Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0513

 

Д.Бнарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Г.Н, өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай IX/19 дугаартай тогтоолоор батлагдсан “Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 оны” нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхцуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн хэсгийг хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б, Д.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Нэхэмжлэгч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Нэхэмжлэгч Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 158/2024/0009/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Бнар нь “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай IX/19 дугаартай тогтоолоор батлагдсан “Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 оны” нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхцуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т тус тус заасныг баримтлан Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Д.Б, Д.Бат-Өлзий, Г.Б, Л.Гнарын эзэмшиж буй газруудын зарим хэсэгтэй давхцуулан авто зам, авто машины зогсоол барихаар төлөвлөгдсөн хэсэгт нэхэмжлэгч нарын эсрэг санал гаргах эрхийг хангасан үйл ажиллагааг гүйцэтгүүлсний эцэст төлөвлөгөөний тухайн хэсгийг батлах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн IX/19 дугаартай Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолоор батласан Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 он-ын маргаан бүхий хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд нэхэмжлэгч нарын Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 он-ын өөрсдийн газар эзэмших эрхэд холбогдох хэсэгт эсрэг санал гаргах эрхийг хангасан үйл ажиллагааг явуулуулсны дараа тухайн хэсгийг батлах эсэх талаар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд тус 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн IX/19 дугаартай Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолоор батлагдсан Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 он-ын маргаан бүхий хэсгийг хүчингүй болгохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Г.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... 0017 тоот шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Дээрх бүгдээс нэхэмжлэгч нар нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг Андагчдын өргөн чөлөөнд байрших нэгж талбарын 6308003414, 6308004177, 6308003705, 6308004074 дугаар бухий газруудыг эзэмших эрхтэй бөгөөд тэдгээриин эзэмшиж буй газруудын зохих хэсгийг давхцуулан авто зам, авто машины зогсоол барихаар “Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 он’'-д тусгасан, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний холбогдох мэргэжлийн байгууллага, ажлын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар бүлэг болон мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг зохих ёсоор хийгээгүйн улмаас нэхэмжлэгч Д Баярмагнай, Г.Б нарын газар эзэмших болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, Д.Б, Л.Гнарын газар эзэмших эрхүүд тус тус хөндөгдсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдов” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар сонсох ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогддог, энэ талаар анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгуйд гомдолтой байна.

3.2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хэсэгт суурь болгон ашигласан байр зүйн дэвсгэр зурагт маргаж буй хэсэгт хамаарах дараах объектуудыг тусгаагүй, байр зүйн дэвсгэр зургийг санаатайгаар өөрчилсөн, газрын алба газрын мэдээллийг шинэчлэх үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, хуучирсан мэдээлэл бүхий байр зүйн зураг ашигласан, зураг хийсэн байгууллага суурь судалгааг бүрэн гүйцэд хийгээгүй, байр зүйн зураг нь төлөвлөлтийн үндэс суурь болдог. Маргаж буй хэсгийн орчинд байрлах, хамаарал бүхий иргэн Ууганбаярын эзэмшил дэх зоорийн барилга, Г.Б, Д.Бзэрэг иргэн Д.Бгийн эзэмшиж буй газар хүртэл газар эзэмшиж буй 4 иргэдийн одоо газар дээрээ баригдсан 1, 2 давхар барилгууд, үл хөдлөх хөрөнгө хашаа бүрэн зураглагдаагүй, төлөвлөлт хийхэд дээрх обьектуудыг төлөвлөлт хийсэн суурь байр зүйн дэвсгэр зурагт оруулаагүй нь газар дээрээ байхгүй мэтээр харагдуулсан, төлөвлөлтөд агуулга хуучирсан 2015 онд хийгдэж 2017 онд геодези, зураг зүйн улсын нэгдсэн санд хүлээн авсан зургийг мэдээллийн сангаас авсан боловч маргаан үүсгэж гомдол гаргаж буй хэсгийн байр зүйн дэвсгэр зургийн агуулгыг шинэчлээгүй, агуулга хуучирсан зураг хуулбарлан ашигласан, энэ нь 1:500, 1:1000, 1:2000, 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр дугаарлалын ажил БД 11-106-08 -ын 4.1 “байр зүйн дэвсгэр зургийн агуулга нь дэвсгэр зургийн масштабаас хамаарах бөгөөд байр зүйн элементүүдийг үнэн зөв, шаардагдах нарийвчлал, мэдээллийн агуулгаар нь дүрслэн үзүүлэхэд оршино” гэснийг зөрчсөн байна. Зураг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Маргаж буй төлөвлөгөө боловсруулахдаа нэхэмжлэгч Д.Бн өмчлөлийн 1980 онд баригдсан “баясуулагч” захын объектийг шинээр төлөвлөж буй барилга мэтээр оруулсан, Ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт хийхдээ маргаж буй иргэдийн эзэмшил газраас гадна үл хөдлөх хөрөнгийг дайруулан авто зам, зогсоол төлөвлөсөн, үл хөдлөх хөрөнгийг санаатайгаар хэмжээ, зориулалтыг өөрчилсөн, нийтийн хэрэгцээ шаардлагад бус зөвхөн захиргааны ажилчдын байрны /төлөвлөж буй 68 дугаартай/ оршин суугчдад зориулан төв замаас шууд орж болох гарц байсаар байтал түүнийг нь хааж автозам зогсоол болгож төлөвлөсөн, гэрч Б.Ганзориг мэдүүлэгтээ энэхүү замыг байр баригч этгээд бус орон нутгийн өмчөөр барихаар төлөвлөж байгааг хэлсэн зэргээр ашиг сонирхол бүхий төлөвлөлт хийсэн ... маргаж буй иргэдийн эзэмшил, гэрийн буурин дээгүүр төлөвлөсөн авто замаар явж тус худалдааны төвийн араар тойрч машинаа тавих, худалдааны төвийг тойрч орох эсвэл төв зам дагуу хаалгагүй битүү худалдааны төв байх мэтээр байдлаар ямар ч үндэслэл, зарчимгүй, иргэд үйлчлүүлэгчийг хүндрүүлж төөрөгдүүлсэн төлөвлөлт хийгдсэн, Ерөнхий төлөвлөгөөгөөр Ууганбаяр гэгч иргэний эзэмшил газар дээр барих захиргааны ажилчдын тусгай захиалгат гэх орон сууцны гадна орчны байгууламжийг эзний өөрийнх нь газраас сөөм газар ч оролцуулалгүй маргаж буй иргэдийн эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгө, гал голомтыг устган авто зам зогсоол ногоон байгууламж болгон төлөвлөсөн давуу байдал олгосон нь хот төлөвлөлтийн зарчим, холбогдох бүх хууль, стандарт, норм дүрэм, төлөвлөлт шударга, тэгш байх иргэдийн оролцоог хангах, суурь судалгааг үнэн зөв хийж түүн дээр үндэслэх, мэргэжлийн ёс зүй баримтлах зэргийг зөрчсөн, нэг хүнд давуу байдал олгосон, энэ нь хавтаст хэрэгт авагдсан төлөвлөлтийн зургийн 74 хуудас зэрэг бүх зургуудаар нотлогддог, мөн гэрч Ганзоригын маргаж буй иргэдийн эрх зөрчигдөж байгаа эсэх гэсэн асуултад зөрчигдсөн, яагаад ингэж төлөвлөснийг зураг хийсэн байгууллагаас асуух нь зүйтэй гэсэн мэдүүлэгээр нотлогддог.

3.3. Ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгч Д.Бн үл хөдлөх хөрөнгийг төлөвлөсөн авто замтай давхцуулсан, эзэмшил газар дээр төлөвлөсөн авто замыг уг эзэмшил газрын урд хэсгээр дайран өнгөрч эзэмшлээс нэвт гарч хойд хэсгээр эргэж орж ирэн авто машины зогсоол байгуулахаар төлөвлөсөн нь төлөвлөлтийн ямар ч норм дүрэм, баримтлах зарчим, мэргэжлийн ёс зүйд нийцэшгүй байгаа болно. Г.Бийн ул хөдлөх хөрөнгө болон эзэмшил газрын дийлэнх хэсэгт авто зам, авто машины зогсоол зурагдсан, мөн энэхүү авто зогсоолд одоо байгаа орох гарах гарцыг хамруулсан, Д.Б-ийн эзэмшил газар дээрх хувийн сууцны оронд ногоон байгууламж төлөвлөсөн, нэхэмжлэгч Л Ганчимэгийн эзэмшил газрын оронд ногоон байгууламж зурагдсан, эдгээр нь бүгд хавтаст хэрэгт авагдсан зурган нотлох баримттай байгаа.

3.4. ... шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон 2022-2040 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан маргаж буй авто зам нь дээрх албан тушаалтнуудын нотолгоо, нотлох баримтаар бол ус, дулааны шинэхэн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах үүднээс давхцахгүй байхаар төлөвлөгдсөн байх ёстой. Гэтэл энэхүү 2018-2019 онд улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдсэн шинэхэн сантехникийн шугамтай ямар ч зөрүүгүйгээр нийтдээ давхацсан байгаа нь шугам сулжээний хамгаалтыг байхгүй болгон Булган сумын 5 дугаар багийн таван давхар орон сууц, баригдаж эхэлсэн 9 давхар 2 орон сууц, хүнснии зах 3 давхар бүхий ахмадын өргөө, оюутны дотуур байр, нэхэмжлэгч нарын 3, хамаарал бүхий 4 айлын хувийн сууцыг ус, дулаанаар хангадаг эх үүсвэр бөгөөд тэдгээр иргэн, хуулийн этгээдийн аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх, хууль есны ашиг сонирхол давхар хөндөгдөж байгаа ноцтой нөхцөл бүрдүүлж байна.

3.5. Нэхэмжлэгч иргэдийн эзэмшиж байгаа газар, түүн дээр барьсан хашаа, шинээр барьсан 1, 2 давхар барилгууд ерөнхий төлөвлөгөө хийхэд ашигласан байр зүйн дэвсгэр зурагт бүрэн дүрслэгдээгүйгээс, суурь судалгааг хангалтгүй хийснээс зохиогч ногоон байгууламжаар төлөвлөж иргэдийг хохироосон, ерөнхий төлөвлөгөө зохиогч аж ахуйн нэгж нь агуулга хуучирсан байр зүйн зураг ашиглан төлөвлөлт хийсэн, иргэдийн эзэмшиж байгаа газар, 1, 2 давхар барилгууд байр зүйн зурагт бүрэн дүрслэгдээгүйгээс тэдгээр иргэдийн эзэмшиж байгаа газарт мөн зам төлөвлөсөн гэж үзэж байна. “Сонголт дизайн” ХХК нь ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа гол нь суурь болгон ашигласан байр зүйн дэвсгэр зурагт дээр нэр дурьдсан иргэдийн газар хашаа, барилгууд бүрэн дүрслэгдэж агуулга бүрэн байр зүйн дэвсгэр зураг ашигласан бол иргэн Г.Б, Д.Б, Л.Г, Д.Бнарын газар дээр зогсоол, тэдгээрийг холбосон авто зам, ногоон байгууламж төлөвлөгдөх боломжгүй. “Сонголт дизайн” ХХК ерөнхий төлөвлөгөө боловсруулах үед аймгийн архитекторын албан тушаал эрхэлж байсан Б.Г, одоогийн ерөнхий архитектор нарын мэдүүлгээс нэхэмжлэгч ерөнхий төлөвлөгөөг хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг хангасан мэт харагдуулах зорилготой, бодит байдлын судалгааг дутуу хийсэн санаатай үйлдэл юм.

3.6. Иргэдийн Төлөөлөгчдйин Хурлын тогтоолоор баталсан ерөнхий төлөвлөгөөг хэн нэгэн өөрчлөх үндэслэлүуд нь ямар хууль тогтоомж, дүрэм журам, стандартад зохицуулсан байдаг талаар асуухад хариулт хэлээгүй, хуулийг мэдэхгүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл гэрч нар маргаж буй захиргааны актыг хууль бус асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэхдээ ямар ч аргаар хамаагүй хаацайлах зорилготой байсан гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар сонсох ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогддог, энэ талаар анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Маргаж буй төлөвлөгөөг боловсруулахдаа байр зүйн дэвсгэр зургийг санаатайгаар буруу зурсан. 40, 41 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Бн өмчлөлийн 1980 онд баригдсан баясуулагч захыг шинээр төлөвлөж  буй барилга мэтээр оруулсан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа барилга геодези зураг зүйн газраас авсан кадастрын зурагт нэхэмжлэгч Д.Б, Г.Б нарын хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө огт байхгүй мэтээр зурагдсан. Ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгч Г.Бийн үл хөдлөх хөрөнгө болон эзэмшил газрын оронд авто зам, авто машины зогсоол зурагдсан. Ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгч Д.Б-ийн эзэмшил газар, хувийн сууцны оронд ногоон байгууламж зурагдсан. Ерөнхий төлөвлөгөөг боловсруулах гэх “Сонголт дизайн” ХХК-ийн захирал Я.Сумхүү анхан шатны шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгээ техникийн шинжтэй алдаа гарсан гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал үүнийг холбогдох хууль тогтоожм, дүрэм журам, стандартыг хангасан ерөнхий төлөвлөгөө боловсруулсан гэх үнэлгээ авах зорилготой санаатай хийсэн хууль бус үйлдэл гэж үзэж байгаа.

4.2. Нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу гарсан эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрхтэй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмших ашиглах эрхийг маргаж буй захиргааны акт зөрчсөн. Нэхэмжлэгч Д.Б, Г.Б нар нь өөрсдийн эзэмшил газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг дайруулан авто зам болон авто машины зогсоол барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байгаа болно. Маргаж буй ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто зам нь цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээний дээгүүр тавигдахаар байгаа.

4.3. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн замын тэнхлэгээс хоёр тийш байна” гэснээс харахад авто замын зурвас газрын өргөнөөр авч үзвэл нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол Авто замын тухай хуульд зааснаар давхар зөрчигдөж байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр Булган аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Г гэрчийн мэдүүлэг өгөхдөө, одоогийн байдлаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэж хэлсэн.

4.4. Хариуцагч болон бусад гэрч нар хэлэхдээ ерөнхий төлөвлөгөө нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тохиолдолд, ерөнхий төлөвлөгөөг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлахдаа өөрчилж болно, ерөнхий төлөвлөгөө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлахдаа өөрчилж болно. Хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч нартай тохиролцоод нөхөн төлбөр өгнө, ерөнхий төлөвлөгөөг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлахдаа өөрчилж болно, ерөнхий төлөвлөгөөг өөрчилж болно, заавал биелэгдэх шаардлагагүй, ерөнхий гэсэн нэртэй учраас юу ч байж болно, бас байхгүй байсан ч болно гэсэн. Харин дээр дурдсан үндэслэлүүд нь ямар хууль тогтоож, дүрэм журам, стандартад зохицуулсан байдаг талаар асуухад хариулт хэлээгүй болно. Эдгээрийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх заалт тус захиргааны хэрэгт ямарч хамааралгүй хуулийн заалт бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх хуулийн зүйл заалтыг нэмэлт тайлбар гаргахдаа хэлээгүй бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэлсэн хуулийн зүйл заалтыг илт гуйвуулж бичиж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 6.1-д “Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй” гэж заасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлснээр тэмдэглэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа энэ хуулийн дээрх заалтыг хэлээгүйгээс гадна ямар ч утга авцалдаагүй хэлээгүй хуулийн зүйл заалтыг хэлсэн болгож шүүх шийдвэртээ дурдаж нэмэлт тайлбартаа гаргасан хуулийн үндэслэлийг дутуу бичиж Захиргааны хэргийн анхан шатны шүүх шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой.

5.2. ... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай тогтоол нь зөвхөн нэхэмжлэгч иргэдэд чиглэсэн захиргааны акт биш нийт Булган сумын ард иргэдэд хамааралтай нийтэд зориулсан, нийтэд мэдэгдэх, захиргааны акт тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар нэхэмжлэгч иргэдийн талаар нэг бүрчлэн хэлэлцэж мэдэгдэх хуулийн заалт, шаардлага ч байхгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “3ахиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно ... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Сайхан Монгол” телевиз, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын пэйж хуудас, аймгийн Засаг даргын Тамгын газрын пэйж хуудсуудаар тухай хуралдааныг шууд дамжуулж мэдээлсэн. Иймд нэхэмжлэгч нар нь тус тогтоолыг батлагдсаныг мэдээгүй, батлагдсан талаар эрх бүхий этгээдийн зүгээс мэдэгдээгүй гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар тус тогтоолыг батлагдсныг мэдсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5.3. … Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг хэлнэ гэж тодорхойлсоны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн IХ/19 дугаартай Булган сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай тогтоол нь хот байгуулалтын үндсэн баримт бичиг юм. Агуулгын хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн баримт бичгээ л баталж байгаа асуудал юм … нэхэмжлэгч нарын гаргаж буй гомдлыг аймаг, сумын Засаг дарга нар дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 14.1-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой.

5.4. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж сонсох ажиллагаанд нэхэмжлэгч иргэдийг нэг бүрчлэн оролцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй нэхэмжлэгч иргэдэд тогтоолыг баталсаныг мэдэгдээгүй гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 43 дугаар зүйлийн 43.6-д заасантай нийцэхгүй, хуульд заасан үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч Д.Б, Д.Б, Г.Б, Л.Гнар нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай IX/19 дугаартай тогтоолоор батлагдсан “Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 он”-ын нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхцуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

2.2. Анхан шатны шүүх “... маргаан бүхий захиргааны актыг цахимаар мэдэгдсэн гэж үнэлэх боломжгүй … танилцуулснаас хойш 30 хоногийн дотор Булган аймгийн Булган сумын Засаг дарга болон холбогдох мэргэжлийн байгууллага нь санал, тайлбараа гаргах, энэхүү хугацаа дууссанаас хойш, эсхүл албан ёсоор мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлөвлөгөөний талаар эсрэг саналтай бол тухайн саналаа төлөвлөгөөг боловсруулж буй захиргааны байгууллагад гаргах эрхийг нэхэмжлэгч нар эдлэх байжээ. Гэтэл Булган аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь нэхэмжлэгч нарын дээрх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаагүй байна. Нэхэмжлэгч нар нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг анхдагчдын өргөн чөлөөнд байрших нэгж талбарын 6308003414, 6308004177, 6308003705, 6308004074 дугаар бүхий газруудыг эзэмших эрхтэй бөгөөд тэдгээрийн эзэмшиж буй газруудын зохих хэсгийг давхцуулан авто зам, автомашины зогсоол барихаар Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 онд тусгасан, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний холбогдох мэргэжлийн байгууллага, ажлын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар бүлэг болон мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг зохих ёсоор хийгээгүйн улмаас нэхэмжлэгч Д.Б, Г.Б нарын газар эзэмших болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, Д.Б, Л.Гнарын газар эзэмших эрхүүд тус тус хөндөгдсөн” гэж хөөн хэлэлцэх хугацаа болон маргаан бүхий үйл баримтыг талаар зөв дүгнэлтийг хийсэн атлаа маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Бнь Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар захирамжаар нэгж талбарын 050400057 дугаартай 5148 м2 газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0020578 дугаартай гэрчилгээг авсан, нэхэмжлэгч Д.Бнь Булган аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаартай захирамжаар нэгж талбарын 6308004177 дугаар бүхий 395м2 газрыг эзэмших эрхийг Д.Бат-Өлзийд шилжүүлж, улмаар мөн аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/408 дугаартай захирамжаар 15 жилээр сунгаж, 0000093584 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч Г.Б нь Булган аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/328 дугаартай захирамжаар нэгж талбарын 6308003705 дугаар бүхий 703 м2 газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлийн 000128221 дугаар бүхий 4 жилийн хугацаатай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон, хамтран эзэмшигчээр Г.Д-г бүртгэсэн, нэхэмжлэгч Л.Гнь Булган аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/92 дугаар захирамжаар 300 м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлийн 000429962 дугаарын гэрчилгээг олгож, улмаар Булган аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/373 дугаар захирамж гарснаар тус газарт нэгж талбарын 6308004074 дугаар бүхий 297 м2 газрыг 5 түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг 4 жилийн хугацаатай олгож гэрээ байгуулж, улсын бүртгэлийн 000049857 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 4 жилийн хугацаатай олгосон үйл баримт тогтоогдож байна.

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно”, 73.1.2-д “хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна”, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болох хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг боловсруулахдаа юун түрүүнд уг төлөвлөгөөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдэд сонсох ажиллагаа явуулах, улмаар санал авах, оролцоог нь хангах талаар нарийвчлан зохицуулсан байна.

2.5. Хэдийгээр хариуцагчаас “... маргаан бүхий тогтоол нь зөвхөн нэхэмжлэгч иргэдэд чиглэсэн захиргааны акт биш нийт Булган сумын ард иргэдэд хамааралтай нийтэд зориулсан, нийтэд мэдэгдэх, захиргааны акт тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар нэхэмжлэгч иргэдийн талаар нэг бүрчлэн хэлэлцэж мэдэгдэх хуулийн заалт, шаардлага ч байхгүй … Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Сайхан Монгол” телевиз, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын пэйж хуудас, аймгийн Засаг даргын Тамгын газрын пэйж хуудсуудаар тухай хуралдааныг шууд дамжуулж мэдээлсэн. Нэхэмжлэгч нарын гаргаж буй гомдлыг аймаг, сумын Засаг дарга нар шийдвэрлэх боломжтой” гэж тайлбарлаж байх боловч үүнийг Булган аймгийн Булган сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдээс авсан санал гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.6.  Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлөх эрх үүссэн газартаа уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний улмаас уг эрхээ бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “… нэхэмжлэгч нарын гаргаж буй гомдлыг аймаг, сумын Засаг дарга нар Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 14.1-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.7. Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Д.Б, Д.Б, Г.Б, Л.Гнарын эзэмшиж буй газруудын зарим хэсэгтэй давхцуулан авто зам, авто машины зогсоол барихаар төлөвлөгдсөн хэсэгт нэхэмжлэгч нарын эсрэг санал гаргах эрхийг хангасан үйл ажиллагааг гүйцэтгүүлсний эцэст төлөвлөгөөний тухайн хэсгийг батлах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн IX/19 дугаартай Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолоор батласан Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 оны маргаан бүхий хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2.8. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” буюу захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн боловч маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримт нь байхгүй, хангалтгүй бөгөөд шүүх болон хэргийн оролцогчоос үл хамаарах шалтгаанаар бүрэн дүүрэн цуглараагүй, үүний улмаас мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагаа хийх боломжгүйд хүрсэн үед энэхүү заалт хэрэглэгддэг.

2.9. Энэхүү маргааны хувьд Булган аймгийн Булган сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдээс санал аваагүй байгаа, хариуцагчийн буруутай үйлдэл тогтоогдож байгаа энэ тохиолдолд уг заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.10. Өөрөөр хэлбэл, нэгэнт нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газруудын зохих хэсгийг давхцуулан авто зам, автомашины зогсоол барихаар “Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 он”-д тусгасан, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний холбогдох мэргэжлийн байгууллага, ажлын алба нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс санал аваагүй нь бичийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул дахин шинэ акт гаргаснаар маргааны үйл баримтад нөлөөлөхөөргүй, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

2.11. Түүнчлэн, нэхэмжлэгч нарыг Барилга, хот байгуулалтын яамнаас 5/105 дугаартай албан бичгийг гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  маргаан бүхий захиргааны актыг мэдсэн гэж үзэхээр байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Сайхан Монгол” телевиз, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын пэйж хуудас, аймгийн Засаг даргын Тамгын газрын пэйж хуудсуудаар тухай хуралдааныг шууд дамжуулж мэдээлсэн. Иймд нэхэмжлэгч нар нь тус тогтоолыг батлагдсаныг мэдээгүй, батлагдсан талаар эрх бүхий этгээдийн зүгээс мэдэгдээгүй гэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-д 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байх бөгөөд тэрээр 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр огноолон 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасантай нийцээгүй байх тул уг гомдлыг хэлэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 73 дугаар зүйлийн 73.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б, Д.Б, Г.Б, Л.Гнарын Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” IX/19 дугаартай тогтоолоор батлагдсан “Булган хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 он”-ын нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхцуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 болгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ