Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 924

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

               Нэхэмжлэгч: Б овогт Ц-ын Н-ийн нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: УАУСЕБГС-д холбогдох,

            Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч УСЕБГС-ийн захирал Ц.Н, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг бага боловсролын багш мэргэжлээр төгссөн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Ингэхдээ чөлөөтэй байгаа багш Б.Ганчимэгийн оронд анх ажилд орсон ба өнөөдөр болтол Б.Ганчимэг багш ажилдаа эргэж ороогүй байгаа болно. Гэтэл УСЕБГС-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 32/Б/16 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтад үндэслэж гарсан байх ба миний зүгээс хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгох талаар ямар нэгэн хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй, ийм байдлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй болно. Гэтэл ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгодог хуулийн заалтыг үндэслэж миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсанд гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан УСЕБГС-ийн бага ангийн багшийн ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.  

            Хариуцагч Ц.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Н нь тус сургуульд Б.Ганчимэг багшийн оронд бага ангийн багшаар түр ажиллаж байсан бөгөөд Б.Ганчимэг багш үргэлжлүүлэн чөлөө авах хүсэлт гаргахад боломжгүй гэсэн хариу өгч, Б.Ганчимэгийг ажлаас чөлөөлсөн. Мөн түүний оронд ажиллаж байсан Ц.Н-ийг ажлаас чөлөөлж сонгон шалгаруулалт зарласан юм. Уг сонгон шалгаруулалтыг Боловсрол соёл, урлагийн газраас зохион байгуулсан бөгөөд уг шалгаруулатад Ц.Н 35,2 оноо авсан, мөн тус сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад 42 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтын дагуу Ц.Н-тэй байгуулсан түр гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд УАУСЕБГС-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 32/Б/16 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль ёсны гэж үзэж байгаа тул Ц.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

              Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч УАУСЕБГС-д холбогдуулан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна. 

           Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Намайг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд бага ангийн багшаар Б.Ганчимэгийн оронд анх томилсон. Б.Ганчимэг багш одоо болтол ажилдаа эргэж ороогүй байхад сургуулийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг үндэслэж гарсан байх ба миний зүгээс хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгох талаар ямар нэгэн хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй, ийм байдлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн” гэж тодорхойлжээ.

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Ц.Н нь тус сургуульд Б.Ганчимэг багшийн оронд бага ангийн багшаар түр ажиллаж байсан бөгөөд Б.Ганчимэг багш үргэлжлүүлэн чөлөө авах хүсэлт гаргахад боломжгүй гэсэн хариу өгч, Б.Ганчимэгийг ажлаас чөлөөлсөн. Мөн түүний оронд ажиллаж байсан Ц.Н-ийг ажлаас чөлөөлж сонгон шалгаруулалт зарласан. Ц.Н нь сонгон шалгаруулалтад хангалтгүй оноо авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтын дагуу Ц.Н-тэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж маргаж байна.

          Нэхэмжлэгч Ц.Н нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс УАУСЕБГС-д бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн болох нь Увс аймгийн Улаангом сумын Б.Сайнбуянгийн нэрэмжит Ахлах 3 дугаар сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар “Ц-ын Н-ийг багшаар түр авч ажиллуулах тухай” тушаалаар тогтоогдож байх ба тус сургуулийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 32/Б/16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

             Хариуцагч ажлаас чөлөөлөх тухай тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг баримтлан гаргасан байна.

              Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар ямар тохиолдолд цуцалж болохыг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 39.1-т “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно”, мөн зүйлийн 39.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж тус тус заажээ.

          Хариуцагч нь тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг баримталж гаргасан хэдий ч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж цуцалсан, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцож хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагч нь “Ц.Н нь Б.Ганчимэг багшийн оронд түр ажиллаж байсан, Б.Ганчимэгийг ажлаас чөлөөлсөн тул түүний оронд ажиллаж байсан Ц.Н-ийг ажлаас чөлөөлж сонгон шалгаруулалт зарласан. Ц.Н нь сонгон шалгаруулалтад хангалтгүй оноо авсан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлаж байна. 

              Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт ажилтан хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хүсэлт гаргах боломжгүй байсныг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

         Мөн ажилтан нь сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй байхад хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

           Нэхэмжлэгч Ц.Н нь багш Б.Ганчимэгийн оронд түр ажиллаж байсан бөгөөд Б.Ганчимэг нь ажлаас чөлөөлөгдсөнөөр тухайн ажлын байранд сул орон тоо гарсан болох нь тогтоогдож байх боловч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч байх ёстой.

            Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд  ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл … хугацаагаар” хөдөлмөрийн гэрээг байгуулна, мөн зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж тус тус заажээ.

          Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Н-ийг ажилд томилсон тушаалаа багш Б.Ганчимэгийн чөлөөний хугацаанд бага ангийн багшаар ажиллуулахаар гаргасан атлаа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан нь ойлгомжгүй байна.

        Хэрэв ажилтан, ажил олгогч нар нь хөдөлмөрийг гэрээг хугацаатай байгуулсан бол уг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийг гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцдог болохыг дурдах нь зүйтэй.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийг  УАУСЕБГС-ийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч  УАУСЕБГС-иас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.      

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Ц-ын Н-ийг  УАУСЕБГС-ийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Н нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч УАУСЕБГС-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.       

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ