Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0777/З |
Дугаар | 221/МА2024/0519 |
Огноо | 2024-08-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2024/0519
“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/299 тоот тушаалын “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 334 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 128/2023/0777/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/299 тоот тушаалын “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын Ю ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. ... Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд нийт 29886.6 м.кв газар ашиглах эрхтэй ба түүнээс 20006 м.кв газар нь ойн сан бүхий хэсэгтэй давхцалтай юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байна.
3.2. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 334 дүгээр шийдвэр нь өөрөө биелэгдэх боломжгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар сэргэх эрх ашиг нь байхгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй газар нь ойн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай ба тус газарт нэхэмжлэгч ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.7-д зааснаас үзэхэд тус газарт нэхэмжлэгч анх газар ашиглах эрх авахдаа аялал жуулчлалын зориулалтаар авсан төсөл, хөтөлбөртэй Ойн тухай хуулийн холбогдох заалтууд зөрчилтэй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.3. … Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасныг тус тус үндэслэн гаргасан нь тус зарчмыг хангасан гэж үзэхээр байна. Мөн хавтас хэрэгт газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн ойн сан бүхий газартай давхцалтай талаарх баримтууд авагдсан байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/299 тоот тушаалын “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлээ “2016 оноос хойш газрын төлбөрөө төлж ирсэн, ямар нэг газар ашиглах гэрээнд заасан болон хуульд заасан зөрчил гаргаагүй байхад захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг 5 жилийн дараа нэхэмжлэгч цуцалсан, захиргааны шийдвэр гаргахад баримтлах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, газрын үзлэг хийлгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн, захиргааны байгууллагаас 2016, 2021 онуудад газар ашиглах эрхийг олгож, хугацааг сунгасан, нэхэмжлэгч компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төлөвлөгдсөн, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраар баталгаажуулсан аялал жуулчлалын цогцолбор барих магадлал хийгдсэн эх загвар зургаар буюу төрийн эрх бүхий байгууллагын олгосон зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж, 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул манай хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой” гэж тайлбарлажээ.
2.3. Анхан шатны шүүх “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/199 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж, газрын байрлалыг шилжүүлэн /Альфасүрвэй ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хийсэн кадастрын зургийн солбицлоор/ 3 га газар олгох үед ойн сан бүхий газартай ямар нэг давхцалгүй байсан гэж үзэхээр байна … төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу газар ашиглах эрхийг олж авсан, маргаан бүхий 20006 м.кв ойн сан бүхий газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй энэ нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн хууль ёсны итгэл хамгаалагдана … Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт 20006 м.кв газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан байгууллага үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар “Ю” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд байрлах 29886.6 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгож, мөн сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг нэхэмжлэгч “Ю” ХХК эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/199 дүгээр тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Ю” ХХК-ийн 3 га газар ашиглах эрхийг сэргээсэн байна.
2.5. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаартай санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар хурлын шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар 36 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцалсны дотор нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн 20006 м.кв хэсэгчилсэн газар ашиглах эрх багтсан, энэ талаар талууд маргаагүй.
2.6. Хэдийгээр маргаан бүхий 20006 м.кв газар нь ойн сан бүхий газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч хариуцагчаас Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч компаний газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан нь буруу байна.
2.7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” гэж заасан бөгөөд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна” гэж хуульчилснаас үзэхэд маргаан бүхий газарт дээрх хуульд заасны дагуу ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоох учиртай.
2.8. Түүнчлэн Аялал жуулчлалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь байгаль, үндэсний онцлог бүхий түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага” гэж байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үзмэр, үзвэр үйлчилгээ, жуулчны мэдээллийн төв зэрэг жуулчинд зориулсан үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдийг” ойлгоно гэж заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно”, 6/-д “байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах”, 7/-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” 5/-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”-ыг хориглоно гэж тус тус хуульчилсан.
2.9. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байгалийн өвөрмөц, үзэсгэлэнт тогтоц бүхий газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго нь Аялал жуулчлалын тухай хуулийн зорилтоос тодорхой харагдах бөгөөд энэхүү зорилго нь тухайн газрыг ашиглахгүйгээр хэрэгжих боломжгүй. Тиймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах, ийнхүү ашиглуулахдаа ямар барилга, байгууламж барьж болох талаар Аялал жуулчлалын тухай хуультай харилцан уялдаатайгаар зохицуулсан. Мөн “Дархан цаазат газар” нь бусад ой бүхий газраас онцлогтой учраас тусгай хамгаалалтад авч, түүнийг ашиглахад тусгай дэглэм шаардагдах тул тус газарт орших ойн сан бүхий газрын дэглэмийг Ойн тухай хуулиар бус Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоодог байна.
2.10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар сэргэх эрх ашиг нь байхгүй. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй газар нь ойн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай ба тус газарт нэхэмжлэгч ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
2.11. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрх дуусгавар болгох, Ойн тухай хуулийн хориглосон үйл ажиллагааны зүйл заалтыг баримталсан байх тул шийдвэрт өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин дээрх хуульд зөвшөөрснөөр бусад барилга, байгууламж барих, өөр бусад байдлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан хязгаарлалтын дэглэм зөрчсөн тохиолдолд хариуцагч нь холбогдох шийдвэрийг гаргахад уг магадлал саад болохгүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.4, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ