Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 112/ШШ2021/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ч.Сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдох ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, ******* сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гэрч Н.Ц /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/39 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийг үүсгэн байгуулагдахад захирлаар очиж ажилласан. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 тоот ******* сумын Засаг даргын захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар аймаг нийслэлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт, боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө гэсэн байдаг. Энэ нь миний эрхийг хамгаалсан заалт гэж үзэж байна. Боловсролын газартай зөвшилцөн халах ёстой байтал ийм зүйл байхгүй байна. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт аудитын газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байхдаа 02 дугаар сарын 24-ний өдөр нягтлан М-тай очиж танилцсан. Зөвхөн танилцсан гэсэн гарын үсгийг зурсан байгаа. Хэргийн материалд мөн хавсаргаад аудитын газраас ирсэн байгаа. Энэ нь аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байхад ажлаас аудитын газрын дүгнэлтийг үндэслэн халсан. Би 03 дугаар сард мөн аудитын газарт бас албан тоотоор тухайн аудитын газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ерөнхий аудиторт тоот явуулсан байгаа. Намайг 03 дугаар сарын 29-ний өдөр ажлаа өгөх хүртэл тоотын хариу ирээгүй. Намайг ажлаа өгөөд 2 хоногийн дараа аудитын газрын албан тоотын хариуг авсан байсан. Би энд ирээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргая гээд нягтлан М-ыг дагуулаад үүдэнд ирсэн. Тэгтэл энэ танд бол хамааралгүй. 4 дүгээр сургуульд хамааралтай. Та одоо 4 дүгээр сургуулийг төлөөлөх эрхгүй учир хамааралгүй гээд нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Дараа нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрт олгогдсон эд хөрөнгийн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах гэж байгаа. Энд би байгууллагын хөрөнгийг зориулалтын дагуу хамгаалж ирсэн хойшид ч хамгаална. Тэгэхээр надад бол ямар ч хамааралгүй заалтыг оруулсан байна. Төрийн албаны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт албан тушаалын тодорхойлолтыг оруулсан байгаа. Энэ бас л миний эрх ашгийг хамгаалсан шаардлага болж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би ажилд томилогдсон байдаг. Тухайн үед 2017 оны ажлын байрны тодорхойлолт ******* Г-ийн баталснаар явдаг. Нөгөө талаас гаргаж өгсөн энэ хавтаст хэрэгт байгаа 2020 оны ажлын байрны тодорхойлолт байгаа. Батлагдсан өдрөөс хойш харилцаа үйлчлэх ёсгүй. 2017 оноос хойш жил болгон өөрчлөгдөөд явж байгаа. Миний хувьд 2019 онд томилогдсон ба 2020 онд батлагдсан харилцаа үйлчлэхгүй гэж үзэж байна.Төсвийн тухай хуулийн 6.4.1 төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулсан ба энэ надад хамааралгүй заалт байна. Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь хэсэгт зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах нотлох баримт байхгүй. Би төсөвт зарцуулах цалинг багшийн цалинд зарцуулсан уу? Хэрвээ надад тийм зүйл байсан бол нотлох баримтаар гаргаж өгөх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа. Үүнийг хууль бусаар хийсэн. Тодорхой хуваарь, цаг өгөх ёстой. Гэтэл намайг тухайн өдрийн 16 цаг 00 минут болж байхад дуудаад гарын үсэг зуруулсан. Ямар ч хугацаа өгөөгүй, надад сонсох ажиллагаа хийхдээ хариу тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгч авах зэрэг эрхийг хангаагүй учраас захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь намайг татгалзаж, ажлаас чөлөөлж байгаа юм уу? ажилтан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм уу? гэдэг нь тодорхойгүй. Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Д.Ч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас надаас хөдөлмөрлөх, ажил гүйцэтгэхийг шаардах эрх байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол гэж байгаа. Тэгэхээр энэ бас надад хамааралгүй заалт. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолтод тэнцээгүй байна гэсэн ямар нэгэн мэргэжлийн байгууллагын тодорхойлолт байхгүй. Ямар нэгэн эрүүл мэнд, ур чадварын хувьд тэнцэхгүй байна гэсэн тодорхойлолт байхгүй. Ерөнхийдөө дээрх зүйл заалт бүгд хууль зөрчсөн. Би өөрөө мэргэжлийн орчуулагч. Нийгэм хамгаалал, хууль зүй, эрүүл мэндийн газарт орчуулагчаар ажиллаж байсан. Өнгөрсөн оны Монгол Улсын Засгийн газар, Англи улсын ерөнхий боловсролын сургуулиудын захирал, эрхлэгч нарт явуулсан 1000 шилдэг удирдагчийн сургалтад Монгол улсаа төлөөлж ганцаараа англи хэлээр ороод сертификатыг авсан нь хэргийн материалд байгаа. Үүнээс миний мэргэжлийн ур чадвар харагдах байх. Гуравдагч этгээд маань хэлж байна. Ажлын байрны тусгай шаардлага хангаагүй гэж хэлээд байна. 2020 оны батлагдсан албан тушаалын тодорхойлолтыг түүнээс өмнө томилогдсон хүнд хамааруулж ярьж болохгүй. 2017 онд батлагдсан албан тушаалын тодорхойлолт дээр тодорхой байж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн тодорхойлолт 1.2 тусгай шаардлага гэдэг нь сургуулийнхаа хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг дадлага, туршлагатай байх, ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль шинээр байгуулагдахдаа баруун бүсээсээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэж явдаг. Би өөрөө гадаад хэлний мэргэжилтэй ба Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Боловсрол Соёл Спортын бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн үеийн ******* надад санал тавиад ажиллаж байсан. Яагаад намайг тусгай шаардлага хангаагүй гэж үзээд байгааг гайхаж байна. Мөн сонгон шалгаруулалтын талаар ярьсан. Сонгон шалгаруулалт 2 дахь удаа зарлагдаад ковидтой холбогдоод өнөөдрийг хүртэл болоогүй. Энэ бол надаас шалтгаалсан асуудал биш. Би хэзээ ч сонгон шалгаруулалтад ороход бэлэн байгаа. Д.Ч   дарга аудитын газрын санал дүгнэлтийг үндэслэсэн. Тодорхой хугацаа заасан байхад хугацаандаа гаргах ёстой. Аудитын дүгнэлтэд 3 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх хамгийн сүүлийн хугацаа байсан. Биелэлтийн тухай бас ярьж байсан. Энэ нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн албан тоотыг явуулчихсан байсан гэв. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хуучин ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ч.Сгийн хувьд тухайн ажилд 2019 онд томилогдсон. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хүний үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх, түүнчлэн хүний амьдрах эрхтэй салшгүй холбоотой эрхэд ажил олгогчийн зүгээс халдаж, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрлөх болон амьдрах эрхэд халдаж, ажлаас чөлөөлж ажилгүй болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилтантай ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол ажил олгогчоос ажилтанд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай байхад төсвийн зохистой удирдлага хэрэгжүүлээгүй, төсвийн зарчим алдагдуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн тайлангийн аудиторт сөрөг дүгнэлт гарсан, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй гэсэн 7 төрлийн шийдвэрээр үндэслэлгүйгээр халсан байна. Хавтаст хэргийн материалд боловсролын газрын санал дүгнэлтийг үндэслэж халсан гэсэн зүйл байхгүй. Гаргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэл тодорхой бус, маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлээр нотолж чадахгүй байна. Орон нутагт нам солигдоод улс төрийн байдал солигдохоор өөрийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээ ажилд томилох гээд хүмүүсийг ажлаас нь халдаг. Үүнийг бүгд мэдэж байгаа. Ажлаас халж болно. Үндэслэлтэй халах хэрэгтэй. Ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гарсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс байгуулаагүй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Ажилтны үүрэг биш. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж байгаа. Ажилтны эрхийг хамгаалсан хуулийн зохицуулалт байгаа. Эрхийн хүрээнд халсан гэж байгаа. Боловсролын газрын саналыг үндэслэж чөлөөлнө гэсэн байгаа. Ийм дүгнэлт хэргийн материалд байхгүй. Төрийн аудит, төсвийн тухай хууль бол энэ хэрэгт хамааралгүй. Маргаан бүхий акт дээр хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Ажилтан санаачлаад цуцлаад байгаа юм уу? ажил олгогч санаачлаад хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй байна. Хариуцагч талаас хэлээд байгаа үндэслэл бүгд нотлогдохгүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү? гэв.

 

Хариуцагч Д.Чинзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Сг 2021 оны 03 дугаар сарбн 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар 4 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дах заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт,16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт,42.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлаас халсан. Үндэслэл: Албан тушаалын тодорхойлолт заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл үйл ажиллагаа явуулсан, төсвийн зарчим алдагдуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, аудитын сөрөг дүгнэлт авсан учир ажлаас чөлөөлсөн. Иймд Ч.Сгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирал Ч.Сг 2021 оны 03 дугаар сар 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн. ******* сумын 4 дүгээр сургуулийн захирал Ч.С төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан, төсвийн зохистой үйл ажиллагааг алдагдуулсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан нь тогтоогдсон мөн албан тушаалын шаардлага хангаагүйгээс ажил албанаас нь чөлөөлсөн.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: . Өнөөдөр Ч.С гэдэг хүн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар эхлээд ярих хэрэгтэй байх. Нэхэмжлэгч гэж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх буюу зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг хэлдэг. Энэ хүний ямар эрх, ашиг нь зөрчигдсөн юм бэ? гэхээр магадгүй 4 дүгээр сургуулийн захирлаас чөлөөлсөн гэх байх.

Гэтэл энэ хүн анх 4 дүгээр сургуулийн захирлаар томилогдохдоо хуулийн шаардлага хангасан байсан эсэх дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Боловсролын тухай хуулийн 30.1.15 дахь хэсгийг баримтлаад аймгийн ******* захирамж гаргасан. Уг заалт нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон. Энэ хүн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр томилогдсон байдаг. Тэгэхээр энэ бол илт хууль бус акт болж байгаа. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн хууль зүйн үйлчлэлгүй байна гэж байгаа. Захирлаар томилсон тушаал нь гарсан цагаасаа эхлэн хууль зүйн үйлчлэлгүй байгаа учир энэ хүний эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна. Тийм болохоор нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ч нь Боловсрол соёл, урлагийн газарт 12 дахь жилдээ мэргэжилтнээр ажиллаж байгаад энэ хугацаандаа сумд сургуулийн менежер, багшаар ажиллаж байсан. Нийтдээ 12 жил Боловсрол соёл, урлагийн газарт ажилласан ба энэ хүн одоо 4 дүгээр сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Ч.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захирал байсан Ч.С нь төсвийг зохистой хэрэгжүүлээгүй, төсвийн зарчмыг алдагдуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн санхүүгийн тайлангийн аудит дээр сөрөг үнэлгээ авсан. Албан тушаалын тодорхойлтонд заагдсан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй гэсэн зөрчлүүд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай харагдаж байна. Энэ хүн 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдөр анх ажилд томилогдсон байдаг. Ингэж томилогдоод 2019 онд хязгаарлалтай үнэлгээ аудитаар авсан. 2020 онд сөрөг үнэлгээ авсан. Энэ нь өмнөх оны аудитын дүгнэлтэд заасан алдаа зөрчлүүдийг биелүүлээгүй дээрээс нь сөрөг үнэлгээ авсан учраас ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Н.Цын тухайд ажилд ороод бүх дүгнэлт, аудитын актын биелэлтийг явуулсан байгаа.

Түүнийгээ хавтаст хэргийн материалд гаргаж өгсөн. 2021 онд энэхүү актуудыг биелүүлж ажилласан байгаа. 2019 оны 06 дугаар сарын 28-ны Б/39 дугаартай Засаг даргын захирамж байгаа. Энэхүү захирамж дээр Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл түр хугацаагаар гэж анх Ч.Сг ажилд томилсон байдаг ба тухайн хүн түр томилогдсон нь энэ хүний эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна. 2021 оны 02 дугаар сарын 24-ний 1/174 дүгээр Ерөнхий Боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлсэн байгаа. Энэ нь хавтаст хэргийн материалд байж байгаа. Тэгэхээр энэ хүнийг сонгон шалгаруулалт зарлагдаад ажлаас чөлөөлсөн.

Тусгай мэргэжлийн шаардлага хангаагүй байгаа. Хавтаст хэргийн материалаас харахад тодорхойлолт дээр заасан тухайн мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан, удирдах албан тушаалд ажилласан байх гэсэн тусгай шаардлагыг хангасан нэг ч нотлох баримт хавтас хэргийн материалд байхгүй. Ийм учраас үнэхээр энэ хүн ажлыг үргэлжлүүлээд хийнэ, хийх байсан гэж үзэж байгаа бол тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдсан ба тусгай шаардлагыг биелүүлээд энд материалаа өгөөд сонгон шалгаруултанд ороод явах бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Тиймээс Ч.Сгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

Гэрч Н.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би эхлээд 2019 оны 09 дүгээр сарын 17-нд ахлах тогоочоор цалин аваад ажилд орсон. 10 хоногийн дараа захирал, нягтлан хоёр орж ирээд доод талын усан бассейн тухайн үед баригдаж байсан. Манайх усан бассейнаас цемент, тоосго аваад өртэй байгаа. Тийм учраас гал тогоогоо чамд түрээслэнэ. Чи тэр хүмүүст өдөрт хоол хийж өгөөд хажуугаар нь багш нарт хоол хийж зараад түрээсээр ажилла гээд түрээсийн гэрээ хийсэн. Яг сургуулиас цалин аваад ажиллаж байгаа учир сургуулиас гаргаж өгч буй материалын дагуу хүүхдүүдэд хоол хийж өгөх ёстой. Тэгэхэд нягтлан, захирал хоёр намайг хий гэсэн учраас би хийсэн. Манай тогооч нарт нярав өдөр өдрийн хүүхдүүдийн хоолыг хүүхдийн тоонд нь тааруулаад өгдөг байсан. Миний зарах хоолны материал тусдаа нөгөө өрөөндөө байдаг байсан. 09 цаг 00 минутаас 09 цаг 40 минутын хооронд үдийн цай өгдөг байсан. Үдийн цай өгч дуусаад 11 цагаас хойш ерөнхийдөө багш нарын хоол эхэлдэг байсан. Хүүхдүүдийн хоолны материалыг дандаа дутуу өгөөд намайг хүргэ гэдэг байсан. Би зардаг хоолноос өгч байсан баримтууд байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Ч.Сгаас Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ******* сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, ******* сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын сарын 28-ны өдөр Б/39 дугаар захирамжаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллуулсан байдаг.

 

Нэг. ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, ******* сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг тус тус үндэслэж, Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, төсвийн удирдлагын зарчмыг алдагдуулсан, хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн аудитын дүгнэлтээр хангалтгүй дүгнэлт авсан, албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй гэж ажлаас чөлөөлжээ.

 

1.1 Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх; гэж заажээ.

Нэхэмжлэгч Ч.Сг аймгийн ******* сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл түр томилсон байна. Энэ нь төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох талаар Төрийн албаны хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг зөрчин нэхэмжлэгчийг томилсон нь хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь түүнийг анх ажилд түр томилоход мөрдөгдөж байсан Албан тушаалын тодорхойлолт-ын тусгай шаардлагыг хангаж байсан боловч Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан шаардлагад нийцүүлэн шинэчлэн баталсан албан тушаалын тодорхойлолтын Тусгай шаардлага хэсгийн туршлагын шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай зөвшилцөж, санал солилцоогүй байна.

Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсны хувьд Төрийн албаны хууль, тогтоомжийг баримтлан ажиллах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын тушаалаар 2020 онд улирал бүр үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл авч байсан байх тул албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

1.2. Нэхэмжлэгчийг ажилд томилохдоо сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл хугацаагаар томилсон байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар албан бичигт ******* сумын 4 дүгээр сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын захиалга ирсэн тухай дурдсан байна. Хариуцагч өөрийн бүрэн эрхийн хүрээнд сонгон шалгаруулалтын захиалгаа хүргүүлснийг Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийг ажилд томилсон хугацаа дуусгавар болж байгаа гэж дүгнэх үндэстэй.

 

1.3. Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас ******* сумын 4 дүгээр сургуулийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сөрөг дүгнэлт авч, төлбөр барагдуулах актууд тавигджээ. Сөрөг дүгнэлтэд Аудитын гол асуудалд дурдсан алдаа, зөрчлийн мэдэгдэхүйц нөлөөллийн улмаас ******* сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл материаллаг алдаатай, Төсвийн тухай хууль, Нягтлан болох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан болох бүртгэлийн олон улсын стандарт, Сангийн сайдын баталсан холбогдох журамд нийцүүлэн үнэн зөв, шударга толилуулаагүй байна. гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын актуудаар ...ажиллагсдын цалинг илүү, дутуу олгосон, ур чадварын нэмэгдлийг журамд заасан шалгуургүйгээр олгосон, цалингийн урьдчилгааг их хэмжээгээр олгон жилийн эцэст бөөн дүнгээр тушаасан, жилийн эцэст хөрөнгө худалдан авахаар шилжүүлсэн боловч хөрөнгө бодитоороо ирээгүй, нягтлан бодох бүртгэлд хий орлого авч ирснээр тооллогын бүртгэлийг үйлдсэн, данснаас гадуур өглөг, авлага үүсгэсэн, өмнөх оны зөрчлийг давтан гаргасан гэжээ. Өмнөх оны буюу 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар Хязгаарлалттай дүгнэлт авч нягтлан бодогч С.Мөнхжаргалд хариуцлага тооцсон байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч би Сөрөг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж маргаж байх боловч 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Залруулаагүй буруу илэрхийлэл буюу алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэл-д гарын үсэг зурсан байдаг. Мөн аудитын актуудын талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, ... санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, ..... бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. гэж заажээ.

Аудитын дүгнэлт, актуудад дурдсан санхүүгийн үйл ажиллагааны зөрчлийг зөвхөн тухайн байгууллагын нягтлан бодогчид хамааралтай гэж дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь 16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.4.төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 16.5.6.дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, 16.5.7.байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах бүрэн эрхтэй байна. Тодруулбал, аливаа албан тушаалын бүрэн эрх нь эрх үүргийн нэгдлийг агуулж байдаг бөгөөд түүнд хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийг өөрөө хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэг багтана.

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д хариуцлагатай байх, 6.6-д Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:, 6.6.1-д төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх; гэж заажээ.

 

1.4. Нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалд Боловсролын тухай хуулийн /2012 оны нэмэлт өөрчлөлт/ 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан журмыг зөрчин томилогдсон, ******* сумын 4 дүгээр сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл хүлээн авсан, төсвийн шууд захирагчийн үүргийг гүйцэтгэж ажиллаж байх хугацаандаа 2019 оны санхүүгийн тайлангийн аудитаар Хязгаарлалттай дүгнэлт, 2020 оны санхүүгийн аудитын тайлангаар Сөрөг дүгнэлт авсан нь тус тус тогтоогдож байх тул ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, ******* сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;, 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заасан байна. Иймээс нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Ч.Сгаас ******* сумын *******д холбогдуулан гаргасан ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.ОЮУНСҮРЭН