Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
Хэргийн индекс | 112/2021/0032/З |
Дугаар | 112/ШШ2021/0032 |
Огноо | 2021-08-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 112/ШШ2021/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Б.Мын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Б.Чт холбогдох ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай Албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээд О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие нь ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай албан тушаал буруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь миний бие Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай албан тушаал буруулах тухай захирамж болон Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан алдаа дутагдлыг гаргаагүй. Үүнд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг зорилго зорилтыг жил бүр хангалттай биелүүлж ирсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг 2005 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өргөсөн. 2017 онд Засаг даргын Тамгын газар нь аймагт нэгдүгээр байр эзлэн, баруун бүсийн шилдэг суманд нэр дэвшиж байсан. *******тай байгуулсан үр дүнгийн гэрээгээр 2018 онд 84.7, 2019 онд гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр 96.8, 2020 онд 75 оноогоор дүгнүүлж урамшуулал авсан. 2020 онд төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн. ******* Б.Ч нь 2020 оны миний гүйцэтгэлийн төлөвлөгөөг 75 оноогоор үнэлж, 26 хувийн урамшуулал олгосон. Урамшууллыг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 захирамжаар олгосон. *******ас гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээтэй танилцъя ямар үндэслэлээр уг үнэлгээг өгснийг асуухад 5 сарын хугацаанд жирэмсний амралттай байсан учраас ийм оноо өгсөн гэж хэлсэн. Ийм учраас үнэлгээг харуулах боломжгүй гэж хэлээд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг өгөөгүй. Засаг даргыг томилогдсон үеэс эхлэн бодлогын зөвлөгөө мэдээллээр хангаж байсан. Тухайн үед мэдээллийг цаасаар болон файлаар өгч байсан. Файлаар өгч байсан мэдээллийг Засаг даргын Facebook хаягийн хувь чат болон Е-Office-оор өгч байсан. Засаг даргын гаргасан захирамжийг дээд шатны холбогдох байгууллагад тухай бүрд хүргэж ажилласан. Жишээлбэл: 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/325 дугаартай сумын Засаг даргын албан тоотоор аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтэст хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/14 дугаартай Засаг даргын Тамгын газрын даргын албан тоотоор аймгийн Засаг даргын төрийн захиргаа, удирдлагын хэлтэст Засаг даргын Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/11 дугаартай Засаг даргын Тамгын газрын даргын албан тоотоор аймгийн Засаг даргын төрийн захиргаа удирдлагын хэлтэст Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг тус тус гаргаж хүргүүлсэн. Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 захирамжийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Уг захирамжийг хууль, эрх зүйн мэргэжилтэн өгсөн. Нягтлан бодогч н.Эд захирамж гарсан байна, 2 дугаар багийн Б.М-ын цалингаас 20 хувь суутгах юм байна гэж амаар хэлж байсан. Тухайн сард 01 дүгээр сарын 27-ны орой цалин бодогдсон. Цалингийн цэсийг баталчхаад гэртээ ирсэн хойно нягтлан бодогч руу яриад Б.М-ын цалинг суутгасан уу гэхэд суутгаагүй илгээчихсэн байна гэж хэлсэн. Ийм учраас 01 дүгээр сарын 28-ны өдөр нягтлан бодогч Б.Э-ыг дуудаж суутгаагүй 20 хувийг буцаан төлүүлэх талаар үүрэг даалгаврыг бичгээр өгсөн. М нь 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр цалингийн суутгалын 20 хувь болох 130.530 төгрөгийг төрийн сангийн 1000051000910 тоот дансанд төлсөн. Нягтлан бодогч Б.Эд сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Өргөсөн тангарагтаа үнэн ч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан, ашиг сонирхлын зөрчил гаргаагүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлигын эсрэг хууль зэрэгт заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, урьдчилсан мэдүүлэг зэргийг тухай бүрд мэдүүлж ирсэн. Мөн албаны эрх мэдлийг хэтрүүлээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/14 тушаалаар байгууллагын ёс зүйн зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталсан. Мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/05 тушаалаар байгууллагын дотоод журмыг баталсан. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй. Сахилгын болон ёс зүйн зөрчлийн шийтгэл хүлээж байгаагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн. Тухайлбал нягтлан бодогч Б.Э нь *******тай зүй бус харьцсан тул хариуцлага тооц гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Нягтлан бодогч Б.Эыг байгууллагын ёс зүйн зөвлөл авч хэлэлцэн уучлал гуйх гэсэн дүгнэлтийг ирүүлсний дагуу Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар уучлалт гуйх ёс зүйн хариуцлагыг хүлээлгэсэн. Засаг даргын Тамгын газрын үүдэн хэсгийн мэдээллийг тухай бүр солих гэсэн үүрэг даалгавар өгсний дагуу мэргэжилтнүүдэд үүрэг даалгаврыг бичгээр өгч баримтжуулан шинэчилсэн. Бүх байгууллагын дарга нарт гэрээт ажилтнууд галч нарт хариуцлага тооц гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Миний хувьд галч нарыг өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөгөө өгөн гарын үсэг зуруулж ажил хүлээлцүүлдэг. Ийм учраас ажлаа хариуцлагатай хийж байгаа хүмүүст арга хэмжээ тооцох боломжгүй гэдгийг амаар хариу өгсөн. Байгууллагын ёс зүйн зөвлөлийн дарга ерөнхий нягтлан бодогч буюу санхүүгийн албаны дарга Д.М-д хариуцлага тооц гэж 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үүрэг өгсөн. Тухайн өдрийн 16 цагийн дотор хариу мэдэгд гэж хэлсэн. Үүний дагуу ерөнхий нягтлан бодогчийг томилох эрх бүхий албан тушаалтан, төсвийн ерөнхийлөн захирагч тул боломжгүй хариуг илтгэх хуудсаар өгсөн. Манай байгууллага 4 ширхэг хяналтын камертай. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр жирэмсэн, амаржсаны амралтаа авч дараагийн хүндээ хэвийн ажиллагаатай хүлээлгэж өгсөн. Гэтэл 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээж авах гэтэл хяналтын камерыг ажиллагаагүй болгосон байсан. Миний оронд ажиллаж байсан О нь янзлуулж өгнө, таарах сэлбэг олдохгүй байна гэж хэлсэн. Энэ талаар ажил хүлээлцсэн баримтад тэмдэглүүлсэн байгаа. Төсвийн тухай хуулийн заалтуудыг зөрчөөгүй бөгөөд манай байгууллага нь 2018, 2019, 2020 оны санхүүгийн аудитын шалгалтаар зөрчилгүй дүгнэгдсэн. Энэ нь шилэн дансанд байршуулж баталгаажуулсан. Манай байгууллага нь Засгийн газрын 21 дүгээр тогтоолын дагуу 2013 оноос хойш дотоод хяналтын багийг томилон ажиллуулж ирсэн. Сахилга хариуцлага авлига ажлын тушаалын зөрчил гаргаагүй. Гарсан шийдвэрийн талаарх гомдлыг төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосны дагуу ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн боловч одоог хүртэл шийдвэрийг биелүүлээгүй байна. Засаг даргын албан тушаал буруулах шийдвэр гарсан нь хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүн бүр улсдаа төрийн алба хаших, тэгш эрхтэй, хүн бүр хөдөлмөрлөж ажлаа чөлөөтэй сонгох эрхтэй, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй мөн Монгол улсын Үндсэн хуульд заасан хүнийг арьс өнгө, хэл, гарал угсаа, нас хүйс, хөрөнгө чинээ боловсролоор нь үл гадуурхаж болно. Мөн төрийн байгууллага албан тушаалтан нь өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллагын албан тушаал нь иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Э болон М хоёрыг ярьж байна. Эын хувьд сахилгын шийтгэлтэй учраас урамшуулал өгөөгүй, үнэлгээг нь үнэлээд орхисон. Урамшуулал олгосон гэж ойлгосон юм шиг байна. Д.Мгийн хувьд Засгийн газрын 2019 оны 37 тогтоолоор санхүүгийн алба нь байгууллагын нэгж гэж заасан. Уг хуульд зааснаар төсвийн шууд захирагч үнэлгээ өгөх эрхтэй байгаа. Гэхдээ би үнэлгээний багаар үнэлүүлсэн. Урамшуулал олгосон нь үнэн. Урамшуулал олгохдоо Засгийн газрын 2019 оны 3 дугаар хавсралтын дагуу 40 хувийн урамшууллыг олгосон. Түүнээс биш давуу байдал олгож илүү олгоогүй. Эд үнэлгээг өгсөн жилийн эцсээр урамшуулал бол өгөөгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан ач холбогдол бүхий тайлбар гарах боломж олгоно. Хөдөлмөрийн тухай хуульд заасан эмэгтэй хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа тул миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өнөөдөр маргаан бүхий эрх зүйн акт нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан байдаг. ******* сумын Засаг даргын тайлбар ирсэн. Уг тайлбар дээр зөрчил дутагдал нь юу байдаг юм гэхээр захирамжид заасан хуулийн зүйл заалтаа дэлгэрүүлэн бичсэн байна.
11 төрлийн зүйл заалт байсан. Би нэг бүрчлэн харсан. Яг зөрчил нь юу юм гээд хэргийн материалтай танилцахад би зөрчил олж хараагүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хүртэл олж харахгүй байна. Асууж байгаа асуултнаас хүртэл ямар зөрчил гаргасан эсэхийг мэдэж чадахгүй байна. 11 төрлийн зөрчил хавтаст хэрэгт нотлогдож тогтоогүй гэж үзэж байгаа. 11 төрлийн зөрчлөөс албан тушаал бууруулах 1 заалт байна. Тэр нь дараалсан 3 жилийн ажлын үнэлгээ хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд ажлаас чөлөөлөх гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд үнэлгээ нь хангалттай байсан. 2020 онд 75 хувиар үнэлсэн. Гэхдээ урамшууллаа өөрөө олгосон байдаг. Жирэмсний амралттай байсан учраас ингэж олгосон гэдэг. Энэ нь өөрөө хууль бус. Гүйцэтгэлийн төлөвлөгөө чинь М гэдэг хүний хувийн төлөвлөгөө биш. Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө. Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө зөвхөн М-тай холбогдуулан дүгнэсэн. Дүгнэлтээ өнөөдрийг хүртэл М-т огт өгөөгүй. Түүнээс бусад зүйл заалтыг харахад Төсвийн тухай хуулийн зарчмыг тусгасан, ёс зүйн арга хэмжээ аваагүй гэж байна. Өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж арга хэмжээ авсан юм байна гэж ойлгогдохоор байна. Би өнөөдөр энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирсэн бол нотлох баримт цуглуулах ямар ч боломжгүй байсан. Шүүх хуралдаан орох үед нотлох баримтыг гаргаж өгсөн. Тайлбарлахдаа 2021 онд урамшуулал олгосон баримт оруулж ирсэн. М-ын гарын үсэгтэй биш байсан. М 2021 он гарснаас хойш урамшуулал олгоогүй. Эд урамшуулал олгосон байна гэж ярих юм бол цалингийн цэс болон аудитын актаа авч ирэхгүй яасан юм. Заавал цалингийн цэс гээд байхгүй Аудитын актаар нотлогдож байна гэж үзэж байна. Ажил хэргийг үлгэр жишээч үзүүлнэ гэсэн байна. Яаж үлгэр жишээ үзүүлэх байсан юм. Үүрэг даалгавраа биелүүлээд явж байсан байна. Нийт төсөвт байгууллагын галч гэрээт ажилчдад арга хэмжээ ав гэсэн байна. Бусад байгууллагын ажилчдад арга хэмжээ авах эрх байхгүй. Арга хэмжээ авсан үндэслэл тайлбараа хэлсэн. Төрийн албан хаагчийг ажлаас халах гэж захирамж боловсруулахдаа олон янзын хуулийн заалт оруулж ирдэг. Аль нэг нь оновол аз гэсэн байдлаар боловсруулж орж ирдэг. Ийм байдал зөндөө байна. Бүхэл бүтэн хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа асуудал нь зайлшгүй нотлох баримттай нотолгоотой байх ёстой. Өнөөдөр сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа боловч ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа үндэслэлээ хэлдэггүй. Чамд хэлэх шаардлагагүй гэдэг. Тэрнээс энэ нөхцөл байдал нь харагдаж байгаа. Энэ байдлуудаас харахад гаргаж байгаа эрх зүйн акт бол үндэслэлгүй гарсан нь тогтоогдож байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Мын ёс зүйн болон төсвийн зөрчил, ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад 2020 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдон томилогдсон ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-нд Б/13 дугаар захирамжаар тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус гэж үзэн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. Миний Засаг даргын үүрэгт ажилд томилогдсоноос хойших хугацаанд болон өмнөх үед ч Б.М нь хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журам, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал: Албан тушаалын зорилго: Хууль тогтоомж, хөгжлийн бодлого, стратеги зорилтыг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хяналт тавих *******д бодлогын зөвлөгөө мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах, Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын өмнө хариуцна гэсэн зорилгоо зөрчсөн.
1 дүгээр зорилтын 5 дахь гүйцэтгэх чиг үүргээ хариуцсан албан тушаалын чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх хууль тогтоом, шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, дээд шатны байгууллагад хүргүүлэх гэснийг биелүүлээгүй.
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хангуулж ажиллаагүй. 3 дугаар зорилтын 5 дахь гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд байгууллагын дотоод журам, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчигдсөн. Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь заалт, 39.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.7-ийн а дахь заалт, 3.1.7-ийн и дахь заалтуудыг зөрчсөн. Төсвийн тухай хуулийн 5-р зүйл дэх Төсвийн зарчмууд, 16.5.1 дэх заалт /төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд Б.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хариуцагчаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай захирамжаар Б.Мыг албан тушаал буруулсан. Тамгын газрын дарга Б.М нь хууль тогтоомж зөрчиж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг зөрчин албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, сахилга хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан. Ажлын байрны тодорхойлолтын тухайд хууль тогтоомжид заасан хөгжлийн бодолго, стратеги зорилтыг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хяналт тавих *******д бодлогын зөвлөгөө, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж мэдээллээр хангах ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгтэй. Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг Засаг даргын өмнө хариуцна гэсэн зорилгыг зөрчсөн. Байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулж, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж ажиллаагүй. Мөн албаны эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн тухай хууль тогтоомж зөрчиж ажилласан гэж үзэж байгаа. Маргаан бүхий захиргааны актын агуулгын хувьд зорилгодоо нийцсэн гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дахь хэсэгт хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг нь нотлогдож байгаа. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дэх хэсэгт албаны эрх мэдлээ хэтрүүлэх; 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэсэн байгаа. Уг хуулийн үндэслэлүүдтэй холбогдсон холбогдох нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа. Төсвийн тухай хуулиар заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас чөлөөлсөн. Төсвийг хэмнэлттэй зөв зохистой зарцуулах ажлыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа.
Гаргасан шийдвэр захирамжийн тухайд Төсвийн тухай хуулийг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх. Албаны эрх мэдлээ хэтрүүлэн Эд урамшуулал олгосон. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дах хэсэгт зааснаар Засгийн газрын тогтоолоор урамшуулал олгоно гэсэн байгаа. Гэтэл Эд 2-3 удаагийн арга хэмжээ авсан байдаг. Энэ нь нэмэгдэл олгох журмын 2.7 дахь хэсэгт сахилгын шийтгэл оногдуулсан бол урамшуулал олгохгүй гэснийг зөрчсөн. Эрх мэдлээ хэтрүүлсэн. Мөн хуульд нийцээгүй шийдвэр гарсан нь санхүү албаны дарга Мөнхтуяад урамшуулал олгосон нь өөрт хамааралгүй эрх хэмжээний хүрээнд олгосон. Тамгын дарга болон санхүүгийн албаны даргад урамшуулал олгох шийдвэрийг сумын ******* олгоно гэсэн байдаг. Өөрийн албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй эрх хэмжээг хэрэглэсэн. Хавтаст хэрэгт албан тушаалын тодорхойлолт байгаа. Зорилт хэсэгт заасан 3 заалтыг биелүүлээгүй. Ёс зүйн хэм хэмжээний тухайд удирдлагадаа байгаа албан хаагч нарын өмнө нэр хүнд ажил хэргийн үлгэр жишээ үзүүлэх гэсэн байдаг. Удирдлагад ажиллаж байсан албан тушаалтан нь хэлсэн. Ямар ч үлгэр жишээгүй ажилласан гэж хэлсэн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. М-т арга хэмжээ авч хугацаатай үүрэг өгсөн боловч биелүүлээгүй, дараа нь нөхөж авсан нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаж байна. Бүгд тэгш эрхтэй. Нотлох баримтад тулгуурлан хэрэгт мэтгэлцэнэ гэсэн байгаа. Засгийн газрын тогтоолоор урамшуулал олгох заалт нь ерөнхийд нь заасан заалт байдаг. Мөн Монгол улсын Засгийн газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргах 100 дугаартай тушаалаар Б.М гэх хувь хүний гүйцэтгэлийн төлөвлөгөө байхгүй. ******* сумын Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь өөрөө М- ын гүйцэтгэлийн төлөвлөгөө энийг тодруулж хэлье. Гуравдагч этгээд хэлж байна. Удирдлагад байгаа албан тушаалтнуудад үлгэр жишээ байх гэж энэ алба хаагчдаас манлайлал байдаггүй гэсэн бичгээр болон аман хэлбэрээр удаа дараа Б.Чт хэлж байсан гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Гуравдагч этгээд Билэгтийн О би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/14 дугаартай захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би албан тушаал бууруулсан захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тамгын газрын дарга нь төсвийн менежер. Доод шатны албан тушаалтнуудынхаа бүх үйл ажиллагааг хянаж, гарч байгаа бодлогын баримт бичиг болоод төсвийн холбогдолтой бүх баримт бичгийг ерөнхийд нь хянаж, үүрэг хариуцлагыг Засаг даргын өмнө хүлээх, хариуцлагатай албан тушаал учраас ажлын хариуцлага зайлшгүй алдсан гэж үзэж байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс байгууллагад хохирол учруулсан нь харагдаж байна. Энэнээс болоод хамт олны дунд бие биедээ итгэх итгэл алдагдсан. *******д үйлчлэх ёстой албаны дарга байж чиг үүргээ биелүүлээгүйгээс эд хөрөнгө, цалин, цагийн бүртгэлд хяналт тавих албан тушаалтан байтал хяналт алдсанаас болоод эмх замбараагүй байдал үүссэн гэж үзэж байна. Миний бие нь Тамгын газарт 2003 оноос эхлэн бичээч, бичиг хэргийн эрхлэгчээс эхлээд 2011 оноос дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан түшмэлээр нийт 15 жил ажилласан байдаг. Энэ хугацаанд байгууллагын дотоод комисс хариуцсан албаны дарга, ажлын хэсгийн дарга, ёс зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд М дарга Тамгын газрын дарга байсан. Албан хаагчдыг ерөнхий удирдлагаар хангаж, Засаг даргын өмнө үүрэг хариуцлагыг хүлээх ёстой байтал ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж чадаж байгаагүй гэж үзэж байна. Комисс томилогдоод урсгалаараа явж байдаг. Тодорхой арга хэмжээ зохион байгуулах тал дээр санаачилгатай ажилладаггүй. Ажлыг явуулахад өөрийн зүгээс ямар нэгэн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаагүй гэж тодруулж хэлж байна. Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа. Тийм учраас *******ас албан тушаал бууруулсан захирамжтай нийцүүлэн надад ажлын байраар хангах үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед Б.Мыг хууль, эрх зүйн мэргэжилтнээр томилсон тушаал гарган ажил хүлээлцэх комисс гаргасан. Би өөрөө 1 удаа утсаар ярьж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Гэвч уг албан тушаалыг хүлээж авахгүй гэсэн хариу өгсөн учраас төрийн алба тасралтгүй явсан зарчмын дагуу томилогдсон гэв.
Үүрэг даалгаврын дэвтэрт бүх албан байгууллагын галч нар архидалтын байдалтай байгаа учраас тодорхой арга хэмжээ авч ажиллана уу гэсэн байна. Нэхэмжлэл дээр байгууллагын дарга нарыг арга хэмжээ ав гэсэн учраас арга хэмжээ авах боломжгүй байсан гэдэг утгаар бичсэн байна. Яагаад ингэж байгаа юм. Үүрэг даалгаврын дэвтэр дээр тодорхой байсан. Яагаад энийг өөр утгаар ойлгож нэхэмжлэлд оруулсан юм.
Үр дүнгийн урамшуулал дээр тайлбар хийе. Төрийн үйлчилгээний албан хаагчид ажлын үр дүнгээр улирал бүр урамшуулал олгодог тогтоол журам байдаг. Үүнд үлгэр жишээ ажиллаж байгаа ажилтанд урамшуулал олгоно гэсэн байдаг. Сахилгын арга хэмжээ авч явж байгаад жилийн эцэст үр дүнгийн үнэлгээгээр бүгд урамшуулал авсан. Дотоод хяналтын үйл ажиллагаан дээр Засгийн газрын 2011 оны 311 тогтоолоор 3 хүний бүрэлдэхүүнтэй дотоод хяналтын баг ажиллах ёстой гэсний дагуу ахлагчаар нь ажилласан. Санхүүгийн үйл ажиллагаан дээр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан боловч ямар нэгэн хариу өгч анхаарал хандуулж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Б-ийн М-аас Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Б.Чт холбогдуулан ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай Албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг Албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.
Б.М нь Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар дүгнэлт, сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллажээ. Нэхэмжлэгч 2005 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн түүнээс хойш төрийн албанд тасралтгүй ажилласан байна.
Нэг. ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай Албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.7-ийн а, и дугаар хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.9 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.6, 70 дугаар зүйл, Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэж, хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг зөрчин, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төсвийн сахилга бат, ажлын хариуцлага алдсан гэж албан тушаал бууруулсан байна.
Нэхэмжлэгчийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр албан тушаал бууруулж, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн-ээр томилжээ. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй байна.
1.1. Нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь заалтыг дурдсан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг заасан бөгөөд мөн зүйлийн 37.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; гэж заажээ.
Нэхэмжлэгч ажлын цагийг буруу бүртгэсэн бичиг хэргийн эрхлэгч Л.Т, цалинг буруу бодож олгосон нягтлан бодогч Б.Э нарт гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
Мөн хариуцагчаас багийн ******* П.М давхар ажил эрхэлж байхад цалин олгосон гэж маргадаг. Гэвч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны *******д тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн *******д тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно., 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн *******, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн ******* тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон *******д энэ хугацаа хамаарахгүй. гэж зааснаар улс төрийн албан хаагч болох багийн Засаг даргыг томилох, чөлөөлөх, цалин хөлсийг бууруулах, хасах эрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад олгогдоогүй байна.
Иймд дурдсан асуудлаар нэхэмжлэгч ашиг сонирхлын зөрчил гаргасан, хууль бус, шударга бус явдлыг өөгшүүлэн дэмжсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
1.2. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч албаны эрх мэдлээ хэтрүүлэх;-ийг хориглоно. Албаны эрх мэдлээ хэтрүүлэх нь төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрт олгогдоогүй эрхийг эдлэх, хууль, холбогдох эрх зүйн актад тусгайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ өөртөө болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зэрэг байдлаар илэрнэ. Хэрэгт авагдсан баримтаар дээр дурдсан байдал мөн тогтоогдсонгүй.
1.3. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.7.а-д удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх;, 3.1.7.и-д удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх; гэж заасан байдаг.
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.2-т Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараах хариуцлага хүлээлгэнэ:, 5.1-д Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах үндэслэл болно., 5.2.-т Тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл уг байгууллагад дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладаг бол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор дараах журмын дагуу шалгалт явуулна: гэж зааснаар нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан, түүнд хариуцлага хүлээлгэсэн гэх нөхцөл тогтоогдсонгүй.
1.4. Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайланд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас аудит хийсэн талаарх 2019 оны 02 дугаар сарын 25-ны 77, 2020 оны 02 дугаар сарын 18-ны 88, 2021 оны 02 дугаар сарын 24-ний 146 дугаар дүгнэлтүүд нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд санхүүгийн тайланд жил бүр Зөрчилгүй гэсэн дүгнэлт авсан байдаг. Энэ нь төсвийн сахилга бат, ажлын хариуцлага алдсан гэсэн хариуцагчийн захирамж үндэслэлгүй болохыг нотолж байна. Нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчим, 16 дугаар зүйлийн 16.5.1-д заасан төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.6-д заасан дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхүүдээ хэрэгжүүлэн ажиллаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д /Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ./ заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.
1.5. Хариуцагч захирамжийн үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн гэж тодорхойлсон. Энэхүү заалт нь хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байх агуулгатай. Тодруулбал, тухайлсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлэх, албан тушаалын тодорхойлолтын аль зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй болохыг холбогдох баримтаар тогтоосон нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан үндэслэл бий болно. Хариуцагчийн өдөр тутмын үйл ажиллагааны үүрэг даалгавар, түүний биелэлт нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх байдлыг бүрэн нотлохгүй байна.
Хариуцагч ******* 2020 оны 10 дугаар сарын сүүлээр зохион байгуулагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дараа томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Хэрэгт нотлох баримтаар эх хувиар өгсөн Үүрэг даалгаврын дэвтэр-т ... зарим ажилтанд ёс зүйн арга хэмжээ авах, байгууллагын цэвэрлэгээг сайжруулах, гадна орчныг цэвэрлэх, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдалд арга хэмжээ авч танилцуул гэх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд хамаарах үүрэг даалгаврыг өгчээ. Нэхэмжлэгч 2 ажилтанд арга хэмжээ авсан тухайгаа хариуцагчид мэдэгдсэн байдаг. Иймээс өдөр тутмын шинжтэй үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж албан тушаал бууруулсныг зөвтгөн дүгнэх боломжгүй юм.
1.6. Нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2018 онд 84.7, 2019 онд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр 96.3, 2020 онд 75 үнэлэгдсэн байна. Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 4.11.2, 4.113.в-д зааснаар 3 удаа дараалан хангалтгүй үнэлэгдвэл албан тушаал бууруулахаар заажээ. Иймд нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулсан захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ. гэж заасныг зөрчсөн байна.
1.7. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хариуцагчийн захирамжийг хүчингүй болгосон байгааг тэмдэглэв.
1.8. Дээр дурдсан үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
Иймээс Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг баримтлан ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаартай Албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;, 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.Мыг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгон, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир 2021 оны 03 дугаар сарын 01-нээс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан 112 хоногийн олговор 9,201,491 /есөн сая хоёр зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 12, 2021 оны 1, 2 дугаар сарын цалингийн нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Б- ийн М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Мт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 9,201,491 /есөн сая хоёр зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Б.Чт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч,
тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН