Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 112/ШШ2021/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Тус аймгийн ******* сумын иргэн Л.Гийн нэхэмжлэлтэй, аймгийн ******* О.Ат холбогдох Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие Л.Г нь 1988-1997 он хүртэл Усны аж ахуйд инженерээр, 1997-2014 он хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газарт Газар зохион байгуулалт төлөвлөлтийн бодлого хариуцсан түшмэл, Газрын албан дарга, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга, 2014 оноос хойш Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд улсад болон төрийн албанд тасралтгүй 33 жил ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагч юм.

 

Би 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэж орсон. Түүнээс хойш ажлаа гүйцэтгэж байгаад 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тодорхойгүй шалтгаанаар ажлаасаа халагдсан. Би төрийн албаны зөвлөлд мөн гомдол гаргасан. Гомдлыг хүлээж аваад маргаан үүсгээд нэмэлт тайлбар хүсэхэд төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсгийн дагуу нэмэлт тайлбар хүргүүлсэн. Тамгын газраас аймгийн ******* нэмэлт тайлбар өгөхгүй гээд 2 сар гаруй хугацаанд гомдлын хариу ирүүлээгүй. Мөн хуулийн хугацаанд би Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлд нэмэлтээр гомдол гаргасан. Энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх, шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа орсон хүнийг буцааж халж болохгүй гэсэн утгатай заалтаар тайлбар гаргасан. Миний хувьд 2019 онд ажилдаа ороод аймагт 4 дүгээр байрт орж байсан. Мөн 2020 онд аймгийн даргатай гүйцэтгэлийн гэрээ байгуулж гэрээний биелэлтийг худалдан авах, орон нутгийн өмч гэсэн 2 хэлбэрээр дүгнээд орон нутгийн худалдан авах ажиллагаа 90 хувьтай, орон нутгийн өмчийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь 92 хувьтай байна гээд ажилчдаа 30-70 хувиар урамшуулж байсан. Үүнийг аудит шалгаад зөрчилгүй дүгнэлтийг 2 жил дараалан гаргасан. Манай халагдах болсон шалтгаан нь 2020 оны сонгуулиар манай ахлах мэргэжилтэн А гэдэг хүн аймгийн иргэдийн хуралд нэр дэвших болсон тул ажлаа өгсөн. Тэгээд оронд нь хүн авах шаардлагатай болсон. Энэ үед би аймгийн Төрийн албаны зөвлөлд хандсан. 3 хүн өргөдөл өгсөн. Б гэдэг хүнийг О.А дарга ав гэсэн. Б өөрөө дотор нь ажиллаж байгаа болохоор дэвшин ажиллах боломжтой байсан. Бас Б гэдэг залуу хөдөлмөрийн хэлтсээс өргөдөл гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс албан ёсны хариу ирээгүй. Тийм болохоор орон нутгийн өмчийн газарт ажиллаж байсан П гэдэг хүнийг тухайн ажилд томилсон. Тэгээд Б гэдэг хүнийг ажилд аваагүй гэдэг шалтгаанаар таныг хална гэсэн. Би хэлэхдээ наад хүнийг чинь авах боломжгүй. Баян-Уул сумд Тамгын даргаар ажиллаж байсан.Төрийн албаны тухай хуульд дотроос нь дэвшүүлэн ажиллуулах эсхүл сонгон шалгаруулалтаар авах гэсэн заалт байна гэсэн. Энэ шалтгаанаар намайг ажлаас халсан. Аймгийн орлогч дарга намайг ажлаа өг гэсэн. Би өгөхгүй гэсэн. Тэгээд шахсаар байгаад 3 сарын цалинтай чөлөө өгсөн. 3 сарын хугацаа дуусаад 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа орох гэсэн чинь чамтай ярих зүйл байхгүй, ингээд зайл, чамайг ажлаас чинь халж байна гэсэн. Тэгээд бид хоёр шүүхийн үүдэнд уулзъя гээд салсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халах захирамж гарсан байсныг мэдээгүй. 2021 оны 05 дугаар сарын 20-ны үед манай нягтлан цалин бичиж байна. Таныг ажлаас халсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Намайг ямар нэгэн намын үйл ажиллагаанд оролцоогүй, намын гишүүн биш гэдгийг Ардчилсан намын хэрэг эрхлэх газраас тодорхойлж өгсөн. Төрийн албаны зөвлөлд хандаад дараа нь шүүхэд хандсан. 2021 оны 05 дугаар сарын 27-ны үед хандсан. Төрийн албаны зөвлөл бичиг хүлээж аваад аймгийн Засаг даргыг 14 хоногийн дотор ажлаас халсан шийдвэрийнхээ тайлбарыг ирүүл гэсэн чинь ирүүлэхгүй байна. Тийм болохоор танд хариу өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Надтай Мөнхгэрэл гэдэг хүн утсаар яриад тэгж хэлсэн. Төрийн албаны зөвлөл дээр ковид гарсан учраас хэсэг хугацаанд ажиллаагүй гэсэн. Тэгээд та нар надад нэг сарын дотор хариу өгөх ёстой гэсэн чинь аймгийн ******* чинь хариу ирүүлэхгүй байгаа учир хариу өгөх боломжгүй гэсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны зөвлөлд өргөдөл өгсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас тайлбар ирүүлэхгүй байгаа гэдэг байдлаар шийдэгдээгүй байгаа. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр энэ байдлыг хэлээд Төрийн албаны салбар зөвлөлөөс хариуг шүүхээс шаардаж авч өгөх хүсэлтийг Л.Г удаа дараа тавьж байсан. Энэ хариуг бид нарт өгөөгүй байгаа. Энэ нотлох баримтыг гаргах бүрэн эрх нь шүүхэд байсан. Шүүх энэ нотлох баримтыг шаардлагагүй гэж үзсэн болохоор авч хэргийн материалд хийгээгүй байгаа. Энэ хүний хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн. Мөн сонсох ажиллагаа огт хийгээгүй. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн гэж байна. Шүүхээс Л.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж өгөөд хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол ямар үндэслэлээр чөлөөлсөн нотлох баримтаа тайлбарын хамт шүүхэд ирүүлнэ үү? гэсэн. Өнөөдрийг хүртэл Л.Г нь төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна төрийн албан хаагчийн ийм хориглох үйл ажиллагаа явуулсан байна гэдэг хэргийн материалд ирүүлээгүй байгаа. Тийм болохоор хэлсэн тайлбараа бичгийн нотлох баримтаар баталгаажуулах ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Л.Г нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байгаад аймгийн ******* О.Аын 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/33 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Чөлөөлөх болсон үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэг улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, 39.1.5 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэг, мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30.1.17 дахь хэсгийг баримталж ажлаас чөлөөлсөн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас төрийн албан хаагчийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж ажлаас чөлөөлж байгаа боловч энэ тал дээр ямар нэгэн бичгийн нотлох баримт хэргийн материалд ирүүлээгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа хүн маань хуулийн үндэслэлүүд дээр тайлбар өгөх боломжгүй. ******* Л.Г гэдэг хүмүүсийн хувийн асуудлын улмаас ажлаас чөлөөлөгдсөн гэж ярьж байгаа. Говь-Алтай аймгийн ******* О.Ат холбогдох Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэн, ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ц.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулиар төрийн албыг мэргэшсэн тогтвортой, ил тод хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндсийг бататган тогтоож, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх зарчмыг мөрдлөг болгон ажиллахыг хуульчилсан. Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гэж 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.5-д Улс төрийн намын гишүүн байх улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно гэж тус тус заажээ. Нэхэмжлэгчийн тухайд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэн шаардлагыг хангуулж, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээг баримталж уг захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хүн, хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байна. Тухайн хэрэгтэй холбоотойгоор дараах тайлбарыг өгч байна. Захиргааны ерөнхий хуулийн 92-96 дугаар зүйлд захиргааны актад гомдол гаргах журмыг хуульчилсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дүгээр зүйлд иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх хуулийн зохицуулалт байгаа. Өөрөөр бол аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус хүчингүй болгуулах тохиолдолд тухайн аймгийн ******* өөрөө эсхүл дээд шатны албан тушаалтан төрийн албаны зөвлөл хүчингүй болгох эрхтэй байгаа. Тэгэхээр захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг шүүх бус дээд шатны байгууллага, албан тушаалтан явуулж байгаа нь захиргааны байгууллагын нэгдмэл байдал буюу дотоод хяналтыг харуулж байгаа хэрэг юм. Тэгэхээр шууд шүүх хүлээж авах боломжгүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ч, сая нэхэмжлэлийн шаардлагаа ярихдаа ч төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаад явсан одоо болтол хариу нь ирээгүй байна гэсэн зүйлийг ярьж байна. Үүнийг анхаарах нь зүйтэй байх. Мөн орон нутгийн өмчийн газраас нэхэмжлэгчийг чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлд тайлбар хийе. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба гэж ангилсан байдаг бөгөөд орон нутгийн өмчийн газрын даргаар 2014 оноос хойш ажиллаж байсан нэхэмжлэгч маань төрийн жинхэнэ албан хаагч байгаа. Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална гээд ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн, тогтвортой байх, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, захирах, захирагдах ёсыг баримтлах ёстой гэж хуульчилсан байгаа. Аймгийн ******* хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албаны тухай хуулийн хориглох зүйл заалтаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.17 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г нь төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хориглосон үйл ажиллагаанд оролцсон байх тул түүнийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 зүйлийн 21.1-т хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.2.1-т шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх, 21.2.2-т хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох гэж зааснаар шүүхээс хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч Л.Гийг ажлаас чөлөөлсөн Б/33 дугаар захирамжийн үндэслэл түүнд холбогдох нотлох баримтуудыг шаардсан боловч тухайн захиргааны актад холбогдуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...нэхэмжлэгчийн тухайд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэн шаардлагыг хангуулж, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээг баримталж уг захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд ...улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх... гэсэн тайлбарыг гаргахаас өөрөөр Л.Гт холбогдуулах хэрэг ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Тодруулбал: Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Г нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-т улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох гэж заасныг зөрчиж, улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд төрийн жинхэнэ албан хаагчийн хувиар оролцсон гэх байдал нь тогтоогдохгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэж заасныг зөрчсөн аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан эсэх, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй байна. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэх заалтууд болон дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар нэхэмжлэгч Л.Г Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч тухайн гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй байх тул шүүх урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүх аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно гэж заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 19-нөөс 2021 оны 08 дугаар сарын 26-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 65 хоногийн олговор 5.188,547 төгрөгийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, Л.Гийг урьд эрхэлж байсан Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 65 хоногийн олговор 5.188,547 /таван сая нэг зуун наян найман мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Э.ЗОЛБАДРАХ