Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2018/00920

 

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2018/00920

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдаанытанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст баг **   тоотод оршин суух, М овогт Б-н О/РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, Э  ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18554240 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс, ажилгүй байсан хугацаанд ажилчдад олгож байсан урамшуулал, бонус, нэмэгдэл цалин буюу 2016 оны болон 2017 оны 13 дахь сарын цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг гаргуулах, 2017 оны 1 сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч талд даалгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Оминий бие нь Э  ХХК-ийн Хууль эрх зүйн газарт хуульчаар ажиллаж байсан бөгөөд 2017-01-05-ны өдрийн Э  ХХК-ийн Ерөнхий Захирал Х.Б -гийн №Б/34 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ захиргааны санаачилагаар цуцлаж, ажлаас халагдсан. Ингээд миний бие нь үндэслэлгүй ажлаас халагдсан гэх үндэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж урд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-07-18-ны өдрийн 142/ШШ2017/00791 дугаартай шийдвэр, болон Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017-10-03-ны өдрийн 158 дугаартай магадлал, мөн Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018-02-05-ны өдрийн 001/хт2018/00177 дугаартай тогтоолоор тус тус 2017-01 -05-ны өдрийн Э  ХХК-ийн Ерөнхий Захиралын №Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Онамайг Э  ХХК-ийн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоосон билээ. Нэгэнт миний бие нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байна. Одоогийн байдлаар миний бие нь 1 жил 4 сар 19 хоног ажилгүй байна. Энэ хугацааны цалин 18,554,240 төгрөгийг Э  ХХК-иас нэхэмжилж байна. Мөн ажилчидад олгодог нэмэгдэл буюу бонус зэрэг нэмэгдэл цалинг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх бөгөөд одоог хүртэл намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн авах тушаал гараагүй байгаа тул тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлс нэмэгдэх магадлалтай. /жич хүсэлт тавьж нарийн тооцоог гаргуулна/. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч талаас бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Онэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Э  ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд энэ нэхэмжлэл дээрээ нэмж ажилгүй байсан хугацаанд ажилчдад олгож байсан урамшуулал, бонус, нэмэгдэл цалин буюу 2016 оны болон 2017 оны 13 дахь сарын цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг нэмж нэхэмжилж, дараах нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. Миний ажилгүй байсан хугацаанд ажилчдад олгож байсан урамшуулал, бонус, нэмэгдэл цалин буюу 2016 оны болон 2017 оны 13 дахь сарын цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг хариуцагч талаас бүрэн гаргуулж өгнө үү. 2017 оны 1 сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 сарын 18-ны өдр хүртэл хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуульд зааснаар хариуцагч Э  ХХК-с гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Б.Ошүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр намайг хуучин ажилд эгүүлэн тогтоосон. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орсон. Ажилд эгүүлэн тогтоох тушаал гарсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бонус, урамшуулал, 13 дахь сарын цалин, зэсийн үнийн урамшуулал буюу бонус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Жирэмсний өмнөх тэтгэмж болон дараахи тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бонус, урамшуулал, нэмэгдэл ажлын гүйцэтгэлийн гол урамшуулал гээд нийт 28.709.909 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал, жирэмсний болон амаржсаны дараахи тэтгэмж гаргуулах байсан. Жирэмсний болон амаржсаны дараахи тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Нэхэмжлэгч. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй нийт 17 сар 13 хоног ажилгүй байсан. Энэ хугацаанд Э  ХХК ажилчдынхаа цалинг 2 удаа нэмсэн байсан. 2017 оны 5 дугаар сард 10%-аар, 2018 оны 4 дүгээр сард 10%-аар нэмэгдсэн байсан. Цалин хөлсийг тооцоолж гаргуулъя гэсэн боловч гаргуулж чадаагүй учраас хөдөлмөрийн гэрээнд зааснаар цалин хөлсөө бодсон. Хөдөлмөрийн гэрээнд О ийн үндсэн цалин 1200000 төгрөгийн цалин хөлстэй гэж заагдсан байсан. 2017 оны 01 дүгээр сарын 15-аас цалин хөлс нэмэгдсэн сар хүртэл 4 сар байна. 4 сарын цалинг 1200000 төгрөгөөр бодохоор 4800000 төгрөг болж байгаа. 5 сард дээр 10%-ийн нэмэгдэл цалин хөлс нь 11 сар байгаа. Дараагийн 11 сар хүртэл О ийн үндсэн цалинг 1320000 төгрөгөөр бодсон. Үүнийгээ 11 сараар үржүүлэхээр 14520000 төгрөг гарсан. 2018 оны 4 дүгээр сард цалин 10% нэмэгдсэн байсан. Тэгэхээр тушаал гартал 2 сар болсон. 1 сарын цалин 10%-аар нэмэгдэхээр 1440000 төгрөг гэж бодсон. Үндсэндээ ажлаас халагдсанаас хойш үндсэн цалин 20%-аар нэмэгдэж байна гэж үзвэл 2880000 төгрөгийн цалинтай юм байна гэж бодсон. Үндсэн цалингийн тооцоог 22200000 төгрөг гэж бодсон. 17 сар 13 хоногоор тооцож бодсон. 1440000 төгрөгөө ажлын 22 хоногоор дунджилж бодсон. 13 хоногийн цалин 850900 төгрөг гарсан. Үүн дээрээ 17 сарын цалингаа нэмэхээр 23350909 төгрөгийг үндсэн цалин гэж бодсон. Нэмэгдэл бонусын хувьд 500000 төгрөгийн тушаал байсан болохоор шууд нэмж бодсон. 2016, 2017 оны 13 дахь сарын цалин гэж орж ирсэн. Тэр он нь дуусаад дараа оны 2 сард олгогддог урамшуулал учраас 2 жилийн 13 дахь сарын цалин гэж 2000000 төгрөг гэж бодож гаргасан. Дараагаар нь 2 удаа зэсийн үнийн урамшуулал олгогдсон байсан. Тэр нь хамгийн багадаа 300000 төгрөг байдаг гэж үзээд 600000 төгрөг гарсан. Дараагаар нь ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн урамшуулал гэж байдаг юм байна. Энэ нь сар бүр нэмэгддэг юм байна. Бид хоёр өөрсдийн мэдэхээр сарын 150000 төгрөгөөр бодсон. Нийт ажилгүй байсан 17 сардаа үржүүлээд 2550000 төгрөг гарсан. Нийт 28709909 төгрөг гэж бодож гаргасан. Нэхэмжлэлээ ингэж гаргачхаад мэдэгдэхгүй байгаа бонус, урамшуулал, ажлын гүйцэтгэлийн гол урамшууллын талаар хариуцагчийн төлөөлөгчөөс асууж тодруулъя гэж бодож байна. Тэгэхээр хэлбэлзэж магадгүй. Зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн байсан. Хуулийн дагуу 3 шатны шүүхээр Б.О ийг ажилд нь эгүүлэн тогтоосон учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал, бонус, 13 дахь сарын цалинг гаргуулах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Онь 2017 оны 01 сарын 05-нд ажлаас халагдаж, 2018 оны 05 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу нийт 1 жил 4 сар 19 хоногийн цалин хөлс болох 18554240 төгрөгийг хариуцагч Э  ХХК-с гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэвч Б.Онь 2017 оны 09-р сарын 14-ний өдөр амаржсан байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1-р зүйлд заасны дагуу эх амаржихаас өмнө 2 сар, амаржсаны дараа 2 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт олгодог. Уг хугацааны олговрыг харьяа орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулах хуулийн зохицуулалттай бөгөөд ажил олгогч хариуцахгүй юм. Иймд Б.О ийг амаржихаас өмнөх 2 сар буюу 2017 оны 07-р сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны /6 сар 9 хоногийн/ дундаж цалин хөлс дээр, хүүхэд асрах чөлөөтэй хугацаа болох 2017 оны 11-р сарын 14-ний өдрөөс 2018 оны 5-р сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны /6 сар 20 хоногийн/ хүүхэд асрах тэтгэмжийн төлбөрийг /сар тутам 400000 төгрөг/-ийг олгох нь зүйтэй юм. Гэтэл нэхэмжлэгч Б.Онь уг нөхцөл байдлуудыг огт тооцоололгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэгдэж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О ийн хувьд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал, бонус, 13 дахь сарын цалин, ажилтаны үр дүнгийн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цалин болон урамшууллууд олгох эрх зүйн актуудыг гаргаж өгсөн. Цалингийн тооцоолол нотлох баримтаар гарч ирсэнгүй. 13 дахь сарын цалингийн хувьд 1000000 орчим төгрөг авдаг. Зэсийн үнийн бонус 250000-300000 төгрөгийн хооронд байдаг. Зэсийн үнийн урамшуулал улирал болгон олгодог. Зэсийн урамшууллын хувьд зэсийн үнэ хэлбэлзэж байдгаас шалтгаалж О ийн ажилгүй байсан хугацаанд зэсийн үнийн урамшуулал 2 удаа өгсөн. Сар болгоны урамшууллын журам нь хавтаст хэрэгт авагдсан. Энэ урамшуулал нь 30000-100000 төгрөгийн хооронд байдаг. Тодорхой тооцоо ирээгүй. Ерөнхийдөө дунджилж гаргасан байна. 95 жилийн ой гээд 2017 оны 12 дугаар сарын 22-нд 500000 төгрөг бүх ажилчдад олгох тушаал гарсан. Энэ мөнгө нь Э  ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа бүх ажилтанд олгогдсон. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй. Тэгэхээр шүүхээр шийдвэр гаргуулах байр суурьтай байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Онь Э  ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18554240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ажилчдад олгож байсан урамшуулал, бонус, нэмэгдэл цалин буюу 2016 оны болон 2017 оны 13 дахь сарын цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг гаргуулах, 2017 оны 1 сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч талд даалгуулах тухай шаардлага гаргаж нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч Э  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Нэхэмжлэгч Б.Онь тус шүүхэд 2017 оны 05 сарын 03-ны өдөр Эрдэнэт- Үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э  ХХК-ийн хууль эрх зүйн газрын хуульч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж түүний нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцээд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 791 дүгээр шийдвэрээр Б.О ийг Э  ХХК-ийн хууль эрх зүйн газрын хуулчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 158 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 177 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд: нэхэмжлэгч Б.Онь 17 сар 13 хоног ажилгүй байсан, энэ хугацаанд Э  ХХК-ийн ажилчдын цалин 2017 оны 5 сард 10 хувь, 2018 оны 4 сард 10 хувиар нэмэгдсэн, ийм учир нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1200000 төгрөгийн үндсэн цалинтай, энэ үндсэн цалингаар 2017 оны 1, 2, 3, 4 сард 4800000 төгрөгийг цалин, цалин 10 хувь нэмэгдэхээр 1320000 төгрөгийн цалин 11 сарын хугацаанд 14520000 төгрөг, 2018 оны 4, 5 сард дахин цалин 10 хувиар нэмэгдэхээр 1440000 төгрөгөөр 2888000 төгрөг, 2018 оны 6 сард 13 хоног ажилгүй байсан хугацааны 1440000 төгрөгөөр тооцохоор 850909 төгрөгийн цалин, нийт 23050909 төгрөгийн цалин, мөн Э  ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 12 сарын 22-ны өдрийн А/1010 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтнуудыг 500000 төгрөгийн урамшуулал олгосныг авах ёстой байсан гэж үзэж нэхэмжилж байна. Мөн жилийн ажлын үр дүнгийн урамшуулал буюу 2016 оны 13 дахь сарын цалин, 2017 оны 13 дахь сарын цалин 2000000 төгрөг, бонус зэсийн үнийн урамшуулалд 600000 төгрөг, ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн урамшууллыг 1 сард 100000 төгрөгөөр тооцож 17 сарын 1700000 төгрөг авах ёстой байсан учир нэхэмжилж байна гэснийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.О  хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

Хариуцагч Э  ХХК нь нэхэмжлэгч Б.О ийг Ерөнхий захирлын 2018 оны 06 сарын 18-ны өдрийн Б/693 дугаартай тушаалаар мөн өдрөөс эхлэн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоосон байх тул Б.О д 2017 оны 01 сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулж олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин, мөн хугацаанд ажилчдад олгож байсан урамшуулал, зэсийн үнийн нэмэгдэл буюу бонус, нэмэгдэл цалин буюу 2016 оны болон 2017 оны 13 дахь сарын цалин гаргуулах гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаандаа амаржсан байх бөгөөд жирэмсний өмнөх буюу амаржсаны дараагийн тэтгэмжийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан байх тул түүний татгалзлыг баталж, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй

 

Нэхэмжлэгч Б.Онь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс ажилдаа эгүүлэн тогтоогдсон өдөр болох 2018 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл 364 хоног буюу 17 сар 13 хоногийн хугацаанд ажилгүй байсан бөгөөд уг хугацааны цалинг түүний хөдөлмөрийн гэрээ /хэргийн 14-15-р тал/-нд заасан ажил олгогчтой тохиролцсон цалин болох 1200000 төгрөгийн үндсэн цалингаар тооцож цалинг гаргуулахаар шийдвэрлэлээ. Учир нь хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хариуцагч байгууллагын санхүүгээс түүний ажлаас халагдахаас өмнөх 4 сард авч байсан цалин хөлсний тодорхойлолт /хэргийн 5, 63-р тал/ нотлох баримтаар авагдсан боловч дэвтэр болон тодорхойлолтод заасан цалин зөрүүтэй, энэ хугацаанд нэхэмжлэгч өвчтэй байсан шалтгаанаар цалинг бүрэн гүйцэд аваагүй гэх тайлбарыг гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч Б.О ийн үндсэн цалин 1200000 төгрөг байх ба уг цалинг 2 удаа 10, 10 хувиар нэмсэн тушаалаар /хэргийн 83, 101/ тооцож ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 23050909 төгрөг, жилийн ажлын үр дүнгийн урамшуулал буюу 2016 оны 13 дахь сарын цалин, 2017 оны 13 дахь сарын цалин 2000000 төгрөг /хэргийн 97-р тал/, бонус зэсийн үнийн урамшуулал 600000 төгрөг/хэргийн 85, 87-р тал/, мөн Э  ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 12 сарын 22-ны өдрийн А/1010 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилчдад олгосон урамшуулал 500000 төгрөг /хэргийн 86-р тал/ , нийт 26150909 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг Э  ХХК-д даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд сар бүр ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг дүгнэж олгодог урамшуулалд 17 сараар нэг сард 100000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэрэгт нотлох баримтаар авагдсан Э  ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн А/76 дугаар тушаалаар батлагдсан Ажлын үр дүнг гүйцэтгэлийн гол үзүүлэлтээр хэмжих, үнэлэх, урамшуулах тухай журамд тухайн ажилтны ажлын гүйцэтгэлийн гол үзүүлэлт гэж тухайн ажил албан тушаалын хүрээнд гүйцэтгэх ажил, үүрэг даалгаврын биелэлтийн түвшин буюу эцсийн үр дүнг тухайн ажилтан хэрхэн биелүүлж байгаа ур чадвар, мэдлэг, мэргэшил, хандлага зэрэг хүчин зүйл дээр тулгуурлан үнэлэхийг хэлнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Онь 2017 оны 01 сараас 2018 оны 6 сар хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, уг журмын дагуу ажлаа үнэлүүлж, дүгнүүлээгүй байх тул ажилгүй байсан хугацааны нэхэмжлэгчийн сар бүрийн ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшигт шүүх хуралдааны товуудыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаануудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э  ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 288704 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О ийн ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 26150909 /хорин зургаан сая, нэг зуун тавин мянга, есөн зуун ес/ төгрөгийг хариуцагч Э  ХХК-с гаргуулж нэхэмжлэгч Б.О д олгож, нэхэмжлэлээс сар бүрийн ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн урамшуулал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх цалин хөлснөөс Нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч Э  ХХК-ийн нягтлан бодогчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ожирэмсний өмнөх болон амаржсаны дараах тэтгэмж гаргуулах нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э  ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 288704 /хоёр зуун наян найман мянга долоон зуун дөрөв/ төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ