Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0446

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарь

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “Э” ХХК

          Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

          Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Э” ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  4 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0376 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ч.Ц

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

          Хэргийн индекс: 128/2024/0087/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Э” ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  4 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0376 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М давж заалдах гомдолдоо:

“...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” заасныг үндэслэн гарсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаалын үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах болон хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй ба хугацаа сунгуулах хүсэлт гаргасан эсэхтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд хэрэгт сунгуулах хүсэлттэй холбоотой хангалттай баримт авагдаагүй, нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй тул хүсэлт өгөөгүй талаарх тайлбараа шүүх хуралдаанд гаргасан боловч түүнийг хүлээн авалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчээс сунгуулах хүсэлт өгсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна, хариуцагчаас хүсэлт гаргасан эсэх талаарх баримтыг шаардсан боловч тус хүсэлт гаргаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогддог.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дугаар тушаал үндэслэлтэй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0376 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх “Э” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Э” ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалаар “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Бумбатын амны хязгаарлалтын бүсээс “Э” ХХК-д ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуй нэгжийн 20035 м.кв газрын ашиглах эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэжээ.

3. Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Э ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй ба хугацаа сунгуулах хүсэлт гаргасан эсэхтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй гэж маргасан.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

6. Анхан шатны шүүх хариуцагчийн ...газар ашиглах эрхийн хугацааг сунгасан талаарх шийдвэрүүд, холбогдох баримтуудыг ирүүлээгүй... архивын баримтад биечлэн хайгаад баримт олдоогүй... гэх тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул эдгээрийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбогдуулан нотлох баримт дээр тулгуурлан маргаан бүхий акт тус бүрийн хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт өгөх, хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  4 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                            Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ

              ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА