Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 129/2016/0071/Э |
Дугаар | 67 |
Огноо | 2016-07-26 |
Зүйл хэсэг | 147.1., 181.2.1, 181.2.5., |
Улсын яллагч | Б.Батсайхан |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч Б.Батсайхан
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сүх-Очир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Саруул, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Дашням нарт холбогдох 201503000592 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 63-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан бүрэн, ял шийтгэлгүй, Монгол овогт Дашдаваагийн Сүх-Очир /РД:АЮ96042415/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант баг, Хийд гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, ял шийтгэлгүй, Боржин овогт Аптаншагайгийн Саруул /РД:АМ97012716/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, ах, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 41-11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, ял шийтгэлгүй, Боржгон овогт Вандансүрэнгийн Дашням /РД:АБ95121133/
Шүүгдэгч Д.Сүх-Очир нь согтуугаар 2015 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сондор” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Д.Цэнд-Аюушийг зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн хохирогч Б.Бат-Эрдэнэ, Б.Хувьтөгөлдөр, Б.Булгантамир нарыг шүүгдэгч А.Саруул, В.Дашням нартай бүлэглэн зодож догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч А.Саруул нь согтуугаар 2015 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сондор” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Бат-Эрдэнэ, Б.Хувьтөгөлдөр, Б.Булгантамир нарыг шүүгдэгч Д.Сүх-Очир, В.Дашням нартай бүлэглэн зодож догшин авирлаж танхайрсан, мөн хохирогч Б.Булгантамирын Нокиа Си-3 маркийн гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглсэн дээрэмдсэн,
Шүүгдэгч В.Дашням нь согтуугаар 2015 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сондор” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж мөн хохирогч Б.Бат-Эрдэнэ, Б.Хувьтөгөлдөр, Б.Булгантамир нарыг шүүгдэгч А.Саруул, Д.Сүх-очир нартай бүлэглэн зодож догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Сүх-Очир мэдүүлэхдээ: Бид нар манайд 2 сав Боргио нэртэй пиво уучихаад, 11000 төгрөгөөр пиво авах гээд төв рүү орж ирээд, маргаан гарсан. Саруул бид нар тэр утсыг дээрэмдэх гэж аваагүй. Саруул надад хэлэхдээ утсаар ярих гэж авсан гэж хэлсэн. Би тэр асуудлыг сонсоогүй гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Саруул мэдүүлэхдээ: Бид гурав 2 савтай Боргио пиво уучихаад, дахин пиво уухаар 11000 төгрөгтэй төв рүү гарч ирээд, онгорхой дэлгүүр хайж байгаад, Сондор нэртэй хүнсний дэлгүүрийн тэнд гурван баньдитай жаахан сөргөөцөлдсөн бөгөөд тэндээ жаахан зодоон хийсэн. Би утсыг нь санаатай аваагүй, утсаар ярих гээд утсаа гаргаад ир гэж хэлээд авсан. Тухайн үед зодоон болж байсан учраас самгардаад, утсыг нь өгөөгүй, халаасандаа хийсэн байна лээ. Би тэгээд тэр утсаа цагдаад гаргаж өгсөн гэв.
Хохирогч Б.Булгантамирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойд гэр нь байдаг 2 найз болох Хувьтөгөлдөр, Бат-Эрдэнэ хоёрын хамт шөнийн 00 цагийн үед сургуулиасаа гарч гэрлүүгээ явсан. 4 дүгээр сургуулийн зүүн талд байдаг Сондор нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд явж байтал 3-н залуу урдаас гарч ирээд бид 3-н хажуугаар зөрж гарсан. Тэд нарын бүдүүн залуу нь бид гурвыг зогсож бай гэж хэлсэн. Хувьтөгөлдөр, Бат-Эрдэнэ бид 3 зогстол Бат- Эрдэнийг нэг залуу шууд цохиод авсан. Хувьтөгөлдөр, Бат-Эрдэнэ бид гурав зугатаагаад гүйтэл Бат-Эрдэнийг бариад авах шиг болсон. Хувьтөгөлдөр бид 2 зугтаж гүйгээд хэсэг газар яваад эргээд хартал Бат-Эрдэнийг газар унагаачихсан зодоод байх шиг байсан. Хувьтөгөлдөр бид хоёр буцаж очих гээд явж байтал Бат-Эрдэнэ бид хоёрыг дуудаад байсан. Хувьтөгөлдөр бид хоёр буцаад очтол намайг нэг намхан залуу нь гараараа нүүр лүү цохиод сандал дээр суулгаад нүүрлүү өвдөглөж зодсон. Хувьтөгөлдөрийг бас цохиж зодоод байсан. Тэгээд Бат-Эрдэнийг чи яваад тэнд байгаа 2 хүнийг дуудаад ир гээд явуулсан. Нэг жижиг туранхай биетэй залуу нь намайг нүүр лүү гараараа цохиод утсаа гаргаад ир гэж хэлсэн. Миний халаасанд Хувьтөгөлдөрийн гар утас миний гар утастай хамт байсан болохоор миний халаасыг ухаад 2 гар утас авчихаж магадгүй гэж бодоод өөрийнхөө гар утсыг би өөрөө гаргаж өгсөн. Саруул, Дашням хоёрын нэг нь миний гар утсыг авсан. Би яг хэнд нь гар утсаа өгснөө мэдэхгүй байна. Намайг гар утас өгч байхыг нөгөө хоёр залуу нь хараагүй байж магадгүй. Тухайн үед гадаа харанхуй байсан юм. Тэгтэл Бат-Эрдэнэ манай сургуулийн Цэндээ гэдэг хүүхэдтэй хамт хүрээд ирсэн. Цэндээ бид нар дээр ирээд та нар яагаад байгаа юм бэ гэж асуутал нэг бүдүүн залуу нь Цэндээг гараараа цохиж аваад хамраас нь цус гаргасан. Саруул, Дашням, Сүх-Очир нар яагаад бид гурвыг зодох болсныг би мэдэхгүй байна” /хх-8-10х/ гэсэн мэдүүлэг,
Хохирогч П.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би гэртээ харих гээд шөнийн 00 цагийн үед 4 дүгээр сургуулийн хажуу талд явж байтал манай сургуулийн хүүхэд Бат-Эрдэнэ ирээд гурван залуу бид нарыг дээрэлхээд байна гэж хэлсэн. Би Бат- Эрдэнийг дагаад Сондор дэлгүүрийн хажууд яваад очтол үгийн зөрөөгүй бүдүүн залуу намайг шууд цохиод авсан. Миний хамраас цус гараад би доошоо тонгойтол нөгөө бүдүүн залуу миний дээрээс цохиод хөлөөрөө өшиглөөд намайг газар унагах гээд байсан. Би Хувьтөгөлдөр, Бат-Эрдэнэ, Булгантамир нарын хамт зугтааж гүйгээд манай хашаа руу орчихсон” /хх-12-13х/ гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Хувьтөгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би ангийн найз болох Бат-Эрдэнэ, Булгантамир хоёрын хамт гэрлүүгээ шөнийн 12 цаг өнгөрсөн гадаа харанхуй болсон гудамжны гэрэлтүүлэг асаачихсан байхад Сондор нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд явж байтал 3-н залуу урдаас гарч ирээд хажуу талаар зөрсөн. Тэгтэл нэг залуу нь бид гурвыг зогсож бай гэж хэлсэн. Бат-Эрдэнэ, Булгантамир бид гурав явж байгаад зогстол нэг тарган залуу нь найз Бат-Эрдэнийг шууд цохиж авсан. Би найзуудтайгаа зугатаж байгаад эргээд хартал Бат-Эрдэнийг нөгөө 3 залуу барьж аваад газар унагаачихсан зодоод байсан. Би Булгантамиртай хамт буцаж иртэл нөгөө 3 залуу Бат-Эрдэнэ, Булгантамир бид гурвыг сандал дээр суулгаад толгой руу бүдүүн залуу нь өвдөглөж цохиод бас гараараа нүүр лүү цохиж зодоод байсан. Тэгээд тэр гурван залуу бид нарыг гар утаснуудаа гаргаад ир гээд байсан. Тэгтэл Булгантамир өөрийнхөө гар утсаа гаргаад нэг залууд өгчихсөн. Нөгөө залуу Бат-Эрдэнийг явуулаад хажуугаар явж байгаа 2 залууг дуудаад ир гээд явуулчихсан. Тэгтэл нэг машин булан тойроод гарч иртэл нөгөө 3 залуу зугтаагаад гүйчихсэн. Тэгтэл Бат-Эрдэнэ, Цэндээ гэдэг манай сургуулийн хүүхэдтэй хамт хүрээд ирсэн. Бид нар Цэндээд болсон явдлыг хэлээд байж байтал нөгөө 3 залуу буцаад гараад ирсэн. Тэгээд Цэндээг нэг бүдүүн залуу нь барьж аваад хамар луу нь цохиж цус гаргаад байсан. Нөгөө 2 залуу нь Бат-Эрдэнийг цохиж аваад зодоод байсан. Тэгээд Цэндээ, Бат-Эрдэнэ, Булгантамир бид 4 нөгөө 3 залуугаас зугатаж гүйгээд Цэндээгийн гэрт очоод нөгөө 3 залууг хаашаа явахын харж байгаад цагдаа дуудаж нөгөө 3 залууг барьж өгсөн. Намайг бүдүүн залуу нүүр лүү цохиж авсан. Би нүүрлүүгээ цохиулаад доошоо тонгойход дээрээс нөгөө 2 залуу нь өвдөглөж цохиод байсан. Миний биед бэртэж гэмтсэн зүйл байхгүй” /хх-16-17х/ гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тэгээд 4 дүгээр сургуулийн хажууд байдаг Сондор нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд явж байтал 3 залуу урдаас гарч ирээд ямар том алхдаг юм бэ гэж хэлээд нэг залуу нь намайг шууд нүүр лүү гараараа цохиод авсан. Би цохисон залуугийн гарнаас барьж аваад яаж байгаа юм гэж асуутал тар нар хэзээ ийм том болчихсон юм бэ гээд байсан. Хувьтөгөлдөр, Булгантамир бид 3 зугатъя гэж тохироод зугатаагаад гүйтэл нэг залуу нь миний ар талаас барьж аваад нэг залуу нь намайг цохиод авсан. Тэгээд бүдүүн залуу нь нэг туранхай залуутай хамт намайг газар унагаагаад дээрээс өшиглөж гараараа цохиж байсан. Намайг газар уначихсан зодуулж байхад надтай хамт явсан Хувьтөгөлдөр, Булгантамир 2 зугатаагаад алга болчихсон байсан. Тэгээд намайг зодож байсан залуучууд найз нарыгаа дууд гээд байсан. Би хоёр найзыгаа дуудтал Хувьтөгөлдөр, Булгантамир хоёр хүрээд ирсэн. Тэгээд бүдүүн залуу Хувьтөгөлдөр, Булгантамир хоёрыг цохиж аваад сандал дээр суулгасан. Намайг хажуугаар явж байсан 2 залууг дуудаад ир гээд явуулсан. Би танихгүй ах дээр очих гээд явж байтал манай сургуулийн Цэндээ гэдэг залуу урдаа гараад ирсэн. Би Цэндээд болсон зүйлийг хэлээд тэнд байгаа 3 залуугаас бид нарыг салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Цэндээ бид хоёр Хувьтөгөлдөр, Булгантамир нарын байгаа газарт очтол нөгөө бүдүүн залуу Цэндээг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгтэл нэг залуу нь над дээр ирээд намайг барьж аваад цохиод байсан. Би тэр залууд цохиулахгүй гээд биеэ хамгаалж ноцолдсон. Цэндээгийн хамраас цус гарчихсан байсан бөгөөд Хувьтөгөлдөр, Булгантамир, Цэндээ бид 4 зугатааж гүйгээд Цэндээгийн хашаанд орсон” /хх-19-20хы/ гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн газраас миний утас руу яриад таны хүү гар утсаа дээрэмдүүлсэн байна гэж хэлсэн. Би Булгантамираас юу болсон талаар асуухад ангийнхаа 2 хүүхэдтэй харих гээд явж байхад 3 залуу зодоод гар утсаа гаргаад ир гэж хэлэхээр нь өөрийнхөө Нокиа гар утсаа гаргаад өгчихсөн гэж хэлсэн. Би хүү Булгантамиртай хамт цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөд Булгантамирын гар утсыг цагдаагийн газраас хүлээж авсан. Одоо миний хүүд ямар нэгэн гомдол, санал байхгүй болсон” /хх-22х/ гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Цэнд-Аюушаас юу болсон талаар асуухад манай сургуулийн 3 хүүхэд танихгүй залуучуудад дээрэлхүүлж зодуулаад нэг хүүхдийнхэн гар утсыг авчихсан байхад нь очиж уулзтал танихгүй, тарган залуу цохиж аваад хамраас цус гаргачихсан гэж хэлсэн” /хх-32х/ гэсэн мэдүүлэг,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай шинжээч эмч Б.Отгонжаргалын дүгнэлтэнд: П.Цэнд-Аюушийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тсгтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-54х/ гэжээ.
Шүүгдэгч Д.Сүх-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Дашням барьж үлдсэн байсан бандийг гараараа 2-3 удаа цохиод байсан. Тэгээд зугатааж гүйсэн хоёр залуу буцаж ирсэн, бөгөөд Дашням, Саруул хоёр тэр банди нарыг Сондор дэлгүүрийн хажууд байсан сандал дээр суулгаад Дашням барьж үлдсэн бандийг өвдөглөөд байсан. Тэгээд барьж үлдсэн бандийг чи яваад зам дээр байгаа найзыгаа аваад ир гэж хэлээд явуулсан. Тухайн үед бид нарын хажууд байсан машины зам дээр 2 хүн байсан бөгөөд тэр 2 хүнийг 3 бандитай хамт явж байна гэж бодож байсан юм. Тэгээд дэлгүүрийн сандал дээр үлдсэн 2 бандийг Саруул ганц нэг цохиж аваад байх шиг байсан. Удалгүй хүн дуудах гээд явсан банди нэг өндөр бандитай хамт хүрээд ирсэн. Тэгснээ сүүлд ирсэн өндөр банди намайг заамдаж аваад мөр лүү гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд хамар луу нь гараараа цохиод авсан. Тэр өндөр залуугийн хамраас цус гараад байсан. Тэгээд би найз Дашням, Саруул хоёртой мотоциклио унаад дэлгүүр хайж явж байгаад доод Петровис шатахуун түгээх газрын хажууд цагдаа нарт баригдаж мотоциклио хураалгаж саатуулагдсан. Цагдаа нар бид нарыг зогсоогоод гар утас хэн авсан гэж асуухад Саруул би авсан юм гээд гаргаж өгсөн. Би Саруулыг гар утас хэзээ яаж авсныг мэдээгүй, би ял өөрчлөн сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна, би дээрэмдэх гэмт хэрэг хийгээгүй, танхайрах хэрэг хийж хүн зодсон нь үнэн” /хх-73-74, 132х/ гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч А.Саруулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тэгтэл Сүх-Очир нэг бандийг нь шууд гараараа цохиод авсан, тэгтэл нөгөө 3 банди зугатаагаад гүйсэн. Дашням зугатаж гүйсэн 3 бандийн араас гүйгээд Сүх-Очирт цохиулсан бандийг араас нь барьж аваад дэлгүүрийн хажууд байсан сандал дээр суулгасан. Тэгээд зугатааж гүйсэн 2 бандийг дуудтал буцаад хүрээд ирсэн. Буцаж ирсэн. Бандийг Сондор дэлгүүрийн хажуу талын сандал дээр суулгаад Дашням очиж гараараа цохиж зодоод байсан. Тэгтэл бид нарын хажуугийн зам дээр хүн явж байсныг Сүх-Очир харчихаад анх баригдаж үлдсэн бандийг чи яваад тэр хүнийг дуудаад ир гээд явуулсан. Би сандал дээр сууж байсан 2 банди нараас гар утсаа гаргаад ир гэж хэлтэл нэг намхан банди Нокиа гар утас гаргаж өгөхөөр нь аваад халаасандаа хийсэн. Тэгтэл хүн дуудах гээд явсан банди буцаад хүрээд ирэхээр нь бид нар нөгөө 3 бандийг явуулсан. Сүх-Очир тэр банди нарт яагаад томроод байгаа юм гээд өндөр бандийн нүүр лүү 2 удаа цохиж автал нөгөө 4 банди тараад зугатаагаад нэг хашаа руу яваад орчихсон. Тэгээд би мотоциклио жолоодоод буцаад Наранбулаг руу явж байгаад цагдаа нарт баригдсан. Бид нарын араас нөгөө хэдэн банди нар ирээд гар утсаа авъя гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар бид гурваас хэн нь гар утас авсан гэж асуухаар нь би авсан гэж хэлээд гар утсыг нь цагдаад гаргаж өгсөн. Намайг гар утас авахыг Сүх-Очир, Дашням хоёр надад хэлэхдээ мэдээгүй гэж хэлээд байсан. Би бодохдоо Сүх-Очир, Дашням хоёрыг намайг гар утас авахыг мэдсэн байх ёстой гэж бодож байгаа, би надад сонсгож байгаа зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна” /хх-80-81, 165х/ гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч В.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Тэр 3 банди нар дээр Саруул, Сүх-Очир бид гурав явж очоод Саруул тамхи асуутал тамхи байхгүй гэж хэлсэн. Сүх- Очир нэг бандийг нь шууд гараараа цохиод автал тэр 3 банди зугатаагаад гүйсэн. Бид 3 араас нь хөөгөөд би Сүх-Очирт цохиулсан бандийг ар талаас нь бариад авсан. Би барьж авсан бандийг гараараа нэг удаа цохиж авсан. Сүх-Очир тэр бандийг хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд барьж авсан бандийг дагуулж Сондор дэлгүүрийн гадаа байсан сандал дээр суулгаад байж байтал зугатааж гүйсэн 2 банди буцаж ирсэн. Тэгээд зугатааж гүйсэн 2 бандийг тийшээ суу гээд Сондор дэлгүүрийн хажууд байсан сандал дээр суулгаад Сүх-Очир бид 2 дээрээс нь цохиж өвдөглөж зодосон. Би нэг бандийг нь 3 удаа цохиж, 2 удаа өвдөглөсөн. Д.Сүх-Очир нэг бандийг нь хэд хэдэн удаа цохиж өвдөглөсөн. Тэгээд бид нарын хажууд байсан хоёр хүнийг дуудаад ир гээд Сүх-Очир хамгийн түрүүнд зодсон бандийг явуулсан. Тэгтэл Саруул сандал дээр сууж байсан 2 бандиас утсаа өгчих нэг яриад өгье гэж хэлээд намхан бандиас гар утсыг нь авч байсан. Тэгтэл хүн дуудах гээд явсан банди нэг өндөр бандитай хамт хүрээд ирсэн. Тэгээд Сүх-Очир сүүлд ирсэн өндөр бандийг шууд гараараа цохиж аваад хамраас нь цус гаргачихсан, би ял өөрчлөн сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна” /хх-88, 151х/ гэсэн мэдүүлэг,
Эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-3х/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-4х/,
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-5х/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6, 120, 122, 126, 130х/,
Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-33, 39, 46, 53/
Шинжээчийн дүгнэлтүүд /хх-40, 47
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-34х/
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97-98, 100-101, 103-104/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-121, 124, 128х/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Сүх-Очир нь согтуугаар 2015 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сондор” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Д.Цэнд-Аюушийг зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Намайг гэртээ харих гээд шөнийн 00 цагийн үед 4 дүгээр сургуулийн хажуу талд явж байтал манай сургуулийн Бат-Эрдэнэ ирээд гурван залуу бид нарыг дээрэлхээд байна, салгаад өгөөч гэж хэлэхээр нь Бат- Эрдэнийг дагаад Сондор дэлгүүрийн хажууд яваад очтол үгийн зөрөөгүй бүдүүн залуу намайг шууд цохиод авсан. Миний хамраас цус гараад би доошоо тонгойтол нөгөө бүдүүн залуу миний дээрээс цохиод хөлөөрөө өшиглөөд намайг газар унагах гээд байсан талаар мэдүүлсэн хохирогч П.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-12-13х/, П.Цэнд-Аюушийг иртэл нөгөө бүдүүн залуу болох Д.Сүх-Очир шууд хамар руу гараараа цохиж цус гаргаад зодоод байсан талаар мэдүүлсэн хохирогч Б.Булгантамир /хх-10х/, Б.Хувьтөгөлдөр /хх-17х/, Б.Бат-Эрдэнэ /хх-20х/ нарын мэдүүлгүүд, Цэнд-Аюушаас юу болсон талаар асуухад манай сургуулийн 3 хүүхэд танихгүй залуучуудад дээрэлхүүлж зодуулаад нэг хүүхдийнхэн гар утсыг авчихсан байхад нь очиж уулзтал танихгүй, тарган залуу цохиж аваад хамраас цус гаргачихсан гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэрч Б.Батцэцэгийн мэдүүлэг /хх-32х/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 13 тоот дүгнэлт /хх-54х/, шүүгдэгч Д.Сүх-Очир, А.Саруул, В.Дашням нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр,
Шүүгдэгч Д.Сүх-Очир, А.Саруул, В.Дашням нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сондор” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Бат-Эрдэнэ, Б.Хувьтөгөлдөр, Б.Булгантамир нарыг зодож танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
2015 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн үед харихаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Сондор” нэртэй хүсний дэлгүүрийн урд талд явж байхдаа Д.Сүх-Очир, А.Саруул, В.Дашням гэх хүмүүст зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.Булгантамир /хх-10х/, Б.Хувьтөгөлдөр /хх-17х/, Б.Бат-Эрдэнэ /хх-20х/ нарын мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-121, 124, 128х/, хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалжийг баталсан шүүгдэгч Д.Сүх-Очир, А.Саруул, В.Дашням нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр,
Шүүгдэгч А.Саруул нь согтуугаар 2015 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сондор” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Б.Булгантамирын Нокиа Си-3 маркийн гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь
Жижиг туранхай биетэй залуу нь миний нүүр рүү гараараа цохиод утсаа гаргаад ир гэж хэлсэн. Миний халаасанд Хувьтөгөлдөрийн гар утас миний гар утастай хамт байсан болохоор миний халаасыг ухаад 2 гар утас авчихаж магадгүй гэж бодоод өөрийнхөө гар утсыг би өөрөө гаргаж өгсөн, намайг утсаа өгсөнг нөгөө хоёр залуу хараагүй байж магадгүй, учир нь гадаа харанхуй байсан талаар мэдүүлсэн хохирогч Б.Булгантамирын мэдүүлэг /хх-10х/, Булгантамир өөрийнхөө гар утсыг гаргаад нэг залууд өгчихсөн талаар мэдүүлсэн хохирогч Б.Хувьтөгөлдөр /хх-17х/, Архангай аймгийн Цагдаагийн газраас над руу залгаад танай хүү хүнд гар утсаа дээрэмдүүлсэн байна гэхээр нь Булгантамираас юу болсон талаар асуухад ангийнхаа хоёр хүүхэдтэй харих гэж явах замдаа 3 залуу зодоод гар утсаа гаргаад ир гээд байхаар нь өөрийнхөө Нокиа маркийн гар утсаа өгчихсөн гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэрч С.Гантуяагийн мэдүүлэг /хх-22х/, эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-3х/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-4х/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-5х/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6х/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-34х/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Саруул, В.Дашням нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс тэднийг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчиж танхайрах, шүүгдэгч Д.Сүх-Очирыг бусадтай бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж танхайрах, шүүгдэгч А.Саруулыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Сүх-Очир, А.Саруул, В.Дашням нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдгээрт шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Сүх-Очир, А.Саруул, В.Дашням нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч Монгол овогт Дашдаваагийн Сүх-Очирыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах, шүүгдэгч Боржин овогт Аптаншагайгийн Саруулыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, шүүгдэгч Боржгон овогт Вандансүрэнгийн Дашнямыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Сүх-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч В.Дашнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Саруулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 03 /гурав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар А.Саруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар оногдуулсан 03 /гурав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг багтааж биечлэн эдлэх хорих ялыг 03 /гурав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Сүх-Очир, А.Саруул, В.Дашням нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Д.Сүх-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч В.Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Саруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар оногдуулсан 03 /гурав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сүх-Очир, А.Саруул, В.Дашням нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгчид гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ