| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00668/И |
| Дугаар | 142/ШШ2018/00702 |
| Огноо | 2018-07-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2018/00702
| 2018 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 142/ШШ2018/00702 | Орхон аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ** тоотод оршин суух,...... -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг Зээлийн ** тоотод оршин суух,... -д холбогдох,
250000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч .... , хариуцагч .... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие....-г бараан захад өөрийн эзэмшлийн гутлын тасагт худалдагчаар авч ажиллуулсан. Гэтэл .... нь 250000 төгрөгийн үнэ бүхий гутал бараа дутаасан тул 250000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч .... шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 05 дугаар сарын18-наас 6 дугаар сарын 03-ныг хүртэл .... ахын 2-27 тоот гутлын лангуунд ажилласан нь үнэн. 2018 оны 05 дугаар сарын 18-нд бүх гутал бараануудыг ..ах тоолон надад хүлэлгэн өгсөн. Гэтэл бараа тоолж авснаас хойш 6 сарын 03-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд ... болон түүний эхнэр . бид гурав олон төрлийн гуталнаас размер асууж хүнд үзүүлэхээр нэг нэгнийхээ лангуунаас гутал авч явцгаадаг байсан. Гэтэл гэнэт 6 дугар сарын 03-ны өдөр ажлаасаа гар бид өөрсдөө сууна гээд орой нь манайд гэнэт архи барьж ирсэн. Тэгээд бараанаас нь 1000000 төгрөг дутаад чи идсэн, чи найз нөхөддөө өгсөн, чи авсан гээд яриад тэгэхээр нь би гэртэээ оруулж шалгуулсан. Намайг чи яаж төлөх гэж байна гээд дайрсан. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тооллого хийж 250000 төгрөгийн бараа дутсан. Гэтэл .... эгч эх үрсийн баярыг тохиолдуулан миний ажиллаж байсан лангуунаас гутал авч явдаг байсан. Иймд би тэр гутлыг авч яваагүй, идээгүй, уугааагүй болохоор энэ төлбөрийг төлөхгүй гэж хэлсэн. Эхнэр нь үүнд буруутай. Гэвч эхнэр .... нь чи 250000 төгрөгийн төлбөртөө гар утасаа өг гэж дайрч миний цүнхийг татаж хувцсыг минь урж, камераас далд лангуу руу чирч оруулж чам шиг юмыг яасан ч яадаг юм гээд доромжилсон. Тэгээд камерыг шүүж үзье камер шалгаж болохгүй, цагдаа шийдвэрлэж чадахгүй гэж хэлж байсан. Энүүгээр ч зогсохгүй нөхөр ..... нь надруу залгаж ... эгч нь танайд очсон уу? би өчигдөр зодоод явуулсан, ахын дүү манайд хүрээд ир ... эгч нь алга, хоол идэнгээ архи ууя гэж ярьсан. Миний цалинг ч тоохгүй эхнэрийнхээ ар урдуур нуугдаж авсан гутлын төлбөрийг яагаад надаар хийлгэх гээд байгааг ойлгохгүй байна. Эхнэр .... нь нөхрөөсөө далдуур надаас гутал авч явсан гуталны мөнгийг төлөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч.... шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ..... гэдэг хүнийг худалдагчаар авсан. Ажилдаа хайнга хандаад байхаар нь бараагаа тоолсон чинь бараа дутсан. Эхний өдөр тоолсон чинь 600.000 төгрөгний бараа дутсан. Дараа нь тоолсон чинь лангуун доороос юм гарч ирээд 300.000 төгрөг дутсан. Өөрөө дутаасан бараагаа дэвтэр дээр жагсааж бичсэн. Энэ баримтыг шүүхэд өсгөн. 5 өдрийн цалин өгөөгүй байсан тэрийгээ тооцсон. Мөн унааны мөнгийг хассан. Хүүхдийн баяр гээд 100000 төгрөг урьдчилж өгсөн. Дараа нь халагдахад нь 69.000 төгрөг нэмж өгсөн. 15 хоног ажилласан хоногийн цалин нь 125.000 төгрөг болсон. 3000000 төгрөгний бараа зарсан гээд 30.000 төгрөг, унааны мөнгө гэж 1000 төгрөг нэмж өгсөн. Дутсан барааны мөнгө болох 319.000 төгрөгнөөс хасаад 250.000 төгрөг үлдсэн гэв.
Хариуцагч ..... шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анх зарын дагуу ...... ах руу яриад очсон. Тэгээд 250.000 төгрөгийн цалинтай ажиллахаар болсон. Би Эрдэнэт хотод түр хугацаагаар амьдрах байсан болохоор нөхцөлийг нь хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар 03-ны өдөр хүртэл ажилласан. Хүүхдийн баяраар ачаалал ихтэй байхад ... эгч ирээд гутал аваад л явдаг. Би итгээд ажилд орсон учраас араас нь санаа зовохгүй, бараа авсан гэж бодоод орхичихдог байсан. ... эгчийн гутал авч явсан өдрүүдийн гутал дутахаар нь би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийнхөө дутаасан нэг хүүхдийн ботинк, 20.000 төгрөгний углаашаа хүлээн зөвшөөрч байна. Бусдыг нь би хүлээн зөвшөөрөхгүй .... эгчийн авч явсан гутал гэж хэлсэн. ..... ах тэгсэн чинь чи аль алийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм бэ? тэрийгээ хэлчих хэлсэн. Би дээрээс нь цалингаа хасуулсан. Тэгээд 40.000 төгрөг үлдлээ гэхээр нь би 4 сарын дотор төлнө гэж хэлсэн чинь ......ах за гэж хэлсэн. Гэтэл эхнэр нь цаанаас нь шууд утас булаагаад чи төлбөртөө утсаа өг гээд цүнхний оосрыг минь таслаад, цувыг минь хоёр талаас нь урсан. Намайг камергүй газар руугаа татаж оруулсан. Тэгэхээр нь би 40.000 төгрөгийг чинь төлж чадахгүй, цагдаагаар шийдвэрлүүлье гэсэн чинь .... ах цагдаа шийдэж чадахгүй гэсэн. Камерийн бичлэг шалгая гэсэн чинь шалгаж болохгүй гэсэн. Тэгэхээр нь... эгч бид хоёр ороод шалгах гэсэн чинь та камерийн бичлэг шалгаж чадахгүй тиймээ гээд дайрсан чинь нөгөө хүн нь тийм гэж хэлсэн. ...... ах камерийн бичлэг 4 хоноод устчихдаг гэж хэлсэн. Хамгийн сүүлд нь би ойлгосон. 4 хоног нь дууссаны дараа намайг шүүхэд өгсөн. Эхнэрийнх нь буруутай үйлдлээс болж бусдыг хохироож болохгүй. Хариуцлагагүй болохоор нь ажлаас халсан гэж хэлж байгаа нь худлаа. Өөрийнхөө амьдралын нөхцөл байдалд тохируулж худалдагч аваад өөрийнхөө зоргоор ажлаас халсан. Би ажлаас гарахаас хэдэн өдрийн өмнө нь эхнэрийнх нь гаргаж байгаа үйлдлийг нь бүгдийг нь ...... ахад хэлсэн.. эгч их ......хөдөлгөөнтэй юм. Ирээд миний нүдэнд үзэгдэж харагдахгүйгээр гутал аваад явчих юм. Та манай лангуу руу О эгчийг битгий явуулаад бай гэж хэлсэн. Намайг ажиллаж байхад 2 удаа тооллого хийсэн. Эхлээд 600000 төгрөг дутсан гэсэн. Дараа нь бараагаа тоолж өгөхөд 250.000 төгрөг дутсан гэсэн. Өмнө нь бараг 1000000 төгрөг дутсан гээд байсан гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... нь ....-д холбогдуулан 250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Хариуцагч ....нь зарын дагуу нэхэмжлэгч ....... ын Бараан захын 2-27 тоот гутлын лангуун дээр 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын 250000 төгрөгийн цалинтай худалдагчаар ажиллахаар тохиролцсоны дагуу худалдагчаар 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллажээ.
Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д иргэн нь иргэн ба хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно гэж, мөн хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж тус тус заасан.
.... нь ...-г өөрийн бараан захад байрлах гутлын лангуун дээр худалдагчаар авч ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй байх ба ...-г хэдэн төгрөгийн цалинтай хэдэн сарын хугацаанд ажиллуулахаар тохиролцсон, түүнд хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн, хүлээлгэж өгсөн бараа бүтээгдэхүүнээс хэдэн төгрөгийн ямар бараа бүтээгдэхүүн, тоо ширхэгээр дутагдуулсан, .-г... ямар хугацаагаар худалдагчаар ажиллуулаад түүнд хэдэн төгрөгийн цалин хөлс олгосон талаарх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч ... ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байх тул түүний хариуцагч .....-гээс дутагдуулсан гутлын үнэ 250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8150 /найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч... ын хариуцагч .....-гээс дутагдуулсан гутлын үнэ 250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8150 /найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ