Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/664

 

 

 

 

   2022          08          30                                     2022/ШЦТ/664

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Цогтгэрэл /томилолтоор/,

Шүүгдэгч: С.О-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Шүүгдэгч: Э.З-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.З-, С.О-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102003660173 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.О-, .... . тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,

Шүүгдэгч С.О- нь Э.З-той бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Толгойтын 17 гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 166.3 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

- 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 166.3 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Шүүгдэгч Э.З- нь С.О-тай бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Толгойтын 17 гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 41 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

- 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 41 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.О- шүүх хуралдаанд: “Би Дарханаас тухайн өвсийг ганцаараа түүж ирсэн. Золбоотой уулзаж ажил хийх талаар тохиролцоод өвсийг хэрэглээд үзэх үү гэж хэлээд хэрэглээд сууж байсан. Цагдаа хүрч ирээд хэрэглэж байсан өвсийг Золбоог халаасандаа хийчих гэсэн. Өвсийг түүхэд Золбоо хотод байсан. Бид 2 зөвхөн хэрэглэж л байсан. Цагдаагийн байгууллагад Золбоо очиход 18 насанд хүрээгүй байсан учраас мэдүүлэг өгөөгүй” гэв.

Шүүгдэгч Э.З- шүүх хуралдаанд: “8 дугаар сарын 19-ний өдрийн 7 цагийн үед О- над руу Дарханаас ирж байна гээд залгаж уулзсан. О- цэнхэр цүнхнээсээ ууттай зүйл гаргаж ирээд цуг хэрэглэсэн. Хэрэглээд байж байхад 2 цагдаа хүрч ирээд газар байсныг намайг уутанд хийгээд барьчих гэж хэлсэн. Би 18 насанд хүрээгүй байсан учраас хууль ёсны төлөөлөгч байхгүй гээд надаас мэдүүлэг аваагүй. Би өвсийг түүхэд хамт байгаагүй. Зөвхөн хотод хамт хэрэглэсэн. Хадгалсан асуудал байхгүй” гэв.

Шүүгдэгч Э.З-гийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу гэж асуухад “Миний гартаа барьсан гялгар уутанд өвс гэх нэршилтэй ургамал, түүнийг хэрэглэхэд ашигладаг бонго болгон бэлдсэн усны сав, хуйлсан мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас байгаа гэж хэлсний дагуу гарт нь байсан эд зүйлсийг шалгахад гялгар уутны хамт 36.7 грамм жинтэй ногоон өнгийн өвс мэт ургамал, жижиг гялгар уутны хамт 7.2 грамм жинтэй өвс ургамал зэрэг байсныг бичлэг хийж тэмдэглэлд тусган үзлэг хийхээр хураан авлаа...” гэжээ /хх-н 14-18/,

Шүүүгдэгч С.О-ын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад өөрийн өмсөж явсан яакны зүүн талын энгэрийн халааснаас жижиг гялгар уутанд хийсэн өвс ургамал гаргаж ирснийг жинлэхэд 5.3 грамм жинтэй байх ба үүрч явсан цэнхэр өнгийн цүнхнээс гялгар уутанд хийсэн ногоон өнгийн өвс ургамал гаргаж ирээд энэ өвс гэх зүйлсийг өөрийн найз Золбоотой одоогоос 2-3 хоногийн өмнө Дархан хотын Толгойт гэх газраас түүж наранд дэлгэж хатаагаад 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ирэхдээ авч ирсэн гэж хэлснийг гялгар ууттай өвсийг жинлэхэд 169.6 грамм жинтэй байсныг шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулан эд мөрийн баримтаар тооцохоор хураан авлаа” гэжээ /хх-н 21-25/,

Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 96 дугаар сургуулийн хашаанд хүүхдүүд тогтмол өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг гэдэг мэдээ авсан. Тухайн өдөр мэдээний дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар сургууль буюу Оюуны Ундраа цогцолбор сургуулийн хашаанд сэжигтэй этгээд байж байхаар нь очиж шалгасан ба тухайн хоёр хүнээс “та нарын биед мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис байгаа юу” гэж асуухад байгаа гэж хариулсан учир тухайн хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны байранд авч ирж Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Сайнжаргалд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

Шинжээчийн 3830 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай /165.0 грамм/ нойтон өвс мэт ургамал, гялгар ууттай /4.9 грамм/ нунтаг өвс мэт ургамал тус бүрд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтанд багтдаг” гэжээ. /хх-н 40-43/,

Шинжээчийн 3829 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Бонго болгон бэлдсэн Вита цэвэр усны сав, хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэр, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас гялгар ууттай /34.4 грамм/ өвс мэт ургамал, гялгар ууттай /6.6 грамм/ өвс мэт ургамал тус бүрд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэжээ. /хх-н 47-50/,

Шинжээчийн 3828 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. З-2021.8.19 гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв. Тетрагидроканнамбинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэжээ. /хх-н 53-55/,

Шинжээчийн 3942 тоот дүгнэлтэд: “...С.О- .. 2021.08.20 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” ковенцийн жагсаалтад хамаарна” гэжээ. /хх-н 59-61/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 680 тоот дүгнэлтэд: “...С.О- ...сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ...одоо сэтгэцийн өвчтэй гэх шинж, баримт үгүй байна. ...сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна” гэжээ. /хх-н 64-65/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 677 тоот дүгнэлтэд: “...Э.З- ...сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ...одоо сэтгэцийн өвчтэй гэх шинж, баримт үгүй байна. ...сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна” гэжээ. /хх-н 68-69/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, шүүгдэгч Э.З-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 71-, шүүгдэгч Э.З-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 72-74, 79-99/, шүүгдэгч Э.З-огийн ялын тооцоо /хх-н 100/, шүүгдэгч С.О-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 101-124/, шүүгдэгч С.О-ын ялын тооцоо /хх-н 125/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 193-196/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Нийслэлийн прокуророос шүүгдэгч Э.З- нь С.О-тай бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Толгойтын 17 гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 41 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Э.З-г С.О-тай бүлэглэн ...өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 41 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн... гэж зөвхөн шүүгдэгч С.О-ын мэдүүлэгт үндэслэн түүнийг ...түүж бэлтгэсэн гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, шүүгдэгч, ялтан ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Э.З-г шүүгдэгч С.О-тай хамт Дархан-Уул аймгаас ирсэн талаарх баримтгүй, шүүгдэгч нарын харилцан өөрөөр өгсөн мэдүүлгүүдийн хамт түүсэн гэсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн тухайн хэрэгт яллагдагчаар татсан байна. Тухайн шүүгдэгч нь шүүх хуралдаанд хамт түүгээгүй талаар мэдүүлсэнээс өөрөөр шүүгдэгч Э.З-г С.О-тай хамт ...сэтгэцэд нөлөөт бодис ...бэлтгэсэн гэдэг нь хангалттай нотлогдохгүй, эргэлзээ бүхий байдал бий болгож байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж прокуророос ... бүлэглэн түүж бэлтгэсэн... гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.З-гийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бүлэглэж бэлтгэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч С.О-ын үйлдлээс Э.З-той бүлэглэж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн үйлдлийг ганцаараа үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.З-г 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 41 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.З-, С.О- нар нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон.

Шүүх хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтад үнэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч С.О- нь  2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Толгойтын 17 гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 166.3 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

- 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 166.3 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Э.З- нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт нийт 41 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.С-ийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.О- нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан”,

Шүүгдэгч Э.З- нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу ““Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан”, шүүгдэгч Э.З-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.О- болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял, шүүгдэгч Э.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял” тус тус оногдуулах, шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч “зорчих эрх хязгаарлах ял доод хэмжээгээр онодуулж өгнө үү” шүүгдэгч Э.З-гийн өмгөөлөгч “доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч С.О-, Э.З- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр буюу 01 жил хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч гаргасан “зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.О- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ялын тооцоогоор 6 сар, 02 хоногийн ял эдэлж, 5 сар, 28 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор /хх 125/,

Шүүгдэгч Э.З- нь  Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өрийн 42 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ялын тооцоогоор 2 сар, 20 хоногийн ял эдэлж, 5 сар, 03 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор /хх 100/ тус тус тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар, 28 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор онодуулсан 01 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил, 5 сар, 28 хоног хорих ялаар,

Шүүгдэгч  Э.З-д урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өрийн 42 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар, 03 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 01 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил, 5 сар, 03 хоног хорих ялаар тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-, Э.З- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарын урьд цагдан хоригдсон 56 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар цагдан хоригдсон боловч ялын тооцоог 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гаргасан тул цагдан хоригдсон хоногийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс тоолсон болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа “уутны хамт 5.3 грамм жинтэй өвс, гялгар уутны хамт 169.6 грамм нойтон өвс, Вита гэсэн бичигтэй хуванцар сав, мөнгөлөг цаас, гялгар уутны хамт 36.7 грамм өвс, жижиг гялгар ууттай 7.2 грамм өвс зэргийг устгах,

- С.О-ын дэлгэц нь гэмтсэн Самсунг гэсэн бичглэлтэй гар утсыг шүүгдэгч С.О-т буцаан олгох,

- NZ5661271 сери дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  3. Шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Монгол овогт Энхцэцэгийн  Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-г 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т энэ тогтоолоор оногдуулсан 01 жил хорих ял дээр Дархан-Уул аймагт дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар, 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 01 жил, 5 сар, 03 хоног хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д энэ тогтоолоор оногдуулсан 01 жил хорих ял дээр  Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өрийн 42 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 5 сар, 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 01 жил, 5 сар, 28 хоног хорих ялаар тус тус тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-, С.О- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-, С.О- нарын урьд цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа “уутны хамт 5.3 грамм жинтэй өвс, гялгар уутны хамт 169.6 грамм нойтон өвс, Вита гэсэн бичигтэй хуванцар сав, мөнгөлөг цаас, гялгар уутны хамт 36.7 грамм өвс, жижиг гялгар ууттай 7.2 грамм өвс зэргийг устгах,

- С.О-ын дэлгэц нь гэмтсэн Самсунг гэсэн бичглэлтэй гар утсыг шүүгдэгч С.О-т буцаан олгох,

- NZ5661271 сери дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

  1. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-, Э.З- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР