Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 123/2024/0002/З |
Дугаар | 221/МА2024/0520 |
Огноо | 2024-08-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2024/0520
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө
Нэхэмжлэлийн шаардлага “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 123/2024/0002/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус баримтлан “Т” ХХК-иас Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дүгээр захирамжаар “Т” ХХК-ийн Сэргэлэн сумын 4-р зөрлөгийн засмал замын зүүн талд байрлах нэгж талбарын 4109010013 дугаар бүхий 60000.0 м.кв газрын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Ингэхдээ Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтуудыг үндэслэн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Манай зүгээс дээрх Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: Маргаан бүхий захиргааны акт “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй, хууль бус байна гэж дүгнэсэн хэсэг нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн дүгнэлттэй маргахгүй байгаа болно. Харин нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх “Т” ХХК нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчин газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байна гэж дүгнэхдээ нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.
3.3 Учир нь “Т” ХХК нь гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 109 дугаартай захирамжаар Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөгийн засмал замын зүүн талд байрлах нэгж талбарын 4109010013 дугаар бүхий 60000.0 м.кв газрын газар эзэмших гэрчилгээг эзэмшсэн боловч бичиг баримтын зөрчлөөс шалтгаалан тухайн олгосон газар дээгүүр төмөр зам явахаар төлөвлөсөн мөн шилэн кабелийн шугам дундуур нь орсон байна гэж Сэргэлэн сумаас мэдэгдсэний дагуу кадастрын зургаа дахин хийлгэж 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 60000 м.кв газрын байршлын эргэлтийн цэгт өөрчлүүлсэн кадастрын зургийг хүргүүлсэн зэрэг шалтгаанаас болж газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон байсныг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс газрыг ашиглах, эзэмшихээр болсон талаар шүүх дээрх нөхцөл байдлыг дүгнэн тогтоож нэхэмжлэгчээс шалтгаалаагүй гэж тогтоосон байна.
3.4 “Т” ХХК нь дээрх шалтгааны улмаас дээрх газрыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 4167-2012/10013 дугаартай газар ашиглах, эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон цагаас үйлдвэрлэлийн зориулалтаар техник, эдийн засгийн үнэлгээг хийлгэх, хөрөнгө оруулалтыг зохион байгуулах зэрэг төслийн шат явагдаж байхад 2019 он гарснаас хойш Ковид-19-ийн хөл хорио, мөн хил гааль хаалттай байсан, санхүүгийн хүндхэн нөхцөл байдалд орсон зэрэг нь тухайн газрыг гэрээний дагуу ашиглах бололцоо олгоогүй бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл зэргээс шалтгаалан тодорхой хугацаа алдсан талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Т” ХХК-д “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02-/43 дугаартай гэрчилгээ”-г олгож уг гэрчилгээг хэрэгт хавсаргасан. Мөн “Т” ХХК, “Эрдэнэт-Оргил” ХХК нь В.Ганбаатарын эзэмшлийн компаниуд бөгөөд “Т” ХХК-ийн эзэмшлийн дээрх газар дээр сэндвичэн барилга барихаар “Эрдэнэт-Оргил” ХХК-ийн нэрээр 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-руу Сэндвичэн барилгын каркас төмрийн урьдчилгаа 375000 юанийн шилжүүлсэн бөгөөд гэрээнд заасан зориулалтын дагуу дээрх газрыг ашиглахаар харилцан тохиролцож ажиллаж байсан.
3.5. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2019 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 2023 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/359 дугаартай захирамжаар газар эзэмшигчдийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тэмдэглэлээр тогтоогдсон хэдий боловч хууль зүйн хувьд эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй буюу цаг хугацааны хувьд 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу эзэмших боломжгүй байсан.
3.6. Учир нь “Т” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс газрыг зориулалтын дагуу эзэмших боломжтой болсон боловч 2019 оны сүүлээр Ковид-19-ийн халдварт өвчин гарч Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай тогтоол гарсан. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна. Ийнхүү ҮХАҮТ-ын давагдашгүй байдлын гэрчилгээнд заасны дагуу манай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл 2020, 2021 онд үргэлжилсэн. Улмаар манай компани нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн газраа зориулалтын дагуу эзэмших боломжтой болсон боловч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Засаг дарга маргаан бүхий актаар манай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна. Дээрх гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нь “Т” ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал юм. Иймд анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг нотлох баримтаар үнэлсэн атлаа нэхэмжлэгч нь 2019-2023 онуудад ковид 19 цар тахлын гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас эзэмшлийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон байна.
3.7. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК-д Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 109 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр багийн нутаг төмөр замын 4-р зөрлөгийн засмал замын зүүн талд тос боловсруулах зориулалтаар 6 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-1419000286 дугаартай гэрчилгээ авч, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
2.2. Анхан шатны шүүх “... Монгол Улсын Засгийн газраас 2020-2022 онуудад ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хориог тодорхой хугацаагаар тогтоож байснаас гадна, Засгийн газраас энэ хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих ажлыг зохион байгуулах, дэмжиж байсан болох нь Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоол болон нийтэд илэрхий бусад тогтоолуудаар нотлогдож байна ... нэхэмжлэгч нь 2019-2023 онуудад ковид-19 цар тахлын гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас эзэмшлийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Учир нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдах зарчимтай.
2.4. Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 07/263 дугаар албан бичигт газрын кадастрын шинэ мэдээллийн санд бүртгэсэн маргаан бүхий газрын зургийг харахад нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.
2.5. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
2.6. Уг тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн “... тухайн олгосон газар дээгүүр төмөр зам явахаар төлөвлөсөн мөн шилэн кабелийн шугам дундуур нь орсон байна гэж Сэргэлэн сумаас мэдэгдсэний дагуу кадастрын зургаа дахин хийлгэж 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 60000 м.кв газрын байршлын эргэлтийн цэгт өөрчлүүлсэн кадастрын зургийг хүргүүлсэн зэрэг шалтгаанаас болж газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон ... 2019 он гарснаас хойш ковид-19-ийн хөл хорио, мөн хил гааль хаалттай байсан, санхүүгийн хүндхэн нөхцөл байдалд орсон зэрэг нь тухайн газрыг гэрээний дагуу ашиглах бололцоо олгоогүй ... гэрээнд заасан зориулалтын дагуу дээрх газрыг ашиглахаар харилцан тохиролцож ажиллаж байсан” гэх давж заалдах гомдолдоо дурдсан нэхэмжлэгч талын тайлбар нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.
2.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ