Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00893

 

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00893

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн ** тоотод оршин суух, Б овогт Д-н Г ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн ** тоотод оршин суух, З овогт С-н Л-д холбогдох,

Гэм хорын хохирол 8 200 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т , хариуцагч С.Л , иргэдийн төлөөлөгч Т.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 2017-06-28 ны өдөр Булган Эрдэнэ багийн авто зам дээр Кантер маркийн **  ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Л  нь Д.Г ийн жолоодож явсан Хюндай сонота маркийн **  ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас орж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, уг авто машиныг гэмтээж, хохирол учруулсан юм. С.Л  буруутай гэдгийг замын шинжээчийн 106 дугаартай дүгнэлтээр бүрэн тогтоосон. Хюндай соната маркийн **  ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Г  би 2017 оны 06 сарын 22 ны өдөр 8.2 сая төг /Найман сая хоёр зуун мянган төгрөг/-өөр Монголд дөнгөж орж ирсэн, 2011 оны автомашин худалдаж авсан байсан юм. Бид энэ автомашинаараа хот хоорондын тээвэрт явах зорилгоор авсан ба үнэлгээний газар нь эвдрэлийг тооцсон үнэлгээ ч бодитой тогтоогдсонгүй. Одоо сэлбэг авч, засвар хийлгэх гэхээр үнэлсэн 2 сая төгрөг хаанаа ч хүрэхгүй байна. Кузов солих шаардлагатай гэсэн. Энэ эвдрэлийн үнэлгээнд огт орохгүй байгаа. 2011 оны автомашины кузов өнөөдрийн байдлаар Эрдэнэт, Улаанбаатарын зах дээр байхгүй байна. Иймд худалдаж аваад 6-хан хонож байсан ямар ч эвдрэл гэмтэлгүй машинаа бүрэн бүтнээр гаргуулан авах хүсэлтэй байх тул Автомашин худалдаж авсан 8.2 сая төгрөг /Найман сая хоёр зуун мянган төгрөг/-ийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар худалдаж аваад 6- хан хонож байгаа ямар ч эвдрэл гэмтэлгүй автомашинаа шинээр худалдаж авахын тулд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 8.2 сая /төг/ Найман сая хоёр зуун мянган төгрөг\-ийг буруутай С.Л гаас гаргуулж, Д.Г  намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Л  шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч Д.Г ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ослын дүгнэлтээр гаргасан 2 036 000 төгрөгийг Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр Г  бид 2 тохиролцон гарын үсэг зуралцсан. Энэ 2 036 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин бусад хэсгийг нь төлөхөөс татгалзаж байна... гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч С.Л д холбогдуулан гэм хорын хохирол 8 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч машины үнэ 8 200 000 төгрөг гэж нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, харин шинжээчийн тогтоосон үнэлгээний дагуу 2 036 000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэсэн.

Хариуцагч С.Л  нь 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн **  ОРО улсын дугаартай Кантер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Д.Г ийн эзэмшил, өмчлөлийн **  ОРА улсын дугаартай Хюндай соната маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж хохирол учруулсан гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчид учруулсан хохиролоо эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэлгээний хэмжээнд барагдуулна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн машины зүүн хойд 2 ш гэрэл хагарсан, хойд буфер халцарч цоорч, багаажны ар тал болон таг чихэгдсэн, зүүн хойд крыло хунирч, үрчийж урагдан арын хаалгаа шахсан, зүүн хойд амартизатор, амортизаторын толгой, шил арчигчийн банк, гидрийн хүчлүүр эвдэрсэн гэмтэл учирсан байна. Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №30 тоот үнэлгээгээр дээрх эвдэрсэн эд ангийн үнэ, эд ангийг солих, засахад гарах ажлын хөлс зэрэг нийт хохиролын хэмжээг 2 036 000 төгрөг гэж тогтоосон байна.

Харин нэхэмжлэгч машины раам гулзайсан, машиныг цаашид унах ашиглах ямар ч боломжгүй болгосон гэж үзэн машины үнийн хэмжээнд хохиролыг барагдуулахыг шаардаж байгаа боловч дээрх машин ашиглагдах боломжгүйгээр эвдэрсэн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд үнэлгээчний тогтоосон үнэлгээ болон хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд 2 036 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 6 164 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 47 526 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л гаас гэм хорын хохирол 2 036 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 164 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 47 526 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА