| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0194/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/216 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/216
2022 09 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, шүүгч Э.Энэрэл, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
иргэдийн төлөөлөгч Г.Б*******,
хохирогч Д.Н*******,
хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,
шүүгдэгч Д.Н******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н*******ид холбогдох эрүүгийн 2215000000138 дугаартай, 163/2021/0194/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Н*******, ******* аймгийн ******* суманд 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ******* аймаг, сум, 1 дүгээр багийн ы 5 дугаар гудамжны 66 тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 36 настай, эрэгтэй.
Урьд ******* аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сар, 06 хоногийн хугацаагаар баривчлах ялаар;
******* аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 176а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар;
******* аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар;
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД: .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н******* нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Ханжаргалант гэх газарт хохирогч Д.Н*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хайчаар /зэвсэг хэрэглэж/ хатгаж хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон Эрүүгийн 2215000000138 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Н******* нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Ханжаргалант гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү Д.Н*******тэй хүүхдийг хоол идсэн аягаа долоо гэсэнд уурлаж, хүүхдээ өмөөрсний улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хайчаар /зэвсэг хэрэглэж/ хатгасан үйлдлийн улмаас Д.Н*******гийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, хэвлийд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н*******ийн өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Н******* түүний эхнэр бид нар Булган аймаг руу ноолуур өгөхөөр явсан. Д.Н******* миний төрсөн дүү байгаа юм. Тухайн өдөр манай дүү миний хүүхдийг аяга долоосонгүй гэж загнасан. Би хүүгээ өмөөрч хэрүүл маргаан хийсэн. Намайг зайл гэж хөөсөн учраас жаахан маргасан. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бүгд миний буруу. Хайч булаацалдаж байгаад хатгасан байх. Надтай маргалдаж ноцолдож байсан учраас би л хатгасан. Тухайн үед аав хажууд байсан. Аавынхаа хажууд ийм үйлдэл гаргасандаа одоо болтол харамсаж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н*******гийн өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай гэрт болсон үйл явдал юм. Хавар мал төллөх үеэр Д.Н*******ийг хүрээд ирээч гэж би өөрөө гуйсан. Тухайн өдрийн өглөө нь найзтайгаа хамт Булган ороод нэг шил архи уугаад гэртээ ирсэн. Өдөр ноолуур тушаах гэж эхнэрийн хамт Булган аймаг явсан. Булганаас ирээд 0.75 литрийн архийг бид хоёр хувааж уусан. Миний буруутай үйлдлээс болж энэ хэрэг гарах болсон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багийн мод үржүүлэх гэх газар байрлах ба хэрэг болсон газарт ирэхэд үзэгдэх орчин муу байгаагаас улбаалан машины гэрэл тусгаж үзлэг хийхэд цагаан өнгийн Монгол гэр байх ба гэрийн зүүн талд малын хашаа байна. ...Монгол гэрийн зүүн хойд талд газар, өвс нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-10 дахь тал/,
4. Хайчинд үзлэг хийсэн: Уг хайч нь хар өнгийн хуванцар гадаргуун бариултай, бариулын хэсэгт улбар шар өнгийн толбонуудтай хайч байх ба уг хайчны үзүүр хэсэгт 5 см орчим зайд улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байна. Нийт 27 см-ын урттай, бариул хэсэг нь 18 см, хайчны ажлын хэсэг нь 12 см хэмжээтэй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Н*******гийн өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг өнгөрч байх үед би аймгийн төв рүү орж машиныхаа дугуйг янзлуулах, ус авахаар явах гэхэд миний машины дугуй хагарчихсан байсан. Тэгэхээр нь саахалт айлын машины дугуйг гуйж аваад машиндаа хийгээд саахалт айлын Пүүжээ гэх залуутай хамт явсан. Аймгийн төв орж ирээд машиныхаа дугуйг янзлуулаад, усаа аваад гэртээ харих замдаа аймгийн төвийн хойно байдаг Төгрөг дэлгүүр орсон. Дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн хараа нэртэй архи, 2 лааз пиво аваад гэртээ харихаар явсан. Мод үржүүлэх гэх газарт машин дотор Пүүжээтэй архи, пиво уусан. Тэгээд Пүүжээг замаараа гэрт нь хүргэж өгөөд би гэртээ очсон. Гэрт Н******* ах, аав, манай эхнэр Отгонцэцэг, Н*******ийн эхнэр Н нар байсан. Тэгээд би гэртээ байж байтал ноолуурын үнэ унах гэж байгаа гэсэн сураг сонсоод ноолуураа аваад аймгийн төв рүү ноолуураа өгөхөөр явсан. Аймгийн төв рүү манай эхнэр Отгонцэцэг, Н******* ах бид гурав явсан. Тэгээд аймгийн төв ороод Баяраа гэх ченжийн гэрт очоод ноолуураа өгөх гэсэн чинь ноолуур авахгүй байгаа гэсэн. Тэгэхээр нь зам дагуу байдаг Чандмань гэх дэлгүүр ороод 1 шил, 0.75 литрийн Ерөөл нэртэй архи, 2.5 литрийн Сэрүүн нэртэй пивоноос хоёрыг авсан. Мөн хүүхдүүддээ чихэр, жимс аваад гэртээ очсон. ...Харин Н******* ах, бид 2 машиндаа үлдээд төвөөс авсан архиа ууж дуусгаад гэрт орсон. Эхнэр хоол хийчихсэн байхаар нь би ширээний хажуу талд сууж байгаад хоолоо идсэн. Миний хажуу талд Н******* ахын хүү хоол идэж байгаад дуусахаар нь би аягаа долоогоод хураа гэж хэлсэн. Тэгтэл Н******* хүүхдээ өмөөрөөд хүүгээ наашаа хүрээд ир гээд дуудсан. Би Н*******ийг хүүхдээ аягыг нь долоолгож бай гэж хэлсэн. Н******* ах уурлахаар нь Н*******ийг өдий болтол ажил, амьдрал байхгүй гэж хэлсэн. Би Н******* ах дээр очоод шанаа болон мөр хэсэгт цохисон. Н******* босож ирээд намайг заамдахаар нь би зөрүүлээд мөн заамдаад Н*******ийг зайл гэсэн чинь Н******* харанхуй болсон байна маргааш зайлна гэсэн. Би Н*******ийг заамдаад гэрээс авч гарах гээд гэрийн баруун талаар татаад үүдний хэсэгт очсон. Н******* намайг түлхэхээр нь би зөрүүлж татсан чинь бид 2 зуух руу унасан. ...Тэгээд нэг мэдэхэд Н******* гартаа хайч барьчихсан байсан. Хайчийг нь булааж авах гээд ноцолдсон. Гэнэт намайг хайчаар хатгачихсан байхаар нь би гараад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нгийн өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед манай нөхөр Н*******, мөн Н*******, түүний эхнэр Отгонцэцэг нар аймгийн төв рүү ноолуур тушаах гээд машинтай явсан. Н*******гийн гэрт би болон хадам аав бид хоёр хүүхдүүдийнхээ хамтаар үлдсэн. ...Манай хүүг хоолоо идэж дуусаад байж байхад Н******* манай хүүг аягаа долоо гэж хэлэхэд манай нөхөр Н******* хүүгээ дуудаад хүрээд ир гэсэн. ...Н******* уурлаад ширээн дээр байсан аягыг барьж аваад ширээг цохисон. Н******* босож очоод Н*******ийн толгой хэсэгт 2 гараараа цохисон. Дараа нь нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Манай нөхөр Н******* сандлаасаа босоод ирэхээр нь би нөхрийгөө боль гэж хэлээд араас нь татаад ор луу суулгасан. Н******* дахин манай нөхөр дээр ирээд заамдаад манай нөхрийг аваад гарах гэсэн. Тэр хоёр зуухыг налаад унасан. ...манай нөхөр Н******* нь эмч, цагдаа дуудаарай би Н*******г хайчаар хатгачихлаа ш дээ Н******* үхлээ гээд чанга орилоод гэрээс гарсан. Тэгээд Н******* дээр очоод толгойг нь өвдөг дээрээ тавиад цээжин хэсгээс гарч байсан цусан дээр нь даавуугаар дараад сууж байсан. Хажуу талд нь хадам аав байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
7. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай: Д.Н*******ийн биед зүүн эгмийн харалдаа зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
8. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай: Д.Н*******гийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
9. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Н*******ийн яллагдагчаар өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой нар арай жаргаагүй байсан. Дүү Н******* ноолуураа аймгийн төв рүү орж өгнө гээд намайг цуг явах уу? гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд аймгийн төв рүү Н******* болон Н*******гийн эхнэр Отгонцэцэг бид гурав Н*******гийн машинтай ноолуураа ачаад явсан. Тэгээд бид гурав аймгийн төв рүү дөнгөж ороод Чандмань дэлгүүрийн гадаа машинтайгаа зогсоод Н******* Арслан гэх хүн рүү ноолуур авах уу? гэж утсаар залгаж ярихад Арслан гэх хүн нь ноолуур авахгүй гэсэн. Тэгтэл Н******* ноолуур авахгүй юм бол буцъя гээд Н******* эхнэрийнхээ хамтаар Чандмань дэлгүүр орсон. Удалгүй хэдэн литрийн гэдгийг сайн санахгүй байна Ерөөл нэртэй нэг шил архи, Сэнгүр нэртэй 2.5 литрийн 2 ширхэг пиво авч гарч ирээд машиндаа суусан. Тэгээд бид нар харих замдаа зогсоод авсан архиа задлаад Н******* нэг хундагыг уусан. Би тухайн үед уугаагүй. Тэгээд бид нар хөдлөөд гэрийн гадаа ирсэн. Н*******гийн эхнэр машинаасаа буугаад гэртээ орсон. Харин Н******* бид хоёр машиндаа суугаад авсан архиа хувааж ууж байтал Н*******гийн эхнэр гэрээс хоол болчихлоо хоолоо ид гэж дуудсан. Тэгэхээр нь үлдсэн архиа аваад бид хоёр гэрт орсон. ...ямар ч байсан хүүхдийн талаар маргаан болоод би Н*******г чи яагаад хүүхэд загнаад байгаа юм гэж хэлсэн. Н******* хоолоо цэвэрхэн идэхгүй, арчаагүй юмнууд гэхээр нь би хүүхдээ наашаа хүрээд ир гэсэн. Н******* хүүхдээ өмөөрлөө гээд хүрч ирээд миний толгой хэсэгт гурван удаа цохисон. Яг хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Тэгээд би яаж байгаа юм гэсэн чинь Н******* чи зайл арчаагүй, одоо болтол гэр оронгүй 2, 3 хүүхэд дагуулаад ингэж амьдарч байхаар үхчихсэн дээр гэсэн утгатай үг хэлсэн. Мөн дахин босож ирээд намайг заамдаж аваад гэрээс гарах гээд чирэхээр нь би Н*******г мөн адил заамдаж аваад бид хоёр зуухны хажууд унаад зуухыг цааш унагаасан. Тэгээд бид хоёр ноцолдоод дээр, доороо ороод байж байтал илгүүр нураад унасан. Илгүүр дээр байсан хайч болон хутга хийдэг сав газар унасан байсан. Би хэдийд нь хайч барьсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан би хайч барьчихсан байсан. Тэгтэл Н******* надаас хайч авах гэхээр нь би өгөхгүй гээд зууралдсан. Н******* гэрээс гараад явахаар нь би гэрээс гараад Н******* дээр очсон. Н*******гийн цээж хэсгээс нь цус их хэмжээгээр гарсан байхаар нь гэрт байсан Н*******гийн эхнэр болон өөрийн эхнэрээ дуудаад, хашхираад цагдаа, эмнэлэг дууд гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-68 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай, нийт 27 см-ын урттай хайч болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Г.Б******* нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: Хэрэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ удирдан жолоодох, үйлдлээ хянах боломжгүй үедээ санаандгүй, зориуд бусаар үйлдсэн тул гэм буруугүй гэж дүгнэж байна. Цаашид хохирогч, шүүгдэгч нар архи ямар үр дагаварт хүргэдгийг ойлгож, ухаарсан байх гэж ойлгож байна гэжээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Н*******, гэрч Н.Н нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Н*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газарт болон хайчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Д.Н******* нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Ханжаргалант гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү Д.Н*******тэй хүүхдийг хоол идсэн аягаа долоо гэсэнд уурлаж, хүүхдээ өмөөрсний улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хайчаар хатгасан үйлдлийн улмаас Д.Н*******гийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт, хэвлийд шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Н******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгоог хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Д.Н******* нь хохирогч Д.Н*******гийн цээжин тус газарт хайчаар хатгасан үйлдэл нотлогдсон, түүний энэ хууль бус үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Д.Н*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нь шүүгдэгч Д.Н******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэж байх тул үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг, саналыг хүндэтгэн түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр суурьтай тус тус оролцсон болно.
Шүүгдэгч Д.Н******* нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд бусдыг хайчаар хатгах нь хүний биеийг гэмтээж хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд буюу энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Мөн зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг нь бүтцийн хувьд огтлох, хайчлах, зүсэх зориулалт бүхий үйлдвэрийн хийцтэй хайч байх тул дээрх хуулийн тайлбарын “зэвсэг” гэх ойлголтод хамаарахаар байна.
Хохирогч Д.Н*******гийн биед учирсан цээжний хөндийд нэвтэрсэн 2 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх, гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Д.Н******* нь хохирогчийн биед уг гэмтлийг хатгах буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Д.Н*******ийг архи, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ удирдан жолоодох чадваргүй үедээ санаандгүйгээр уг хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг гэм буруугүй гэх дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Д.Н******* нь хохирогч Д.Н*******гийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь эргэлзээгүйгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харин хохирогч Д.Н******* нь энэ хэрэг миний буруутай үйлдлээс болж гарсан гэдгийг тус тус илэрхийлсэн байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед зэвсэг хэрэглэн санаатай халдаж хүнд гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Тиймээс шүүгдэгч Д.Н*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Н*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Н*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Д.Н******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Д.Н*******ийг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Н*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Н*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Д.Н*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил, 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нь шүүгдэгч Д.Н*******ийг гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил, 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Н*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Н*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 71-72, 84, 87-96, 125 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд, оршин суух хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н******* нь ******* аймгийн ******* суманд 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын 1 дүгээр багийн ы 5 дугаар гудамжны 66 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, 36 настай зэрэг түүний хувийн болон эд хөрөнгийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Н*******ид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Н*******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулах ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Н*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу 5 жилийн хорих ялаас доогуур хэмжээгээр 3 жил, 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсний дагуу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Д.Н*******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, хувийн байдал зэргийг дүгнэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Н*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хайч нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Н*******ийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н*******ид оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5. Шүүгдэгч Д.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай, 27 см-н урттай хайч нэг ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭРЭЛ
Ц.АЛТАНГАДАС