Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

2022         09           27                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч М.Т******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Т*******ид холбогдох эрүүгийн 2215000000213 дугаартай, 163/2022/0213/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт М*******ийн Т*******, Булган аймаг, ******* суманд 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 4 дүгээр баг, задгай тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй, 27 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т******* нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны орой 23 цаг, 40 минутын орчим Булган аймаг, ******* сум, 2 дугаар багийн нутагт Баруун гүдэн гэх газарт 25-93 БУЛ улсын дугаартай, Grand Mark 2 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3, 12.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж, замын эсрэг талын хөвөө хэсэгт замын зорчих хэсгийг түр чөлөөлөн зогссон ******* улсын дугаартай Pajero загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ө*******ыг тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хажууд зогсож байхад нь тээврийн хэрэгсэлтэй нь хавсран дайрч зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Ө*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000213 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.Т******* нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны орой 23 цаг, 40 минутын орчим Булган аймаг, ******* сум, 2 дугаар багийн нутагт Баруун гүдэн гэх газарт 25-93 БУЛ улсын дугаартай, Grand Mark 2 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3, 12.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж, замын эсрэг талын хөвөө хэсэгт замын зорчих хэсгийг түр чөлөөлөн зогссон ******* улсын дугаартай Pajero загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ө*******ыг тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хажууд зогсож байхад нь тээврийн хэрэгсэлтэй нь хавсран дайрч зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Ө*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймаг, ******* сум, 2 дугаар багийн Баруун гүдэн гах газарт байрлах улсын чанартай хатуу хучилттай А-27 дугаарын асфальтан замд 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг, 30 минутын орчимд баруун зүгээс зүүн зүгт зорчиж яваад замын урд малын шороон хөвөө хэсэгт зам чөлөөлөөд зогсож байсан ******* улсын дугаартай Pajero загварын авто тээврийн хэрэгслий хажууд зогсож байсан явган иргэнийг зүүнээс баруун чиглэлд явж байсан ******* улсын дугаартай Grand Mark 2 загварын тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гаргасан байх ба асфальтан замын урд шороон хөвөө хэсэгт баруу, зүүн тийш харсан байдалтай байна. ...Уг зам нь тэгш гадаргуутай, хальтиргаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаарын хувьд бороогүй, сөрөг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй тусгаарлах цагаан зурвастай, асфальтан, зорчих хэсэг нь хоёр талаараа шороон хөвөөтэй байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-8 дахь тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Grand Mark 2 загварын автомашин байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн урд талын толь хугарч унасан байх ба зүүн урд талын дугуй, дугуйны хамгаалалт, зүүн урд дохио нь ямар нэг хүчний үйлчлэлээр гажиж эвдэрсэн байна. Уг тээврийн хэрэгслийг онгойлгож үзэхэд цэгцтэй байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь ******* улсын дугаартай ногоон өнгөтэй, цагаан судалтай Pajero загварын тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь дээрээ ачаа тавих зориулалттай тавиур хэсэгтээ нөөц дугуй ачсан байна. Ачааны зүүн хажуу талд хүрз галын хор байна. Тээврийн хэрэгслийн зүүн урд талын шил хугарч унжсан байдалтай байх ба зүүн урд хаалганы бариул хэсгээс доош авто машины хөлийн гишгүүр хүртэл зайд хонхойж эвдрэл үүсэж хар зураас гарсан байх ба хойд хаалга мөн хонхойж гэмтсэн байна. Зүүн хойд дугуй нь ямар нэг хүчний үйлчлэлээр гажиж эвдэрсэн байдалтай байна. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ө*******ийн өгсөн: Би эхнэр, хүүхдүүдийн хамт 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Оийн дүү болох Батсүхийнхээс гараад Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас Улаанбаатар хот руу гэртээ харихаар явж байсан. Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ороод авто машинаа зам чөлөөлж тавиад хүүхдүүддээ авто машиныхаа хойд сандал дээр ор засаж өгөхөөр буусан. Ор засаад машины хаалганы дутуу хаагдсан, гүйцэт хаагдсан эсэхийг шалгаад эргээд харахад манай эхнэр болох О машин гээд орилох шиг болсон. Тэгээд харсан чинь эсрэг урсгалаас машины гэрэл гялбаад ороод ирсэн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Толгой тархи болон хөлөө бүрэн бүтэн болгож эмчилгээ хийлгүүлмээр байна. Миний тээврийн хэрэгслийн зүүн урд талын толь хугарсан, зүүн урд, хойд талын хаалга, хойд дугуй эвдэрч хэмхэрсэн байсан. энэ хохирлоо бүрэн барагдуулмаар байна. ...Т******* миний эмчилгээний төлбөр тооцоог бүгдийг нь төлж барагдуулсан бөгөөд надад цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-22 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч О.М*******ийн өгсөн: 3.626.300 төгрөгийг эмнэлгийн төлбөр болгож өгсөн. Мөн 400.000 төгрөгийг эм, тарианы мөнгө болгож өгсөн. Түүнчлэн 250.000 төгрөгийг эмнэлгээс гарсан хойно нь сар уух эмийн мөнгө болгон шилжүүлсэн. Дараа нь 250.000 төгрөгийг түрдэг тэрэгний мөнгө болгон шилжүүлсэн. Харин 1.200.000 төгрөгийг физик эмчилгээний төлбөр болгон шилжүүлсэн. MRI зураг авхуулах 800.000 төгрөгийг тус тус шилжүүлж, авто машиныг 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 20.936.300 төгрөгийн хохирол барагдуулсан. Миний хувьд өөрийн хүү Т*******ид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас Улаанбаатар хотын чиглэлд хувийн эзэмшлийн Раjего загварын авто машинтай хөдөлсөн. Орой 23 цаг, 20 минутын орчимд нөхөр болох Ц.Ө******* хүүхдүүддээ хойд талын сандал дээр ор засаж өгөхөөр авто машинаа замын хажууд байрлуулаад машинаасаа буусан. Ор засаж дуусаад машиндаа суух гэж байтал эсрэг урсгалаас авто машин урсгал сөрөөд орж ирэхийг хараад машин ирж байна гээд орилоход миний нөхөр Ө*******ыг мөргөөд, манай авто машиныг бас мөргөөд цааш яваад зогссон. Би машинаасаа буухад манай нөхөр Ц.Ө******* ямар ч хөдөлгөөнгүй авто машинаас ойролцоогоор 2 метрийн зайд хэвтэж байсан. Тэгээд би нөхөр дээрээ яваад очиход манай нөхрийг мөргөсөн хүн зугтах гээд машиндаа суухаар нь би гүйж очоод буугаад ир гэсэн чинь буухгүй гээд байхаар нь машиных нь түлхүүрийг нь булааж аваад нөхөр дээрээ очсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11416 дугаартай: Ц.Ө*******ын биед зүүн тавхайн куб хэлбэрийн ясны далд хугарал, зүүн гуяны булчингийн няцрал, өөх булчин завсрын цусан хураа, зүүн чамархай, зүүн зулайд зулгаралт, зүүн тавхай, баруун шагай, баруун шилбэ, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, баруун сарвуу, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

9. Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн: Жолооч М.Т******* нь цагдаагийн газрын хайлт мэдээллийн санд жолоодох эрхийн В ангиллын эрх хүчинтэй төлөвт байна. Жолооч М.Т******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: a) Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 11.3-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх магадалгаа /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

10. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1344 дугаартай: ******* улсын дугаартай Pajero загварын тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирол үнэлгээг 3.338.000 төгрөгөөр тогтов. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

11. Тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолоочийн согтуурал шалгасан: 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр жолооч М.Пүрэвдорж нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ согтуурал шалгах багажаар шалгахад 1.14%-ийн согтолттой байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 89 дэх тал/,

12. Мөрдөн шалгах ажиллагаанд М.Т*******ийн яллагдагчаар өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би ******* сумын төвд байдаг найз Мөнхдэмбэрэлийн гэрт 19 цагийн орчимд очиход Мөнхдэмбэрэл, Содбаяр, Идэртөр, Бороо гэж дууддаг залуу нар сууцгааж байсан. Тэгээд удалгүй араас Мөнх-Од болон нэг танихгүй залуу нар орж ирсэн. Мөнх-Од архи гаргаж ирээд бүгдээрээ уусан. Тэгээд би дэлгүүр орж 2 шил архи аваад бүгдээрээ хамт уусан. Тухайн архийг Мөнхдэмбэрэлийн гэрт ууж байгаад улмаар хоол идэх гээд ганцаараа машинаа бариад Номын булаг гэх газрын зүг явсан. Тэгээд замд явж байх үедээ бага зэрэг зүүрмэглээд явж байтал гэнэт түс тас хийгээд ямар нэгэн зүйл мөргөөд сэрсэн. Тэгээд би машинаас буугаад харахад машинтай мөргөлдчихсөн байсан    ба мөн нэг залууг бас мөргөчихсөн байсан. Би эмчилгээний зардалд болон үзлэг оношлогоо, машины оношлогоо, ачилтын мөнгө зэрэг нийт 6.936.900 төгрөг өгсөн. Мөн манай аав тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 3 сая төгрөг өгсөн гэсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Ө*******, гэрч Б.О нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Т*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч М.Т******* нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны орой 23 цаг, 40 минутын орчим Булган аймаг, ******* сум, 2 дугаар багийн нутагт Баруун гүдэн гэх газарт 25-93 БУЛ улсын дугаартай, Grand Mark 2 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3, 12.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж замын эсрэг талын хөвөө хэсэгт замын зорчих хэсгийг түр чөлөөлөн зогссон ******* улсын дугаартай Pajero загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ө*******ыг тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хажууд зогсож байхад нь тээврийн хэрэгсэлтэй нь хавсран дайрч зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Ө*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Ө*******ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд тээврийн хэрэгсэл ирж мөргөх үед гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Т*******ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.Т******* жолоодож хөдөлгөөн хийсэн, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч М.Т******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М*******ийн Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Т*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ц.Ө******* нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийг гаргасан боловч баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Харин шүүгдэгч М.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Ц.Ө*******ын эмчилгээний зардалд 6.936.300 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний хариуцагч О.М******* нь хохирогч Ц.Ө*******ын ******* улсын дугаартай, Pajero загварын тээврийн хэрэгслийг 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан байна. Цаашид хохирогч Ц.Ө******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч М.Т*******ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Т*******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч М.Т*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Т*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 84-87 дахь талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Т******* нь Булган аймаг, ******* суманд 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, ам бүл 1, Булган аймаг, ******* сум, 4 дүгээр баг, задгай тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 27 настай зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4/116 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч М.Т*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч М.Т*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Т******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдан ирсэн В ангиллын 1276060 дугаарын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, хохирогч, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт М*******ийн Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Т*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Т*******ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Т*******ид сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт хураагдан ирсэн В ангиллын 1276060 дугаарын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч М.Т******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР