Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/708

 

 

 

   2022          09          21                                     2022/ШЦТ/708

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Б.Энхбат,

Шүүгдэгч: О.Д-, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000000131 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Д-, ..... тоот регистртэй, 

Шүүгдэгч О.Д- нь Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэх талаар О.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 71.5 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгоор түүж, бэлтгэж олж авсан, хадгалсан, улмаар уг хууль бусаар түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Сэлэнгэ-Улаанбаатар” чиглэлийн галт тэргэнд дайвар ачаа байдлаар Улаанбаатар хот руу илгээсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Д- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цаг 50 минутанд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явж байгаа галт тэрэгний 4 дүгээр вагонд Х-ын хамтаар ажил гүйцэтгэж явсан. 20 цаг 50 минутанд галт тэрэг Сэлэнгэ аймгаас хөдлөөд Шаамар суманд 21 цаг 10 минутанд ирж 2 минут зогссон байгаа. Энэ үед шар өнгийн саравчтай малгайтай 20 орчим насны залуу “нэг хайрцагтай зүйл дайгаад явуулчихъя, өглөө өөрөө тосоод авчихна” гэж хэлээд гуйгаад байсан. Тухайн үед би “юу юм, дайвар ачаа авахгүй” гэсэн боловч нөгөө залуу “оюутан хүүхдийн хувцас байгаа юм, аваад яваач” гэж гуйгаад байхаар нь тухайн хайрцагтай зүйлийг нь авсан. Тухайн хайрцагтай зүйлийн доторхыг үзэж шалгасан асуудал байхгүй, гадуур нь скочоор дарсан байсан. Ингээд өглөө 6 цаг 16 минутанд Улаанбаатарт ирж зогссон. Улаанбаатарт ирсэн хойно нөгөө хайрцагтай ачааг миний нөгөө ээлж болох Х-аас авсан байсан, ямар хүн байсныг нь би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 64-65/,

Гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цаг 50 минутанд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу явж байгаа галт тэрэгний 4 дүгээр вагонд Г.Э-ийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явсан. ...2022 оны 3 дугаар сарын 24-ний шөнө 01 цаг 40 миунтанд Г.Э-ээс ээлжээ авсан ба Энхчимэг ээлж өгөхдөө “Шаамар сумаас нэг хүн хайрцагтай юм тавьсан, хүүхдийн хувцас байгаа юм, өглөө вокзал дээр эзэн нь ирээд авах юм” гэсэн гэж хайрцагтай зүйл надад зааж өгсөн. Тухайн хайрцагны амыг скочоор дарсан байсан. Ингээд өглөө 6 цаг 16 минутанд Улаанбаатар хотод ирж зогссон, зорчигчид бууж байх үед хоёр залуу ирэхээр нь “жоохон хүлээж бай эхлээд хүнээ буулгаадхъя” гэсэн. Хүнээ буулгачхаад нөгөө хайрцагтай зүйлийг нь гаргаж ирсэн ба хар өнгийн бомбер куртиктэй тухайн куртик нь зурагтай, саравчтай малгаатай залуу нь хайрцагтай зүйлийг авсан. Нөгөө залуу хажууд нь зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 68-69/,

Гэрч О.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сард байх яг сайн санахгүй байна, манай ангийн хүүхэд болох О.Д- уулзаад “хоёулаа нэг юм хийгээдэхье” гэсэн. Тэгэхээр нь би найздаа зөвшөөрсөн ба О.Д- утсаар хэн нэгэнтэй яриад явсан ба “видио калл” хийж яваад янз бүрийн бутархаг өвс харуулаад явсан, утасны цаанаас нэг хүн “биш” гэж байсан ба нэг эзэнгүй хашаанд ороод бутархаг өвсийг харуулахад утасны цаанаас “мөн” байна, наадахаа түүчих гэж байсан. Ингээд О.Д- бид хоёр тухайн хашаанд байсан бутархаг өвсийг түүсэн. Тэгээд тухайн хашаанаас гараад явсан ба би харилаа гээд явсан. О.Д- бас салаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 76-77/,

Гэрч А.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны орой би найз охин Мичидмаагийн хамт хороололд байрлах “Скай” зочид буудалд байх үед Б- 22 цагийн орчим залгаад “хаана байна, би Их наранд байна, төвөөр хономоор байна, та нэг туслах уу” гэхээр нь би “буудалд байна, ирээд хоновол хоно” гэж байгаа газраа зааж өгсөн. Улмаар 23 цаг өнгөрч байхад Б- ганцаараа ирсэн. Ингээд 2-3 пиво ууж суусан. Б- өглөөгүүр 5 цагт надад “Хамт вокзал ороод пүүз аваадахъя, би согтуу байна, хамт яваад өг” гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд такси бариад вокзал ороод хамт вагон зогсдог тавцан руу орсон ба Б- нэг проводникоос хайрцагтай зүйл авч ирсэн. Ингээд буцаж гараад таксинд суух үедээ цагдаад баригдсан. Цагдаагийн газар дээр ирээд Б-д ирсэн зүйл нь “өвс” байсныг мэдсэн. Би Баттулгыг өвс татдагийг нь гадарласан, гэхдээ хэрэглэж байхыг нь болон хамт хэрэглэж байсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 80-82/,

Гэрчээр Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би О.Д-гөөс хоёр удаа “өвс” авсан. Хэмжээг нь бол яг нарийн мэдэхгүй байна. Би О.Д-д “өвс” олоод явуулаач, би тэгж байгаад хэдэн төгрөг өгнө гэж хэлж түүлгэсэн. О.Д- “өвс” түүгээд эхнийхийг нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны орчмоор вагоноор явуулсныг нь би өглөө тосож авсан. ...Сүүлд баригдах үедээ биед байсан “өвс”-ийг мөн вагоноор авсан ба 4 дүгээр вагоны проводникоос 5.000 төгрөг өгөөд авсан. ...Би О.Д-д “өвс” түүж өгснийх нь төлөө 70.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. О.Д-д би хэлэхдээ “өвс” олоод өгөөч, би чамд тэгэж байгаад мөнгө өгнө гэж хэлж түүлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 89-90/,

Б- биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...О.Б-д хандаж “танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад “Миний биед хар тамхи, мансууруулах бодис байгаа” гэж хэлээд барьж явсан цаасан хайрцагнаас цэнхэр ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж ирснийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд уутны хамт 75.3 грамм жинтэй байсан ба шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав...” гэжээ. /хх 1-н 27-31/,

Шинжээчийн 1930 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Ургамал мэт зүйлийн ууттай жин нь 81.7 гр, цэвэр жин нь 71.5 грамм байна. ХТТГ гэж хаягласан ургамал мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд хамаарна...” гэжээ. /хх 1-н 129-131/,

Шинжээчийн 1922 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “О.Б- МЮ02272012 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэжээ. /хх 1-н 135-136/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 405 тоот дүгнэлтэд: “...О.Д- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна....” гэжээ. /хх 1-н 152-153/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 22/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 32-43/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 1-н 44-46/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 159-179, 235/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч О.Д- нь Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэх талаар О.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” нэгдсэн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 71.5 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгоор түүж, бэлтгэж олж авсан, хадгалсан, улмаар уг хууль бусаар түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Сэлэнгэ-Улаанбаатар” чиглэлийн галт тэргэнд дайвар ачаа байдлаар Улаанбаатар хот руу илгээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч Г.Э-, О.О-, Д.Х-, А.М-, гэрчээр О.Б- нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Д- нь “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор түүж, бэлтгэж олж авсан, хадгалсан, улмаар илгээсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Д-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, илгээсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэгт хамтран оролцох” мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн гүйцэтгэгч” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч О.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “анх удаа гэмт хэрэг” үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Д-гийн холбогдсон гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ нь 2 жил ба тухайн гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй байна.

Иймд шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч О.Д-д улсын яллагчийн оногдуулсан ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, хор аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 71.5 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт уг хэргээс тусгаарлагдсан хэргийг шийдвэрлэх хугацаагаар хадгалахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, илгээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 71.5 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисийг уг хэргээс тусгаарлагдсан хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хадгалахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
  5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР