Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/665

 

 

 

 

   2022          08          30                                     2022/ШЦТ/665

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: П.Отгонбаатар,

Хохирогч: Н.Б-,

Шүүгдэгч: Л.О-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.О-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205019891945 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.О-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оскар” нэртэй караокед Н.Б-ын нүүрэн тус газар нь нэг удаа цохиж биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд шарх, алимны салстад цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.О-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Б- шүүх хуралдаанд: “...2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр А-, Б- гэдэг багийн найз нартайгаа уугаад сууж байсан. Арван жилийн найз А- над руу залгасан. Караоке ороод захиалга өгөөд байж байхад саран хэлбэртэй ширээний нэг би захад нь О- нөгөө захад сууж байсан. Аавын дуу дуулж байхад О- хүрч ирээд цохисон. Надаас цус асгараад гэмтэл явсан. Гэмтэл согог үндэсний төвд оёдол тавиулсан. Хамрын таславч гэмтсэн гэсэн. Нэгдүгээр эмнэлгийн нүдний эмч рүү яв гэсэн. Нүдний ухархайны имфлант гаднаас ав гэсэн. 5 дугаар сарын эхээр нүдний хагалгаанд орсон. 5 дугаар сарын дундуур хамрын хагалгаанд орсон. 5 сая гаруй төгрөг нэхэмжилж байна. Томогрофикын  зураг авахуулсан, имфлант, эм тарианы мөнгө зэргийг нэхэмжилж байгаа. Дээд, доод зовхи оёдлын сорвитой байгаа. Үүнийг янзлуулах талаар хэлэхэд бүрэн эдгэсний дараа хагалгаанд орно гэсэн. Хагалгааны үнэ 1.200.000 төгрөг гэсэн. Өнөөдрийн гаргаж өгсөн баримт дээр томографын зураг, хамрын хагалгааны баримт байхгүй байгаа” гэв.

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би нэг дуу дуулаад дуустал О- гээд А-ийн найз нь миний хажууд хүрч ирээд шууд нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан бөгөөд цус гараад Бадамсүрэн, А- бид 3 гэмтлийн эмнэлэг рүү яваад нөгөө хэд караоке дотор үлдсэн. Би тэр О- гэх залуутай огт хэрүүл маргаан хийгээгүй байхад намайг цохиод авсан. О- намайг нэг удаа цохисон. О-оос өөр хүн намайг цохиж зодоогүй. Би О- гэж залууг эргүүлж цохиож зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- дуу дуулаад сууж байтал О- босож ирээд гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан, ямар шалтгаанаар цохисон талаар бол мэдээгүй. Б-ын хөмсөг хэсгээс цус гараад байхаар нь Бадам бид Б-ыг аваад гэмтэл явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Шинжээчийн 6843 тоот дүгнэлтэд: “...Н.Б-ын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд шарх, алимын салстад цус хуралт, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-н 12-13/,

Шинжээчийн 566 тоот дүгнэлтэд: “...ШШҮХ-н ШЭШГ-ын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан №6843 дугаартай дүгнэлтэнд дурьдагдсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд шарх, алмины салстад цус хуралт гэсэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.Б-ын биед өөр гэмтэл учраагүй байна. Баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд шарх, алимны салстад цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэжээ /хх-н 19-20/,

Яллагдагчаар Л.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. ...Б- намайг доромжлоод байгаа юм шиг сонин үйлдэл, хоолойны өнгөтэй яриад байхаар нь уур хүрээд Б-ын нүүр тус газарт нэг удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-43/ зэрэг болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Л.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тодорхой шалтгаангүйгээр 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оскар” нэртэй караокед Н.Б-ын нүүрэн тус газар нь нэг удаа цохиж биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд шарх, алимны салстад цус хуралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Б-ын мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Л.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тодорхой шалтгаангүйгээр хохирогч Н.Б-ын нүүрэн тус газар цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Л.О-нь хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Л.О-нь шүүх хуралдаанд хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс хагалгаанд орсон төлбөр, цаашид хагалгаанд орох төлбөр, эм тариа авсан зэрэг 5 сая гаруй төгрөг нэхэмжилсэн ба хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг үнэлж 1.803.070 төгрөгийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн шүүгдэгч Л.О-оос 1.803.070 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн шүүх хуралд шинээр гаргаж өгсөн баримтаас 61.250 төгрөгийн баримтыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцоогүй болно.

Учир нь тухайн баримт нь ус, элэг хамгаалах бэлдмэл авсан баримтууд ба шинжээчийн дүгнэлтээр учирсан хохирогчийн гэмтэл буюу энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамаарахгүй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн нэхэмжлэлээс зураг авахуулсан 280.000 төгрөг, хамрын хагалгаанд орох 1.800.000 төгрөг, сарын цалин 2.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ нэхэмжлэлүүдийн талаархи баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хохирогчийн дээрх нэхэмжлэлүүд баримтгүй ба хохирогчийн мэдүүлгээр тухайн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Л.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-оос 1.803.070 төгрөг гаргуулж хохирогч Н.Буяжаргалд олгосугай.
  6. Хохирогч Н.Б- нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР