| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0263/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/261 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Насанд хүрээгүй хохирогч ****************,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Жамба, Б.Буяндалай,
Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвдоржийн Ариунболдод холбогдох эрүүгийн 2238001760533 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн орой 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн Баян сайрын ам гэх газарт 45-73 ОРА улсын дугаартай тоёота филтер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ****************амь насыг хохироосон, ****************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн орой 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн Баян сайрын ам гэх газарт 45-73 ОРА улсын дугаартай тоёота филтер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ****************амь насыг хохироосон, ****************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238001760533 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу дөхөж явахад замын урд хэсгээс нэг том хурц гэрэлтэй автомашин зам руу орж ирж миний машинтай зөрсөн. Би ачааны машин юм болов уу гэж бодсон боловч яг надтай зөрөхөд нь автобус байна гэдгийг нь харсан. Тэр автобусны гэрэл маш хурц нүд гялбуулсан учир би гэрлээ шилжүүлэхийг мэдэгдэж машины гэрлээрээ дохисон боловч гэрлээ шилжүүлээгүй миний машинтай зөрсөн. Тэгээд яг автобустай зөрөнгүүт автобусны хойд талаар зам хөндлөн хоёр хүн гүйгээд гараад ирсэн. Би тоормоз гишгээд яг тас хийтэл мөргөөд зогссон. Тэгээд машинаасаа буухад миний машины баруун урд дугуйны хажууд нэг эмэгтэй хэвтэж байсан. Мөн тэр эмэгтэйн тушаа замын хөвөөний хажуугийн ховилд нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Би машины хажууд байсан эмэгтэйг тэвэрч замын хажуу тал руу гаргаж хэвтүүлээд нөгөө эмэгтэй хүн дээр очиход талийгаач эмэгтэй ёолж байсан. Тэгж байхад бас нэг 10 орчим настай гэмээр эмэгтэй хүүхэд хаанаас ч юм хажууд хүрээд ирсэн байсан. Тэр хүүхэд ээжээ би машин ирж байна гэж хэлсэн ш дээ гээд уйлаад орилоод байсан. Би миний дүү зүгээр үү гээд толгой биеийг нь барьж үзсэн чинь би зүгээрээ гэж байсан. Тэр охин ээж яачих ээж яачихав, би машин ирж байна гэж хэлсэн шүү дээ гээд байхаар нь би миний дүү яагаад зам дээр гараад зогсож байсан юм. Та нар харанхуй шөнө гэсэн чинь амжина гээд ээж эгээг аваад гүйчихсэн юм гэж хэлсэн. Би утсаараа залгах гэсэн чинь миний утас сүлжээгүй байсан. Тэгээд би замд явсан машиныг урдуур нь орж зогсоогоод миний утас сүлжээгүй байна, машинд чинь хүн багтах уу, яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна гэхэд тэр машины жолооч танихгүй залуу бид нар олуулаа явж байна, багтахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи ийшээ яваад тэгвэл эмнэлэг цагдаад мэдэгдээд өг гэж хэлсэн. Тэгээд дахиад нэг машин явахаар нь зогсоогоод утсаар нь ярьж эмнэлэг, цагдаа дуудсан. Би цагдаагийн 7038102 дугаартай холбогдож өөрөө нөхцөл байдлаа, хувийн мэдээллээ хэлсэн...Хохирогчийн ар гэр болон насанд хүрээгүй хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж харамсаж байгаагаа илэрхийлж байна...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...Оршуулгын зардал 6,900,000 төгрөг өгсөн. Нийт 15,200,000 төгрөг өгсөн...Хүний амь хохироосныг юугаарч нөхөхгүй. Охинд цаашид амьдралд удаа дараа дэмжиж тусална... Улаанбаатар хотруу эмчилгээнд явахад 2,000,000 төгрөг өгсөн. Хичээлийн хэрэгсэл аваарай гэж 500,000 төгрөг өгсөн. Нийт 3,400,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-22-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 23-27-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (хх-ийн 30-31-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 32-33-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл (хх-ийн 35-37-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 86-87, 90-91-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр манай эхнэр надад хэлэхдээ Түмэнцэцэг эгч хот явах гэж байгаа юм байна, автобусны замыг нь тосож байгаад Цэцэгээ эгчээр хүүдээ идэж уух юм явуулъя гэж ярьж байсан. Би тухайн өдөр саахалт айлын залуу **************** хамт машинаар хөдөө гэрээсээ Тосонцэнгэл сумын төв рүү 16 цагийн үед ойр зуурын хүнс, хэрэгцээний зүйлс авахаар орчихсон байсан юм. Тэгээд би хүнсээ авчхаад **************** хамт түүний машинаар **************** гэрт 21 цаг өнгөрч байхад ирсэн. **************** гэрт дөнгөж орж ирээд сууж байтал гаднаас нутгийн Шар гэх залуу орж ирээд хурдлаарай Ганбаа ах Мөнхсайхан эгч машинд мөргүүлчихсэн байна гэж хэлэхээр нь сандраад Шар гэх залуугийн хамт Баян сайрын ам гэх газар буюу осол болсон газарт очиход талийгаач эхнэр маань засмал замын хажууд хэвтчихсэн байдалтай багийн эмч Алтантунгалаг үзэж байсан. Би багийн эмчээс яаж байна ахын дүү гэж асуухад зүрх муу цохилоод байна гэж байсан. ****************ийг бас машинд мөргүүлчихсэн гэхээр нь охиноосоо гайгүй юу гэж асуухад ёо ёо гэж орилоод би гайгүй ээ, та ээж дээр оч гэж байсан. Удалгүй сумын төвөөс эмч нар ирээд охин ****************, ****************хоёрыг төв рүү аваад явсан. Манай эхнэр болон охиныг машинаар мөргөсөн жолооч тэрүүгээр ийш тийшээ гүйгээд л яваад байсан. Би машиныг нь харахад эвдрэл гэмтэл ихтэй байсан. Тэр машин Улаанбаатараас Мөрөн чиглэлийн талд замын хөвөө буюу шороон дээр баруун талын хоёр дугуй нь гарчихсан байдалтай зогсож байсан. Тэгээд л сумын төвийн эмч ирээд эхнэрийг маань үзээд зүрх нь зогсчихсон байна гэсэн...Цаашид гарах ****************, ****************нарын сургалтын төлбөр болон гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдрийн 21 цагийн үед Цэцэгээ эгч ээж рүү залгаад Тосонцэнгэл суманд орж ирж байна шүү гэж хэлэхээр нь ээж приус-20 машинаа унаад, дүү бид хоёр хажууд нь хамт суугаад автобусны замыг тосохоор баян сайрын ам гэх газарт буюу шороон замаас хот хоорондын зам руу нийлдэг уулзвар дээр засмал зам руу оролгүйгээр замын хажууд шороон дээр ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байдалтай машинаа зогсоосон. Автобус ирэхийг хүлээгээд хэсэг машиндаа бид гурав сууж байсан. Удалгүй автобус ирэхээр нь ээж буугаад надад хандаж хайрцагтай юм аа аваад буугаад ир ээ гэж хэлсэн. Би ахад өгч явуулах гэж байгаа жижигхэн ганц хайрцгийг аваад буусан. Тэгтэл дүү Одонбаяр хамт дагаад буусан. Бид гурав засмал зам руу гараад автобусны ирж яваа тал буюу замынхаа баруун гар талд замаас зайдуу зогссон. Автобус ирээд зогсоод хаалгаа онгойлгосон, онгойлгоход нь ээж хайрцагтай юм аа автобус руу ордог шатан дээр нь тавьсан. Автобусны жолооч хурдал хурдал гээд байсан. Ээж маань жолоочид манай нэг эгч энд яваа юм гэхэд автобусны жолооч юу яриад байгаа юм бэ гээд уурлаад байсан. Тэгтэл хойноос нь Цэцэгээ эгч би би гээд орилсоор хаалга руу дөхөж ирсэн. Ээж Цэцэгээ эгчид сайн яваарай гэж хэлээд ахын утасны дугаарыг бичсэн цаас болон 10.000 төгрөг өгсөн, хариуд нь Цэцэгээ эгч ээжид ууттай чихэр боов өгч байсан. Ээж автобус руу оролгүйгээр гаднаас нь хальтхан харьцсан. Автобус хаалгаа хаагаад хөдлөөд явсных нь дараа ээж Т.Мөнхсайхан, дүү Одонбаяр бид гурав хоёр тийшээ харахад машин харагдахгүй байхаар нь замын нөгөө тал руу гарахаар алхсан, тэгтэл дүү маань түрүүлж гүйгээд замын нөгөө талд гарчихсан, харин ээж бид хоёр юм яриад бараг замын нөгөө талд гарах гэж байтал ээж хүүе цаанаас чинь гээд хэлсэн, үүнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтэж байсан, дараа нь Мөрөн суманд эмнэлэгт хэвтэж байсан...Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай машины өөдөөс тод цагаан гэрэлтэй автобус дөнгөж зөрөхөд зүүн гар талаас хоёр хар юм манай машины урдуур орж ирээд түс тас гээд чимээ гарсан. Жолооч маань ч тоормосоо гишгээд зогсоод үхэр үү гэж хэлээд хаалгаа онгойлготол гадаа нэг хүүхэд ээж ээ, машин гээд байхад чинь амжина аа гээд байсан биз дээ гээд айхтар орилж байсан. Миний хоёр хүүхэд уйлаад байсан болохоор би машинаас бууж чадаагүй, жолооч ах хаалгаа онгорхой орхиод буусан тул гаднах орчныг харахад гадаа гурван үл таних хүн байсан, жолооч ах газарт хэвтсэн байгаа нэг эмэгтэйг нь цааш нь хөдөлгөж байх шиг байсан, тэр эмэгтэй ч “ёо ёо” гээд байсан. Тэгтэл жолооч бас нэг эмэгтэйг өргөөд хар хөх өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл рүү оруулж байсан. Тэгээд жолооч гадаа орилоод байсан. Жоохон хүүхдийг нь аргадаад байж байхад би утсаа нээгээд харахад ямар ч сүлжээ байхгүй байсан. Жолооч ах засмал замаас явган буугаад шороон замаар явж байгаа машин руу гүйж очиж уулзчихаад ирснээ утсаар тэр бага охины хамт утсаар л яриад байсан. Удалгүй зөндөө хүмүүс хүрээд ирсэн. Бас багийн эмч ирээд осолд орсон хүмүүсийг үзээд байсан. Түүний дараа Тосонцэнгэл сумын эмч нар нь ирээд газарт хэвтэж байгаа эмэгтэйг үзээд ногоон юмаар биеийг нь хучиж байсан. Тэгээд машинд байгаа эмэгтэйг эмнэлгийнхэн аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-57-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тосонцэнгэл сумын төвөөс цааш 25 км явж байгаад зогссон. Яагаад зогссон бэ гэхээр №11 сандал дээр сууж явсан эмэгтэй хүн дүүгээсээ ачаагаа авна гээд байсан болохоор зогссон юм. Тухайн үед барагцаагаар 21 цаг 30 минут л болж байсан байх. Намайг автобусаа яг тэр газар зогсоох үед замын урд буюу миний явж байсан урсгалын шороон дээр нэг үл таних эмэгтэй хүн, 2 хүүхэдтэйгээ явган зогсож байсан. Би жолоочийн суудал дээрээс буугаагүй, харин манай нөгөө жолооч гадаа зогсож байгаа эмэгтэйгээс нэг жижигхэн хайрцагтай юм аваад №11 сандал дээр сууж яваа эмэгтэйд өгсөн, хариуд нь №11 сандал дээр сууж явсан зорчигч нэг гялгар ууттай юм манай жолоочоор дамжуулж гадаа зогсож байгаа эмэгтэйд өгсөн. Тэгээд би шууд хаалгаа хаагаад хөдөлсөн, хөдлөхдөө толиндоо харахад тэр 3 хүн зогсоод үлдэж байсан...би зорчих хэсгийг чөлөөлж зогсож байгаад зорчигчийнхоо ачааг нь аваад хөдөлсөн. Хүнээс ачаа авахад 2-3 минут л болсон байх, удаагүй...Намайг зогсож байх хугацаанд бол ямар нэгэн тээврийн хэрэгсэл зөрөөгүй. Харин хүнээс ачаа авчхаад хөдлөөд араагаа 1, 2, 3-таа хийгээд явж байхад дээрээс бараан өнгөтэй нэг жижиг тэрэг хурдтай зөрсөн. Тухайн машинтай зөрөх үед би хүнээс ачаа авсан газраасаа барагцаагаар 100 гаруй метр явчихсан байхад зөрсөн...Би гэрэлтүүлгээ ойрын гэрэл дээр нь шилжүүлж тухайн жижиг тэрэгтэй зөрсөн. Би хот хооронд явах болгондоо тээврийн хэрэгсэлтэй зөрөх үедээ гэрлээ шилжүүлдэг. Харин би хүнээс ачаа авах үедээ гуперныхээ гэрэл дээр тавьчихсан байж байгаад хөдлөхдөө ойрынх дээрээ тавиад явсан. Миний автобусны холын гэрэл нь их хол тусдаг, стандартаараа л байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр Улаанбаатар хотоос Мөрөнгийн чиглэлд өөрийн 08-80 ХӨА улсын дугаартай кровн маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан юм. Тэгээд замд буюу Их-Уул сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд замын зорчих хэсэг дээр хоёр тээврийн хэрэгсэл аваараа дарчихсан, зам дээр машины хагархай гупер зэрэг байсан болохоор би тээврийн хэрэгслээ зогсоосон. Намайг дөнгөж машинаа зогсооход нэг үл таних эмэгтэй гүйж ирээд хүн үхэх гээд байна, яаралтай эмнэлэг цагдаа дуудах хэрэгтэй байна, энд сүлжээ байхгүй байна, чи явах замдаа цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн. Би цааш хөдөлж яваад гар утсанд сүлжээ оронгуут 7038102, 7038103 тоот утсанд дуудлага мэдээлэл өгчхөөд явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 65-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Замдаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 21 цаг болох гэж байхад ирэх үед би талийгаач дүү рүүгээ залгаад Тосонцэнгэл сумын төв дээр ирчихсэн байна шүү, одоо хэдэн км яваад зогсох юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь надад эгч сумын төв өнгөрөөд 25 км яваад зогсоход чинь би зам дээр тосоод зогсож байя гэж хэлсэн. Тэгээд би автобусны жолоочид хандан манай дүү надад жижигхэн ачаа өгөх гэж байгаа юм, миний дүү зогсож өгвөл болох уу гэж асуусан. Тэгэхэд жолооч надад за та зогсох газраа хэлээрэй гэсэн. Манай автобус засмал зам дагуу явж байсан, гадаа ч харанхуй болж байсан, яг л Тосонцэнгэл сумын төвөөс цааш барагцаагаар 25 км явж байхад ****************дүү маань замын хажууд хоёр охинтойгоо хамт зогсож байсан. Би ч жолоочид хандан зогсож болох уу гэж хэлсэн, жолооч автобусаа зогсоосон. Тэр үед талийгаач дүү маань ачаагаа жолоочид өгсөн, дүү маань надад сайн яваад ирээрэй гэж хэлээд жолоочоор дамжуулж надад 10.000 төгрөг өгсөн. Би автобуснаас ч бууж амжаагүй, баяртай гээд л өнгөрсөн. Би гаднах орчныг харахад дүү маань замын нөгөө талд машинаа зогсоосон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр ээж Т.Мөнхсайхан, эгч Лхагвадаш нарын хамт орой 9 цагт гэрээсээ машинаараа баян сайрын ам руу явцгаасан. Ээжийн эгч Цэцэг гээд эгч байдаг, тэр эгч хот явж байсан. Тэгэхэд нь ээж агаад хоол хүнс өгч явуулъя гээд бид гурав Мөрөнгөөс ирж яваа автобус дотор сууж яваа Цэцэг эгчид хоол хүнс өгч явуулахаар замыг нь тосоод хүлээсэн. Автобус ирсэн, бид гурав юм аа өгсөн, жолооч нь хурдал хурдал гээд яаруулаад байхаар нь хурдан юм аа өгчхөөд автобусны араар гараад би хоёр тийшээ хараад машин байхгүй болохоор нь зам хөндлөн гарсан. Тэр үед автобус хөдөлж байсан. Тэгээд ээж анай хоёр араас явж байсан. Тэгээд гэнэт нэг юм ард түс тас гээд байхаар нь эргээд харсан чинь ээж, анай хоёрыг машин мөргөөд зогсчихсон, ээж жалга руу унаад газарт хэвтэж байсан. Анай ээжийн хөлийн доор нь бас хэвтэж байсан. Тэр машины жолооч танихгүй ах буугаад ирсэн. Би ээж рүүгээ ээж ээ гээд уйлаад гүйж очсон. Тэгээд тэр ах утсаараа залгах гэсэн чинь сүлжээ байхгүй байсан. Тэгэхэд анай сэрж ирээд утас машинд байгаа гэхээр нь би машинаас утсыг нь аваад багийн эмч рүү залгах гэж байсан чинь сүлжээ байхгүй байсан. Тэр жолоочийн ардаас хоёр приус ирсэн. Тэр хоёр приус эмч дуудъя гээд яваад өгсөн. Тэгэхэд бас нэг машин явж байхаар нь нөгөө жолооч ах бид хоёр зогсооход манай аавыг таньдаг нутгийн ах явж байсан. Тэр ах багийн эмчийг дуудсан, анай бид 2 өөрсдийнхөө машинд байж байсан. Анай машины хойд талын суудал дээр хэвтэж байсан. Эмнэлгийн машин ирээд анай, бид хоёрыг аваад явсан...Би ингэж яриагүй, би автобус хөдлөөд явангуут нь автобусны араар ээж, анай хоёртой хамт өөрсдийнхөө машин руу явахаар замаар гарахаасаа өмнө машин хараад байхгүй болохоор нь бид гурав хамт алхаж замаар гарч байхдаа би түрүүлээд гүйгээд нөгөө талд гараад өөрсдийнхөө машины хажууд очоод зогсож байхад ард тас түс гэсэн чимээ гарсан. Тэгэхэд тэр танихгүй машины жолооч ах бууж ирээд ээж дээр очиж байхаар нь би гүйж очоод ээж ээ гээд уйлсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-р хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн магадалгаа:
1. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Жолооч ****************нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Жолооч ****************нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэх магадалгаа (хх-ийн 71-73-р хуудас),
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай дүгнэлтэд:
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаартай дүгнэлтэд:
1. ****************цогцост гэмтэл тогтоогдлоо.
2. Амь хохирогч ****************цогцост гавал тархинд хавсарсан битүү гэмтэл болон баруун атгаалж чөмөг ясанд далд хугарал, баруун шилбэ болон тахилзуур ясанд ил хугарал, нүүр болон баруун дал орчимд зулгаралт гэмтэл бүхий гэмтэл тогтоогдоо.
3. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас /тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, дайруулах гэх мэт/ хүний биеийн хүчнээс хэт давсан мохоо зүйлийн үйлчлэлээр амь ахуйд үүсгэгдсэн байна.
4. ****************цогцост тогтоогдсон гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ.
5. Амь хохирогч ****************нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
6. Амь хохирогч ****************нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх дүгнэлт (хх-ийн 88-89-р хуудас),
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 228 дугаартай:
1. ****************ийн биед дух, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт, тархинд доргилт, аарцаг түнхний үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. ****************ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 98-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь авто тээврийн төвийн оношилгооны инженер Х.Бямбадоржийн 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд:
45-73 ОРА улсын дугаартай мөнгөлөг өнгийн Toyota corollo fielder маркийн тээврийн хэрэгсэл нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт техникийн хяналт үзлэгт орж тэнцсэн...Ослын дараах буюу одоогийн байдлаар хөдөлгөөнд оролцох боломжгүй...тэнхлэг тохиргоо шаардлага хангана...гар тооромз шаардлага хангана... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 120-123-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ий хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 128-132-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 143-148-р хуудас),
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238001760533 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн орой 21-22 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн Баян сайрын ам гэх газарт 45-73 ОРА улсын дугаартай тоёота филтер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ****************амь насыг хохироосон, ****************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-22-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 23-27-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл (хх-ийн 30-31-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 32-33-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл (хх-ийн 35-37-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 86-87, 90-91-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************, насанд хүрээгүй хохирогч **************** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гэрч ****************(хх-ийн 55-57-р хуудас), гэрч ****************(хх-ийн 62-р хуудас), гэрч ****************(хх-ийн 65-р хуудас), гэрч ****************(хх-ийн 67-р хуудас), насанд хүрээгүй гэрч ****************(хх-ийн 70-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн магадалгаа (хх-ийн 71-73-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай дүгнэлт (хх-ийн 80-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаартай (хх-ийн 88-89-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 228 дугаартай дүгнэлт (хх-ийн 98-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь авто тээврийн төвийн оношилгооны инженер Х.Бямбадоржийн 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт (хх-ийн 120-123-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ий хөрөнгө үнэлсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 128-132-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ****************амь насыг хохироосон, насанд хүрээгүй хохирогч ****************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************т 15,200,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** нь гэм хорын хохирол хүүхэд ****************, ****************нарын цаашид гарах сургалтын төлбөрийн хохирол, насанд хүрээгүй хохирогч **************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******оос тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ****************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 143-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238001760533 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ****************№92402 дугаартай В,C,D,E ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн 2238001760533 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 45-73 ОРА улсын дугаартай тоёота филтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч ****************буцаан олгох нь зүйтэй байна.
Хэрэгт хавсарган ирүүлсэн мемори карт нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах ****************даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ****************хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2238001760533 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ****************№92402 дугаартай В,C,D,E ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах ****************даалгасугай.
6. Хэрэгт хавсарган ирүүлсэн мемори карт нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах ****************даалгасугай.
7. Эрүүгийн 2238001760533 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 45-73 ОРА улсын дугаартай тоёота филтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч ****************буцаан олгосугай.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** нь гэм хорын хохирол хүүхэд ****************, ****************нарын цаашид гарах сургалтын төлбөрийн хохирлоо, насанд хүрээгүй хохирогч **************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******оос тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР