Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 886

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

              Нэхэмжлэгч:  М овогт П-ын  Ж-ны нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: УАӨСЗД-д холбогдох,

           Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч П.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил болох Баруун гол дээр баригдах гүүрийн ажлын тендерт оролцож ялалт байгуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргатай гүүр барих тухай гэрээг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан болно. Гэрээний үнэ 5.000.000 төгрөг бөгөөд гэрээ байгуулмагц 30 хувь, ажлын гүйцэтгэлийн 70 хувь хүрэхэд дахин 30 хувьтай тэнцэх мөнгө авсан бөгөөд гэрээ ёсоор ажлаа хийж гүйцэтгэн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр комисст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхөд ажлын ямар нэг алдаа дутагдал гараагүй бөгөөд хүлээлгэн өгснөөс хойш манай сумын нутаг дэвсгэрт их хэмжээний аадар бороо орсны улмаас голын гольдрол өөрчлөгдөн гол гүүрний хоёр талаар салаалж урсах болсон. Энэ миний буруу биш байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээр болсон. Гэтэл Ц.С дарга гэрээний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа бөгөөд хэлэхээр урдаас хэл амаар доромжилж  хөөж гаргаж байна. Байгалийн гамшигт үзэгдэл болсон талаар Онцгой байдлын хэлтсийн дүгнэлт гарсан болно. Иймд гэрээгээр ажил гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр болох 2.000.000 төгрөгийг Өндөрхангай сумын Засаг даргаЦ.Сгаас гаргуулж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн Баруун голд гүүр барих ажлыг П.Ж ахлагчтай иргэдийн булэг чанарын шаардлага хангаж хийгээгүйн улмаас тус гүүр нь цаашид ашиглах боломжгүй болсон. Энэ талаар дүгнэж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Тухайн үнэлгээний хороо нь хууль журмын дагуу шаардлага хангасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, компани, иргэдийн бүлгээ зөв сонгоогүй. П.Ж ахлагчтай иргэдийн бүлэг нь ажлын даалгавраа зөрчиж тухайн гүүрийг барьсан. Модоор хийх ажлын даалгавартай байтал төмрөөр уг гүүрийг хийсэн. Сумын Засаг даргын захирамжаар үнэлгээний хороог байгуулах байтал Тамгын газрын дарга өөрөө үнэлгээний хороогоо байгуулан тус тендерт өөрөө хөндлөнгөөс оролцсон. Сумын ажлын хэсэг хүлээж аваагүй байхад уг гүүр нь ашиглах боломжгүй болсон. Мөн анх гүүр барихдаа газрын байршлыг зөв сонгоогүй. Дээрх шалтгаануудыг үндэслээд уг ажлын үлдэгдэл санхүүжилт болох 40 хувь буюу 2.000.000 төгрөгийг хуулийн дагуу гаргаж өгөх боломжгүй” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч П.Ж нь хариуцагч УАӨСЗД-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

           Хариуцагч нь “Баруун голд гүүр барих ажлыг П.Ж ахлагчтай иргэдийн булэг чанарын шаардлага хангаж хийгээгүйн улмаас тус гүүр нь цаашид ашиглах боломжгүй болсон. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төлөх боломжгүй” гэж маргаж байна.

             УАӨСЗД тамгын газар болон П.Ж нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ӨХ2018/05 дугаартай “Баруун голд гүүр барих ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр тус сумын нутаг дэвсгэрт байрлах баруун голд гүүр барих ажлыг 5.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэн, ажлаа 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр эхэлж, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна.             

          Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

           Ажил гүйцэтгэгч П.Ж нь гэрээгээр тохирсон хугацаандаа гүйцэтгэсэн ажлын үр дүнг 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Баруун голын гүүрийг барьсан ажлын гүйцэтгэлийг хянаж ашиглалтад хүлээж авсан ажлын хэсгийн тайлан дүгнэлтээр тогтоогдож байх тул захиалагч тал ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ.

          Өндөрхангай сумын нутаг дэвсгэрт байрлах баруун голд барьсан гүүр нь чанарын шаардлага хангаж хийгээгүйн улмаас бус гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас ашиглах боломжгүй болсон нь Увс аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай актаар тогтоогдож байх тул хариуцагчийн “Баруун голд гүүр барих ажлыг П.Ж ахлагчтай иргэдийн бүлэг чанарын шаардлага хангаж хийгээгүйн улмаас тус гүүр нь цаашид ашиглах боломжгүй болсон” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй  байна.

          Түүнчлэн гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлсний дараа гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал буюу байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тухайн ажлын үр дүн устсан, гэмтсэн тохиолдолд бий болох эрсдэлийг захиалагч тал хариуцдаг болно.

            Баруун голд гүүр барих ажлыг гүйцэтгэх гэрээнд захиалагчийг төлөөлж ӨХСЗД тамгын газрын дарга гарын үсэг зурсан байх боловч уг гэрээг тус сумын Засаг дарга Ц.С баталж гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн ”Тухайн үнэлгээний хороо нь хууль журмын дагуу шаардлага хангасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, компани, иргэдийн бүлгээ зөв сонгоогүй. Сумын Засаг даргын захирамжаар үнэлгээний хороог байгуулах байтал Тамгын газрын дарга өөрөө үнэлгээний хороогоо байгуулан тус тендерт өөрөө хөндлөнгөөс оролцсон” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

          Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч УАӨСЗД ажлын алба болох тус сумын Засаг даргын тамгын газраас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ж-д олгож шийдвэрлэв. 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан ший двэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хариуцагч УАӨСЗД-ын тамгын газраас 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ж-д олгох нь зүйтэй.

            Хариуцагч Ц.С-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УАӨСЗД-ын тамгын газраас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ж-д олгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УАӨСЗД-ын тамгын газраас 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ж-д олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ