Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 112/ШШ2021/0034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Тус аймгийн ******* сумын иргэн Х.Гын нэхэмжлэлтэй, ******* сумын ******* С.Ст холбогдох ******* сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагч ******* сумын ******* С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/61 дүгээр захирамж нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. 40.1.5 Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй Х.Г миний бие 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/56 дугаар захирамжаар Баянгол багт Магнай Трейд ШТС-ын зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 газар эзэмших шийдвэртэй боловч газрын гэрчилгээгүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй. 2020 оны 11 сард Улсын бүртгэлийн хэлтэст уг захирамжийн дагуу газрын гэрчилгээнд Э дугаар авахаар газрын даамал материал хүргүүлсэн. Газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй байсан тул газрын төлбөр үүсээгүй, иргэн надад газрын төлбөрийн нэхэмжлэл ирээгүй. 2020 оны 06 дугаар сарын 25-аас хойш жилийн хугацаа ч болоогүй байхад хуулийн үндэслэлгүй захирамж гаргасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/56 дугаартай Х.Гад ******* сумын Баянгол багт Магнай Трейд ШТС-н үйлчилгээний зориулалтаар 300 м2 газрыг эзэмших шийдвэр гаргасан байдаг. Энэ захирамжийг ******* сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/61 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Энэ захирамжийг хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. ******* захирамж гаргахдаа 40.1.5 дахь хэсэг буюу газрын төлбөрөө төлөөгүй, 40.1.6 дахь хэсэг буюу зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй гэсэн заалт хэрэглэсэн нь үндэслэлгүй байгаа. Газрын тухай хуулийн 23.4.2 дахь хэсэгт Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох нь сумын газрын даамлын эрх байдаг. 23.4.6 дахь хэсэгт газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх нь мөн газрын даамлын үүрэг байгаа. Газрын тухай хуулийн 23.6 Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ гэсэн заалт байдаг. Газрын тухай хуулийн 34.1 дэх хэсэгт газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл манайд газар эзэмших гэрчилгээ ирээгүй мөн газар эзэмших гэрээ байгуулагдаагүй. Газар эзэмших гэрээнд газар эзэмшүүлэх үндэслэл, газар эзэмших зориулалт, хэмжээ, хугацаа, газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага заагдсан байх ёстой. Тийм учраас манайд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр захирамж гарснаас хойш газрын даамал гэрээ байгуулж гэрчилгээ олгоогүй. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд мэдүүлгийн маягт хүргүүлсэн байгаа. Одоо газар эзэмших эрхийн гэрчилгээ бүгд Э дугаартай болсон байгаа. Э дугаар авахаар сумын газрын даамал 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр маягт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, гэрээ байгуулаагүй учир бид нарт ногдуулалт хийж өгөөгүй байгаа. Зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй гэсэн байна. 2020 оны 06 дугаар сарын 25-нд захирамж гарсан. 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр энэ захирамжийг хүчингүй болгосон. Энэ хугацааг цаг тооллоор аваад үзэхээр бүтэн жил болоогүй ойролцоогоор 10 сарын хугацаа байгаа. Тэгэхээр 2 жил дараалан гэдэгт орохгүй байна. 2019 оны 08 дугаар сард манайх тухайн шатахуун түгээх станцын хажууд 48 м2 үйлчилгээний зориулалтаар барилга барьсан. Энэ бол дүгнэлт дээрээ ямар нэгэн нийтийн эрх ашиг зөрчөөгүй, ямар нэгэн хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгжийн газартай давхцаагүй. Авсан 300м2 газраасаа бага 48 м2 газарт барилга барьсан. Тэгээд үүнийг барихдаа газрын даамал очиж газрыг хэмжиж өгөөд 4*8 харьцаатай байна гээд барьсан. Ингээд 2019 оны 08 дугаар сард бариад 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард үйлчилгээний зориулалтаар барьсан болохоор Алтайн Хүдэр ХХК-ийн ажилчид ажилдаа явахдаа тэнд буудаллаад хоол хийж үйлчилж байсан. Цар тахлын улмаас 2020 оны 01 дүгээр сар гээд зогссон. Манайх зориулалтын дагуу 2 сар ашиглаж байсан. Цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа хаасан гэдгийг бүгд мэдэж байгаа. Би 2016 онд захирамж гаргаад 2019 онд өөрийнхөө захирамжийг хүчингүй болгосон. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газрын даамал гэрээ байгуулж гэрчилгээ олгоогүй. Гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй шалтгаан нь аймгийн газрын алба аудитын газраас 2 жилийн хугацаатай газар эзэмшүүлээд 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй бол газар эзэмших эрхийг нь хүчингүй болгодог байсан. 2018 онд аудитын байгууллагаар газрын даамал шалгагдаад хууль зөрчиж 2 жилийн хугацаатай олгосон Засаг даргын захирамж гарсан байна. Хуульд нийцүүлж 15 жилийн хугацаагаар гарга гэсэн үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед аудитын шаардлагын дагуу газрын анхны үнийг төлсөн байдаг. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэж ярьж байна. Өмнө нь сумын газар зохион байгуулалтад орсон байсан газрын захирамжийг дахин хуульд нийцүүлэн гарга гэсэн шийдвэрийг биелүүлж байгаа учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орох шаардлагагүй гэж тухайн үед ажиллаж байсан газрын даамал нь үзсэн. Би ******* хийж байлаа гээд миний нөхөр ямар нэгэн төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ авах эрх нь нээлттэй байгаа. Би тухайн үед Засаг даргын захирамж гаргахдаа хууль зөрчиж байгаа эсэх, ашиг сонирхол байгаа эсэхийг хянах эрх бүхий албан тушаалтан буюу Тамгын газрын даргаар захирамжаа хянуулж гаргадаг. Мэргэжлийн газрын даамал нь хуульд нийцүүлж захирамжаа оруулж ирээд хуульд нийцэж байгаа эсэх, ашиг сонирхол байгаа эсэхийг Тамгын дарга шалгаад би ёсчилж гаргадаг байсан. Би бол сумын А бүсэд биш, хэн нэгэн хүнтэй булаацалдаагүй, хэмжээгүй их газар биш 48 м2 газрыг авсан. Алтанзагас даргын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт дээр 2020, 2021 онуудад төлбөр төлөгдөөгүй байна гэсэн байсан. Би түүнийг их гайхаж байна. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр захирамж гараад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд Э дугаараа авахаар мэдүүлэг, маягтаа өгсөн байгаа. Ч даргын өгсөн албан бичиг дээр 2020 оны 100 м2, 2020 оны 300 м2 аль нь ч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна гэж байгаа. Мэдээж надад гэрчилгээ олгогдоогүй гэрээ байгуулагдаагүй юм чинь улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боломжгүй. Улсын бүртгэлд бүртгүүлэх гээд Э дугаараа авахаар маягтаа өгсөн байгаа. Тэгэхээр яагаад газрын албан дээр ногдуулалт гарсан байгааг би гайхаж байна. С.С дарга бас 2016, 2017 онд төлбөр төлөөгүй юм байна лээ гэж байна. Мэдээж би гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй юм чинь төлбөр төлөхгүй. Газрын албаны даргын албан тоот дээр ч гэсэн 2016, 2017 онд ногдуулалт байхгүй. 2020, 2021 онуудад байна гэж байгаа юм. 2021 он бол дуусаагүй байна. Гэрээ байгуулаад, гэрчилгээ өгөх юм бол гэрээнд хэзээ хэдэн төгрөг төлөхийг тодорхой зааж өгнө. Манайд нэг ч удаа нэхэмжлэх ирж байгаагүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно гэсэн байгаа. Тэгэхээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа учраас төлбөр гараагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. С.С дарга 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргахдаа 2020 оны захирамжийг л хүчингүй болгосон. 2016 оны захирамжийг би хүчингүй болгосон байсан учир энд 2016 оны захирамж яригдахгүй байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 04 дүгээр сард гаргасан миний захирамжийг хүчингүй болгох талаар иргэн Х.Гаас нэхэмжлэл ирүүлсэн байна. Иргэн Х.Гын газрын асуудал бол 2016 оноос хойш хууль зөрчиж явсан газар байна гэж би дүгнэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд шашин шүтлэг, эд хөрөнгө, арьс өнгө хувь хүний байдлаас шалтгаалахгүйгээр бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэж заасан байдаг. Өнөөдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа М.Т нь тухайн үеийн ******* сумын *******ар ажиллаж байсан. 2008 оноос хойш 12 жилийн хугацаанд ******* сумын Засаг даргын албыг хашиж байсан хүн байгаа. Сум орон нутгийн үйл ажиллагааг хэнээс ч илүү мэдэх мэдлэг туршлагатай хүн байгаа гэж дүгнэж байгаа. 2016 онд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж иргэн Х.Гад 400 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Ер нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хурал тухайн жилдээ шийдвэрлэж явдаг. 2016 онд 400 м2 газрыг иргэн Х.Гад эзэмшүүлэхээр шийдвэр гарсан бөгөөд 2016 онд 100 м2 газрыг анхны үнэ 48,000 төгрөг төлөөд Х.Г эзэмшсэн байна. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тухайн үеийн ******* сумын ******* М.Т нь өөрийн гэр бүлийн хүн иргэн Х.Гад хууль бусаар 300 м2 газрыг эзэмшүүлэх захирамж гаргасан. Энэ нь тухайн 2019 оны хурлаар шийдэгдсэн буюу 2020 онд иргэн Х.Гын 100 м2 газрыг 300 м2 болго гэсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй шийдвэр гаргасан. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гаргахдаа тухайн газрын анхны үнийг төлөөгүй шийдвэр гаргасан. Миний харж байгаагаар иргэн Х.Гаас өөр анхны үнэ төлөлгүйгээр өөрийнхөө давуу байдлаа ашиглаж тухайн үеийн ******* М.Т хамаарал бүхий хүндээ давуу байдал үүсгэж анхны үнийг төлүүлэхгүйгээр газар олгосон байгаа учир энэ захирамжийг цуцалсан. 2016 оноос 2021 оныг хүртэл хугацаанд иргэн Х.Г нэг ч төгрөгийн газрын төлбөр төлөөгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно гэж заасан байгаа. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т 2020 оны 11 дүгээр сард шивэгдэж орсон гэж хэлж байна. Тухайн үед ажиллаж байсан одоо ажиллаж байгаа газрын даамлын гэрчийн мэдүүлэг дээр байгаа байх гэж бодож байна. Намайг ажил авснаас хойш иргэн Х.Г бол үйлчилгээний зориулалтаар тухайн газрыг эзэмшээгүй. Түүнээс өмнөхийг би мэдэхгүй учраас тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс тайлбарыг авч ажиллаж байгаа. Ер нь бол газрын төлбөр оруулах үүрэг бол сумын *******д байдаг. Жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн сумын татвар, бусад орлогыг оруулах үүргийг сумын *******д үүрэг өгөөд төлөвлөгөө баталж өгдөг. Түүний дагуу сумын ******* албан хаагч нартаа үүрэг өгөөд газрын төлбөрийг авхуулж явдаг. М.Т дарга 2 жилээр гарсан газрын гэрчилгээг би өөрөө 2020 онд цуцалсан гэж байна. Гэхдээ энэ хүн 2016 оноос хойш бодогдсон газрынхаа төлбөрийг төлүүлэхгүй цуцалсан. Жирийн иргэд жил бүр газар эзэмшсэн төлбөрөө төлөөд явдаг. Хэн нэгэн даргын хамаарал бүхий хүн түүнийг төлөхгүй чөлөөлөгдөнө гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй байх гэж үзэж байна. Тийм учраас Х.Гын газар эзэмших эрхийг цуцалсан. Энэ бол зөвхөн 2020 оны захирамжийг цуцалсан зүйл биш. 2016 оноос хойш 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл иргэн Х.Г нэг ч төгрөг төлөөгүй. 2020 оны 06 дугаар сарын 25-нд иргэн Х.Гын 100 м2 газрыг 300 м2 болгож нэмж олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн Х.Гад олгосон. Газрын хэмжээг өөрчлөх, шинээр газар олгох бүрдээ газрын анхны үнийг заавал төлөх ёстой. 200 м2 газрыг нэмж олгохдоо нэг ч төгрөгийн анхны үнэ төлүүлээгүй. Энэ бол өөрийн хамаарал бүхий хүндээ давуу байдал үүсгэсэн байна гэж миний хувьд үзэж байгаа. Аль ч онуудад иргэн Х.Г нь газрын төлбөр нэг ч төгрөг төлөөгүй. Засаг даргын захирамж гарсан байхад иргэд өөрсдөө газрын гэрчилгээг шилжүүлж авдаг. Мөн гэрээгээ байгуулдаг эргээд газрын төлбөрөө төлөөд явдаг байхад энэ хүн өөрөө Засаг даргын гэр бүлийн хүн нь газар авч байхад яагаад өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээг нь олгоогүй явж байсан юм бэ? нэг талдаа газрын төлбөрөөс зугтсан байдал үүсэж байна гэж харж байгаа юм. Сумын газрын даамал бол сумын Засаг даргын удирдлага дор ажилладаг. Газрын даамал хэдийгээр аймгийн Барилга хот байгуулалтын газарт харьяалагдаж ажилладаг хэдий ч сумын *******тай гурвалсан гэрээ байгуулж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүний нөлөөлөлд автаж газрын төлбөр авч чадахгүй, газрын гэрээг нь хийхгүй, гэрчилгээг нь бичиж өгөхгүй ингэж явсан юм уу? гэж иргэн хүний хувьд хардаж байгаа. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн захирамж хүчингүй захирамж байсан. Учир нь анхны үнээ төлөөгүй. Манай газрын даамал надад хэлэхдээ Э дугаарыг бүртгэсэн боловч одоо болтол ороогүй байна гэдэг тайлбар өгч байгаа. 2019 оноос хойш цахим бүртгэлд орж байгаа. Би захирамж гаргахаасаа өмнө нягталж үзсэн нэг ч төгрөг төлж байгаагүй. Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн хуулийн заалтыг барьсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Гад анх ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/94 дүгээр захирамжаар Магнай трейд ШТС-ын баруун талд 100 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/56 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Гын Магнай трейд ШТС-ын зүүн талд үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан 100 м2 газрыг 300 м2 болгон өөрчилж ...газрын эзэмших эрхийг хугацааг 15 жилээр сунгаж, энэхүү захирамж гарсантай холбогдуулж 2016 оны А/64 дүгээр захирамжийн 2 дахь хэсгийг хүчингүй болгосон байна.

******* сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Захирамж хэсэгчилж хүчингүй болгох тухай А/61 дүгээр захирамжаар Х.Гын Магнай трейд ШТС-ын зүүн талд үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан 300 м2 газрыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөр төлөгч байна.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-т Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна, 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг тодорхой заасан бөгөөд хуулийн 34.6-т газар эзэмших гэрээнд газар эзэмшүүлэх үндэслэл /зохих шийдвэр/, газар эзэмших зориулалт, газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар, газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт, газар эзэмшүүлэх хугацаа, газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага, газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар хийх ажил зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад зүйлийг гэрээнд тусгаж, газар эзэмших гэрээг байгуулахаар зохицуулсан байна.

Гэтэл ******* сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/56 дугаар захирамжаар Х.Гад Магнай трейд ШТС-ын зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300 м2 газрыг эзэмшүүлсэн боловч улсын бүртгэлд бүртгүүлж, мэдээллийн санд оруулаагүй, газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоогүй байгаа нь хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал: Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлж, газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгосноор газар эзэмшигчид газрын төлбөр төлөх үүрэг үүсэх бөгөөд хариуцагчийн зүгээс газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр газрыг хүчингүй болгосон боловч газрын төлбөрт хэдэн төгрөг төлөх талаар тодорхойлж чадахгүй, газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч этгээдэд мэдэгдээгүй байж газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж үзэх нь үндэслэлгүй юм.

2.Нэхэмжлэгч Х.Гад 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан байхад 2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хуульд заасан хугацааг харгалзан үзэхгүйгээр хүчингүй болгож байгаа нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн Х.Гын тухайд үйлчилгээний зориулалтай эзэмшиж байгаа газар дээрээ замын хоолны газар байгуулах зорилгоор 48 м2 байшин барьсан боловч Дэлхий нийтийг хамарсан ковид цар тахалтай холбогдуулан үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөлд байгаа гэх тайлбарыг шүүхэд гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг болон бусад дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/56 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 33 дугаар зүйлийн 33.7, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/56 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ЗОЛБАДРАХ