Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 112/ШШ2021/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-******* аймгийн ******* сумын ******* Д.Эд холбогдох ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгож, ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Б овогтой С миний бие ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажилд томилогдон ажиллаж байхад сумын ******* болох Д.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 тоот захирамж гаргаж намайг үндэслэлгүйгээр хууль зөрчиж ажлаас халсан тул би нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч би хариуцагчийн Б/09 дугаартай захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Б/09 дугаартай захирамжийг гаргаж намайг ажлаас халахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг баримталсан байгаа. Гэтэл энэ заалт нь ******* хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхтэйг хуульчилж өгсөн. Гэтэл хариуцагч энэ заалтыг зөрчиж хууль тогтоомжид нийцээгүй захирамж гаргасан. ******* хууль тогтоомжид нийцээгүй захирамж гаргасан тохиолдолд өөрөө хүчингүй болгох эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-д хуульчилж өгсөн байхад алдаагаа засахгүйгээр намайг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газар, Прокурорын газарт үндэслэлгүйгээр удаа дараа өөрийн биеэр болон бусдаар өргөдөл гомдол өгүүлж өдийг хүртэл намайг сэтгэл санааны хямралд оруулж, олон удаа янз бүрийн байгууллагын хүмүүсээр дуудуулж шалгуулж чирэгдэл гаргаж намайг шалгуулсан боловч энэ хүний болон бусдаар өгүүлсэн өргөдөл гомдол нь Б.С намайг буруугүй, хамааралгүй байна гэдэг хариу өгсөөр байтал өдийг хүртэл буруугаа хүлээхгүй байгаад харамсаж байна. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалтыг үндэслэсэн байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд ******* болон миний удирдах дээд байгууллага болох Санхүү төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөөгүй. Энэ заалт нь харин эсрэгээрээ хууль зөрчсөн байгаа. Миний оронд Иыг томилохдоо аймгийн *******тай зөвшилцсөн тоот авсан байгаа. Энэ нь хавтаст хэргийн 173-р хуудсанд байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг үндэслэсэн байгаа. Гэтэл надад төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн зүйл байгаагүй. Мөн хуулийн 37.1.8 дахь заалтыг үндэслэсэн байгаа. Энэ заалт нь надад хамааралгүй гэж үзэж байна. Учир нь би байнга мэргэжил ур чадвараа дээшлүүлж 2019 онд 86.5 үнэлгээгээр В, 2020 онд 80 үнэлгээгээр В ажлаа дүгнүүлж цалингийн 40 хүртэл хувиар урамшуулал авч байсан. Мөн 2019 он, 2020 оны жилийн эцсийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайлангуудыг дүгнүүлж зөрчилгүй дүгнэлт авч цалингийн 25 хувиар шагнуулж байсан. Тухайн аудитын дүгнэлт нь миний ажлын гол үзүүлэлт байгаа. Мөн хуулийн 37.1.13-д заасан ажлын байрны зорилго зорилтоо хангалттай биелүүлж 2019 он, 2020 онд В үнэлгээтэй ажлаа дүгнүүлж байсан учир энэ заалт надад хамааралгүй гэж үзэж байгаа. Сумын *******даа үйл ажиллагааны тайлангаа дүгнүүлж байсан учир томилогдоод 45 хоног болоогүй, миний ажлыг мэдэхгүй гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулаагүй байж намайг ажлаас халсныг би хэтэрхий улстөржсөн асуудал гэж үзэж байгаа. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг баримталсан байгаа. Энэ нь төрийн албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах гэсэн заалт байгаа. Гэтэл надад ийм үүрэг даалгавар өгч хэрэгжүүлсэн гэдэг нь тухайн байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдохгүй байна. Миний буруугүй гэсэн дүгнэлтүүдээр болон миний харьяалан ажилладаг байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарын мэдүүлэг тодорхойлолтоор тогтоогдоогүй үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн асуудал байхгүй. Үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн хуулийн 39.1.4 дэх хэсэгт заасан албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах гэсэн заалтыг үндэслэсэн байгаа. Гэтэл ийм асуудал байхгүй талаар миний удирдлага доор ажилладаг байгууллагуудын дарга эрхлэгч нар болон аж ахуй нэгж, иргэд энэ талаар гомдол гаргасан байсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин ч үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалтыг үндэслэсэн байгаа. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо 2019 он, 2020 онуудад В үнэлгээгээр шалгагдаж байсан. Мөн аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/101 тоот албан бичгийг үндэслэсэн байгаа. Гэтэл энэ албан бичиг нь миний оронд томилогдсон Иыг томилуулахаар зөвшилцсөн албан бичиг байсан. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 8 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 19.5 дахь заалтуудыг намайг ажлаас халахдаа холбогдох дээд байгууллагатай зөвшилцөж ажлаас халахаар хуульчилсан байдаг. Гэтэл дээрх заалтуудыг зөрчиж намайг халсан байгаа. Мөн нэхэмжлэгч Б.С намайг ажлаас халахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл надтай 01 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа хийж байна гэж Засаг даргын Тамгын газрын дарга, дотоод ажил хариуцсан түшмэл зэрэг хүмүүсийг суулгаж байгаад надад аймгийн Засаг даргын Иыг томилохыг зөвшилцсөн албан тоотыг уншиж өгөөд ажлаас халах захирамжийг гаргасан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу би гаргах гэж байгаа нотлох баримтын дагуу нотлох баримт гаргаж өгөх, биечлэн уулзах, тайлбар гаргах санал хүсэлт гаргах зэрэг эрхээ эдлэх хугацаа боломж байгаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 49.1, 62.1.1 дэх заалтуудад заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахыг хориглосон, төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байгаа. Б.С би 1996 онд төрийн албан хаагчийн шалгалтад орж, 1997 онд тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болж төрийн албанд тасралтгүй 30 жил хоёргүй сэтгэлээр ажиллаж, ажиллах хугацаандаа мэргэжил мэргэшлээ дээшлүүлж ирсэн. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б09 дугаартай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгож, нэхэмжлэгч намайг ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан 7 сар буюу 212 хоног, ажлын 147 хоногийн нөхөн олговор 8,638,441 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тус сумын тохижилтын ажил гүйцэтгэх 40 сая төгрөгийн гэрээг аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/396 дугаар захирамжаар сумын *******д эрхийг шилжүүлсэн байдаг. Гэвч тус ажлыг гүйцэтгэх явц мөн тендерийн худалдан авах журмыг хэрэгжүүл гэхэд журмыг хэрэгжүүлж тендер зарласан зүйл байхгүй. Тендер зарлаад нэг хүний материал ирсэн гэж байгаа боловч ямар ч тендер зарласан зүйл байхгүй. Тендер шалгаруулалтад шалгарсан гэж байгаа нэг материалын компанийн захирал нь Б.Сийн нөхөр байгаа. Сумын төсвийг хааш нь яаж хэрэгжүүлэх талаар чиглэл өгч байх ёстой хүн нөхөртөө давуу байдал олгосон гэж үзэж байгаа. Энэ ажил нь одоог хүртэл нэг ч ажил хийгдсэн зүйл байхгүй. 06 дугаар сарын 25-нд гэрээг сунгасан боловч одоог хүртэл ажил нь хийгдээгүй явж байгаа. Энэ нь албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, албан тушаалын давуу эрхийг ашиглаж өөрт хамаарал бүхий этгээдэд давуу эрхийг олгосон гэж үзэж байна. 11 дүгээр сарын 21-ний өдөр санхүүжилт нь орж ирээд 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байдаг. Тэгэхээр энэ ажил одоог хүртэл хийгдээгүй. Үүн дээр аймгийн хөрөнгө оруулалт бодлогын хэлтэст албан тоот явуулж байсан. Тэгэхэд ямар нэгэн тендер шалгаруулалт зарлагдаагүй болно гэж тайлбар ирсэн. Үүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 1 сая төгрөгийн асуудал байгаа. 11 дүгээр сарын 27-ны өдөр Тамгын газрын ажилтан галч Нямбаярын данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. 01 дүгээр сарын 02-нд буцаагаад нөхрийнх нь данс руу шилжүүлсэн байдаг. Энэ ажлыг аваад Нямбаяр гэдэг хүнийг дуудаад уулзахад би тендерт оролцоогүй. Аялал жуулчлалын 1 сая төгрөгийг аваад өг гэсэн. О данс руу мөнгийг шилжүүлж авсан. Надтай хамааралгүй гэж хэлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар хүмүүсийн мэдүүлэг тайлбар өгсөн байгаа. Энэ нь мөн доор ажиллаж байгаа албан тушаалтны данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ нь албан эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байна. 12 дугаар сарын 11-нд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээл авсан одоог хүртэл зээлээ төлөөгүй явж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр 50 ковш худалдаж авахаар У ХХК-тай гэрээ хийгдсэн байдаг. Гэрээ хийгдэхдээ санхүүжилтийг 80, 20 хувиар олгохоор байсан. Гэтэл 90 хувиар олгоод явсан. Сумын Засаг даргын гарын үсэгтэй 05 дугаар сарын 22-нд 75 сая төгрөгийг, 06 дугаар сарын 11-нд 45 сая төгрөг буюу 80 хувийн санхүүжилт олгоод гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч 08 дугаар сарын 01-нд сумын ******* зөвшөөрөөгүй байхад энэ гүйлгээг жагсаалтыг боловсруулсан санхүү албаны дарга гэж андуураад Отгончимэг гэж бичсэн. Гэтэл санхүү албаны дарга өөрөө байсан. 08 дугаар сарын 01-нд гүйлгээ хийгдсэн байдаг. Тэгэхэд гүйлгээ хийхэд нягтлан бодогч Отгончимэг гэсэн байдаг. Сумын ******* зөвшөөрөөгүй байхад санхүү албаны дарга О гэж андуурч тавиад гүйлгээ хийгдсэн. Ийм ийм алдаа дутагдал гаргасан учир энэ хүнийг ажилдаа тэнцэхгүй юм байна гэж үзээд ажлаас нь чөлөөлсөн байгаа. Мөн санхүү албаны даргыг сумын ******* нь томилж чөлөөлдөг. Иймээс өмнөх ******* нартай гэрээ байгуулаад ажиллаж байсан. Мөн нэхэмжлэгч буруу ташаа мэдээлэл өгч байна. Би бусдыг дарамтлаад өргөдөл гомдол өгүүлээд байсан зүйл байхгүй. Авлигатай тэмцэх газар шалгуулж байсан асуудал байдаг юм байна. Байгаль орчны байцаагч Ш гэдэг хүн нь хэлсэн байгаа. Царцаа устгалын талаар Авлигатай тэмцэх газар гомдол гаргасан боловч хариу нь ирээгүй гэсэн. Гэтэл хэргийн материалтай танилцахад нэрээ нууцалсан хүн гомдол гаргасан тул хариу өгөх боломжгүй байсан гэж хариу ирсэн байна. Бензин шатахуунд зарцуулах ёстой мөнгийг тамгын газарт тавилга авсан. Мөн Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс 15 сая төгрөг авсан гэж худал мэдүүлээд тавилга авсан зүйл байгаа. Ийм учраас энэ хүнийг төрийн албанд тэнцэхгүй учир хэвээр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Н.И шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.И би 1967 онд төрсөн. 2003 оноос Засаг даргын Тамгын газрын Нягтлан бодогчоор анх ажилд орсон. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдсон. Б.Сийн ажлыг авах ямар нэг үйл ажиллагаа хийгээгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.4 дэх хэсэг, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/101 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэгт заасан зөрчил гарган албан үүргээ биелүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх биелүүлэхийг шаардсан, хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн зэрэг хариуцлагыг хүлээлгэж Санхүү албаны дарга Б.Сийг үүрэгт ажлаас нь халсан шийдвэр гаргасан байна.

 

Хариуцагчаас Б.Сийг ажлаас халсан үндэслэлээ тайлбарлахдаа: 1-т ******* сумын төвийн тохижилтын ажлыг гүйцэтгэх ажлын 40.000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг ямар ч тендер сонгон шалгаруулалтгүй аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/396 дугаар захирамжийг хэрэгжүүлээгүй, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмыг баримтлаагүй нэр төдий баримт бичгийг бүрдүүлж өөрийн нөхөр Я.О-ын Б ХХК-ийг сонгож ажлын санхүүжилт болох төсвийг ...шилжүүлсэн, 2-т ******* сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх нэг сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гэрээг ...сумын Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний ажилтан Б.Н-ын нэр дээр хийж дээрх мөнгийг ...өөрийн нөхөр Я.О-ын дансанд хаягжуулалтын төсөв болох 1.000,000 төгрөгийг шилжүүлэн авснаар дээрх ажил одоо хүртэл хийгдээгүй, 3-т сум хөгжүүлэх сангаас иргэн Я.О нь нүүрс худалдаа, мужаан, авто засвар үйлчилгээ эрхлэх зориулалтаар 2019 оны 12 дугаар сард 20.000,000 төгрөгийг эхнэр нөхөр 2 хамтарч төслийн баримт бүрдүүлэн зээл авсан боловч ...хуваарьт мөнгийг хугацаандаа эргэн төлөөгүй, 4-т 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 50 ковш худалдан авахаар гэрээг У ХХК-тай байгуулан санхүүжилтийг 80, 20 хувиар олгохоор батлуулсан ч мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн гарын үсэггүйгээр 90 хувийн санхүүжилт олгосон Б.С нь зөвхөн 2019 онд дээрх төсвийн санхүүжилтээр олгогддог сангуудын мөнгийг гэр бүлийн зориулалтаар ашиглаж шамшигдуулсан төдийгүй эрх мэдэл албан тушаалын хувьд хяналт тавьж, дүн шинжилгээ, үнэлгээ хийж мэдээ мэдээлэл боловсруулж эрх бүхий байгууллага албан тушаалтанд танилцуулж шийдвэр гаргуулж байх албан тушаалын тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх тайлбарыг ирүүлсэн.

 

Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/25 дугаар захирамжаар 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд батлагдсан 50 ковш худалдан авах ажлын гүйцэтгэлийг гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Засаг даргын Тамгын газарт олгон гэрээг У ХХК-аар гүйцэтгүүлэн хэрэгжилтийг ханган хяналт тавьж комисст хүлээлгэн өгч мэдээ тайлангуудыг иж бүрдэл болгон аудит хийлгэн ажиллахыг захиалагчид үүрэг болгож, 2019 оны 05 дугаар сарын 02-ний өдөр захиалагчаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Б, гүйцэтгэгчээр У ХХК-ний захирал Х.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г нар Ковш худалдан авах ажлын гэрээ байгуулан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 50 ковш машин худалдан авах ажлын санхүүжилт авах хуваарийг ОНХСангийн нягтлан бодогч Г.Б хийж гарын үсэг зурсан;

 

Говь-******* аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/396 дугаар захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар тогтоолоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 суманд хуваарилагдсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга, хэмжээний жагсаалтыг хавсралтаар ******* сумын тохижилт 40.000,000 төгрөгийг баталж, хавсралтад дурдсан төсөл, арга хэмжээг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг сумдын ******* нарт олгож энэ ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр захиалагчаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Б, гүйцэтгэгчээр Б ХХК-ний захирал Я.О  нар ******* сумын төвийн тохижилтын ажлыг гүйцэтгэх ажлын гэрээ-г байгуулан сумын ******* Д.Ц уг гэрээг баталж, сумын төвийн тохижилтыг худалдан авах ажлыг гүйцэтгэхэд тавигдах ажлын даалгавар гэдгийг гаргасан;

 

******* сумын ******* 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/85 дугаар захирамжаар 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд батлагдсан хаягжуулалт хийх ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Засаг даргын Тамгын газарт олгож, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Б, гүйцэтгэгч Б.Н нар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын хаягжуулалтын ажлыг гүйцэтгэх ажлын гэрээ-г байгуулан сумын ******* Д.Ц уг гэрээг баталж, хаягжуулалтын төсвийн тооцооллыг сумын газрын даамал Б.Э гаргасан байгаа зэрэг нотлох баримт авагдсан.

 

Дээрх нотлох баримтаас үзэхэд ******* сумын Засаг даргын шийдвэрээр гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг сумын Засаг даргын Тамгын газрын даргад олгож уг эрхийн дагуу ЗДТГ-ын дарга гүйцэтгэгч Уран минж хийц ХХК-ний захирал Х.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, гүйцэтгэгч Б.Н, гүйцэтгэгч Б ХХК-ний захирал Я.О  нартай тус бүр гэрээ байгуулж уг гэрээг ******* сумын ******* баталсан байхад сумын Санхүү албаны дарга Б.Сийг Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, сумын Санхүү албаны дарга нь сумын санхүүгийн албаны үндсэн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, санхүү эдийг засгийн хөгжлийн хэтийн төлөв, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, худалдан авах ажиллагаа, зээл тусламжийн хэрэгжилт, орон нутгийн өмч хөрөнгө, төсвийн тодотголын төслийг боловсруулан хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн тайлагнах, Засгийн газар болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, *******, төсвийн менежерүүд бусад албан хаагчдыг мэдээллээр хангах, сумын татварын орлогын төлөвлөгөөг хянан гүйцэтгэлийг хангуулж, орон нутгийн байгууллагуудын санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан хуваарилж, зарцуулалтыг хянан баталгаажуулах, дотоод хяналтыг сайжруулах зэрэг зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан байхад тендер шалгаруулж гэрээ байгуулсан, тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байгааг сумын Санхүү албаны дарга Б.С албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж буруутгах боломжгүй юм.

 

Мөн Говь-******* аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаар тогтоолоор ...******* сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх сумын төвийн хаягжуулалтын ажлыг 1.000.000 төгрөгийг иргэн Б.Н-ын данснаас шилжүүлэн авсан гэх хэрэгт ...хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд иргэн Б.С нь ******* сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх сумын төвийн хаягжуулалтын ажлыг 1.000.000 төгрөгийг иргэн Б.Н-ын данснаас ...тоот дансанд шилжүүлэн авсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна ...хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байгаа нь нэхэмжлэгч Б.С нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 229 дугаар тогтоолоор ...өдөр гаргасан Говь-******* аймгийн ******* сумын ******* Д-д овогтой Ц  нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд 15.000,000 төгрөгөөр 50 ковш худалдан авна гэж гүйцэтгэгч талд нийт үнийн дүнгийн 80 хувийг шилжүүлсэн боловч ковшийг одоо болтол аваагүй, 2020 онд төв талбайн тохижилтыг хийлгэхээр 40.000,000 төгрөгийг гүйцэтгэх талд шилжүүлсэн боловч ажил хийгдээгүй, зарцуулалт нь тодорхойгүй, төвийн хаягжуулалтыг хийлгэхээр 1.000,000 төгрөгийг гаргасан боловч ажил бодитой хийгдээгүй ...гэх №797 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасныг зөрчсөн Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Сийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

Б.Сийг ажлаас халах үндэслэл болгосон сум хөгжүүлэх сангаас иргэн Я.О нь нүүрс худалдаа, мужаан, авто засвар үйлчилгээ эрхлэх зориулалтаар 2019 оны 12 дугаар сард 20.000,000 төгрөгийг эхнэр нөхөр 2 хамтарч төслийн баримт бүрдүүлэн зээл авсан боловч ...хуваарьт мөнгийг хугацаандаа эргэн төлөөгүй тухайд: Иргэн Я.О нь сум хөгжлийн сангийн зээлийн дэмжлэгээр Нүүрсний худалдаа эрхлэх Илч төсөл боловсруулж, өөрийн хөрөнгө болох норд бенз авто машин болон чиргүүлийг барьцаа хөрөнгийн гэрээ байгуулан сум хөгжүүлэх сангаас 20.000,000 төгрөгийн зээл авсныг Б.Сийг гэр бүлийн хүн зээл авсан тул хариуцлага тооцох үндэслэл болохгүй, харин зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэх, зээлийн эргэн төлөлтийн асуудал нь тусдаа гэрээний эрх зүйн харилцаагаар зохицуулагдахаар байна.

 

Шүүх сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 144 хоногийн олговор 8.327,774 төгрөгийг хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Сийг урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 144 хоногийн олговор 8.327,774 /найман сая гурван зуун хорин долоон мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгийг Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛБАДРАХ