| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2022/0214/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/219 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/219
2022 09 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.С,
шүүгдэгч П.С******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.С*******д холбогдох эрүүгийн 2215001810212 дугаартай, 163/2022/0214/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт П*******ийн С*******, Булган аймаг, Булган суманд 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, Булган аймаг, Булган сум, 4 дүгээр багийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* салонд ******* ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 36 настай, эмэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.С******* нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Булган аймаг, Орхон сум, 4 дүгээр багийн Оросын булаг гэх газарт Орхон аймгийн чиглэлд ******* улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Н*******ийн эрүүл мэндэд хөнгөн, П.С, О.Н, П.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ж.О, П.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2215001810212 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.С******* нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Булган аймаг, Орхон сум, 4 дүгээр багийн Оросын булаг гэх газарт Орхон аймгийн чиглэлд ******* улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Н*******ийн эрүүл мэндэд хөнгөн, П.С, О.Н, П.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ж.О, П.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Солонгын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймаг, Орхон сум, 4 дүгээр багийн Мааньтын Оросын булаг гэх нэртэй газарт Орхон аймгийн чиглэлд явах асфальтан зам дээр осол гарсан байв. Уг асфальтан замд 1.06х2 см-н хэмжээтэй нүхэн эвдрэл байсан бөгөөд хойд ирмэг хэсэг нь үүрч эмтэрсэн байна. Уг замын нүхэн эвдрэлээс хойд зүгт замын эсрэг эгнээ рүү орж зүүн талын хөвөө хэсэг рүү гарсан тээврийн хэрэгслийн дугуйн мөртэй байв. ...Уг замын эвдрэлээс өөр ямар нэгэн эвдрэлгүй байх ба уг зам нь хуурай, тэгш, шулуун гадаргуутай асфальтан зам байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-15 дэх тал/,
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь ******* улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь нилэнхүйдээ эвдрэлтэй байна. Баруун талын 2 хаалга онгорхой, баруун талын хоёр дугуй хоёулаа хагарсан байдалтай, хий нь гарсан, баруун урд талын дугуйнд нүх үүссэн. Дээвэр хэсэг нилэнхүйдээ дотогш чихэгдэж хонхойж эвдэрсэн, зүүн талын хоёр дугуй ямар нэг эвдрэл гэмтэлгүй, урд болон хойд шил хагарсан, машины хамар хэсэг бас нилэнхүйдээ эвдрэлтэй гэмтэл байсныг тус тус гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Оийн өгсөн: ...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед охин С*******, хүргэн Сгийн машиныг жолоодоод охин С, охин С, охин С, хүргэн С, зээ охин О.Н, зээ хүү Н*******, зээ охин С.Н бид нар Орхон аймаг руу явсан. Орхон аймаг руу явж байгаад Оросын булгийн гүүр гараад хорих руу салдаг самбар өнгөрөөд явж байсан. Тухайн үед С*******о энд замын нүхтэй ш дээ гэж хэлээд удалгүй замын хагархай эвдэрсэн нүх хэсэг рүү жолооч талын дугуй орсон. С******* дугуй хагарчихлаа үрүүл жолоодлогогүй болчихлоо гээд хоёр тийш машин гуйваад миний тал руу хазайх шиг болсон. Тэгээд би цааш сайн санахгүй байна. Миний хувьд гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний охин С******* нь миний эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Сгийн өгсөн: ...Оросын булаг руу дөхөж явсан нэрийг нь сайн мэдэхгүй байна. Гүүр гараад нэлээн өгсөж явж байсан. Тэгтэл гэнэт бага зэрэг машин зүүн гар тийш дарсан. Тэгээд удалгүй доороос цохих шиг болоод удалгүй машин эргэсэн. Тэгээд би юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн Орхон аймгийн эмнэлэгт хэвтэж байсан. ...манай төрсөн дүү С******* нь миний эмчилгээний төлбөр болох 6 сая төгрөгийг төлж барагдуулсан тул би одоо гомдол саналгүй болон нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30, 32 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед байх Орхон аймаг руу эмээ О, ээж С*******, эгч С, эгч С, С ах, эгч С, дүү Н, дүү Н******* нарын хамтаар С ахын машинтай эгч Сг автобусанд суулгахаар явсан. С ахын машиныг ээж жолоодоод явж байсан. Би тэгээд замдаа унтчихсан явж байсан чинь машин эргэлдэхэд би сэрсэн. Тэгэхэд С ах намайг суудлын доош миний дээрээс дараад байсан. Тэгсэн машин замын хажуу тал руу нэг эргэлдэж дөрвөн дугуй дээрээ зогсож байсан. Бид нарыг С ах машинаас гаргаж аваад байж байтал Орхон аймгийн эмч нар ирээд бид нарыг эмнэлэг рүү авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Очирхуягийн өгсөн: Уг ослоос болж манай охины зүүн гар хугарсан. Уг гэмтэлтэй холбоотой мөнгийг манай эхнэр С******* болон бид хоёр дундаасаа гаргаж эмчлүүлсэн. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Ослын талаар манай гэр бүлийн гишүүд болон осолд орж биедээ гэмтэл авсан хүмүүс бүгд ярилцаж байгаад уг байгууллагаас мөнгө нэхэмжилж авахгүйгээр хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Орхон Азза ТӨХК-иас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Уг ослоос хойш эмчилгээний зардалд ойролцоогоор 15 сая гаруй төгрөгийг биедээ гэмтэл хүмүүст зарцуулаад байгаа. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Сгийн өгсөн: ...Тээврийн хэрэгслийг дүү С******* жолоодож явсан. Бид нар Орхон аймаг руу нэлээн дөхөж Нарангийн гүүр гэх газар өнгөрөөд нэлээн өгсөөд явж байсан. Дүү С******* өө энд хувил байсан ш дээ гэж хэлж дуусаагүй байж байтал машин тас хийгээд уначихсан. Тэгээд би нэг хэсэг манарсан. Сэрэхэд машин дотроо сууж байсан. ...Үзэгдэх орчин хэвийн зүгээр ямар нэгэн саад тотгор байгаагүй, ямар нэгэн зүйл саад учруулаагүй. Бид нарын ойр хавьд ямар нэгэн машин тэрэг, мал, амьтан, хүн гэх мэт зүйл байгаагүй. Манай дүү С******* нь эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулсан байгаа. Цаашдаа эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 46 дахь тал/,
9. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Сгийн өгсөн: ...Оросын булаг гэх нэртэй газраар дамжин өнгөрөх асфальтан зам дээр явж байтал бид нарын Орхон аймгийн чиглэлд явж байсан эгнээнд гэнэт зам нь эвдэрсэн нүх гарч ирсэн. Тухайн үед миний төрсөн дүү С******* тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан. Тэгээд тэр нүхийг жолооч талын дугуйгаараа дайрсан чинь дугуй хагарах шиг болоод машин хоёр тийшээ мурийх шиг болоод машин баруун гар тал руу, замын хажуу руу эргэлдээд машин зогссон. Машинаас манай нөхөр болон дүү С******* хоёр буугаад бид нарыг машинаас гаргасан. Мөн замаар явж байгаа машины жолооч нар ирээд бид нарт тусалсан. Удалгүй Орхон аймгийн эмч нар ирээд бид нарыг Орхон аймгийн эмнэлэг дээр хүргэж ирээд ээж О, төрсөн эгч С, төрсөн эгч С, дүү О.Н, С.Н******* нар гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон. Харин С*******, С, С.Н бид нарыг биеийн байдлыг үзээд гэмтэлгүй байна гээд эмнэлэгт хэвтүүлээгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь манай дүү С******* нь эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулсан байгаа. Цаашдаа эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
10. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Н*******ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Сгийн өгсөн: Миний хувьд санал, хүсэлт байхгүй. Манай хүү Н******* нь ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангийн сурагч бөгөөд одоохондоо ярьж хэлэхдээ жаахан тааруу байгаа. Уг ярьж хэлэх үйлдэл нь ослоос болоогүй төрөлхийн иймэрхүү асаргаанд байгаа юм. С*******о эмчилгээний төлбөр мөнгө өгч барагдуулсан. Манай нөхөр мөн адил гомдол саналгүй, төрөл садангийн хүмүүс учир тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ нэхэмжилж авахгүй байхаар шийдсэн. Манай охин ямар нэгэн гэмтэл байхгүй, хэвийн бөгөөд цэцэрлэгтээ явж байгаа. Одоо 4 настай. Уг хүүхэдтэй холбоотой гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,
11. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Сгийн өгсөн: ...Би арын суудал дээр сууж явсан учир хянах самбарыг хараагүй. Миний бодож байгаагаар 80-90 км цагийн хурдтай явж байсан байх. ******* улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар төрөл садангийн хүмүүс байгаа юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
12. Иргэний хариуцагч Орхон авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын өгсөн: ...Манайх Орхон аймгаас Булган аймгийн чиглэлд 29.7 км зам хариуцаж арчилгаа үйлчилгээ хийдэг. Манайх 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өдөр болгон замын эвдрэл гэмтлийн хяналт шалгалтад гардаг. Уг осол болсон гэх газарт байсан замын эвдрэл нь анх 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гарсан шиг санагдаж байна. Эвдрэл гэмтлийн шалгалтад би болон өөр хүмүүс өдөр болгон явж шалгаж бүртгэдэг байсан. Тухайн хэрэг болсон гэх газарт байсан замын эвдрэлийг болохоор тийм айхтар эвдрэл гэмтэл биш гэж бодож байна. Улмаар тухайн гэмтлийг манай байгууллага 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр засаж янзалсан. Одоо хэвийн байгаа. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/
13. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 487 дугаартай: С.Н*******ийн биед зүүн чихний дэлбээ, хуйханд 2 тооны няцарсан шарх, нүүрэнд олон тооны зулгаралт, зүүн бугалгад зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байж болно. Няцарсан шарх тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,
14. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 485 дугаартай: П.Сгийн биед баруун далны ясны далд хугарал, нүүрэнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна. Далны ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
15. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 493 дугаартай: А.Сгийн биед нуруунд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,
16. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 490 дугаартай: Ж.Оийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл, хальсан доорх дух, зулай хэсгийн цусан хураа, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, нүүр, зүүн сарвуу, зүүн чихний ард зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна. Гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх дух, зулай хэсгийн цусан хураа нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний ухархайн доод хананы хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
17. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 486 дугаартай: П.Сгийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, нугасны хагас дарагдал, умдаг ясны 2 талын хугарал, тархи доргилт, баруун бугалга, тохойд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Хоёр талын умдаг ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 121-122 дахь тал/,
18. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 489 дугаартай: П.Сгийн биед баруун атгаал ясны далд зөрөөтэй хугарал, баруун мөр, цээж, зүүн өвдөгт зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Атгаал ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
19. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 488 дугаартай: О.Номин-Эрдэнийн биед зүүн атгаал ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хавтаст хэргийн 131-132 дахь тал/,
20. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 219 дугаартай: П.Солонгын биеэс авсан цусанд этилийн спирт илрээгүй болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 143-144 дэх тал/,
21. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 22243 дугаартай: ...2022 оны 06 дугаар сарын байдлаар ******* улсын дугаартай Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнийг 8.560.000 төгрөг, зах зээлийн үнийг 11.500.000 төгрөгөөр тус тус тогтоолоо... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 151-166 дахь тал/,
22. Цагаан шонхор жигүүр нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/85 дугаартай: Toyota Prius 20 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.С******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Орхон авто замын засвар арчилгаа төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.3 дахь заалтыг зөрчсөн байна. Toyota Prius 20 загварын ******* улсын дугаартай автомашины жолооч П.С******* нь тухайн өөрийнхөө зорчих хэсэг эгнээгээр явж байсан бол замын эвдрэл нь автомашины тэнхлэг хооронд зайгаар гарах боломжтой байсан гэж үзэж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.26-д “...мөн зорчих хэсгийн нүх”-ийг саад гэж үзэх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 177-179 дэх тал/,
23. Мөрдөн шалгах ажиллагаанд П.Солонгын яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд Булган аймгийн төвөөс Орхон аймаг орох гээд хүргэн ах болох Сгийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Урд талын суудал дээр манай ээж О суусан. Арын суудал дээр хүргэн ах С, манай эгч С, С, С, хүүхдүүд болох Сгийн хүүхэд Н*******, манай охин Н нар сууж явсан. Тэгээд асфальтан замаар явж байгаад Нарангийн гүүр гараад Орхон аймгийн зүгт асфальтан замаар чигээрээ бага зэргийн өгсүүр газар явж байсан. Тэгтэл зам дээр миний зорчих хэсэг дээр замын эвдрэл нэлээн том гараад ирчихсэн. Би зогсоож бол амжихгүйгээ мэдээд жолооны хүрдийг зүүн дарж буюу тойрч гарах үйлдэл хийтэл замын эвдрэлд машины баруун талын хоёр дугуйгаар цохигдоод улмаар дугуй нь хагарч байгаа дуу нь сонсогдсон. Тэгээд цааш машин тэнцвэрээ алдаж улмаар дайвалзсаар байгаад асфальтан замын зүүн талын хэсэг рүү гарч хөрвөөж байгаад зогссон. Улмаар машинаас гарахад машинаас шидэгдсэн хүн байгаагүй. Би уг ослоос хойш хохирогч нарын эмчилгээний бүх зардлыг өөрөөсөө төлж барагдуулсан байгаа. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 197-198 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ж.О, П.С, П.С, П.С, насанд хүрээгүй хохирогч О.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Очирхуяг, насанд хүрээгүй хохирогч С.Н*******, түүний хууль ёсны төлөөлөгч П.С, иргэний нэхэмжлэгч А.С нарын хохирол, хор уршгийн талаар болон гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч А.С, иргэний хариуцагч Н.Э нарын гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч П.С******* нь засмал замын эвдрэл гэмтлийг харахгүй, дайран гарснаар тээврийн хэрэгслийн баруун талын хоёр дугуй хагарч аюул саад тулгарахыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх ба 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн Оросын булаг гэх газарт Булган аймгаас Орхон аймгийн чиглэлийн засмал зам дээр ******* улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Н*******ийн эрүүл мэндэд хөнгөн, П.С, О.Н, П.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ж.О, П.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлүүд нь тээврийн хэрэгсэл дайвалзах, хөрвөөж унах зэрэг хатуу мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шүүгдэгч П.Солонгын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр насанд хүрээгүй хохирогч С.Н*******ийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч П.С, насанд хүрээгүй хохирогч О.Н, хохирогч П.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Ж.О, П.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан нь хатуу мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд засмал замын эвдрэл гэмтлийг харахгүй, дайран гарснаар тээврийн хэрэгслийн баруун талын хоёр дугуй хагарч тээврийн хэрэгсэл тэнцвэрээ алдаж, унах үед гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Солонгын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.С******* жолоодож хөдөлгөөнд оролцсон, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч П.С******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар аюул гэдэгт энэхүү дүрмийн заалтыг зөрчиж буй хөдөлгөөнт объект буюу хүн, тээврийн хэрэгслийг ойлгодог ба тээврийн хэрэгслийн жолооч аюултай байдал бий болсныг мэдсэн даруй, мэдмэгц тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ буюу тоормос гишгэх үйлдлийг хэлнэ.
Жолооч жолоодлого үйлдэх явцад өөрт аюултай, саад тулгарсан үед жолооны хүрдийг баруун, зүүн гар тийш дарах, эргүүлэх үйлдэл хийх нь өөрт болон бусад хөдөлгөөнд оролцогчид аюултай байдлыг бий болгодог, хэрэв жолооч энэхүү үйлдлийг зайлшгүй хийх шаардлагатай бол өөрт болон бусад оролцогч нарт аюултай байдал үүсгэхгүй байдлыг магадлан мэдсэн байх ёстой.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.Солонгын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Н*******ийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч П.С, насанд хүрээгүй хохирогч О.Н, хохирогч П.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Ж.О, П.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэлийн баримт ирээгүй боловч шүүгдэгч П.С******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 15.000.000 төгрөгийг төлсөн ба иргэний хариуцагч Орхон авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компаниас хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлжээ.
Мөн насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар нь бид нарт ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч П.Солонгыг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Солонгыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.Солонгын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.С*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 202-203, 205 дахь талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.С******* нь Булган аймаг, Булган суманд 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймаг, Булган сум, 4 дүгээр баг, ******* тоотод оршин амьдардаг, ******* ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.С******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4/115 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч П.Солонгын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч П.Солонгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 4 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 4 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.С******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн В ангиллын 1043490 дугаарын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт П*******ийн Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Солонгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 04 /дөрөв/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 04 /дөрөв/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.С*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч П.С*******д сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч П.С******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт хураагдан ирсэн В ангиллын 1043490 дугаарын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шүүгдэгч П.С******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР