Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 90

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: М.Угтахбаяр 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Угтахбаярт холбогдох 129/2016/0086/Э индекстэй, 201603000294 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцэхэд

            

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг баг, Бүрд гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Мөнхбаярын Угтахбаяр /РД:АА95092012/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч  М.Угтахбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шунахайн сэдэлтээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор баг, Цагаан нуурын 60 тоотод оршин суух хохирогч Д.Сайханцэцэгийн гэрийг түлхүүрээр онгойлгон нэвтэрч Ленова маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 510.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                        201603000294 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Д.Сайханцэцэгийн өгсөн:

 

“...би өөрийн уншиж танилцсан хохирогчийн эрх үүргийг ойлгосон. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би Угтахбаярыг танина. Би түүний бэр эгч нь тиймээс төрөл садангийн холбоотой. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би хуулийн хариуцлагыг ойлгосон. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор баг Цагаан нуурын 60 тоотод байх өөрийн гэрээсээ 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр өөрийн эзэмшлийн ленова брэндийн зөөврийн компьютерээ алдсан. Хар өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй, хуучивтар зөөврийн компьютер байсан. Би тухайн компьютерыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинээр нь авч байсан. Багийн эмч нарт орон нутаг хөгжүүлэх сангаас авч өгч байсан. Миний зөөврийн компьютер хэрэглээний сэвгүй, маш гамтай эдэлсэн компьютер байсан. Би байнга хэрэглээд байдаггүй, сарын тайлан мэдээ гаргахад болон сургалт зохион байгуулах үедээ л гаргаж ашигладаг байсан. Манайхан гэрийнхээ түлхүүрийг байшингийнхаа нэг буланд хийчихдэг байсан. Үүнийг л Угтахбаяр мэддэг байсан юм шиг байна лээ. Түлхүүрээр нь цоожийг нь онгойлгож ороод миний компьютерыг хулгайлсан байна лээ. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Угтахбаяр миний зөөврийн компьютерийг Улаанбаатар хотод аваачаад Өнөр нэртэй ломбарданд тавьсан байна лээ. Тэгээд тухайн ломбарднаас нь түүний нэг найз нь аваад над руу явуулна гэсэн. Тиймээс би эд зүйлийн үнэлгээг тогтоолгосон 20.000 /хорин мянга/ төгрөг, нааш цаашаа явсан бензиний мөнгө 57.000 /тавин долоон мянга/ төгрөг нийт 77.000 /далан долоон мянга/ төгрөгийг нэхэмжилнэ. Надад гомдол санал байхгүй.

Би Угтахбаяртай төрөл садангийн харилцаатай. Би хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйлийг мэдүүлнэ. Хуулийн хариуцлагыг ойлгосон. Асууж тодруулах зүйл байхгүй. Угтахбаяр манайд байнга орж гардаг. Манай гэрийн түлхүүр хаана байдаг талаар бол Угтахбаяр мэддэг байсан. Манай гэрийг цоожтой байхад урьд өмнө орж байгаагүй. Би энэ талаар санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн эзэмшлийн Ленова маркийн зөөврийн компьютероо бүрэн бүтнээр нь хүлээн авсан учир одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11х/

 

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн:

 

“...би Сайханцэцэгийн нөхөр нь, Угтахбаярын авга ах нь байгаа юм. Тиймээс төрөл садан, гэр бүлийн харилцаатай. Би мэдүүлэг өгнө. Би энэ талаар 2016 оны 05 дугаар сарын сүүлээр мэдсэн. Манай эхнэр Сайханцэцэг бид хоёр хөдөөгүүр явж байгаад ирэхэд манай гэрт байсан зөөврийн компьютер алдагдсан ба сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Гэтэл манай төрлийн дүү Угтахбаяр манай гэрээс хулгайлсан байна лээ. Манай гэрийн түлхүүрийг хаана хийдэг талаар нь Угтахбаяр мэддэг байсан. Манай гэрээр Угтахбаяр байнга л орж гардаг байсан. Тухайн үед манай түлхүүрийг байдаг газраас нь аваад гэр рүү ороод зөөврийн компьютерыг хулгайлсан гэсэн. Сайханцэцэг бид хоёрыг хөдөөгүүр явж байхад манай ойролцоо байдаг Цэдэнлхам гэх охин манайд ороход гэрт Угтахбаяр ганцаараа байж байсан гэсэн. Энэ талаар Цэдэнлхам сайн мэдэж байгаа. Би Угтахбаярыг төрснөөс нь эхлээд мэднэ. Угтахбаяр нь эелдэг даруухан, архи дарс уугаад байдаггүй, хүмүүстэй их нөхөрсөг хүүхэд байгаа юм. Төрөл төрөгсөд болон гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно харилцаа холбоотой байдаг. Хүмүүстэй хэрүүл маргаан зодоон цохион хийгээд байдаггүй. Угтахбаяр нь миний мэдэхээр энэ асуудлаас өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Угтахбаярын аав нь Мөнхбаяр гэгч хүн байдаг ба Угтахбаярыг  Оюунгэрэл гэгч хүн багаас нь өсгөсөн. Гэхдээ Оюунгэрэл нь Мөнхбаярын эхнэрийнх нь эгч байгаа юм. Одоог хүртэл Угтахбаяр нь Мөнхбаяр болон Оюунгэрэлийнхээр ирж очоод байж байдаг. Хоорондоо их эвсэг хүмүүс байгаа юм. Тийм асуудал байхгүй. Манайхаар байнга  орж гараад хоол унд идээд хонох цагтаа хоноод л явдаг. Манай эхнэр Сайханцэцэг нь өөрийн эзэмшлийн зөөврийн компьютероо Угтахбаяраас бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Тиймээс манай гэр бүлийн зүгээс түүнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/

 

Гэрч Д.Оюунгэрэлийн өгсөн:

 

“...би өөрийн төрсөн дүүгээсээ Угтахбаярыг өргөж авсан боловч Угтахбаяр төрсөн аав, ээжийнхээ нэр дээр байдаг. Мөн Сайханцэцэгтэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай хүү Угтахбаяр нь Сайханцэцэг гэгчийн зөөврийн компьютерыг хууль бусаар авч ломбарданд тавьсан гэж сумынхаа хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн. Манай хүү Угтахбаяр нь даруу төлөв зантай л хүүхэд. Гадуур дотуур тэнээд байдаггүй. Архи дарс уугаад байдаггүй л хүүхэд байгаа юм. Манай хүүхэд Соёл урлагийн их сургуульд 3 дугаар курсын оюутан бөгөөд одоо 4 дүгээр курсд орох гэж байгаа. Их авъяаслаг хүүхэд байгаа юм. Мөн спортлог хүүхэд. Ямар учраас гэмт хэрэг үйлдсэнг нь ойлгохгүй байна. Сургуулийнхаа амралтаар Мөнхбаярынд буюу өөрийнхөө төрсөн аав, ээж дээр яваад очдог. Манай хүү Угтахбаяр нь гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно харилцаатай байдаг. Нэг их хүмүүстэй найзалж нөхөрлөөд байдаггүй. Харин их сургуулийн найзуудыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/

 

Гэрч Ч.Баасансүрэнгийн өгсөн:

 

“...би Цэнгэлсүрэн, Угтахбаяр нарыг танихгүй төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Миний ажилуулдаг Өнөр ломбарданд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Доржсүрэнгийн Цэнгэлсүрэн /МИ92090905/ нь Ленова маркийн зөөврийн компьютерыг 14 хоногийн хугацаатай 8%-ийн хүүтэйгээр 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд тухайн зөөврийн компьютероо 2016 оны 07 дугаар сарын эхээр авсан шиг санагдаж байна. Би яг баримтыг нь олохгүй байна. Надад мэдэх боломж байхгүй. Бичиг баримттай ирж үйлчлүүлдэг. Бичиг баримтгүй хүнд үйлчилдэггүй. Миний хөтөлдөг дэвтэр дээр Цэнгэлсүрэнгийн анх эд зүйлс барьцаалж зээл авсан баримт нь байна. үүнийг хуулбарлаж өгнө. Ленова маркийн нөүт бүүк гэж бүртгэл дээр байна. Олон хүнтэй харьцдаг учраас санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/

 

Гэрч А.Цэдэнлхамын өгсөн:

 

“...Би Угтахбаярыг танина бид нэг сумын хүмүүс байгаа юм. Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 11 цаг 30 минутын орчим өөрийн төрсөн дүү Цэдэнпүрэвийг сумын төвөөр хайж яваад байхгүй байхаар нь Мөнх-Эрдэнэ ахын гэрт очиход Мөнх-Эрдэнэ ахын гэрт Угтахбаяр гэдэг хүн орон дээр нь хэвтэж байсан. Тэгээд би Угтахбаяраас дүүгээ асуучихаад буцаад Мөнх-Эрдэнэ ахын гэрээс гараад явсан. Угтахбаяраас өөр хүн Мөнх-Эрдэнэ ахын гэрт байгаагүй. Би Угтахбаяраас өөрийн төрсөн дүү Цэдэнпүрэвийг хаачсан талаар асуучихаад буцаад гарсан. Гэрийнх нь үүд онгорхой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

Гэрч Д.Цэнгэлсүрэнгийн өгсөн:

 

“...Би Улаанбаатар хотод 2015 оноос хойш эгч Цэнгэлмаагийн гэрт амьдарч байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт найз Угтахбаяр нь над руу утсаар яриад би Архангай аймгаас шуудангийн машинаар хот руу гараад явж байна, намайг тосож аваарай гэхээр нь би 19-20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 шарын автобусны буудал дээр тосож авсан. Угтахбаяр Улаанбаатар хотод найзтайгаа уулзана гэж ирсэн ба надад уулзах хүнийнхээ нэрийг хэлээгүй. Угтахбаяр тухайн үед хар өнгийн үүргэвчин цүнх, куртик барьсан байсан. Бид хоёр уулзаад Угтахбаяр үсээ засуулсан, түүний дараа бид хоёр 1 дүгээр хорооллын Цамбагаравын тэнд цайны газар хоолонд ороод удалгүй салсан. Угтахбаяр цайз явна гэж явсан ба хэнийд очихоо надад хэлээгүй, цайзад ямар хүнийх байдгийг нь мэдэхгүй. Ингээд маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед Угтахбаяр над руу 88404024 дугаарын утаснаас миний 94447812 дугаарын утас руу яриад уулзъя гэхээр нь би Угтахбаяртай Саппорогийн автобусны буудал дээр уулзаад бид хоёр гадуур явж байгаад орой нь 20 цагийн үед Угтахбаяр надад мөнгө хэрэгтэй байна найзынхаа хонхны баярт нь очиж амжаагүй, буцах зардал байхгүй, энэ нөүт бүүкийг ломбарданд тавих гэсэн юм, чиний бичиг баримт байгаа юу, миний бичиг баримт байхгүй болохоор болохгүй байна гэж хэлхэд би бичиг баримт байгаа, хэний нөүт бүүк юм бэ гэж асуусан чинь Угтахбаяр миний нөүт бүүк гэж хэлсэн. Би Угтахбаярт итгээд өөрийнхөө иргэний цахим үнэмлэхээр Хар хорингийн “Өнөр” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт Угтахбаярын нөүтбүүкийг 14 билүү 1 сарын хугацаатайгаар барьцаанд тавьж 100.000 төгрөг аваад Угтахбаярт ломбардны бичигтэй хамт мөнгийг нь өгсөн. Угтахбаяр найз руугаа очно гээд бид хоёр салж яваад би гэр рүүгээ харьсан. Нөгөөдөр нь бид хоёр 16-17 цагийн үед уулзаж ойр зуурын юм ярьж байгаад салсан. Тэрнээс хойш би Угтахбаяртай уулзаагүй, хааяа утсаар ярьж байсан. Угтахбаярын барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиулсан зөөврийн компьютер нь Ленова гэсэн бичигтэй хар өнгийн гадартай зөөврийн компьютер байсан. Барьцаалан зээлдүүлэх газрын эгч Угтахбаярын зөөврийн компьютерыг асааж үзэхэд паспортгүйгээр ажиллаж байсан ба дотор нь ямар ямар мэдээллүүд байсныг анзаарч хараагүй. Би мэдээгүй. Надад Угтахбаяр хэлэхдээ миний нөүт бүүк гэж хэлэхэд нь би итгэсэн. Угтахбаярыг хулгай хийдэг гэдгийг нь би мэдээгүй. Хулгай хийхээргүй их л даруухан хүүхэд шиг харагдсан. Угтахбаяртай 1 жилийн өмнө найз Содномцэрэнгээр дамжуулж танилцаж байсан. Угтахбаяр төлөв даруу, амьдралын ухаантай хүүхэд шиг санагдсан. Угтахбаяр соёл иргэншлийн дээд сургуулийн 4 дүгээр курст сурдаг гэсэн. Их дээд сургуульд сурдаг болохоор нь би их л зөв хүмүүжилтэй хүн юм байна гэж бодож байсан. Ленова гэсэн бичигтэй хар өнгийн гадартай зөөврийн компьютер байсан ба өөр содон шинжийг нь мэдэхгүй, барьцаанд тавихдаа цэнэглэгчтэй нь хамт тавьсан. Би тухайн үедээ Угтахбаярын зөөврийн компьютер юм байна гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/

 

Сэжигтэн, яллагдагч М.Угтахбаярын өгсөн:

 

“...би өөрийн уншиж танилцсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлд заасан сэжигтний эрхийг ойлголоо. Эрхтэйгээ холбогдуулан асуух зүйлгүй. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Тиймээс өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би мэдүүлэг өгнө. Би 2016 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг нилээн өнгөрөөгөөд Мөнх-Эрдэнэ ахынд очтол хүнгүй гэр нь цоожтой байсан. Тэгээд буцаж гэр рүүгээ явчихаад дахиад 11 цагийн орчимд Мөнх-Эрдэнэ ахынд дахиад очиход хүн байгаагүй. Тэгээд би гэрийнх нь түлхүүр хийдэг газраас түлхүүрийг аваад гэрт нь ороод телевизороор сагсны тэмцээн үзсэн. Тэгээд сагсны тоглолт 12 цагийн орчимд дууссан бөгөөд гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад байж байтал сургуулиас залгаад дадлагын тайлан чинь шаардлага хангахгүй байна, дутуу юм аа гүйцээж өг гэж дуудсан. Тэгээд надад зөөврийн компьютер хэрэг болоод Мөнх-Эрдэнэ ахынд зөөврийн компьютерыг нь гуйх зорилгоор дахин очсон. Гэтэл хүн ирээгүй байсан. Би Сайханцэцэг эгчийн зөөврийн компьютерыг мөлхөө тавилган дээрээс нь аваад гарсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот ороод дадлагын тайлангаа гүйцээж бичээд интернетээр тайлангаа явуулсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр найз Цэнгэлсүрэнгийн хамтаар тухайн зөөврийн компьютерыг Өнөр нэртэй ломбарданд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Цэнгэлсүрэнгийн бичиг баримтаар ломбарданд тавьсан. Ийм л зүйл болсон. Би зөвшөөрөл аваагүй. Уг нь гуйж авъя гээд очиход гэрт нь хүн байхгүй болохоор нь гэрийнх нь түлхүүрийг тавьдаг газраас нь авч гэрт нь ороод зөөврийн компьютерыг нь авчихсан юм. Сүүлд  нь ч хэлээгүй. Би ломбарднаас авчихаад үнэн учраа хэлээд буцаагаад өгнө гэж бодож байсан юм. Тухайн ломбардны эгч зөөврийн компьютерыг барьцаалж мөнгө зээлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 30-наар авсан гэж бичсэн байна лээ. Он сараа л андуурсан байх. Манай найзын хонхны баяр нь болоод өнгөрсөн байсан ба би хонхных нь баяр дээр очиж чадаагүй байж байгаад найз дээрээ юм авч очих гээд мөн буцах зардлынхаа мөнгийг олох зорилгоор ломбарданд зөөврийн компьютерыг нь тавьсан юм. Би цагдаагийн байгууллагад баригдсанаасаа хойш хэлсэн. Мөнгө төгрөгийн боломж олдохгүй байсан. Хар өнгөтэй Ленова гэсэн бичигтэй л компьютер байсан. Хэрэглээний сэвтэй л байсан. Өөр онцлог гээд байх зүйлгүй. Би түүнд ээжийнхээ зөөврийн компьютерыг аваад ирлээ чи өөрийнхөө бичиг баримтаар ломбарданд тавиад өгөөч мөнгө хэрэг болчихоод байна гэж хэлсэн. Миний бичиг баримт хүнд байсан юм. Тиймээс Цэнгэлсүрэнг гуйж түүний нэрээр зөөврийн компьютероо ломбарданд тавиулсан юм.

Би өмгөөлөгчгүй өөрөө өөрийгөө өмгөөлнө. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Мөнх-Эрдэнэ гэгч айл нь миний төрсөн аав болох Мөнхбаярын төрсөн ах нь байгаа юм. Тиймээс бид нар ойр дотно харилцаа холбоотой байдаг ба байнга л орж гарч байдаг. Би 7 хоногт 1-2 удаа очдог. Мөнх-Эрдэнэ ахынд очиж хонодог байсан. Би гэрийн түлхүүрийг мэднэ. Урьд өмнө Сайханцэцэг эгч ,Мөнх-Эрдэнэ ах хоёр намайг гэр рүүгээ ийм тийм юм аваад ир гээд явуулдаг байсан. Гэрт нь хоночихоод гарахад тухайн газраа л хийдэг байсан. Тийм учраас түлхүүр хаана байгааг нь сайн мэднэ. Гэрийн эзэд нь янз бүрийн зүйл авахуулахаар 3-4 удаа явуулж байсан. Үүнээс өөрөөр орж байгаагүй.

Би зүйл ангийг ойлгож байна. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Байцаалтандаа өмгөөлөгч оролцуулахгүй. Би өөрийгөө өмгөөлж оролцоно. Татгалзах зүйлгүй. Би 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сайханцэцэгийн гэрт сагсан бөмбөгийн тэмцээн үзэхээр очсон. Намайг очиход эзэнгүй байсан би түлхүүр хийдэг газраас нь түлхүүрийг нь аваад гэрт нь орсон. Тэгээд тоглолтоо үзчихээд буцаад гэр рүүгээ харьсан. Гэртээ байж байтал манай сургуулиас над руу утсаар яриад дадлагын тайлангаа гүйцээгээд өгөөдөх тайлан чинь дутуу байна гэсэн. Ингээд надад зөөврийн компьютерын хэрэг болсон.  Тэгээд буцаад Сайханцэцэг эгчийн зөөврийн компьютерыг гуйж авахаар очтол гэрт нь хүн байхгүй байсан. Би түлхүүрээр нь гэрийг нь онгойлгоод дахиж дотогшоо ороод зөөврийн компьютерыг нь авсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 30-ны орой 19 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хот орсон. Улаанбаатар хотод орсон шөнөө дадлагын тайлангаа гүйцээж бичсэн. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цэнгэлсүрэнтэй уулзсан. Тэгээд зөөврийн компьютерыг нь Өнөр нэртэй ломбарданд Цэнгэлсүрэнгийн нэрээр 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Харин ломбардны эгч он сараа андуураад 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр барьцаанд авсан байна лээ. Энэ талаар хэлээгүй. Цэнгэлсүрэн ч асуугаагүй байх. Би сайн санахгүй байна. Тухайн үед миний бичиг баримт байхгүй байсан. Түүнд миний зөөврийн компьютер л гэж хэлсэн. Манай найзын хонхны баяр болчихоод мөнгөний хэрэг гарсан. Мөн буцах зардалгүй болчихсон юм. Өөр шалтгаан байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 34, 37х/  

 

* Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7х/

* “Өнөр” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /хх-ийн 19х/

* Хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 26х/

* Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн засаг даргын 2016 оны 08 сарын 13-ны өдрийн 57 тоот тодорхойлолт /хх-ийн 41х/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

            Шүүгдэгч М.Угтахбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шунахайн сэдэлтээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор баг, Цагаан нуурын 60 тоотод оршин суух хохирогч Д.Сайханцэцэгийн гэрийг түлхүүрээр онгойлгон нэвтэрч Ленова маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 510.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Д.Сайханцэцэгийн “...Манайхан гэрийнхээ түлхүүрийг байшингийнхаа нэг буланд хийчихдэг байсан. Үүнийг л Угтахбаяр мэддэг байсан юм шиг байна лээ. Түлхүүрээр нь цоожийг нь онгойлгож ороод миний компьютерыг хулгайлсан байна лээ... Манай гэрийн түлхүүр хаана байдаг талаар бол Угтахбаяр мэддэг байсан. Манай гэрийг цоожтой байхад урьд өмнө орж байгаагүй. Би энэ талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...Манай эхнэр Сайханцэцэг бид хоёр хөдөөгүүр явж байгаад ирэхэд манай гэрт байсан зөөврийн компьютер алдагдсан ба сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Гэтэл манай төрлийн дүү Угтахбаяр манай гэрээс хулгайлсан байна лээ. Манай гэрийн түлхүүрийг хаана хийдэг талаар нь Угтахбаяр мэддэг байсан. Манай гэрээр Угтахбаяр байнга л орж гардаг байсан. Тухайн үед манай түлхүүрийг байдаг газраас нь аваад гэр рүү ороод зөөврийн компьютерыг хулгайлсан гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Баасансүрэнгийн “...Миний ажиллуулдаг Өнөр ломбарданд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Доржсүрэнгийн Цэнгэлсүрэн /МИ92090905/ нь Ленова маркийн зөөврийн компьютерыг 14 хоногийн хугацаатай 8%-ийн хүүтэйгээр 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд тухайн зөөврийн компьютероо 2016 оны 07 дугаар сарын эхээр авсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг, гэрч А.Цэдэнлхамын “...Мөнх-Эрдэнэ ахын гэрт Угтахбаяр гэдэг хүн орон дээр нь хэвтэж байсан. Тэгээд би Угтахбаяраас дүүгээ асуучихаад буцаад Мөнх-Эрдэнэ ахын гэрээс гараад явсан. Угтахбаяраас өөр хүн Мөнх-Эрдэнэ ахын гэрт байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэнгэлсүрэнгийн “...Би Угтахбаярт итгээд өөрийнхөө иргэний цахим үнэмлэхээр Хар хорингийн “Өнөр” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт Угтахбаярын нөүтбүүкийг 14 билүү 1 сарын хугацаатайгаар барьцаанд тавьж 100.000 төгрөг аваад Угтахбаярт ломбардны бичигтэй хамт мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч М.Угтахбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Угтахбаярыг орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Д.Сайханцэцэгийн нөхөр Д.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгчтэй төрөл садангийн холбоотой шүүгдэгч нь тэднийхээр орж гардаг, тэдний гэрийн түлхүүрийг хаана байдгийг нь мэддэг, өөрсдөө гэртээ орохыг зөвшөөрдөг учраас шүүгдэгчийн үйлдлийг бусдын орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч Д.Сайханцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар нь шүүгдэгчийг гэрээрээ орж гардаг, хонодог байсан, түлхүүр хаана байдгийг мэддэг байсан гэж мэдүүлсэн байх боловч өөрсдөө эзгүй үедээ орж байхыг зөвшөөрсөн талаар мэдүүлэг өгөөгүй байна.

Шүүгдэгч нь уг зөөврийн комьпютерийг шунахайн сэдэлтээр аваагүй дадлагын тайлангийн ажлаа бичихээр авсан гэж мэдүүлж байгаа боловч найз Д.Цэнгэлсүрэнгээр Улаанбаатар хотод “Өнөр” нэртэй ломбарданд 100.000 / нэг зуун мянга/ төгрөгийн барьцаанд тавьсанаас нь үзэхэд дээрх уг хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн байна гэж үзлээ.

Хохирогч Д.Сайханцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул М.Угтахбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Угтахбаяр нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, уг хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

  Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхбаярын Угтахбаярыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Угтахбаярыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Угтахбаярт оногдуулсан  2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.  Шүүгдэгч М.Угтахбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Угтахбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

 6. Шийтгэх тогтоол уншиж танилцуулсанаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Угтахбаярт урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Угтахбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ОДХҮҮ