Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2519

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

                                               

Хариуцагч: “Т” ХХК -д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Б миний бие “Т” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан гэрээ байгуулсан. Захиалагчийн хувьд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж төлбөр тооцоог бүрэн дуусгасан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээрээ авч чадаагүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан тохиолдолд гүйцэтгэгч Т ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн хүртэл уг үүргээ биелүүлэхгүй явсаар иргэн Б.Б намайг хохироож байна. Иймд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Б намайг тогтоож өгнө үү. Гэрээний дагуу төлбөрөө бүрэн 100% төлсөн. Гэвч гэрчилгээг гаргаж өгөхгүй удаад байна. хэлэхээр за өнөө маргааш өгнө гэдэг боловч өгөхгүй байдаг. Учир шалтгааныг нь мэдэхгүй, манайд барилга ашиглалтад орсноос хойш  2012 онд орж  байрандаа амьдарч байгаа гэв.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн болно. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

“Т” ХХК нь Б.Бтэй 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-д төлсөн байх ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний талаар талууд маргаагүй, харин хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаагаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаар дурдаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан байна. 

 

Талуудын хооронд байгуулагдсан “2011 оны 10 дугаар сарын 04-ний “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан Худалдах, худалдан авах гэрээ”-ээр  Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, хаягт байрлах орон сууцыг нэгжийн үнэ нь 909,090 төгрөг, нийт 20,000,000 төгрөг байхаар, гүйцэтгэгч болох “Т” ХХК нь орон сууцыг 2011 оны 10 сарын 14-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд энэхүү байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худаалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн  авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд худалдан авагч буюу Б.Б нь орон сууцны үнэд 1 м.кв-ийг 909,000 төгрөгөөр тооцон нийт 20,000,000 төгрөгийг  бүрэн төлж барагдуулан гэрээгээр  хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна.

Хариуцагч буюу худалдагч “Т” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр Б.Бг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.Б-г Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.НЯМСҮРЭН