Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/715

 

 

 

 

    2022          09          23                                     2022/ШЦТ/715

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Ө-, Н.Б- нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө-, Н.Б-од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205010222036 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....

2. Шүүдэгч: Монгол Улсын иргэн, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ө- нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт хохирогч Ж.Т-гийн толгой хэсэгт гараараа болон ширээгээр цохих зэргээр халдаж биед нь духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт хохирогч Г.Т-тэй маргалдан улмаар түүний толгойн ар хэсэгт сэрээгээр хатгаж биед нь дагзны зүүн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ө- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт 04-05 цагийн хооронд Ө-, З-, С-, Л- гэх 4 найзтайгаа нийт тавуулаа хоол идэх гээд орсон. Ороод 2 давхарт шатны хажууд суугаад хоол идэж байхад хажууханд нь сууж байсан 2 залуугийн нэг нь өдөөн хатгасан шинжтэй үг хэлсэн. Яг юу гэж хэлснийг нь сайн санахгүй байна. Тэгээд хоолоо идэж дуусаад гарах гэж байхдаа би нөгөө 2 залуу дээр очоод нэгэнд нь хандан “чи юу гээд байгаа юм бэ” гээд маргаан болсон. Тэгээд тэр залуу миний толгойн ар хэсэгт хоолны сэрээ зоосон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь баруун гараараа цохисон. Тэгтэл шөлөндөөгийн хамгаалагч ирээд бид хоёрыг салгасан. Манай найзууд болох З-, С- нар намайг авч гараад намайг гэрт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Хохирогч Ж.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хоол идээд сууж байхад үл таних 30-35 орчим насны дунд зэргийн нуруутай бөөрөнхий царайтай залуу ирээд цуг суугаад хоол идэж болох уу гэхэд нь би тэг тэг гээд бид 2 хоол идээд сууж байхад хажууд сууж байсан залууд хандан гайхаад байна уу гэхэд надтай цуг явж байсан залуу яасан гэнээ гээд маргалдаад зодолдоод эхэлсэн. Зодоон дунд миний зүүн нүд рүү нэг нь цохиод би ухаан алдсан. Тэгээд би маргааш өглөө нь гэмтлийн эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч О.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хорооллын шөлөндөө хоолны газарт найзуудтайгаа хоол идээд сууж байхад хажуу талын ширээнд сууж байсан 2 залуугийн нэг нь бид нарыг хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байсан. Тэгээд бид нар хоолоо идэж дуусаад гарах гэж байхад манай найз Г.Т- хэрүүл өдөөд байсан залуу дээр очоод юм ярьж байтал тэр залуу Г.Т-гийн толгой руу ширээн дээрээсээ нэг юм аваад цохисон. Тэгэхээр нь би очоод Г.Т-г боль гээд хойш нь түлхсэн. Тэгээд бид нар нэгнийгээ чангаагаад боль гээд байж байсан. Тэр үед би бужигнаан дунд Ж.Т-г 1 удаа нүүр рүү нь цохисон. ...манай найз Ө-, Ж.Т-г 1 удаа дэвссэн бас ширээ татаад дээрээс нь унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрчээр Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд би очтол манай найз сэрээдүүлсэн байсан. Тэгэхээр нь би уурлаад Ж.Т-г 2 удаа шанаадсан. Тэгээд Ж.Т-г буйдангийн тэнд унагаагаад хажууд нь байсан ширээг татаад дээрээс нь унагаагаад бас толгойн тус газар нь дэвссэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Гэрчээр Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би 17 цагийн үед “Винс Вэе”-д 6 шил пиво уучхаад 18 цаг 50 минутын үед шөлөндөө гээд хоолны газрын урд Тэмүүлэн гээд залуутай танилцаад шөлөндөө хоолны газарт ороод хоол захиалаад сууж байхад эсрэг талын ширээний залуу муухай хараад байна уу гэхэд би согтуу байсан болохоор чам руу муухай харахаар яадаг юм гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу ширээнээсээ босож ирээд миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн үед хоол идээд сууж байсан, гартаа сэрээтэй байсан болохоор сэрээнийхээ үзүүр хэсгээр тухайн залуугийн дагз хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд тэрнээс хойш би согтуу байсан болохоор яг юу болсон талаараа сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Шинжээчийн 3700 тоот дүгнэлтэд: “...Г.Т-гийн биед дагзны зүүн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 35-36/,

Шинжээчийн 3727 тоот дүгнэлтэд: “...Ж.Т-гийн биед духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 46-48/, хохирогч нарын хүсэлт /хх-н 51, 53/, шүүгдэгч Б.Ө-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 72-89/, шүүгдэгч Н.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 90-101/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Ө- нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөлөндөө хоолны газарт хохирогч Ж.Т-гийн толгой хэсэгт гараараа болон ширээгээр цохих зэргээр халдаж биед нь духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөлөндөө хоолны газарт хохирогч Г.Т-тэй маргалдан улмаар түүний толгойн ар хэсэгт сэрээгээр хатгаж биед нь дагзны зүүн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Т-, Г.Т-, гэрч О.З- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Ө- нь хохирогч Ж.Т-тэй, шүүгдэгч Н.Б- нь хохирогч Г.Т-тэй маргалдаж, улмаар цохиж, зодон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө-, Н.Б- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ө- нь хохирогч Ж.Т-г, шүүгдэгч Н.Б- нь хохирогч Г.Т-г тус тус цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Ө-, Н.Б- нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Ж.Т-, Г.Т- нарын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 51, 53/ тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлсөн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял”, шүүгдэгч Н.Б-од 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял”, тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Ө-, Н.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө-, Н.Б- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял”, шүүгдэгч Н.Б-од 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө-, Н.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч Н.Б-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-, Б.Ө- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР