Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнийн Одхүү |
Хэргийн индекс | 129/2016/0103/э |
Дугаар | 102 |
Огноо | 2016-11-22 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | М.Батзаяа |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгч: Г.Батгэрэл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Азар овогт Гомбосүрэнгийн Батгэрэлд холбогдох 201603000331 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхэд
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 44 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Халуун Усны ам Хүхэр хясаа гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Азар овогт Гомбосүрэнгийн Батгэрэл /РД:АО72070617/ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Г.Батгэрэл нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт байх Халуун ус гэх газар миний шилэн хүзүү рүү цохилоо гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Ч.Лхамсүрэнтэй маргалдан Ч.Лхамсүрэнгийн нүүрэн тус газар нь мод шидэж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батгэрэлийн өгсөн:
Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 4-5 цагийн үед гэрийнхээ баруун талын орон дээр буруу хараад хэвтэж байтал гаднаас нэг хүн орж ирээд миний шилэн хүзүү рүү цохисон. Босоод иртэл Ч.Лхамсүрэн зогсож байсан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ, яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд яадаг юм би чамайг ална гээд байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад зугтах гэтэл намайг гэрийн үүдэнд дараад ганц, нэг удаа цохисон. Тэгээд би доороос нь мултарч гараад мод аваад шидсэн. Миний шидсэн мод нүүрэнд нь оноод шүдийг нь унагаачихсан байсан. Би санаатай, цохъё гэж бодож цохиогүй. Намайг ална гээд байхаар нь айлгах зорилготой байсан гэв.
201603000331 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ч.Лхамсүрэнгийн өгсөн:
...Би 2016 оны 07 сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Халуун ус гэх газар Баялагаатай хамт Баадай гэгчийнд /Сүхбаатар/ очсон. Тэгээд Баадайгийнд боргио пиво ууж байгаад Батгэрэлийнд орохоор гарсан. Батгэрэл гэрээсээ гарч ирж байсан. Тэгээд Батгэрэлийн гэрт нь Батгэрэлтэй хамт орсон. Тэгээд Батгэрэл надад хандаж “Чи пизда төлөгтэй баян пизда гэлүү” гээд байсан. Би түүнд хандаж “Би чамд тэгж хэлээгүй” гэдгээ хэлсэн. Тухайн үед Батгэрэл гэрийнхээ хойморт сууж байгаад намайг санаадгүй сууж байсан чинь юм авч шидээд миний шүднүүдийг цөм цохисон. Тэгээд гадагш нь чирж гаргасан. Би ухаан алдчихсан /мансуурсан байдалтай/ байсан. Би тухайн үед яг юу болоод байгааг ойлгоогүй. Намайг санаадгүй байхад юмаар цохиод хавтгасан байна лээ. Миний дээд нэг шүд угаасаа уначихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 хуу/
Гэрч С.Сүхбаатарын өгсөн:
...Би яг зодоон цохион, хэрүүл маргаан хийж байхыг нь хараагүй. Харин сүүлд нь мэдсэн. Манай гэрт Лхамсүрэн 2016 оны 07 сарын 15-ны өдөр үдээс хойш оройхондуу миний багцаагаар 16-17 цагийн орчим шиг санагдаж байна. Яг нарийн сайн санахгүй байна. Согтуу ирээд галын зуух руу нулимлаад бурхан руу нулимаад манай баруун талын орон дээр завилж суугаад намайг элдвээр дуудаад байсан ба удалгүй хөндлөн Гэрлээ /Батгэрэл/-г ална гээд манайхаас гарсан. Тэгээд Батгэрэлийнд очиж хэрүүл маргаан үүсгэж зодоон хийсэн гэсэн. Би яг нарийн сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч Ч.Балжиннямын өгсөн:
... Батгэрэл ахын гадаа очиход Лхамсүрэн доошоо тонгойгоод суучихсан байсан ба үүдэн шүднүүд нь уначихсан, цустайгаа холилдсон байсан. Батгэрэл хажууд нь зогсож байсан. Лхамсүрэнг ална гээд байсан. Нэг банз шиг зүйл барьчихсан байсан. Тухайн үед Батгэрэл Лхамсүрэн нар нь согтуу байсан. Тэгээд би өөрийнхөө мотоциклийг орхиод Лхамсүрэнгийн мотоциклийг унаад Лхамсүрэнг ардаа суулгаад нэг айлд аваачиж унтуулчихаад буцаж очоод өөрийнхөө мотоциклийг унаад харьсан. Тухайн айлд очих замдаа Лхамсүрэнгээс яасан талаар асуухад “Юмны таг мэт зүйлээр цохиулчихлаа” гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч П.Алтанхуягийн өгсөн:
...2016 оны 07 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Он сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг орой тус нутгийн Баялагаа гэх залуу согтуу ирж амрагчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан ба мотоциклио манай буудлын гадаа орхичхоод яваад өгсөн ба маргааш өдөр ирж авсан. Яг тухайн үед Лхамсүрэн гэх залуу Сүхбаатар гэгчийн гэрийн үүднээс орилж хашгичаад Батгэрэлийн гэр лүү чиглээд хөндлөн Гэрлээг ална гэсэн утга бүхий зүйлийг ганцаараа яриад алхаж байсан. Тэгээд би буцаад гэрлүүгээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Гэрч Ч.Мөнгөнтуяагийн өгсөн:
...Би 2016 оны 07 сарын 15-ны өдөр бага гэрийнхээ зүүн талд хонины гэдэс арилгаад сууж байтал манай гэр лүү нэг хүн орж байсан. Тухайн үед манай нөхөр Батгэрэл нь зүрх өвдөөд байна гээд гэртээ ганцаараа байсан. Тэгээд удалгүй гэрээс барьцалдаж гарч ирээд манай гэрийн баруун талд Лхамсүрэн Батгэрэлийг дараад авсан. Тэгээд Батгэрэл босч ирээд ойролцоо байсан модыг аваад шидсэн. Тухайн мод нь түлээний хагалсан мод байсан. Батгэрэл нь Лхамсүрэнг түлээний хагалсан модоор шидэж нүүрэн тус газар нь оносон. Харин манай гэрт Лхамсүрэн нь ороод Батгэрэлийг гараараа хүзүүрүү нь цохиж зодсон гэсэн. Манай нөхөр Батгэрэлийг архи дарс уусан байсан эсэхийг мэдэхгүй. Эрүүл байсан байх. Харин Лхамсүрэн нь манай гэр лүү орохдоо гуйвж дайваад нилээн согтуу байсан. .. гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Гэрч Л.Төгсжаргалын өгсөн:
...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр энэ асуудал болсон. Би тухайн үед Батгэрэлийн гэрийнх нь баруун талд нь Батгэрэлийн гэр лүү чиглээд алхаж байтал Батгэрэл, Лхамсүрэн хоёр Батгэрэлийн гэрийн үүдэнд дээр доороо ороод ноцолдож байсан. Тэгээд Батгэрэл босч ирээд Лхамсүрэнгээс нилээн зайтай болсныхоо дараахан Лхамсүрэн рүү газраас нэг зүйл авч шидчихээд буцаад гэрлүүгээ гүйгээд орчихсон юм. Тэгээд би гүйгээд очтол Лхамсүрэн газар өвдөглөчихсөн сууж байсан. Тэгээд Лхамсүрэг хартал уруул дээгүүр нь цус харагдаж байсан. ...Тэгээд Батгэрэлээс юу болж байгаа гэж асуухад надад хандаж “Лхамсүрэнд алуулах гэж байна. Гэрт зүгээр хэвтэж байтал ард дагз руу цохиод тэгээд ийм юм болчихлоо” гэсэн. Би Лхамсүрэн дээр очиход түлээний хагадас байсан ба би тухайн түлээний хагадсаар л цохичихлоо гэж бодсон. ...Батгэрэлд зодуулж, зохиулсаны дараа шүднүүд нь уначихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Гэрч Б.Долгормаагийн өгсөн:
...Зуны цагаар бол архи уудаг. Архи уухаараа хүмүүст агсам согтуу тавиад байдаггүй. Мөрөөрөө л хүн. Ямар ч байсан архи уухаараа гэр бүлдээ агсам согтуу тавиад байдаггүй. Бусад хүмүүсд агсам согтуу тавьдаг, хэрүүл маргаан хийдэг эсэхийг нь мэдэхгүй. Би харж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Шинжээч Б.Отгонжаргалын өгсөн:
...Ч.Лхамсүрэнгийн дээд үүдэн 11, 12, 22-р шүднүүд байхгүй, буйл нь эдгэрч байгаа шинэ шархтай, 23 дугаар шүд нь байхгүй буйл нь мөлгөр, доод үүдэн 4 шүд байхгүй буйл нь шинэ шархтай, дээд уруулын гадна тав бүхий зулгаралттай, дээд доод уруулын дотор салстад эдгэрч байгаа язарсан шархтай, нурууны зүүн далны хажууг хамарсан голдоо ур нарийн тав бүхий зулгаралтай ба зах ирмэг нь шаргалдуу, хөх ягаан өнгийн цус хуралттай хөндүүр байсан. 23-р шүд нь унаад эдгэрчихсэн байсан. Өөрөөр хэлбэл хэрэг болохоос өмнө унасан байсан. Харин бусад шүднүүдийн хувьд бол нэг цаг хугацаанд унаж гэмтсэн байсан. ...Дээрх шүднүүд унаж, хугарсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчтэй цохилтоор үүсэх боломжтой юм. Хүний гараар цохиулсан бол шүднүүд бүрэн үед голдуу үүдэн 2 шүд унаж гэмтэх ба хүн өөрийгөө хамгаалдаг учраас ийм олон шүд нэр дор унахгүй. 11, 21, 22, 31, 41, 42, 43 дугаар шүднүүд гэмтсэн бөгөөд 21, 22, 41, 42, 43 дугаар шүднүүд нь хүний шүд ба нүүрийг голоор нь босоо хувааж үзвэл зүүн талын шүднүүд давамгай унасан байна. Иймээс нэг удаагийн хүчин зүйл гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Сэжигтэн, яллагдагч Г.Батгэрэлийн өгсөн:
...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гэртээ унтаж байтал манай гэрт гаднаас нэг хүн орж ирээд миний шилэн хүзүү хэсэг рүү хоёр удаа гараараа зохисон. Тэгээд босоод хартал Лхамсүрэн зогсож байсан. Тэгээд гэрийхээ зуухыг тойрч гүйгээд гарах гэтэл Лхамсүрэн намайг барьж аваад дараад авсан ба дээрээс миний зүүн дал руу гараараа 2-3 удаа зохисон. Би түүний дороос мултраад гараад гүйтэл намайг хөөгөөд гэрээс гарсан ба газар байсан модны нарийн тайрдас, залтас мэт зүйлийг аваад Лхамсүрэн рүү шидсэн. Тэгээд буцаж гэрлүүгээ гүйж ороод үүдээ түгжээд, үүдээ дотроос нь давхар татаад зогстол ууд тогшсон. Би хэн бэ гээд асуутал Төөгөө байна гэсэн. Тэгээд үүдээ онгойлгож өгсөн. Тэгээд гартал Лхамсүрэн манай гэрийн баруун талд амаа дарчихсан доошоо бөхийсөн байдалтай сууж байсан. Тэгээд Баялагаа мотоцикльтой давхиж ирсэн. Тэгээд түүнийг аваад явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин Лхамсүрэн манай гэрт согтуу орж ирсэн. Би зүйл ангийг ойлголоо. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу, 61-62 хуу/ нүүрэлдүүлэн байцаасан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15, 25-26, 29-30 хуу/ Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 306 дугаар дүгнэлт /хх-32 хуу/ Өвчтний түүх, яаралтай түргэн тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 40-53 хуу/, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан тоот /хх-64 хуу/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуу/, Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн засаг даргын 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 543 тоот тодорхойлолт /хх-ийн 68 хуу/, Г.Батгэрэлийн малын тооны тодорхойлолт /хх-69 хуу/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж оролцогчдод хэргийн материал танилцуулан тэмдэглэл /хх-ийн 70,71 хуу/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хохирогч Ч.Лхамсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 08-11 хуу/, гэрч С.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, гэрч Ч.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/, гэрч П.Алтанхуягийн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, гэрч Ч.Мөнгөнтуяагийн мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, гэрч Л.Төгсжаргалын мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, гэрч Б.Долгормаагийн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/, шинжээч Б.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/ нүүрэлдүүлэн байцаасан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15, 25-26, 29-30 хуу/ Архангай аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 306 дугаар дүгнэлт /хх-32 хуу/, өвчтний түүх, яаралтай түргэн тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 40-53 хуу/, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан тоот /хх-64 хуу/Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуу/ Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн засаг даргын 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 543 тоот тодорхойлолт /хх-ийн 68 хуу/, Г.Батгэрэлийн малын тооны тодорхойлолт /хх-69 хуу/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж оролцогчдод хэргийн материал танилцуулан тэмдэглэл /хх-ийн 70,71 хуу/ зэрэг хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Г.Батгэрэл нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт байх Халуун ус гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас Ч.Лхамсүрэнтэй маргалдан Ч.Лхамсүрэнгийн нүүрэн тус газар нь мод шидэж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Батгэрэлыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэ нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Батгэрэл ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, уг хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг дурдан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Азар овогт Гомбосүрэнгийн Батгэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батгэрэлд 1 /нэг/ жил 3 /гурван/ сар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батгэрэлд оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батгэрэлд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ