Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/761

 

   Б  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Луу Гүн овогт Мөнхбатын Эт холбогдох эрүүгийн 2211 01040 1383 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын инженер мэргэжилтэй, “Монголын төмөр зам” төрийн өмчит ХХК-д ажилладаг, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 9-14 тоотод оршин суудаг,

урьд 2021 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 903 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн, Луу Гүн овогт Мөнхбатын Э /РД:./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгер" нэртэй баарны гадаа хохирогч Л.Намсрайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт пивоны шилээр цохиж, духанд няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгер" нэртэй баарны гадаа хохирогч Л.Намсрайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт пивоны шилээр цохиж, духанд няцарсан шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Л.Намсрай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар.сарын 09-ний өдрийн 01 цагийн...”, “...Тэгэхээр нь би Энх-Амгалан, нөгөө 2 залуу бид дөрөв юм яриад зогсож байтал цаана зодооны чимээ гарсан тэгэхээр нь гүйгээд очтол цагаан цамцтай залуу манай найзыг газар унагаачихсан өшиглөж байсан. Тэгэхээр тэр залууг салгах гэтэл болихгүй байж байгаад миний нүүр рүү архины шилээр 1 удаа цохисон. Тэгээд толгой хагарчихлаа цагдаа дуудаарай гэтэл машин суугаад зугтаагаад явсан...” гэх /хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,

Гэрч Д.Сүхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай найз Намсрай духандаа цохиулчихлаа гээд орилоод сууж байсан. Тэгэхээр нь би Намсрай дээр очтол цус нь гоожчихсон байсан. Намсрайг хамгийн анх намайг түлхэж унагасан цагаан цамцтай бусад хувцсыг нь санахгүй байна залуу цохисон байх гэж бодож байна. Тэгээд тэд нар машинд суугаад зугтчихсан юм. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад учирсан ямар нэгэн гэмтэл шарх сорви байхгүй...” гэх /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Гэрч Б.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэтэл бид нарын араас нэг нь пивоны шил газар шидэж хагалсан. Тэгэхээр нь би шил шидсэн гэх залууг нь яаж байгаа юм бэ гээд барьж аваад байж байтал маргалдаан үүсэж байгаад дээрх залуучуудын нэгнийх нь толгой нь хагарчихсан...’’гэх / хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Гэрч М.Тэнгисболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд баарнаас гараад бид гурав тамхи татаад зогсож байтал хэдэн залуучууд тамхи асуусан түүнээс болж маргаан үүссэн. Тэгээд маргалдаад байж байтал манай найз Э тэр залуучуудын нэгийг нь авч яваад бид нараас холдуулсан бөгөөд удалгүй тэр хоёр маргалдах чимээ гарсан бөгөөд очтол Э нэг залууг унагаачихсан байсан. Тэгэхээр нь бид нар очиж Эыг салгаж аваад бужигнаад байж байтал тэдгээр залуучуудын нэг нь шилээр цохиулчихлаа гээд орилсон. Э ямар ч байсан цагаан цамц өмссөн байсан. Өмдийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8403 дугаартай дүгнэлтэд:

Д.Намсрайн биед духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо,

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10%-аар тогтонги алдагдана,

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэрчийн мэдүүлэг дээрээ үнэн зөв дэлгэрэнгүй мэдүүлсэн. Уг мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй болохоор дахин мэдүүлмээргүй байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 / нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд байршуулсан 337,000 /гурван зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирогч Төв аймгийн Заамар сумын 4 дугаар баг 551 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Анар хотхоны 3-9-188 тоотод түр оршин суух Лхамсүрэнгийн Намсрай /РД:НН99120110/-д олгуулахаар шийдвэрлэлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Луу Гүн овогт Мөнхбатын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 / нэг сая гурван зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Эаас Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд байршуулсан 337,000 /гурван зуун гучин долоон мянга/ төгрөгийн хохирогч Төв аймгийн Заамар сумын 4 дугаар баг 551 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Анар хотхоны 3-9-188 тоотод түр оршин суух Лхамсүрэнгийн Намсрай /РД:НН99120110/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              П.АРИУНБОЛД