Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2018/02182

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:“ГХ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:“ЛВГ” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17.996.068 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг цуцалж, 36.093.224 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, шинжээч Т.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани “ЛВ Хаус” ХХК-тай харилцан тохиролцож, Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн газар дээр баригдах 363 айлын “Бугат” хорооллын эскиз зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг хийх, захиалагч ажлын хөлсөнд 114.216.050 төгрөг төлөхөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр А/201504 тоот Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ерөнхий төлөвлөгөө өндөржилт, 240 айлын сууц /иж бүрэн/, 104 айлын сууцны Барилга архитектур, барилга бүтээцийн зураг, Гадна дулааны зураг /240 айлын зураг бүрэн, 123 айлын ачаалал тооцогдсон/, Гадна цэвэр бохир, усны зураг /240 айл бүрэн/ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. Зураг төслийн ажил гүйцэтгэх тухай бидний байгуулсан гэрээний 1.4-т гүйцэтгэгч барилгын ажлын зураг төслийг ажлын 45 хоногт хийж гүйцэтгэнэ гэж зааж харилцан тохиролцсон боловч захиалагч талаас шалтгаалан гэрээний хугацаа сунжирсан. Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “Ажлын зураг төсөл зохиоход шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл батлагдсан зургийн даалгавар, газар олголтын шийдвэр, инженерын шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл, М1:500 масштабтай газрын дэвсгэр зураг автокад файлаар геологи хайгуулын ажлын дүгнэлт, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, технологийн бүдүүвч зэргийг бэлтгэн гүйцэтгэгчид гэрээг батлагдсанаас хойш 3 хоногийн дотор өгнө.” гэж заасан. Гэтэл захиалагч цахилгааны техникийн нөхцөл гараагүй, 123 айлын хэсэгт газрын захирамж нь гараагүй гэх шалтгааны улмаас зураг төслийн ажил түр зогссон. Захиалагчтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр газрынх нь зөвшөөрөл, техникийн нөхцлүүд нь гарсан 240 айлын хэсгийн зураг төслийг цахилгааны техникийн нөхцөл гарсны дараа гадна цахилгааны зураг төслийг боловсруулж, магадлалаар оруулахаар тохирсон.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д ”Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасны дагуу гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т төлбөрийн нөхцлийн талаар гэрээлэгч талууд харилцан тохирсон. Гүйцэтгэсэн ажлын тайланг тухай бүр хүргүүлж байсан бөгөөд гүйцэтгэсэн зураг төслийн үнэ 50.963.918 төгрөг болсон. Үүнээс гэрээний дагуу урьдчилгаанд 16.383.000 төгрөг, бартераар 19.710.220 төгрөгийн үнэ бүхий барилгын материал хүлээн авсан. Нийт 36.093.220 төгрөгийн санхүүжилт авсан. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 17.996.068 төгрөгийг олгохыг хүсэж, захиалагч “ЛВХ” ХХК-д албан бичиг, тооцооны хуудсын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй. Хэрэгт баримтаар өгсөн “Зураг төслийн ажлын жишиг үнэ” буюу барилгын норм, дүрэмд зохиогчийн хяналт хийх, магадлал хийх ажлын зардал зураг төслийн ажлын үнэд багтахгүй байхаар журамлагдсан байдаг. Үүний дагуу гэрээнд зохиогчийн хяналт тусгай гэрээгээр явагдахаар заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Иймд Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 17.996.068 төгрөгийг “ЛВХ” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Манай зүгээс гэрээний дагуу захиалагч талын зөвшөөрөл гарсан хэсэгт буюу 240 айлын хэсэгт ажлыг гүйцэтгэж захиалагч талын хариуцсан ажилтан Наранбаатарт 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ийнхүү хүлээлгэж өгсний дараа бартерын барааг манайд нийлүүлсэн. Мөн 7 хоног бүр цахимаар ажлын явцыг мэдээлдэг байсан. Захиалагч тал гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах зөвшөөрөл нөхцлийг гаргаж өгөх өөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Талуудын хооронд гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан  Барилгын тухай /2012 оны/ хуулийн 17.1.6-д зураг төсөл зохиогч нь боловсруулсан зураг төсөлдөө магадлал хийлгэх шаардлагатай гэж заасан. Гэхдээ ийнхүү магадлал хийлгэхэд захиалагч Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 15.1.1-д заасаар газрын зөвшөөрөл, цахилгааны техникийн нөхцөлд зэргийг бүрдүүлсэн байх үүрэгтэй. Гэтэл 363 айлын зураг төсөлд газрын зөвшөөрөл 240 айл хэсгээр гарч үлдсэн хэсэг гараагүй, цахилгааны техникийн нөхцөл дутуу байгаа зэргээс магадлал хийлгэх боломжгүй байгаа. Улмаар уг үүргээ гүйцэтгэх боломжгүй байдал үүсмэгц гэрээг цуцалж байна, гэрээнээс татгалзаж байна гэсэн нэр хаяг зүүн, ажлын хөлс төлөх үүргээс зайлсхийж байгаа нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан Захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэсэн үүргээс чөлөөлөгдөх үндэсгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Аливаа барилгын зураг нь тухайн объектын үнэтэй харьцуулан бодит зардлаас бараг 3 дахин өндөр үнээр үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл 1/3 нь хариуцлагын үнэ, 1/3 нь хяналтын, 1/3 нь оюуны өмч, зургийн үнэ гэж анхнаасаа үнэлгээг зохиодог. Барилгын зураг нь тухайн зураг хийсэн этгээдийн оюуны өмч байдаг учир өөр этгээд тухайн зургийг гүйцээн зурах гэсэн зохицуулалт байхгүй. Зураг батлагдаж тухайн зургаар барилга баригдаж байгаа бүх тохиолдолд зурсан этгээд байнгын хяналт тавьж, хариуцлага хүлээх ёстой. Хэрэв зураг буруудаж барилга нурах болон бусад асуудал үүсвэл зураг зурсан этгээд хариуцлага хүлээдэг учир өмнөх этгээдийн өмнөөс дараагийн хүн хариуцлага хүлээх ойлголт байхгүй. Хэрэв өөр этгээдээр зуруулах болбол тэр этгээд бүх зургийг өөрөө дахин зурах хуулийн шаардлага үүсдэг учир гэрээг хүчингүй болгон өөр этгээдтэй дахин шинээр гэрээ байгуулах шаардлага үүсч байна.

Мөн баригдаж байгаа барилгад өөрчлөлт оруулах шаардлага үүсэхэд зураг хийсэн этгээдээс зөвшөөрөл авдаг. Хэрэв зургийг өөр этгээд үргэлжлүүлэн зураад барилга баригдаж эхлээд “ГХ” ХХК-ийн зурсан хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай болоход “ГХ” ХХК-иас зөвшөөрөл авах ба гэрээ хэлцэл дуусгавар болсон ч манай байгууллага “ГХ” ХХК-иас хараат байх болж байна. Хэрэв “ГХ” ХХК нь цаашид үргэлжлүүлэн зурахаас татгалзаж байгаа бол нийт зургийн үнээс хариуцлага (үнийн дүнгийн 1/3), хяналт (үнийн дүнгийн 1/3)-нд хамаарах үнийг хасаж тооцох ёстой. Манай компани “ГХ” ХХК-д зургийн хөлсөнд 36.093.220 төгрөг төлсөн болно. “ГХ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 17.996.068 төгрөгтэй нийлээд 54.089.288 төгрөг болно. Үүнээс хариуцлага, хяналтын дүнг хасахад 18.029.762 төгрөг болох ба энэ нь зургийн оюуны өмч, ажлын хөлс болж байна. Гэтэл “ГХ” ХХК нь ажлын хөлснөөсөө 2 дахин их мөнгө авсан боловч дахин хяналт, хариуцлагын мөнгө нэхэж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэндээ нийт ажлын 30 хувь нь зураг төсөл, үлдсэн 70 хувь нь зургийн эрсдэл буюу хариуцлага байдаг. Мөн зураг хүлээлгэн өгсөн гэж байгаа ч мэлэхгүй хүнд өгчихсөн байдаг. Манайх 99 хуудас зургийг хүлээж авснаас хэрэгт баримтаар өгсөн 5 хавтас зургийг хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Зураг төслийн ажил гүйцэтгэх А/201504 дугаартай гэрээ”-ний 1.2-т “Гүйцэтгэгч нь захиалагчийн газар дээр баригдах 363 айлын “Бугат” хорооллын Эскиз зураг өөрчлөх, засварлах, иж бүрэн зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, захилагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Захиалагч талаас гэрээний урьдчилгаа болгон гүйцэтгэгч талд нийт 36.093.224 төгрөг өгсөн. Харин гүйцэтгэгч компани ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд, биет байдлын доголдолгүй, иж бүрнээр нь гүйцэтгэж, магадлал хийлгэж өгөөгүй учир хагас дутуу хийсэн, магадлал хийлгээгүй зургаар барилга байгууламж барих боломжгүй байна. Учир нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т газар хөдлөлтийн 6-аас дээш баллын бүсэд баригдах барилга байгууламжийн зураг төсөлд магадлал заавал хийлгэнэ” гэсэн байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн “Зураг төсөл зохиогчийн эрх үүрэг” гэсэн зүйлийн 17.1.6-д “зураг төсөл зохиогч нь зураг төсөлд магадлал хийх үүрэгтэй” гэсэн байна. Барилгын хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэсэн байна. Иймд гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүн гараагүй, гарахгүй нь тодорхой болсон тул талуудын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/201504 дугаартай “Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 36.093.224 төгрөгийг “ГХ” ХХК-иас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ГХ” ХХК нь “ЛВГ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17.996.068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээг цуцалж, 36.093.224 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэг талаас “ГХ” ХХК, нөгөө талаас “ЛВГ” ХХК /хуучин нэрээр: “ЛВХ”/ нар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн газар дээр баригдах 363 айлын “Бугат” хорооллын эксиз зураг өөрчлөх, завсарлах, иж бүрэн зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг болосруулж, магадлал хийлгэх ажлыг хийж гүйцэтгэхээр, Захиалагч ажлын хөлс 114.216.050 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцож А/201504 тоот гэрээг байгуулжээ. /1хх 5-12/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. 

Зохигчид ажлын хөлсөд 36.093.227 төгрөг шилжүүлсэн гэдэгт маргаагүй. /1хх 81,90,91/ Харин гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон ажлыг дутуу гүйцэтгэсэн явдал хэний буруугаас үүдэлтэй талаар тус тус маргаж байна.

Зохигчдын байгуулсан гэрээний 4.1-д гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор 1 дүгээр ээлжийн төлбөрт 10 хувь буюу 11.421.605 төгрөг, Барилгын зураг төслийн ажлын 50 хувь хийгдсэний дараа 2 дугаар ээлжийн төлбөрт 35 хувь буюу 39.975.617 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч 363 айлын зураг төслийг хийж гүйцэтгэхээс 240 айлын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ерөнхий төлөвлөгөө өндөржилт, 240 айлын зургийг иж бүрнээр, 104 айлын сууцны Барилга архитектур, барилга бүтээцийн зураг, Гадна дулааны зургийг 240 айлынх бүрэн, 123 айлын ачаалал тооцогдсон хэлбэрээр, 240 айлын гадна цэвэр бохир, усны зураг иж бүрнээр тус тус хариуцсан менежер И.Ариунбаяр, н.Наранбаатар нарт хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч мөн өдөр 99 хуудас ажлыг хүлээж авсан, бусдыг хүлээж аваагүй гэж маргав. Хэрэгт авагдсан ажлыг хүлээлгэн өгсөн тухай мөн өдрийн акт, гэрээний дагуу үлдэх төлбөрийг нэхэмжилж байсан “ГХ” ХХК-ийн албан бичиг, зургийг буцаан хүргүүлсэн тухай “ЛВГ” ХХК-ийн албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр ажлыг хүлээлгэж өгсөн гэж үзэв. Мөн хариуцагч шүүх хуралдаанд тус байгууллагад менежер н.Наранбаатар ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрснийг дурдав. /1хх 15, 86, 157, 194/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, өртөгийг тодорхойлуулахаар “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ийг шинжээчээр томилж, улмаар шинжээч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил гэрээгээр тохиролцсон нийт ажлын 50 хувь гэж, өртөгийг 48.155.000 төгрөг гэж, хийсэн ажлууд Барилгын тухай хууль, холбогдох норм журамд нийцсэн болохыг дүгнэжээ.  /2хх 64-66/

Мөн “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-ийн шинжээч Т.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн хүлээн авсан гэх 99 хуудас зургийг тоолж үзвэл 101 хуудас байсан тул дүгнэлтэд 101 хуудсаар тусгасан, хоёрдах асуултын хувьд зөвхөн тухайн зургуудынхаа хувьд 100 хувь гүйцэтгэлээс 94 хувиар дүгнэсэн гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний 4.2-т ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцсон тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 12.061.773 /48.155.000-36.093.227/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д захиалагч “зураг төсөл зохиоход шаардлагатай техник эдийн засгийн үндэслэл, батлагдсан зургийн даалгавар, газар олголтын шийдвэр, инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл зэргийг бэлтгэн гүйцэтгэгчид гэрээ батлагдсанаас хойш 3 хоногийн дотор өгөх” үүрэг хүлээжээ. Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 363 айлын барилгын 240 айл хэсэгт газар эзэмших зөвшөөрөл гарсан, үлдэх хэсэгт гараагүй, түүнчлэн 240 айлын барилгын хувьд  цахилгаан хангамжийн техникийн нөхцөл 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олгогдсон болох нь тогтоогдож байна. /хх 147-156/

Захиалагч гэрээгээр хүлээсэн өөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зураг төслийн ажил хугацаандаа дуусаагүй, магадлалын ажил хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ. Иймд гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь биелүүлээгүй, ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэн, магадлал хийлгэж өгөөгүй тул уг зургаар барилга байгууламж барих боломжгүй үндэслэлээр буюу гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцлана гэсэн хариуцагчийн шаардлага үндэслэлгүй.

Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээний нэг тал нөгөө талдаа мэдэгдснээр үүргийн зөрчилтэй холбоогүйгээр ч гэрээнээс татгалзах бүрэн эрхтэй байхаар, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан тул талуудын хооронд байгуулсан  2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг цуцлах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ийнхүү цуцалсан тохиолдолд гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасч хохирлыг нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д зохицуулсан, нэхэмжлэгч энэ хугацаанд 48.155.000 төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон тул ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 36.093.224 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2018/03408 дугаар шүүгчийн захирамжаар “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-г шинжээчээр томилсон, шинжээчийн зардал төлөгдөөгүй, дээрх зардал нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсийг зохигчдоос тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулав.

Хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид сөрөг нэхэмжлэлдээ 408.666 төгрөг төлөхөөс 1.067.466 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 658.800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.6-д заасныг баримтлан “ГХ” ХХК, “ЛВГ” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг цуцалж, “ЛВГ” ХХК-иас 12.061.773 /арван хоёр сая жаран нэгэн мянга долоон зуун далан гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ГХ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.934.295 төгрөгийг  болон “ГХ” ХХК-иас 36.093.224 төгрөг гаргуулах тухай “ЛВГ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.930 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 1.067.466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 207.938 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 658.800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг хувь тэнцүү нэхэмжлэгч, хариуцагчаас тус бүр 375.000 төгрөг гаргуулж, шинжээч “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ