| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00810/И |
| Дугаар | 142/ШШ2018/00852 |
| Огноо | 2018-09-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2018/00852
| 2018 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 142/ШШ2018/00852 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүнбаянцагаан 4 дүгээр гудамж ** Б тоотод оршин суух Б овогт Л-н А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг, 7 дугаар гудамж ** тоотод оршин суух Х овогт Ж-н М-д холбогдох
Гэм хорын хохиролд 2 305 820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А , хариуцагч Ж.М , иргэдийн төлөөлөгч Б.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л овогтой А би СХД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн ТҮЦ-ийг ажиллуулж мах, ногоо, дайвар бүтээгдэхүүн зарж борлуулан амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд гэртээ байж байтал танай ТҮЦ-ийг том машин мөргөчихлөө гэж манай найз утасдсан, яваад очтол бөөн цагдаа машин, хүн амьтан, хөл үймээн болсон байсан. Манай ТҮЦ-ний нэг тал нь юу ч үгүй нурчихсан дотор нь байсан хөргөгч, хөлдөөгчүүд, 2 ширхэг цахилгаан жин эвдэрсэн, мөн лангуу сандал, зарж байсан байсан мах, ногоо гэх мэт бусад эд зүйлс газраар нэг тарчихсан байсан. Ингээд би тэр орой цагдаад тэмдэглүүлээд дараа нь үнэлгээ хийлгэж хохирлоо барагдуулах гомдол гаргаж, СХД-ийн Замын цагдаад мэдэгдсэн боловч Ж.М одоо болтол хохирол болох 2 305 820 төгрөгийг / хоёр сая гурван зуун таван мянга найман зуун хорин төгрөг / нөхөж барагдуулахгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж овогтой М 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойрогт байрлалтай А ийн ТҮЦ-ийг Норт бенз маркийн ачааны авто машинаар мөргөсөн. Уг хохирлыг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 2 305 820 төгрөгийн хохирол гарсан бөгөөд энэ хохирлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд А бид хоёр 700 000 төгрөгийг өгч авалцаад салая гэж анх тохиролцсоноор мөнгийг өгөх саналтай байна. Уг ослын улмаас бусдад төлөх төлбөр өндөр байгаа. Эвдэрсэн ганц нэг материалуудыг хэрэглэх боломжтой байсан. Уг ТҮЦ зөвшөөрөлгүй байсан учир төлбөрийг бүтэн төлөх үндэслэлгүй. Хэрэв нүүлгэ гэсэн шаардлагын дагуу ТҮЦ байхгүй байсан бол ийм хохирол гарахгүй байсан гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ань хариуцагч Ж.М д холбогдуулан гэм хорын хохиролд 2 305 820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж.М нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2018 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг 45 минутад Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны тойрог дээр Норд бенз маркийн 9556 УНВ дугаарын автомашин жолоодон явсан Ж.М нь гэрлэн дохио, контейнер, иргэн Л.А ийн эзэмшлийн ТҮЦ мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна.
Жолооч Ж.М Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан шийтгэлийн хуудас, шинжээчийн дүнэлтээр нотлогдож байна.
Хариуцагч Ж.М ын буруутай үйлдлийн улмаас иргэн Л.А ийн ТҮЦ эвдэрч, дотор нь байсан цахилгаан хэрэгсэл гэмтсэн ба Арвижих-Эстимейт ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээгээр 2 305 820 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн байна.
Хариуцагч Ж.М зам тээврийн осол гарсан хийгээд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх боловч хохиролын үнэлгээг эс зөвшөөрч байгаа талаар гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаагүй, дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй.
Нэхэмжлэгч Л.Ань зөвшөөрөлгүй газар дур мэдэн ТҮЦ байрлуулснаас хохирол учрах эрсдэл бий болсон гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй бөгөөд ТҮЦ-ийн /худалдаа/ үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий зөвшөөрөл аваагүй болохоо хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй эс үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Л.А шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохиролын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан тул нэхэмжлэгч Л.А ийн эрсдлийг 40 хувиар бууруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг мөргөсний улмаас учирсан хохирлыг хариуцагч бүрэн хариуцах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Ж.М аас 1 383 492 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 922 328 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51 850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М аас 37 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А т олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Ж.М аас 1 383 492 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 922 328 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51 850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М аас 37 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА