Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00784

 

 

Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03156 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 308 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч: Б.Энхжаргал

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.27-ны өдрийн 184/ШШ2016/00402 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Энхжаргал, Ц.Бямбадорж нараас зээлийн гэрээний үүрэгт 12,579,690 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 108,125 төгрөг, нийт 12,687,815 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Б.Энхжаргалын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019778 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 3 дугаар гудамж, 22 тоот хаягт байрлах, 64.5 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах Г-2201007814 дугаарт бүртгэлтэй 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газраас төлбөр гаргуулахаар ажиллагаа хийж байгаа юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.27-ны өдрийн 184/ШШ2016/00402 дугаартай шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар заагаагүй атал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа үйлдэл хууль бус гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах бөгөөд төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэж заасныг зөрчсөн ажиллагаа болсон. Иймд дээрх барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар болсон. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжав нь 2019.10.24-ний өдөр нэхэмжлэлийг өөрөө гардаж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл илэрсэн бол шүүхэд, 27.2-т заасан үндэслэл илэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэж заасан. Гэтэл уг хуулийн зохицуулалтыг зөрчиж Б.Энхжаргалын 64.5 м.кв талбай бүхий хувийн сууц, 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019.11.01-ний өдөр эхний дуудлага худалдааг явуулсан байсан. Б.Энхжаргалын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төлбөр төлөгч Б.Энхжаргал, Ц.Бямбадорж нараас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019.11.30-ны өдөр хийгдсэн. Түүнээс өмнө нь төлбөр төлөгч Б.Энхжаргалаас төлбөр гаргуулахаар 2015.07.02-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4310 дугаартай шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа 2015.08.03-ны өдөр явагдсан. Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй, барьцаа хөрөнгөөс гаргуулаагүй, зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа л явагдаж байгааг ойлгоогүй байна. Учир нь 2015.08.03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.02-ны өдрийн 102/ШШ2015/04310 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Б.Энхжаргалаас төлбөр авагч А.Ундармаад холбогдох 1,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 19,375 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Дараагийн ажиллагаа 2015.09.15-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015.05.27-ны өдрийн 102/ШШ2015/03509 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч нь нэг учраас Хас банк ХХК-ийн барьцаалсан хөрөнгийг битүүмжилсэн тогтоол нь Хас банк ХХК-ийн шийдвэртэй ажиллагаанд биш А.Ундармаагийн ажиллагаан дээр битүүмжлэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хөрөнгө тодруулах ажиллагаанууд явагдсан талаар 2015.08.10-ны өдрийн тоотоор нотлох баримтуудаа бүгдийг хэрэгт хавсаргасан. 2015.08.18-ны өдөр Б.Энхжаргалын бичиж өгсөн тайлбарт 1 настай хүүхдээ асарч байгаа тул түр хугацаагаар хойшлуулна уу гэсэн байдаг. Мөн 2015.10.05-ны өдөр төлбөр төлөгчийн дансанд байгаа мөнгийг битүүмжилж, данс хаах тоотыг бүх банк руу явуулсан. Бүх банкнаас мөнгөн хөрөнгийн үлдэгдэл хүрэлцэхгүй болон данс байдаггүй гэсэн хариу ирж байсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Энхжаргалын өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 онд Хас банк ХХК-тай байгуулсан зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэсэн хариу 2015.08.25-ны өдөр ирсэн. Энэ бичгийн дагуу манайхаас Хас банк ХХК-руу 2015.09.07-ны өдөр зээлийн үлдэгдэл болон зээл дууссан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ үү гэсэн албан тоотын хариу 2015.09.09-ний өдөр зээлийн үлдэгдэл 8,003,882 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн гэрээ дуусгавар болох хугацаа нь 2016.08.04-ний өдөр гэж ирсэн. Төлбөр төлөгч Б.Энхжаргалаас төлбөр авагч А.Ундармаа, н.Батжаргал, Хас банк ХХК, н.Номин-Эрдэнэ гэсэн дөрвөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байгаа. Хас банк ХХК нь барьцаалагчийн давуу эрхээр барьцаа хөрөнгөнөөс өөр мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгө байхгүй болох нь нотлогдсон тул барьцаа хөрөнгөөр хангагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан баталгаажуулах арга хэмжээ нь явагдсан. Дараа нь сайн дураараа төлж барагдуулаагүй учраас үл хөдлөх хөрөнгө дээр хийгдсэн ажиллагаа явагдсан. 2016.12.12-ны өдөр хөрөнгө хураах ажиллагаа явагдсан. 45,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож байсан. Тухайн үед явагдсан анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. 2017.08.08-ны өдрийн 3/19626 дугаартай тоотыг Ц.Бямбадорж хүлээж авсан байдаг. Төлбөр авагчид 2017.08.11-ний өдөр төлбөр санал болгох ажиллагаа явагдана гэсэн албан бичиг гардуулсан байдаг. 2019.08.07-ны өдөр Хас банк ХХК буюу төлбөр авагч нь дахин үнэлгээ тогтоолгоод бодит ханшийг хөндлөнгийн шинжээчээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2016 онд хураасан тогтоолыг хүчингүй болгоод дараа нь 2018 онд дахин хурааж талуудаас үнийн санал авсан хэдий ч хоорондоо тохиролцож чадаагүй. 15,012,000 төгрөгийн зөрүү гарч байсан. 2019.09.12-ны өдрийн 4/19882, 4/19823 дугаартай тоотуудаар төлбөр төлөгч нарын хаяг руу баталгаат шуудангаар мэдэгдлийг явуулсан. Төлбөр авагч нарт анхны дуудлага худалдаа явуулах талаар 2019.09.26-ны өдрийн 4/20966 дугаартай мэдэгдлийг 1027 тоот тогтоолын хамт илгээсэн байдаг ба энэ дуудлага худалдаагаар хөрөнгө нь худалдагдаагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар 2019.10.25-ны өдрийн 4/240072 мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байдаг. Албадан дуудлага худалдаа болон хураах ажиллагаа, баталгаажуулах арга хэмжээ мөн хуульд заасны дагуу явагдсан учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Энхжаргал Ц.Бямбадорж нарт банкнаас 2016.04.08-ны өдөр 14,500,000 төгрөгийн зээлийг Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 3 дугаар гудамж, 22 тоот хаягт байрлах 64,5 м.кв талбай бүхий хувийн сууц, 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг барьцаалан олгосон байдаг. Зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас 2016.07.27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс захирамж гарч, тус захирамжаар 12,579,690 төгрөгийг төлөх хуваарь гаргасан талуудын эвлэрлийг баталсан байдаг боловч хуваарийн дагуу төлөөгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандсан. Барьцаалагчийн давуу эрхээр барьцаа хөрөнгөөр хангуулахаар ажиллагаа хийж байгаа юм. Энэхүү шүүгчийн захирамж нь төлнө гэсэн үнийн дүнг баталгаажуулсан болохоос биш, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахгүй, зөвхөн бэлэн мөнгөөр хангуулна гэсэн шүүгчийн захирамж биш юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тухайд Б.Энхжаргалын хувьд 3 дахь, Ц.Бямбадоржийн хувьд 4дэх ажиллагаа нь байдаг юм. Манайхаас өмнө 5 шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Нийтдээ Б.Энхжаргал, Ц.Бямбадорж нараас 14,500,000 төгрөг гаргуулах ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр авагчийн хувьд зөвхөн өөрт хамааралтай материалуудтай л танилцах ёстой. Гэтэл энэ ажиллагаа нь 2013 оноос хийгдсэн харагдаж байна. Б.Энхжаргал болон Ц.Бямбадоржийн талаар бүх л лавлагаануудыг цуглуулахад зээлийн төлбөр төлөгдөх боломжгүй байсан учраас барьцаанд байгаа эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Төлбөр авах ажиллагаа дарааллаараа явагдах ёстой гэж үзэж байгаа боловч Иргэний хуулиараа барьцаалагч давуу эрхтэйгээр оролцоно гэдэг үүднээс дараагийн хураах ажиллагаа 2016 онд манайд явагдсан байдаг. Өөр 2016 оноос хойш зогсонги байдалтай явж байгаад саяхнаас эхэлж дахин үнэлүүлэх хүсэлт гаргасан. Өмнө нь хэдийгээр үнийн дүнд хүрэхгүй ч гэсэн 2 удаа албадан дуудлага худалдаа явуулахад борлогдоогүй. Хураах ажиллагааг 2019.8 сард дахин явуулаад, хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж үнэлүүлэхэд 15,012,000 төгрөгөөр үнэлэгдэж төлбөр төлөгч тал болон, төлбөр авагч талд мэдэгдсэн. Анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй, сая 2019.11.01-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж заасныг үндэслэн манайх дуудлага худалдаанд оролцож 8,706,000 төгрөгөөр хөрөнгийг худалдаж авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Түдгэлзүүлэх тал дээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдол гаргаагүй. Мөн хоёр дахь дуудлага худалдаа явагдах хүртэл хугацаанд гомдол болон ямар нэгэн санал ирээгүй байсан. Тиймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргах нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хариуцагч нар шүүгчийн захирамжид заасан 12,579,690 төгрөгийг 2016 оноос хойш нэг ч төгрөг төлөөгүй өдийг хүргэсэн байна. Ямар нэгэн байдлаар төлбөр төлөх хүсэл эрмэлзэл огт байхгүй байгаа нь төлбөр авагчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Манай байгууллага 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцогчоор оролцсон нь Б.Энхжаргалын хөрөнгийг өөрийн болгох гэсэн санаа биш. Төлбөр төлөгч нар мөнгөө төлчихвөл бид хөрөнгийг нь буцаагаад өмчлөлд нь шилжүүлэх бүрэн боломжтой гэжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 184/ШШ2019/03156 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2019.11.01-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Б.Энхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 308 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 184/ШШ2019/03156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ... Нэхэмжлэгчид төлбөрт хураагдсан эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдах гэж байгаа талаар мэдэгдээгүй бөгөөд 2019.10.25-ны өдөр хүргүүлсэн хуудсан албадан дуудлага худалдааны мэдэгдэл дээр ...анхны дуудлага худалдаанд оруулах... гэж бичсэн байхад шүүхээс дээрх үйл байдлыг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн нь үндэслэлгүй юм. ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч Хас банк ХХК-ийн хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ажиллагаа явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банк бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон үнэт зүйлээс төлбөрийг гаргуулах ажиллагааг огт явуулаагүйн сацуу энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч, Б.Энхжаргал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж татгалзжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд хоёр дахь албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй, 2019.10.25-ны өдрийн мэдэгдэл дээр ...анхны дуудлага худалдаанд оруулах... гэсэн байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангуулна гэсэн агуулга заажээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс нь хэд хэдэн төлбөр авагчдад холбогдох төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байгаа, эдгээрийн нэг нь Хас банк ХХК байна.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27 ны өдрийн шүүгчийн 184/ШШ2016/00402 дугаар захирамжаар Б.Энхжаргал, Ц.Бямбадорж нараас 12,579,690 төгрөг гаргуулж Хас банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн, 2016.11.14-ний өдрийн шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн, маргааны зүйл болох Б.Энхжаргалын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 3 дугаар гудамж, 22 тоот хаягт байрлах 64,5 м.кв талбай бүхий хувийн сууц, 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар төлбөр авагч Хас банк ХХК-ийн барьцаанд байсан зэрэг хэргийн нөхцөл байдлууд тогтоогджээ.

 Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль үйлчилж байх цаг хугацаанд эхэлсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хас банк болон бусад төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор төлбөр төлөгч нарын мөнгөн болон бусад эд хөрөнгө тодруулах ажиллагаа хийсэн нь хэргийн 164-166 дугаар талд авагдсан төлбөр төлөгчийн дансанд байгаа мөнгийг битүүмжилж, данс хаах тухай 2015.10.16-ны өдрийн 1/36112 албан тоот бичгүүд, төлбөрийг төлөх тухай 136/16, 136 тоот мэдэгдлүүд зэрэг баримтаар тогтоогдож байгаа ба улмаар дээрх барьцааны хөрөнгийг 2015.08.31-ний өдрийн 31 дугаар тогтоолоор хураажээ.

 Хариуцагч байгууллагаас явуулсан эдгээр ажиллагаа нь цаг хугацааны хувьд тухайн ажиллагааг явуулах үед үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34дүгээр зүйлийн 34.1.1, 53 дугаар зүйлийн 53.1-дэх хэсэгт болон одоо үйлчилж буй 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 86 дугаар зүйлийн 86.1, 86.4-д заасны дагуу байна.

 Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэл хангуулахаар үл хөдлөх хөрөнгө нэрлэн заагаагүй боловч төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хуульд заасан дараалал журмын дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг тогтоож төлбөрийг барагдуулах ажиллагааг албадан явуулахдаа төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнээс төлбөр гаргуулах нь хууль зөрчихгүй юм.

 Иймд хэргийн дээрх нөхцөл байдлын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтуудыг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн 2019.11.01-ний өдөр болсон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хийсэн шүүхийн эрх зүйн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай (2017) хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 122 дугаар зүйлийн 122.4-д заасныг зөрчөөгүй гэж үзэв.

 Нэхэмжлэгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, маргааны харилцаанд нийцэх хуулийн зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглээгүйг зөвтгөж энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 308 дугаар магадлалын нэг дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03156 дугаар шийдвэрийн нэг дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1. дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон 2019.11.01-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Б.Энхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэр, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

                                 ШҮҮГЧИД                                             П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Х.ЭРДЭНЭСУВД