Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/714

 

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2211007621998 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “**************” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, *******ын ******* дүгээр гудамжны 8*******е тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, овогт ******* /Регистрийн дугаар: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.*******гийн гээсэн Хаан банкны картыг олж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувийн хэрэгцээндээ ашиглаж бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 340,000 төгрөгийн хохирол учруулан завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж ийм зүйл хийхгүй” гэв.

Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 04:30 цагийн үед миний өөрийн дугаартай Хаан банкны данснаас 2 удаагийн гүйлгээгээр 340,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн тус данстай банкны картаа гээгдүүлээд олж чадахгүй байсан юм. Тэгээд би данснаас мөнгө гарсан гэж цагдаагийн байгууллагад хандсан. Манай хажуу айлын ******* гэх залуу манай хүүхдүүдийг хардаг болохоор дансны дугаар, картны нууц үгийг мэддэг. Би хажуу айлын ******* гэх залууг сэжиглэж байна. АТМ-ыг ашиглан 340.000 төгрөг авсан хүний хяналтын камерын бичлэгийг харлаа тухайн хүнийг танихгүй урд өмнө харж байгаагүй юм байна. Би өөрийн Хаан банкны картаа Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 37 дугаар сургуулийн орчим явж байгаад алга болгосон гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-19-20 дугаар хуудас/,

Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 29/3346 дугаартай: “... тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Өргөө кино театрын урд Lucky mart байранд байрлах АТМ522-д зарлагын гүйлгээ хийгдсэн ба уг гүйлгээ хийх үеийн зураг, камерын бичлэгийг CD-нд хуулбарлан хүргүүлж байна” гэсэн албан бичиг /хх-11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ******* эгчийн картнаас нь мөнгө авах талаар зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Бусдын картнаас зөвшөөрөлгүй мөнгө авч болохгүй гэдгийг мэдэж байсан. Би бүх хохирлыг барагдуулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-38-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41 дүгээр хуудас/ Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-42-45 дугаар хуудас/, хохирол төлсөн талаарх дансны хуулга болон мөнгө шилжүүлсэн баримт /хх-54-55 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.*******гийн гээсэн Хаан банкны картыг олж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр уг картыг ашиглан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Өргөө кино театрын урд Lucky mart байранд байрлах АТМ522-с 340,000 төгрөг авч, уг хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хохирогч Б.*******гийн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.*******гийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 29/3346 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй үйлдэл, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч, ашигласан үйлдлийг ойлгодог бөгөөд энэ гэмт хэргийн онцлог нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа өөрийн эд хөрөнгө мэт захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******д 340,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-нд 320,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-нд 20,000 төгрөг, нийт 340,000 төгрөгийг хохирогч Б.*******д нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх ба хохирогч “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч ******* нь “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн, дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА