Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2018/02876

 




 

 


й
2018 оны 11 сарын 22 өдөр                 Дугаар 184/ШШ2018/02876                                 Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,…. тоот хаягт байрлах, “С-” ББСБ ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..., өөрийн байранд байрлах, Н-газарт холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/02168 дугаар шийдвэрээр иргэн хариуцагч Т- овогтой Б- /РД-.../-аас зээлийн гэрээний үүрэгт 72.739.166 төгрөг, 17 мөнгийг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591.846 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч манай “С-” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 184/ШЗ2017/11830 дугаар захирамжийн дагуу Н-газраас төлбөр төлөгч Т.Б-т холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Т.Б- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул зээлийн барьцаа болох иргэн Г.А- /РД-.../-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027238 дугаарт бүртгэлтэй Сонгинхайрхан дүүргийн ... тоотод байршилтай 45.66 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг Н-газраас 2018 оны 5 сарын 11-ний өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 45.000.000 төгрөгөөр худалдан борлуулж төлбөрийг манай байгууллагад 2018 оны 06 сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор нийтэлсэн хуулийг хэрэглэж, Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай бөгөөд энэ нь эрх зүйт төрийн хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд үндэслэгддэг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв иргэн, хуулийн этгээд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тусгайлан чиг үүрэг бүхий төрийн байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэж, энэхүү үүргийг төр, түүний байгууллага Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн...баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн үндэс журмыг тогтоох зорилт бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 06 сарын 09-ний өдөр хууль тогтоогчоос шинэчлэн найруулан батлан гаргажээ. Гэтэл 2018 оны 06 сарын 22-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Д-, шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Г- нар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 8/1002 тоот тогтоол үйлдэж, тус тогтоол 2018 оны 08 сард хүчин төгөлдөр болж төлбөр төлөгч Т.Б-т холбогдох 17271539 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг үндэслэн дуусгавар болгосон. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор заасан байна. Иймд тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж заасны дагуу төлбөр авагч манай байгууллага олж мэдсэн даруйдаа ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Д-ид 2018 оны 08 сарын 20-ны өдөр 01/800 тоот албан тоотоор гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг тогтоолоор бус аман хэлбэрээр өгсөн. Мөн хуулийн 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж заасны дагуу 2018 оны 08 сарын 23-ны өдөр 01/807 тоот албан тоотоор тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан боловч мөн гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэгтэй хариуг 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 1/333 тоот хариу мэдэгдэх хуудсаар ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ажиллагааг зүйлчилсэн байна. Ийнхүү хуульчлагдсан зүйл заалтуудын аль нь ч төлбөр төлөгч Т.Б-т холбогдох 17271539 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийн ажиллагааг дуусгавар болгох эрх зүйн орчин бүрдээгүй байхад, төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр төлөх ёстой 73.331.012 төгрөг, 16 мөнгийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй 28.331.012 төгрөг, 16 мөнгийн үлдэгдэлтэй байхад Н-газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Д-, шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Г- нар хуульд нийцээгүй үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг хааснаас болж төлбөр авагч манай байгууллагад 28.331.012 төгрөг, 16 мөнгийн хохирол учирч манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Н-газрын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 8/1002 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, төлбөр төлөгч Т- овогтой Б- /РД- .../-т холбогдох 17271539 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагч Н-газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/02168 дугаар шийдвэрээр Т.Б-аас 73.331.012 төгрөгийг гаргуулах, хариуцагч төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027238 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягт байршилтай, 45.66 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н-газарт даалган шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 62.359.097 төгрөгийн 70 хувиар тооцон 53.651.367 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул 50 хувиар тооцон 31.179.548 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 45.000.000 төгрөгөөр худалдан борлогдож мөнгийг 2018 оны 06 сарын 22-ны өдөр “С-” ББСБ ХХК-ийн Голомт банк дахь дансанд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Иймд шүүхийн гүйцэтгэх хуудсыг бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С-” ББСБ ХХК нь Н-газар /цаашид “НГ” гэх/-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 184/ШШ2017/02168 дугаар шийдвэрээр хариуцагч Т- овогтой Б-аас зээлийн гэрээний үүрэгт 72.739.166 төгрөг, 17 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж 591.846 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч “С-” ББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинхайрхан дүүргийн ... тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийн Ү-2201027238 дугаартай, 45.66 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н- албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр хариуцагч Т.Б- нь 73.331.012 төгрөг, 16 мөнгийг төлбөр авагчид төлөхөөр заасан ба 45.000.000 төгрөгийг манай дансанд шилжүүлсэн, 28.331.012 төгрөг, 16 мөнгөний үлдэгдэлтэй байхад төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч “НГ” нь “...шүүхийн шийдвэрт үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” хэмээн маргав.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 184/ШЗ2017/11830 дугаар захирамж, мөн өдрийн 1289 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “НГ” нь 2017 оны 11 сарын 27-ны өдөр 17271539 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж эхэлжээ.

 

Төлбөр төлөгчид шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2017/02168 дугаар шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох Г.А-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “НГ”-ын 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор хурааж, 2018 оны 02 сарын 07-ны өдрийн 35 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоохоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний “Б-” ХХК-иас 62.359.097 төгрөгөөр хөрөнгийг үнэлсэн байна. “НГ” нь 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 4/3 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор  үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдаанд, 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 5/2 дугаар тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдаагаар оруулж хөрөнгийг 45.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2018 оны 05 сарын 24-ний өдрийн 5/3 дугаар тогтоолоор өмчлөх эрх бусдад шилжихийг мэдэгдэж, 2018 оны 06 сарын 19-ний өдрийн 01 дугаар байр орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол, 2018 оны 06 сарын 19-ний өдрийн худалдан борлогдсон эд хөрөнгийг шилжүүлэх тухай 19 дугаар тогтоолоор хөрөнгийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлж, 2018 оны 06 сарын 21-ний өдөр 45.000.000 төгрөгийг төлбөр авагч “С-” ХХК-ийн Голомт банк дахь дансанд шилжүүлжээ. Ингээд 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 8/1002 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг үндэслэн 17271539 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д “төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “ахлах шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэж тус тус заасан.

 

Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөс зээлийн гэрээний үүрэг, улсын тэмдэгтийн хураамжид нийт  73.331.012 төгрөг 16 мөнгийг гаргуулан төлбөр авагчид олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н- албанд даалгаж шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнэ буюу 45.000.000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлж, төлбөрөөс үлдэх 28.331.012 төгрөг 16 мөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулаагүй, хэн, хэрхэн, хэзээ төлөх эсэх нь ойлгомжгүйгээр “...төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. 73.331.012 төгрөг 16 мөнгийг төлбөр авагчаас гаргуулахаар гүйцэтгэх баримт бичигт заасаар байхад 45.000.000 төгрөг төлбөр төлөгчид шилжүүлснээр гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан зохицуулалтад нийцэхгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” хэмээн заасантай үл нийцэж байгаа болно.

 

Иймд Н-газрын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 8/1002 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагчид даалгах шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н-газрын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 8/1002 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолыг хүчингүй болгож, 17271539 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг Н-газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ‘’С-” ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.УРАНЗУЛ