Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0421

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Ж-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө

Нэхэмжлэлийн шаардлага Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын Х.Ж-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 351 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0259/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Ж  нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын Х.Ж д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.        

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 351 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан Х.Ж ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө-с Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын иргэн Х.Ж-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... маргаан бүхий асуудал бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд иргэн Х.Ж ын газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай захиргааны акт гаргахдаа Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шууд хэрэглэх эрх хэмжээтэй эсэх асуудал юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараапан ашиглаагүй” гэж заасан байх бөгөөд тухайн зохицуулалтаас харахад энэхүү эрх хэмжээ нь зөвхөн энд нэрлэн заасан аймаг, сум, нийслэл, дүүргийн засаг дарга нарт олгогдсон байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дугаартай шийдвэр /иргэн Х.Ж д холбогдох хэсэг/-ийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8-д “Захиргааны байгууллага” өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдгийг тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох тусгай эрх олгогдоогүй буюу тийм эрх хэмжээний хамаарал байхгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Энэхүү тайлбараас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох тусгай эрх тухайн харилцааг зохицуулж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулиар олгогдоогүй байхыг хэлж байна гэж ойлгогдох бөгөөд эдгээр хууль тогтоомжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох тусгай эрх олгогдоогүй байгаа.

3.3. Гэвч шүүхээс ийнхүү тайлбарласан атлаа ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх зохицуулалтыг буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тусгай хамгаалалттай газар нутгийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нөхөн зохицуулж хэрэглэх эрх хэмжээтэй...” гэж, мөн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, цуцлах, хүчингүй болгох эрх хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиар олгосон бөгөөд харин тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагаас гадна нийслэлийн нутаг дэвсгэрт уг эрхийг тухайн шатны Засаг дарга хэрэгжуүлэхээр хуульчилсан байх тул...” гэж тайлбарласан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5, 40.1.6-д заасныг “ямар газар”-т газар ашиглах эрхийг хүчингүй болгохоос хамаарч хүчингүй болгох эрх хэмжээг “Хэн” эдлэх нь тодорхойлогдоно” гэсэн агуулгаар тайлбарласан гэж ойлгогдож байгаа бөгөөд ийнхүү тайлбарласан нь тус хуулийн зохицуулалтыг тухайн захиргааны акт гаргасан этгээд болох сайдад зориуд хамаатуулах буюу хэний эдлэх эрх хэмжээ болохыг нь хуульд тодорхой заасан байхад тус эрх хэмжээг сайдад хуваан өгөх, бялуу хүртээх байдлаар хуулийг буруу тайлбарлаж, гуйвуулж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагатай нийцэхээргүй байна.

3.4. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн газрын маргааныг shuukh.mn шүүхийн шийдвэрийн цахим сангаас үзэхэд нийт 1692 байх бөгөөд үүнээс тусгай хамгаалалттай газарт холбогдох маргааныг “Тусгай хамгаалалттай газар” гэсэн түлхүүр үгээр хайхад 1615, харин “Богдхан уул” гэсэн үгээр хайхад 609 маргаан шийдвэрлэгдсэн байна. Эндээс “Тусгай хамгаалалттай газар”-т газар олгосон шийдвэр ихэнхдээ шүүхэд маргааны зүйл болдог гэдгийг харж болохоор байгаа юм. Ийнхүү хууль хэрэглээний буруу жишиг практикт тогтсон байхыг үгүйсгэхгүй.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж заасан нь захиргааны шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны дур зоргыг хазаарласан буюу захиргааны байгууллага зөвхөн хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах ёстой гэсэн хуулийн агуулга байгаа. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-47.1.5-д заасан үндэслэлийн талаар “Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2-47.1.5-д аль ч тохиолдолд илт хууль бус (гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй) гэж үзэх алдаануудыг тусгасан. Жишээ нь, яамны эрх хэмжээний асуудлаар Засаг дарга шийдвэр гаргах. Энэ тохиолдолд уг захирамжийг огт гаргаагүйтэй адил үзнэ, эрх зүйн хувьд уг захирамжийн улмаас ямар нэг үр дагавар үүсэхгүй гэсэн үг юм” гэж тайлбарлажээ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад иргэн, хуулийн этгээдэд олгосон газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох эрх хэмжээ Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгайлан олгогдоогүй бөгөөд мөн тус яамны сайд Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасан хэм хэмжээг нөхөн зохицуулж хэрэглэх тухай ойлголт хууль хэрэглээний хувьд Захиргааны ерөнхий хуульд тусгагдаагүй байна.

3.6. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д “захиргааны актын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт өгөхгүй” гэж тэмдэглэсэн бөгөөд шүүх нэхэмжпэгч талаас илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр тухайн маргаан бүхий захиргааны акт илт хууль бус эсэхийг тогтоох нь хууль хэрэглээний хувьд боломжгүй. Ийм учраас шүүхээс 1-д “... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх зохицуулалтыг буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тусгай хамгаалалттай газар нутгийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нөхөн зохицуулж хэрэглэх эрх хэмжээтэй” гэж, 2 “дээрх зохицуулалтыг “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, цуцлах, хүчингүй болгох эрх хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиар олгосон бөгөөд харин тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагаас гадна нийслэлийн нутаг дэвсгэрт уг эрхийг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул гэж тус тус тайлбарласан нь хуулийг зөвхөн нэг талыг баримталж, зориуд тухайн яамны сайдад хамаатуулах, хуульд тодорхой заасан эрх хэмжээг зааглах байдлаар буюу буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

3.7. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад иргэн хуулийн газар ашиглах, эзэмших эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ холбогдох хуулиар тусгайлан олгогдоогүй байхад тухайн асуудлаар захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан захиргааны акт илт хууль бус болох хууль зүйн үндэслэл бий болсон гэж үзэхээр байгаа. Мөн хариуцагч тал нэхэмжлэгч талаас гаргасан ... захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй болохыг энд цохон тэмдэглэх хэрэгтэй. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу тайлбар ирүүлээгүй, мөн шүүх хуралд мрийн байр суурийг илэрхийлж оролцоогүй нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй гэж үзэхээр байна.

3.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, зохих шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2.1. Нэхэмжлэгч Х.Ж нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын Х.Ж д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.2. Ингэхдээ нэхэмжлэгчээс “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох тусгай эрх олгогдоогүй. Байгаль орчин аялал жуулчлалын сайдад иргэн хуулийн газар ашиглах, эзэмших эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ холбогдох хуулиар тусгайлан олгогдоогүй байхад тухайн асуудлаар захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус болох хууль зүйн үндэслэл бий болсон” гэж маргажээ.

2.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны актад холбогдох шаардлагын үндэслэл тус бүрд зохих эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

2.4. Тухайлбал, шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх тул анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын иргэн Х.Ж д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт” гэх үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

2.5. Мөн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаал нь  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байх тул нэхэмжлэлд тодорхойлсон үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны гэж үзэхгүй.

2.6. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны акт гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий актад дээрх үндэслэл тогтоогдохгүй байна.

            2.7. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн нэг хэсэг нь Газрын тухай хууль байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх зохицуулалтыг тусгай хамгаалалттай газар нутгийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нөхөн зохицуулж хэрэглэх эрх хэмжээтэй ба энэ тохиолдолд хуулийн зохицуулалтыг үгийн шууд утгаар тайлбарлаж, хэрэглэхгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, цуцлах, хүчингүй болгох эрх хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиар олгосон бөгөөд харин тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагаас гадна нийслэлийн нутаг дэвсгэрт уг эрхийг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй тохиолдлыг ойлгодог. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан хуулийн ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг маргаж буй захиргааны актад хэрэглэсэн байх тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2.8.  Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын Х.Ж д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ