Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0518

 

“И б” НҮТББ-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “... “Ш у о” ХХК-д олгосон MV-021100 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах...” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2023/0755/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1. Нэхэмжлэгч “И б” НҮТББ нь “Ш у о” ХХК-д олгосон MV-021100 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2, 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И б” НҮТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ш у о” ХХК-д олгосон MV-021100 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж манай ТББ-ын нэхэмжлэлийг 3 удаа унагаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, 4.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал ... бусад байдал, хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэгдэн явагдана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно’' гэснийг зөрчиж ялгаварлаж байна гэж үзэж байна.

3.2. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудын холбогдох зүйл заалтыг хэрэгжүүүлээгүй байхад “Ш у о” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал,газрын тосны газрын хууль бус шийдвэрийг зөвтгөн санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр байгаль орчны хуулийг ач холбогдолгүй,хэрэгжүүлэхгүй байхад болох мэт мэт буруу тайлбарласан гэж үзэж байна. Хэрэгт цугларсан баримтуудаар 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын албаны даргын шийдвэрээр “С г М” ХХК-д Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт орших Уулбаян овоо нэртэй 22087,87 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV011242 дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр “Ш у о” ХК-д шилжүүлж. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр NM025775 дугаартай өргөдлийн дагуу 862,39 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2048 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон болох нь тогтоогдож байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг “С г М” ХХК-с 2016 онд “Ш у” ХХК-д шилжүүлсэн нь холбогдох хуулиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Манай Төрийн бус байгууллага нь тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нь хууль бус гэж маргаагүй … Гэтэл манай Засгийн газар нэгдсэн бодлогогүй, төрийн яамд уялдаа холбоогүй хариуцлагагүй тухалбал уул уурхайн төсөлд голлох үүрэгтэй Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ашигт малтмалын тусгай зовшөөрөл олгохдоо, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг үл ойшоодог, олон нийтийн санаачлага өгөх,оролцооны эрхийг нэр төдий үздэг нь дадал зуршил болсон. Байгаль орчин аялал жуулчлалын яам нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн хэрэгжилт үнэлгээ, дүгнэлт гаргахдаа мэргэжлийн бус хайнга ханддаг тооцоо, үр нөлөөний үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх чадамж дутагдалтай байдаг ... Бид хэдийгээр Засгийн газрыг шүүхээр буруутгах нэхэмжлэл гаргаагүй ч энэ бүхнийг тайлбарлаж нуршихын учир нь шүүх уг хэргийг өргөн том утга агуулгаар нъ,учир шалтгаан үр дагаврыг харж.орших ахуй буюу байгаль орчны асуудлыг орхигдуулж ирсэн, байгаль орчны хуулийг үл тоож хангагдаагүй байхад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог. Ашигт малтмал газрын тосны газрын архаг ноцтой зөрчлийг таслан зогсооход цаашид сургамж болох шударга шийдвэр гаргахыг хүсэж байгаа юм.

3.3. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гуравдагч этгээд “Ш у о” ХХК-иас Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт орших Уулбаян овоо нэртэй 22087.87 га талбай бүхий газар ч ашигт малтмалын хайгуулын XV011242 дугаартай тусгай зөвшөөрлийг талбайд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт Монгол улсад татвар төлөгч болох тухай нотолгоо улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглалт хийх болон үлдэх хайгуулын талбайн байршил булангийн цэгүүдийн солбицол хилийг буулгасан зураг тэмдэгтийн хураамж төлсөн баримт хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хайгуулын тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгүүдийг хавсарган ирүүлснийг үндэслэн гуравдагч этгээдэд Ашигг малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт Цагаан ширээ нэртэй 862,39 гекгар талбайд МV-021100 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2-д заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ гэжээ. Ашигт малтмалы тухай хуулийн 27 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчин нөлөөллийн үнэлгээний тухай хуулиудын 63 дараах зүйл заалтууд хангагдаагүй байхад шүүх Байгаль орчны үүрэгтэй холбоотой хуулийг хэрэгжүүлээгүйг зөвтгөж тайлбарлаж ноцтой алдаа гаргажээ.

3.4. … “Ш у о” ХХК-д МV-021100 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшчийн үүрэг 27 дахь заалтыг хэрэгжүүлээгүй нь нотлогдоод байхад … тусгай зөвшөөрөлтэй талбай хууль зөрчөөгүй гэдэг ганцхан заалтаар хуулийг хангасан гэж үзсэн нь утгагүй буруу үндэслэл болжээ ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь холбогдох хуулиин 110 гаруй зүйл заалт огт хангагдаагүй байхад “Ш у о” ХХК-д МV021100 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хүчингүй болгох хангалттай үндэслэлтэй байна. Гэтэл хариуцагч, гуравдагч этгээд, шүүх хүртэл хууль зөрчөөгүй, цуцлах үндэслэлгүй гэж маргаж тайлбарлаж байгаа нь эрх зүйт төрийн хууль дээдлэх ёс зүй зарчмыг давсан зөрчсөн үйлдэл юм. Усны тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагаар усны хайгуул судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулаагүй байхад Байгаль орчин аялал жуулчлалын яамны усны сан бүхий газар болон усны эх үүсвэртэй давхцалгүй болох тухай албан тоот шаардлага хангахгүй үндэслэл болж чадахгүй … зөвшөөрөл аваагүй химийн бодис хэрэглэж хайгуул хийж байсныг нутгийн иргэд мэдээлж эсэргүүцэж шаардаж, эрх бүхий байгууллагад хандсанаар химийн бодис хэрэглэж хууль зөрчсөн нь тогтоогдсон … Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж тайлангаа Байгаль орчны яамаар  батлуулахаас өмнө орон нутгийн иргэд, оршин суугчдаас санал аваагүй, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайг хүлээн авах комисс ажиллуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлийн тухайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь тайлангаа Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулахын өмнө орон нутгийн иргэдийн нийтийн хуралд тайлангаа хэлэлцүүлж, саналыг авах хэлбэрээр оролцоог нь хангах үүрэгтэй ... Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 13/342 тоот албан бичигт төсөл хэрэгжүүлэгч нь ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст заасан нарийвчилсан үнэлгээний явцад тодруулах асуудлууд, онцгойлон анхаарах чиглэлийг харгалзан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаар хийлгэж 2018 оны 3 дугаар улиралд багтаан тус яаманд ирүүлэхийг “Ш у о” ХХК-д мэдэгдсэн байх бөгөөд энэ хугацаанд дээрх ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч энэ нь захиргааны байгууллагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход саад болохгүй болох нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам болон захиргааны байгууллагаас баталсан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөлд заасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гэснийг зөрчөөгүй гэжээ ... “Ш у о” ХХК-ийн ерөнхий үнэлгээ хүчингүй болсон. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан Үнэлгээ, Байгаль орчны менежментийн төловлөгөөг өшиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа ч хийгээгүй, авснаас хойш 7 жил өнгөрч байхад огт хийгээгүй, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орныг хамгаалах тухай хуулиудын хэрэгт хамааралтай 110 орчим зүйл заалтыг хэрэгжүүлээгүй байна. Эдгээр зүйл заалтууд хангаагүй байхад “Ш у о” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл гэж үзэж байна.

3.5. … Нэгэнт “Ш у о” ХХК нь хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж, чадахгүй бол тусгай зөвшөөрлөө буцаах, хуулийн хэрэгжилтийг хангаагүй байхад 7 жил тусгай зөвшөөрөл хадгалагдах хуулийн заалт байхгүй учраас Ашигт малтмал газрын тосны газраас цулах үндэслэлтэй байна. Ашигт малтмалын тухай хуульд “гүйцээх агйуулын ажил 7 жил” хийх гэсэн заалт огт байхгүй. Хайгуул хийх нийт хугацаа 12 жил хийж дуусгаад тайланаа өгч, ашиглалтын зөвшөөрөл авах хүсэлт гаргахыг хуульчилсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч компани хайгуулын ажлаа хугацаанд хийгээгүй хуулийн шаардлага хангаагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон гэж үзэхээр байна.

3.6. Хэрэв “Ш у о” ХХК-ийн уурхайн төсөл хэрэгжих юм бол уурхайн нөлөөллийн бүсийн 48.2.2-д заасан иргэд малчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, оюун санааны үнэт өв соёл тахилга шүтээн уулаа хөндүүлэх,усны хомсдолд орох.малын бэлчээргүй болох, амьдрах хэрэгслээс салж ядууралд орох зэрэг олон сөрөг үр дагавар үүснэ гэж маргаж байгаа учраас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 461 тоот шийдвэрийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрх болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хууль, Усны тухай хуулиудын 110 орчим зүйл заалт хангагдаагүй байхад олгогдсон Ашигт малтмапын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл гэж үзэж байна.

3.7. Дээр дурдсан Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрх болоп Монгол Улсад хучин төгөлдөр мөрдөж баигаа Ашигт малтмалын тухай хууль,Байгаль орчны тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хууль, Усны тухай хуулиудын 110 орчим зүйл заалт хангагдаагүй байхад “Ш у о” ХХК-д МV-021100 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 470 тоот шийдвэрийг хүчингүй болгох гомдол гаргаж байгааг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч “И б” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ш у о” ХХК-д олгосон MV-021100 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2.2. Анхан шатны шүүх “... Умард говийн гүвээд-халхын дундад талын сав газрын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 97 дугаартай албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 068/231 дугаартай албан бичгээс үзвэл, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт MV-021100 ашигт малтмалын хайгуулын талбай нь усны сан бүхий газар болон усны эх үүсвэртэй давхцалгүй болох нь тогтоогдож байна … Ус ашиглах гэрээ байгуулсан нь усны зөвшөөрөл аваагүй гэж үзэх боломжгүй. Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад хамаарахгүй байх тул дээрх үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж хэргийг хаасан байх тул гуравдагч этгээдийг хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа химийн хорт болон аюултай бодис ашигласан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.  “Ш у о” ХХК нь 2020-2022 онд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдож байгаа тухайн нөхцөл байдалд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, уурхайг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг гаргаагүй гэх үндэслэлүүдээр түүний ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр “С г М” ХХК-д Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт орших Уулбаян овоо нэртэй 22087,87 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-011242 дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр “Ш у о” ХХК-д шилжүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 461 дүгээр шийдвэрээр NM-025775 дугаартай өргөдлийн дагуу 862,39 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2048 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.

2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 26.1.1-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 26.1.2-д “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 26.2-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна” 26.2.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол хүсэлт гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх”, 26.2.2-д “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх”, 26.2.3-д “хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх”, 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ” гээд 7.1.1-д “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”, 7.1.2-д “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”, 7.2-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж тус тус заасан.

2.5. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт шаардсаны дагуу гуравдагч этгээд нь уг дүгнэлтийг Байгаль орчны яамнаас авч өргөдөлдөө хавсаргаж, зохих журмын дагуу хугацааг сунгуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба энэ нь дээрх хуульд нийцсэн байна.

2.6. Хэдийгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгээгүй ч гуравдагч этгээд “Ш у о” ХХК-аас Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт орших Уулбаян овоо нэртэй 22087,87 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-011242 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг, Монгол улсад татвар төлөгч болох тухай нотолгоо, улсын бүртгэлийн гэрчилгээ, ашиглалт хийх болон үлдэх хайгуулын талбайн байршил, булангийн цэгүүдийн солбицол хилийг буулгасан зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, хайгуулын тусгай зөвшөөрөл зэрэг баримтуудыг хавсарган өгч уг баримтуудыг үндэслэн гуравдагч этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг буруутгах үндэслэлгүй. Энэ нь нийтийн эрх ашгийг болон нэхэмжлэгч Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын эрхийг зөрчөөгүй.

2.7. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байна.

2.8. Мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж зааснаас үзэхэд аливаа талбайд тусгай зөвшөөрөл олгохдоо усан сан бүхий газар бол нутаг дэвсгэрийн сав газрын захиргааны саналыг авахыг үүрэг болгосон байх бөгөөд уг талбай нь усан сан бүхий газартай давхцаагүй болох нь Умард говийн гүвээд-халхын дундад талын сав газрын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 97 дугаартай албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 068/231 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.9. Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг”, 3.1.2-д "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг”, 4 дүгээр зүйлийн 4.2-д “Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж тус тус заасан. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын хавсралтаар химийн хорт болон аюултай бодисын ангилалыг баталжээ.

2.10. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзэхэд хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэхгүй бусад химийн бодисыг хоргүй химийн бодис гэж үзэхээр байх ба журмын хавсралтаар батлагдсан химийн хорт болон аюултай бодисын ангилалд гуравдагч этгээдийн ашиглаж байгаа бодис /Polyacrylamide/ багтаагүй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.11. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гээд 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж, энэ талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гарсан байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гарсан дүгнэлт байхгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

2.12. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэбэл зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, уг маргаанд хамааралгүй хуулийн зүйл, заалтыг тогтоох хэсэгт баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 22 дугаар зүйлийн 22.1 гэснийг хасч, 56 дугаар зүйлийн 56.1.5” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ