Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/704

 

 

    2022          9            20                                       2022/ШЦТ/704

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Н.Уранбайгаль

хохирогч Ц__________

шүүгдэгч __________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __________ холбогдох эрүүгийн 2203003440389 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1_________ оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, __________-нд ахлах худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 3, эх дүүгийн хамт _________ дугаар хороо, _________ тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, __________________

Холбогдсон хэргийн талаар

 

_________ нь 2022  оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 55 минутын  орчимд Баянгол дүүргийн ________ дугаар хорооны нутаг  дэвсгэрт “Е-март” худалдааны төвийн авто зогсоолын замд “_________ ХХК-ийн эзэмшлийн “Toyota” маркийн “Prius-20” загварын _______ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 50 настай, эмэгтэй ___________ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй...”гэх мэдүүлэг “/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч _________ мэдүүлэхдээ: “....би 3 сар гаруй хугацаанд ажлаа хийгээгүй, одоогоор орлогогүй болсон. Би хүнд өвчтэй хүүхэдтэй тул хүүхдийнхээ эм тариа, эмчилгээний төлөө ажилладаг байсан. Миний хувьд одоо ажлаа хийж чадахгүй болсон. Би энэ хүүхдээс их хэмжээний мөнгө нэхэмжлээгүй. Миний цалингийн багахан хэсгийг өгч, надад тус дэм болоосой гэж хүссэн. Гэтэл үүнийг биелүүлээгүй. Орлогогүй болсон тул хүүхдийнхээ эм тарианы мөнгийг олж чадахгүй өөрөө өрөнд орж байна. Хүүхэд мань сард 1.000.000 төгрөгийн үнэтэй морфин тариулдаг. Энэ бүгдийг зээлээр авч байгаа. Би орлогоо тооцож, банкны дансны хуулгаа гаргаж өгвөл энэ хүүхэд төлж чадахгүй. Тийм учраас надад ядаж 3.000.000 төгрөг өгчих гэж эхнээс нь хэлж байсан. Гэтэл 1.200.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар хөл дээрээ гишгэж чадахгүй байгаа. Эдгэрэх хүртэл хэдэн сар таягтай доголж явахаа мэдэхгүй байна. Би хиймэл шүдний лаборатори ажиллуулдаг байсан. Олон эмнэлгүүдтэй харилцдаг байсан боловч намайг 3 сар эмнэлгээр явах хугацаанд ихэнх эмнэлэг нь харилцаагаа тасалж, миний орлогын эх үүсвэр байхгүй болсон тул миний хувьд маш их хохиролтой байна. Би гэмтэхээсээ өмнө эдгээр эмнэлгүүдээс хэдэн сая төгрөгийн орлого авдаг байсан ч одоо тийм биш болсон. Сард 4.000.000-5.000.000 төгрөгийн орлоготой байдаг байсан. Би ажилтай байсан бол багадаа 3.000.000 төгрөгийн орлоготой байх байсан тул 1 сарын орлогоо гаргуулж, хохирлоо барагдуулъя гэж бодсон боловч харилцагч эмнэлгүүдээр явж нотолгоо авчирч чадсангүй. Гэртээ байнга тэргэнцэртэй байдаг, ганцаараа явж чадахгүй. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн: “....алхаж байтал миний урд 103-ын машин нэг хүн аваад явсан, би тэр машиныг өнгөрөөгөөд 2 тийш анзаарч харахад машин харагдаагүй ... улаан өнгийн машин нь цаана 20-30 метрт харагдсан, би ажил руугаа чиглээд алхаж явсан тэгсэн чинь гэнэт л хойноос нэг юм ирээд мөргөсөн. Дугуй нь миний хөлийг дайраад би газарт унасан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас/ хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн  4-10 дугаар хуудас/,

 

хяналтын камерын бичлэг, СD-ний бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

яллагдагч ________ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...осол гаргасанд маш их харамсаж байна. Гэм буруугаа ойлгож байна. Бага шийтгэл оногдуулж  өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

 

          Шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан дүгнэлт: __________ биед  баруун шагайн гадна, дотор хавчаарын далд хугарал, мултрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн алга, бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9102 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн  47-48 дугаар хуудас/,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн гаргасан “ ...катализатор байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 17,9 мм урд тэнхлэг дэх дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. ... тоормосны систем стандартын шаардлага хангаж байна.... урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ, урд тэнхлэг дэх дугуйн хээний гүн 0 мм байгаа гэмтлүүд нь замын гадаргуугаас хамаарч тоормосны мөр уртсах, жолооны хүрд булаах, хажуу талдаа өрөөлдөх байдлаа /дүгнэлтэнд бичигдсэнээр/ үүсэх боломжтой . ...” гэх 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 999356 дугаартай дүгнэлт /хавтаст  хэргийн  52-54 дүгээр хуудас/,

 

Мөрдөгчийн магадлагаа: “1. Явган зорчигч ________ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Toyota Prius маркийн _________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч __________ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 1.3-т заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй. хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч явган зорчигч _________ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн  57 дугаар хуудас/,

 

 яллагдагч ________ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...би осол гаргасан маш их харамсаж байна. би өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байна. Хуульд заасан бага шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг баримтууд нотлох баримтуудаар тогтоогдож

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,

оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 76 дугаар хуудас,

            эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _______ нь 2022  оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 55 минутын  орчимд Баянгол дүүргийн __________ дугаар хорооны нутаг  дэвсгэрт “Е-март” худалдааны төвийн авто зогсоолын замд “________ ХХК-ийн эзэмшлийн “Toyota” маркийн “Prius-20” загварын _________ ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган  зорчигч 50 настай, эмэгтэй ________ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...” гэх санал,

 

            хохирогч: “.... хэлэх зүйл байхгүй ...” гэх санал,

 

            шүүгдэгч _______ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч _______ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 1.3-т заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган  зорчигч 50 настай, эмэгтэй _______ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч __________ өгсөн:  “....алхаж байтал миний урд 103-ын машин нэг хүн аваад явсан, би тэр машиныг өнгөрөөгөөд 2 тийм анзаарч харахад машин харагдаагүй,... улаан өнгийн машин нь цаана 20-30 метрт харагдсан, би ажил руугаа чиглээд алхаж явсан тэгсэн чинь гэнэт л хойноос нэг юм ирээд мөргөсөн. Дугуй нь миний хөлийг дайраад би газарт унасан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас/ хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-10 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэг, СD-ний бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/инжээч эмч _______ гаргасан дүгнэлт: ______ биед  баруун шагайн гадна, дотор хавчаарын далд хугарал, мултрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн алга, бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9102 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн  47-48 дугаар хуудас /, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн гаргасан “ ...катализатор байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 17,9 мм урд тэнхлэг дэх дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. ... тоормосны систем стандартын шаардлага хангаж байна.... урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ, урд тэнхлэг дэх дугуйн хээний гүн 0 мм байгаа гэмтлүүд нь замын гадаргуугаас хамаарч тоормосны мөр уртсах, жолооны хүрд булаах, хажуу талдаа өрөөлдөх байдлаа /дүгнэлтэнд бичигдсэнээр/ үүсэх боломжтой...” гэх 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 999356 дугаартай дүгнэлт /хавтаст  хэргийн  52-54 дүгээр хуудас/,Мөрдөгчийн магадлагаа: “1. Явган зорчигч ______ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Toyota Prius маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч _______ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 1.3-т заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй.хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний уямаас зам тээврийн осол гарч явган зорчигч ________ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үндэслэлтэй байна /хавтаст хэргийн  57 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр болгоомжгүй үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _________ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.      

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хохирлын талаар     

             

              Хохирогч __________ мөрдөн байцаалтын шатанд хохиролд 503,836  төгрөгийн баримты, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд 478,606 төгрөгийн баримт  шинээр гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардалд 1,200,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хохирогч нь цаашид  эмчилгээтэй холбоотой  болон цалин хөлс,  ажил хийгээгүйн улмаас олох ёстой байсан орлого зэрэг байдлаа  нотлох баримтуудаа бүрдүүдэн Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч _________ жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

               Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ___________ 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид нийт 990.442 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогчийн хувьд цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.... гэсэн санал,  

 

            шүүгдэгч ________ шүүхийн хэлэлцүүлэгт: “...албадан ажил хийлгэх ялыг зөвшөөрөхгүй...” гэсэн саналыг тус тус гаргав.

 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Улаанбаатар хотын  бүсчлэлээс 6 /зургаа/-н сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б___________ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн  бүсчлэлээс  6 /зургаа/-н сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.      

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг ___________  сануулсугай

 

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ________ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хохирогч ___________ нь цаашид гарах эмчилгээтэй  холбоотой зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

  

    6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, жолоочийн _________ тоот үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч _______ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _____________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ