Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

 

 

 

  2022        04         12                                 2022/ШЦТ/338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Г.М /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Мд холбогдох эрүүгийн “2211 00353 0752” дугаартай, 186/2022/0295/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил болох өрлөг, шавар хийдэг ажилтай, ам бүл 1, С суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Г.М,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г.М нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 01:00 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ө.Л нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодон түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагааны явцад  мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Л:..2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хадам ах Хуягаагийн Дэнжийн мянгад байрлах гэрт нь найз охин Цэндзүсэм, Мөнхтөр болон түүний найз охин Алимаатай хамт очсон. Тухайн гэрт Экс нэртэй 0.75 литрийн архи хоёрыг бид 5 хувааж уусан. 00:00 цагаас өмнө архи согтууруулах ундааны зүйлийг дуустал хэрэглэж гэрийн гадаа Хуягаатай тамхи татаж дуусаад гэрлүү ортол манай эхнэр Цэндзүсэм Хуягаагийн эхнэр Догоотой маргалдаж гэрээс гарсан байсан. Би эхнэрийн араас хайхаар гарч ойр орчмоор хайгаад баазын автобусны буудлын орчимд алхаж байх үед нь очсон. Харин араас удалгүй Мөнхтөр эхнэр Алимаагийн хамтаар ирсэн. Гадаа автомашины хажууд би Мөнхтөртэй маргалдаж, хэрэлдсэн. Түүнээс болж Мөнхтөр миний баруун талын нүдрүү гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэндээгийн:..би авто баазын автобусны буудлын орчимд хойд талаар нь алхаж байтал манай найз залуу Лхагвасүрэн миний араас гүйгээд ирсэн. Лхагвасүрэнгийн ардаас Мөнхтөр, Алимаа нар ирсэн. Мөнхтөр Лхагвасүрэн хоёр маргалдаж, чанга чангаар ярилцаж байсан. Мөнхтөр Лхагвасүрэнгийн нүүр хэсэг рүү гараараа цохисноос болж хамраас нь цус гарч зүүн талын нүд хавдаж хөхөрсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,

          2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3013 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

         1. Л н биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

         3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

         4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэжээ. /хх-ийн 18 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

         3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас        /хх-ийн 29 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дүгээр тогтоол /хх-ийн 53 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 46-47 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3013 дугаартай дүгнэлт  /хх-ийн 18 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 2 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ө.Л хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож  биед нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч Ө.Лн:..гадаа автомашины хажууд би Мөнхтөртэй маргалдаж, хэрэлдсэн. Түүнээс болж Мөнхтөр миний баруун талын нүд рүү гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү гараараа 3 удаа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,

          - гэрч Б.Цэндээгийн:..би авто баазын автобусны буудлын орчимд хойд талаар нь алхаж байтал манай найз залуу Лхагвасүрэн миний араас гүйгээд ирсэн. Лхагвасүрэнгийн ардаас Мөнхтөр, Алимаа нар ирсэн. Мөнхтөр Лхагвасүрэн хоёр маргалдаж, чанга чангаар ярилцаж байсан. Мөнхтөр Лхагвасүрэнгийн нүүр хэсэг рүү гараараа цохисноос болж хамраас нь цус гарч зүүн талын нүд хавдаж хөхөрсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,

        - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3013 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл төдийгүй шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Г.Мийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Мийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Ө.Л нь Г.Мтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Мийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Г.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ