 төгрөг илүү зарцуулсан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагуудыг өөрчилж 65.558.511 төгрөг гаргуулна.  Нийтдээ 98.704.511 төгрөгийг “Б" ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь “БХ” ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүрэг дэх барилгын ажлын хөлсөд илүү олгосон 69.379.526 төгрөг, уг барилгад  бусдад төлсөн алданги 14.901.710 төгрөг, доголдлыг засварлахад гарсан зардал 12.205.455 төгрөг, “Чинбаа инвест” ХХК-ийн зээл, хүүд төлсөн 63.850.000 төгрөг, тоглоомны үнэд шилжүүлсэн 22.000.000 төгрөг, 24 ширхэг хаалганы үнэ 960.000 төгрөг, мөн Хан-Уул дүүрэг дэх барилгыг хугацаа хоцроосноос бусдад төлсөн алданги 9.875.802 төгрөг, нийт 193.082.493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Чингэлтэй дүүрэг дэх барилгын ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан олгогдоогүй ажлын хөлс 105.733.437 төгрөг, уг барилгын ажлын тендерийн баталгаанд байршуулахаар авсан 16.446.000 төгрөг, Хан-Уул дүүрэг дэх барилгын ажлын хөлс 26.228.720 төгрөг, уг барилгын тендерийн баталгаанд байршуулахаар авсан 16.700.000 төгрөг, мөн Хан-Уул дүүргийн барилгад олгохоор тохиролцсон ч олгоогүй 90.000.000 төгрөг, нийт 255.108.157 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Б” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2012 онд харилцан тохиролцож,  Гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутагт баригдах “Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” барилгыг Барилгын тухай хууль, холбогдох журмын дагуу барьж гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөөр, Захиалагч  ажлын хөлсөд Чингэлтэй дүүрэг дэх барилгад 328.113.565 төгрөг,  Хан-Уул дүүрэг дэх барилгад 349.850.105 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцож ЧД-11/25ХЦБУА-17-1 тоот, ХУХЦ-2012/01-1 тоот гэрээнүүдийг тус тус байгуулжээ.

Дээрх гэрээг үндэслэн “Б” ХХК, “БХ” ХХК нар харилцан тохиролцож, 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг баригдах байрлах дээрх цогцолбор барилгыг барьж хүлээлгэн өгөхөөр, Захиалагч ажлын хөлсөд 328.113.565 төгрөг төлөхөөр 01 тоот гэрээг,  ажил хүлээлгэн өгөх хугацаа сунгах тухай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 06 тоот нэмэлт гэрээг, түүнчлэн 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цогцолбор барилгыг 349.850.105 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр 02 тоот гэрээг тус тус байгуулжээ. /1хх 7-11, 16-20, 5хх 174-177/

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж зохицуулсан, зохигчид хэн алин нь гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг дэх барилгад илүү олгосон ажлын хөлсийг 4.919.844 төгрөг болгон, хүүхдийн тоглоомны 22.000.000 төгрөгийг актаар баталгаажуулсан үндэслэлээр 9.457.419 төгрөг болгон тус тус багасгасныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Мөн нэхэмжлэгч  хоёр барилгын алдангид Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт төлсөн 24.687.522 төгрөг, хаалганы үнэ 960.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Чинбаа инвест” ХХК-ийн зээл, хүүд төлсөн 63.850.000 төгрөг гаргуулах шаардлагаа 60.000.000 төгрөг болгон багасгаж, доголдлыг засварлахад гарсан зардал 12.205.455 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч уг 60.000.000 төгрөгийг зээлээгүй харин барилгын санхүүжилтэд тооцон авсан, талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, мөн доголдол туслан гүйцэтгэгч “БХ” ХХК, эсхүл ерөнхий гүйцэтгэгч  “Б” ХХК нарын хэний буруутай ажиллагаанаас үүссэн нь тодорхойгүй, гарсан бодит зардлыг нотлосон баримтгүй үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Чингэлтэй дүүргийн барилгын ажлын хөлсөд дутуу олгосон 105.733.437 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Мөн Чингэлтэй дүүргийн барилгын тендерийн баталгаанд зориулж авсан 16.446.000 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул мөн зүйлийн 106.5-д зааснаар зөвшөөрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Харин уг барилгын санхүүжилтэд тооцсон ч олгогдоогүй ажлын хөлс 90.000.000 төгрөг, ажлын хөлс 26.228.720 төгрөг гаргуулах тухай шаардлагаа шүүх хуралдааны явцад өөрчилж 65.558.511 төгрөг гаргуулахаар, мөн Хан-Уул дүүрэг дэх цогцолбор барилгын ажлын тендерийн баталгаанд олгосон 16.700.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч тендерт оролцохдоо баталгааны мөнгийг өөрөөс төлсөн, “БХ” ХХК-иас мөнгийг хүлээн аваагүй, Хан-Уул дүүрэг дэх барилгын санхүүжилтийг олгосон үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Зохигчид Чингэлтэй дүүрэг дэх цогцолбор барилгын санхүүжилтэд 2012 оны 6 дугаар сарын 29-нд 95.000.000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 07-нд 88.000.00 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-нд 19.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 30-нд 46.622.713 төгрөг, нийт 248.622.713 төгрөг хүлээлгэн өгсөн, түүнчлэн хэрэгт баримтаар авагдсан 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 65.622.713 төгрөгний баримтаар мөнгийг бодитоор олгоогүй харин сүүлийн хоёр удаагийн баримтыг /46.622.713+19.000.000/ нэгтгэж бичсэн баримт гэдэгт тус тус маргаагүй. /1хх 39, 40, 53/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс удаа дараа зохигчдын хүсэлтээр шинжээч томилж, улмаар гүйцэтгэгч “БХ” ХХК Чингэлтэй дүүрэг дэх цогцолбор барилгын ажилд 224.702.869 төгрөг зарцуулсан болохыг “Лэндс” ХХК, Хан-Уул дүүрэг дэх цогцолбор барилгын ажилд 165.558.511 төгрөг зарцуулсан болохыг “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ тус тус тогтоосон. Уг шинжээчийн дүгнэлтэд зохигчид мөн маргаагүйг дурдав. /6хх 32-58, 7хх 76-102/

а/Хан-Уул дүүрэг дэх барилгын ажлын хөлсөд нэхэмжлэгч 2012 оны 6 дугаар сарын 19-нд 10.000.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 19-нд хайрганы гэх 90.000.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 19-нд 18.860.000 төгрөг, мөн өдөр 40.000.000 төгрөг, нийтдээ 158.860.000 төгрөг олгосон гэж, хариуцагч дээрх мөнгөнөөс 90.000.000 төгрөг, 18.860.000 төгрөгийг тус тус хүлээн аваагүй, 10.000.000 төгрөг нь тооцоо нийлсэн актад орсон тул хасч тооцно гэж тайлбарлав. /1хх- 40, 53, 2хх-3, 6хх-125, 7хх-149, 156, 183, 247, 248/

Зохигчид 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тус хоёр байгууллагын өгөлцөж авалцсан зүйлээ баримтаар нийлж “БХ” ХХК нэхэмжлэгч байгууллагад 9.457.419 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан байх бөгөөд уг баримтыг хоёр байгууллагын тамга тэмдэгээр баталгаажуулсан, зохигчид уг баримтад маргаагүй. Дээрх баримтад 2012 оны 6 дугаар сарын 19-нд 10.000.000 төгрөг “БХ” ХХК-д олгосон тухай тэмдэглэгдсэн байх бөгөөд мөн өдөр нэг удаа 10.000.000 төгрөг олгосон, давхардаж тооцогдсон гэдэгт нэхэмжлэгч шүүх хуралдаанд маргаагүй тул гүйцэтгэгчид олгосон Хан-Уул дүүрэг дэх барилгын ажлын хөлснөөс уг мөнгийг хасч тооцох нь зүйтэй. /2хх-2, 7хх-149/

Хэрэгт баримтаар 2012 оны 11 дүгээр сарын 19-нд 18.860.000 төгрөгийг “Б” ХХК-иас хариуцагчид олгосон тухай баримт авагдсан байх боловч дээрх баримт, мөнгө олгохыг хүссэн өргөдлийг нэхэмжлэгч өөрөө бичсэн гэдэгт шүүх хуралдаанд маргаагүй. Иймд дээрх мөнгийг хариуцагчид бодитоор олгосон болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж үзэн мөн хасч тооцов. /7хх-156, 183, 247, 248/

Талууд 2012 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хайрганы карьерт авсан 90.000.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг дэх барилгын ажлын санхүүжилтэд оруулж тооцохоор тохиролцож 2013 оны 7 дугаар сарын 19-нд тооцоо нийлсэн акт үйлджээ. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “БХ” ХХК хайргыг хүлээн аваагүй, харин гуравдагч этгээдийн төлбөр байсан болох нь тогтоогдож байх боловч шүүх хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар бусдын төлбөл зохих өрийг хүлээн зөвшөөрч өөртөө шилжүүлж авсан гэж үзэв. /2хх-3, 6хх-125/

Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Чинбаа инвест” Банк бус санхүүгийн байгууллагаас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 60.000.000 төгрөгийн зээл авч, уг мөнгийг хариуцагч “Батжилд хоулд” ХХК–д өгсөн болох нь хэрэгт авагдсан “Чинбаа инвест” ББСБ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”, “БХ” ХХК-ийн 60.000.000 төгрөг авсан тухай 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн баримтаар тогтоогдож байна. /1хх13, 56-59, 7хх182/

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн хэмээн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардаж, хариуцагч уг мөнгийг Хан-Уул дүүрэг дэх барилгын санхүүжилтэд тооцон авсан, зээлийн харилцаа үүсээгүй гэж тус тус тайлбарлав. Хэрэгт баримтаар авагдсан 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримтад уг мөнгөний зориулалтын талаар дурдаагүй байх тул дээрх мөнгийг барилгын санхүүжилтэд тооцож авсан гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүх буруутгах боломжгүй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчээс Хан-Уул дүүрэг дэх барилгын ажлын хөлсөд нийт 190.000.000 /90.000.000+60.000.000+40.000.000/ төгрөг “БХ” ХХК-д олгосон гэж үзэх бөгөөд уг барилгад хариуцагч 165.558.511 төгрөг зарцуулсан тул зөрүү 24.441.489 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

б/Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг дэх барилгын ажлын доголдол засварлахад гарсан зардал 12.205.455 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор дээврийн ажлыг дахин хийж, хүлээлгэн өгсөн тухай 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн акт, ажлын төсвийг баримтаар ирүүлжээ. /6хх 1-13, 63/ 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар туслан гүйцэтгэгч болох “БХ” ХХК дээврийн ажлыг гүйцэтгэхдээ хар цаасыг 1 үе наасан гэдэгт маргаагүй бөгөөд барилгын ажил дуусаагүй байхад талууд гэрээг цуцалж нэхэмжлэгч барилгын дутуу ажлыг гүйцээж хийхдээ дээврийн хар цаасыг хууль журам, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг нягталж шалгалгүй ажлыг хүлээж авсан байх тул дээврээс ус гоожсон үйлдэл ерөнхий гүйцэтгэгч болох “Б” ХХК, эсхүл туслан гүйцэтгэгч болох “БХ” ХХК нарын хэний гэм буруутай үйлдлээс үүссэн болох нь тодорхойгүй.

Хэрэгт баримтаар ирүүлсэн доголдлыг арилгаж, ажил хүлээлцсэн тухай актад “туслан гүйцэтгэгч “БХ” ХХК дээврийн ажлыг муу хийж, зөвхөн 1 үе хар цаасыг ам зөрүүлэлгүй тулгаж уулзварыг хар тосоор түрхсэнээс дээврээс ус гоожсон тул “Б” ХХК хуулж 3 үе хар цаас наасан” тухай дурдсан байх боловч ажлын доголдлын шалтгааныг тогтоосон баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй тул актад тусгагдсаны дагуу хариуцагчийг бүхэлд нь буруутгах боломжгүй. 

Түүнчлэн нэхэмжлэгч доголдлыг засварлахад гарах төсөвт өртгийн тухай баримтыг ирүүлсэн, гарсан бодит зардлыг нотлосон баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Харин гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүйг дурдав.

Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахгүй орхив.

в/ Хариуцагч Хан-Уул дүүрэг дэх барилгын ажлын хөлсийг дутуу олгосон үндэслэлээр 65.558.511 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байх боловч шүүх уг барилгад нэхэмжлэгчээс олгосон ажлын хөлсийг 190.000.000 төгрөг гэж, хариуцагч байгууллагын гүйцэтгэсэн ажлыг 165.558.511 төгрөг гэж дүгнэсэн, нэхэмжлэгч ажлын хөлсийг дутуу олгосон гэх байдал баримтаар тогтоогдоогүй тул энэ шаардлагыг хангахгүй орхив.

г/Хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК гэрээт ажлын гүйцэтгэлийн баталгаа байршуулах гэж 16.700.000 төгрөгийг “БХ” ХХК-иас хүлээн авсан болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч тендерийн баталгаанд байршуулах дээрх мөнгийг өөрөөс гаргасан, хариуцагчаас аваагүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүйг дурдав. /3хх-1/

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 24.441.489 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 16.700.000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Тус шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 8651, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 40183, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2016/00907, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2018/00852 дугаар шүүгчийн захирамжаар “Мөнх оргил трейд” ХХК, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Лэндс” ХХК, “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-г тус тус шинжээчээр томилжээ. Шинжээчийн ажлын хөлс нийт 10.490.000 төгрөгнөөс шүүхийн тамгын газар 1.800.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-д төлж, үлдэх зардал төлөгдөөгүй, дээрх зардал нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсийг зохигчдоор тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулав. /1хх-135, 2хх-205, 6хх- 36, 59, 7хх- 73, 103,105/

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 1.123.362 төгрөг төлөхөөс 1.272.572 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 149.210 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 1.433.490 төгрөгөөс 773.461 төгрөгийг төлсөн тул төлбөл зохих үлдэх 660.029 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-д зааснаар “БХ” ХХК-иас 24.441.489 /хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д, нэхэмжлэгч “Б” ХХК-иас 16.700.000 /арван зургаан сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж, хариуцагч “БХ” ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 47.763.966 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс 65.558.511 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “БХ” ХХК-иас алданги 24.687.512 төгрөг, хаалганы үнэ 960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Б” ХХК, “Б” ХХК-иас Чингэлтэй дүүрэг дэх барилгын ажлын хөлсний зөрүү 105.733.437 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч “БХ” ХХК тус тус татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Чингэлтэй дүүрэг дэх барилгын ажлын хөлсний зөрүү 4.919.844 төгрөг, тоглоомны үнийн зөрүү 9.457.419 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “БХ” ХХК төлөхөөр, Чингэлтэй дүүрэг дэх барилгын тендерийн баталгаанд авсан 16.446.000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “Б” ХХК төлөхийг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.272.572 төгрөг, хариуцагчаас төлсөн 773.461 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 352.044 төгрөг, улсын орлогоос 149.210 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б” ХХК-д, нэхэмжлэгчээс 323.680 төгрөг гаргуулж, хариуцагч “БХ” ХХК-д олгож,  хариуцагчаас 660.029 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 10.490.000 /арван сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг хувь тэнцүү нэхэмжлэгч, хариуцагчаас тус бүр 375.000 төгрөг гаргуулж, шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-д, тус бүр 1.000.000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д, тус бүр 2.970.000 төгрөг гаргуулж “Лэндс” ХХК-д тус тус олгож, тус бүр 900.000 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ