| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/03415/И |
| Дугаар | 2520 |
| Огноо | 2018-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 61-3 тоотод оршин суух, Сайжрах овогт Раднаасамбуугийн Р.М /РД:УХ88102459/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:“Т” ХХК /Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 61-0 тоотод байрлах/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.М миний бие “Т” ХХК-тай 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан гэрээ байгуулан 4.8 м.кв 1 өрөө орон сууцыг захиалсан. Захиалагчийн хувьд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж төлбөр тооцоог бүрэн дуусгасан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээрээ авч чадаагүй байна.
Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан тохиолдолд гүйцэтгэгч Т ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн хүртэл уг үүргээ биелүүлэхгүй явсаар иргэн Р.М намайг хохироож байна. Нийт 7 давхар 35 айлын орон сууц баригдаж, ашиглалтад ороод бүх айлууд байрандаа орсон байдаг. Бүгд нийлээд л гэрчилгээгээ гаргуулна гэж байгаад л намддаг, ямар учир шалтгаанаар гаргаж өгөхгүй байгааг мэдэх зүйл алга, удахгүй гаргаж өгнөө л гэдэг. Зарим айлууд шүүхийн журмаар өмчлөгчөөр тогтоолгоод гэрчилгээгээ гаргуулсан байгаа. Т ХХК 100% өөрсдөө гаргаж өгсөн зүйл байдаггүй байх. Манай орон сууцны тухайд ямар нэгэн давхацуулж гэрээ хийсэн болон барьцаалсан зүйлгүй, төлбөрийн талаар маргаан байхгүй. Иймд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 61-р байрны 3 тоот хаягт байрлах 44.8 м.кв 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Р.М намайг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөнч Б.Түвшинтөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч “Т” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс би нэхэмжлэгч Р.Мын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Р.М нь Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, 61-р байрны 3 тоог хаягт байрлах 44,8м.кв 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна. Нэхэмжлэгч Р.М нь манай компанитай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан бөгөөд дээрх хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн юм.
Иймд Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, 61-р байрны 3 тоот хаягт байрлах 44.8м.кв 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Р.Мыг тогтоож өгнө үү. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.М нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, 61-р байрны 3 тоот хаягт байрлах 44,8м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
“Т” ХХК нь Р.Мтой 2009 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч нийт 27.745 ам.долларыг хариуцагч “Т” ХХК-д төлсөн байх ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний талаар талууд маргаагүй, харин хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаагаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаар дурдаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан байна.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан “2009 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан Худалдах, худалдан авах гэрээ”-ээр Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, 61-р байрны 3 тоот хаягт байрлах 44,8м.кв 1 өрөө орон сууцыг нэгжийн үнэ нь 690 ам.доллар, нийт 30,912 ам.доллар байхаар, гүйцэтгэгч болох “Т” ХХК нь орон сууцыг 2008 оны 3 сарын 30-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд энэхүү байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худаалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд худалдан авагч буюу Р.М нь орон сууцны үнэд 1 м.кв-ийг 690 ам.доллараар тооцон нийт 30245 ам.долларыг бүрэн төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна.
Хариуцагч буюу худалдагч “Т” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Р.М нь 3 тоот, 44.8 м2 талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй байна.
Иймд Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, 61-р байрны 3 тоот хаягт байрлах 44,8м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Р.Мыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Р.М -ыг Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, хаягт байрлах 44,8м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Мод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН