Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0045/Э |
Дугаар | 2022/ШЦТ/104 |
Огноо | 2022-10-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/104
2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/104 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч, хохирогч: С.Э, Б.М
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн С-ийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын М нарт холбогдох 2228000000130 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч С.Э нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Хүн толгой гэх газарт Б.Мтай бэлчээрийн асуудлаас болж маргалдан, Б.М руу чулуу шидэж эрүүл мэндэд нь зүүн гуяны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.М 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Хүн толгой гэх газарт С.Этой бэлчээрийн асуудлаас болж маргалдан, түлхэж унагаан, модоор цохиж, эрүүл мэндэд нь баруун ташаа, гуя, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.М, С.Э нарыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэхэмжлэх зүйл байхгүй.
Хохирогч С.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэхэмжлэх зүйл байхгүй.
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 30-ны өглөө 09 цагийн үед би сүүгээ хөөрүүлэх гээд зуухан дээр тавьчихаад гадаа хонио харсан чинь байхгүй байхаар нь гэрээсээ хонио олж хурааж ирэх гээд гарсан. Тэгээд олохгүй нэг хэсэг явж байгаад ээжийн гэрт очоод Хайрханы орой дээр байж байгаа хүн рүү станцаар асуусан чинь Хүн толгой гэдэг газар явж байна гэж хэлэхээр нь би эргүүлээд өг гэж хэлчихээд хүн толгой руу явсан. Тэгээд бараг 11 цагийн үед байх би мал дээрээ очоод гутлаа тайлаад амраад сууж байсан чинь Э гэдэг хүүхэн танай мал манай өвөлжөөний газрыг идээд байна. Танай мал 1 километр л явах ёстой гэж хэлээд загнаад ирсэн. Тэгэхээр нь би манайх өнөөдөр л явж байна. Би өнөөдөр малаа алдчихаад явж байна гээд хэлсэн чинь би чамд дандаа хэлдэг биз дээ гэж хэлсэн. Тэрнээс болоод муудалцаад над руу чулуу шидээд хэд хэдэн удаа өшиглөөд байхаар нь би түлхэж унагаагаад модоор нэг цохьчихсон юм. Тэгээд салчихаад нүүрэндээ зүүсэн байсан маскаа авсан чинь намайг таниад ёстой уучлаарай Насаа эгчээ би таныг Ооноотой андуурчихлаа гээд уучлалт гуйгаад тэврээд байсан. Тэгэхээр нь би уурандаа нэлээн загначихсан. Яг юу гэж хэлсэн гэдгээ сайн санахгүй байна. /хх-ийн 37-38 дахь тал
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 30-ны өдөр 14 цагийн үед би хонио хариулаад Булган сумын Хавцгайт багийн нутаг Нөмөр гэдэг газар явж байхад хоёр айлын мал манай өвөлжөөнд ороод ирчихсэн байхаар нь би М гэдэг хүн дээр нь очоод та нар арай хэтэрч байгаа юм биш үү хэд хэлүүлэх гээд байгаа юм бэ өмнө нь хоёр гурав хэлсэн биз дээ гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм энэ чинь манай зуслангийн газар гээд орилоод босоод ирсэн. Тэгээд намайг барьж аваад боож байгаад алгадаад унагасан. Би 5 орчим минут ухаан балартаад босоод ирсэн чинь намайг дэгээдэж унагаад гартаа барьж байсан модоор миний хоёр хөлний гуя хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд би босоод ирсэн чинь ган зудаа дагуулж ирсэн новш минь зайлаарай чам шиг үр хүүхэдгүй новш зайлвал таарна гэж хэлсэн. Тэгсэн чинь М гэдэг хүний хүргэн нь ирэхээр нь би чи яах гээд малаа энд бэлчээгээд байгаа юм бэ гэсэн чинь манай хүн яв гэсэн чамтай манай хүн уулзана гэсэн гэж хэлэхээр нь би яваад өгсөн. /хх-ийн 25-26 дахь тал/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 30-ны өдөр булган сумын Хавцгайт багийн нутаг Хүн толгойт гэх газар бид хоёр мал усалж байгаад эхнэрээ хонь эргүүлчихээд ир гээд дөхүүлж өгөөд цаана бэлчээд байгаа айлын малыг боль буц гэж хэл яасан хэцүү юм бэ болохгүй бол захиргаанд хэлэхээс дээ гэж хэлээд явуулсан. Би тэр үед сүүлийн малаа услаад байж байсан. Тэгээд би малаа усалж дуусчихаад эхнэр дээрээ очсон чинь уйлчихсан сууж байсан. Тэгэхээр нь яав юу болов гээд асуусан чинь зодуулчихлаа гээд баруун талын ташаа хэсгээ хальт харуулсан чинь хөхөрчихсөн байхаар нь хэнд зодуулсан юм гэж асуусан чинь Насанд гэж хэлэхээр нь миний уур хүрээд очъё гэсэн чинь манай эхнэр намайг явуулаагүй. Тэгээд маргааш нь би эхнэрээ дагуулаад аймаг руу явж Цагдаад хандсан. /хх-ийн 41 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Эгийн биед баруун ташаа, гуя, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 57 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Мгийн биед зүүн гуяны зулгаралт, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт /хх-ийн 65 дахь тал/
Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр малын бэлчээрээс болж муудалцсан юм. Миний гуя ташаа хэсэг рүү модоор хэд хэд цохьсон. Бид хоёр одоо эвлэрсэн. Ямар нэг гомдол санал байхгүй /хх-ийн 80 дахь тал/
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 11 цагийн үед байх би мал дээрээ очоод амраад сууж байсан чинь Э гэдэг хүүхэн танай мал манай өвөлжөөний газрыг идээд байна. Танай мал 1 километр л явах ёстой гэж хэлээд загнаад ирсэн. Тэгэхээр нь би манайх өнөөдөр л явж байна. Би малаа алдчихаад явж байна гэж хэлсэн чинь би чамд дандаа хэлдэг биз дээ гэж хэлсэн. Тэрнээс болоод муудалцаад над руу чулуу шидээд хэд хэдэн удаа өшиглөөд байхаар нь би түлхэж унагаагаад модоор нэг цохьчихсон юм. Тэгээд салчихаад нүүрэндээ зүүсэн байсан маскаа авсан чинь намайг таниад ёстой уучлаарай Насаа эгчээ. Би таныг Ооноотой андуурчихлаа гээд уучлалт гуйгаад тэврээд байсан. Тэгэхээр нь би уурандаа нэлээн загначихсан. /хх-ийн 84 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-98 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87, 96 дахь тал/
Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88 дахь тал/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-ийн 94 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч, хохирогч С.Э, Б.М нар нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Хүн толгой гэх газарт бэлчээрийн асуудлаас болж маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Б.М нь хохирогч С.Эг түлхэж унагаан, модоор цохьсон, шүүгдэгч С.Э нь хохирогч Б.М руу чулуу шидэж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Гэрч Г.Гын: ... Тэгээд би малаа усалж дуусчихаад эхнэр дээрээ очсон чинь уйлчихсан сууж байсан. Тэгэхээр нь яав юу болов гээд асуусан чинь зодуулчихлаа гээд баруун талын ташаа хэсгээ хальт харуулсан чинь хөхөрчихсөн байхаар нь хэнд зодуулсан юм гэж асуусан чинь Насанд гэж хэлэхээр нь миний уур хүрээд очъё гэсэн чинь манай эхнэр намайг явуулаагүй. Тэгээд маргааш нь би эхнэрээ дагуулаад аймаг руу явж Цагдаад хандсан. /хх-ийн 41 дэх тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Мгийн: Тэгээд бараг 11 цагийн үед байх би мал дээрээ очоод гутлаа тайлаад амраад сууж байсан чинь Э гэдэг хүүхэн танай мал манай өвөлжөөний газрыг идээд байна. Танай мал 1 километр л явах ёстой гэж хэлээд загнаад ирсэн. Тэгэхээр нь би манайх өнөөдөр л явж байна. Би өнөөдөр малаа алдчихаад явж байна гээд хэлсэн чинь би чамд дандаа хэлдэг биз дээ гэж хэлсэн. Тэрнээс болоод муудалцаад над руу чулуу шидээд хэд хэдэн удаа өшиглөөд байхаар нь би түлхэж унагаагаад модоор нэг цохьчихсон юм. /хх-ийн 37-38 дахь тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч С.Эгийн: ...Тэгээд намайг барьж аваад боож байгаад алгадаад унагасан. Би 5 орчим минут ухаан балартаад босоод ирсэн чинь намайг дэгээдэж унагаад гартаа барьж байсан модоор миний хоёр хөлний гуя хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. /хх-ийн 25-26 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Эгийн биед баруун ташаа, гуя, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57 дахь тал/-ээр,
Шүүгдэгч С.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мгийн биед зүүн гуяны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Хүн толгой гэх газарт Б.Мтай бэлчээрийн асуудлаас болж маргалдан, Б.М руу чулуу шидэж эрүүл мэндэд нь зүүн гуяны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч Б.М 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Хүн толгой гэх газарт С.Этой бэлчээрийн асуудлаас болж маргалдан, түлхэж унагаан, модоор цохиж, эрүүл мэндэд нь баруун ташаа, гуя, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Хохирогч Б.М, С.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тул шүүгдэгч Б.М, С.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.М, С.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М, С.Э нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Мгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 98 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 95 дахь тал/, Б.М нь 1992 онд Дамба багштай 8б ангийг төгссөн нь үнэн болно /хх-ийн 94 дэх тал/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч С.Эгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 97 дахь тал/, Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Засаг даргын тодорхойлолтод: С.Э нь ам бүл 2, тус багт мал маллан түр оршин сууж амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов. /хх-ийн 88 дахь тал/ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 87 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.М, С.Э нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгч нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М, С.Э нар нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, С.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М, С.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн С-ийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Б-ын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М, С.Э нар нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, С.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.М, С.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА