Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 857

 

 

 

 

 

 

 

2019         8               27                                             2019/ДШМ/857

 

 

Д.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Ж.Оюунболд, А.Энхгэрэл,

хохирогч Х.Должингийн өмгөөлөгч Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЗ/1104 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Д.Тд холбогдох эрүүгийн 201625022682 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дарь Өв овгийн Даваасүрэнгийн Т, 1975 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянголд дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50 дугаар байрны  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ВЮ/;

Д.Т нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю Мон” төвийн 1 дүгээр давхарт хохирогч Х.Должингоос “Баянхонгор аймагт алтны уурхай ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 80.000.000 төгрөгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн покурорын газраас: Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Д.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс үзэхэд прокуророос Д.Тувшинжаргалыг Баянхонгор аймагт алтны уурхай ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авна гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 80.000.000 /наян сая/ төгрөгийг иргэн Х.Должингоос залилан авч их хэмжээний учруулсан гэх үйл баримтыг хангалттай нотлоогүй байна.

Тодруулбал: Шүүгдэгч Д.Т 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр иргэн Х.Должинтой Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйлд заасныг үндэслэн Зээлийн гэрээ байгуулсан /1-р хх-3/ байх бөгөөд гэрээний дагуу Х.Должин 94.106.240 төгрөгийг Д.Тд 2 сарын хугацаатайгаар сард 5% хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.

Иргэний эрх зүйн харилцаа тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй эсвэл тэдгээрийг биечлэн зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан олгохгүй гэх субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх явдал юм.

Өөрөөр хэлбэл, Д.Т зээлийн гэрээг хүсэл зоригоо бодитой илэрхийлэх замаар үнэнч шударгаар байгуулсан эсэх болон гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн буюу Баянхонгор аймагт алтны уурхай ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулсан эсэх үгүй бол шалтгааныг тогтоох нь залилан мэхэлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Эдгээр үйл баримт тогтоогдож буй эсэх болон ямар нотлох баримтуудыг үндэслэл болгож буй талаар тусгаагүй байна.

Иймд шүүгдэгч Д.Тд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Т нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Блю Мон" төвийн 1 дүгээр давхарт хохирогч Х.Должингоос Баянхонгор аймагт алтны уурхай ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 80.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

хохирогч Х.Должингийн “...хамгийн анх 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т, Баярсайхан нар манай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 3 хороо баруун Сэлбийн 39-06 тоотод ирж уулзсан юм. Тэгээд Т нь надад хандан “би танд барьцаа хөрөнгө тавья миний ажиллуулдаг алтны уурхайд усан буу, техник хэрэгсэл авах шаардлагатай байна 80.000.000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Тэгээд би ямар барьцаа хөрөнгө тавих юм гэж асуутал “Сүхбаатар дүүргийн дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 15 дугаар 4596 тоотод байрлах Г-2203001530 бүртгэлийн дугаартай 000341608 гэрчилгээний дугаартай 177.38 кв.м талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар байна” гэж хэлсэн. Тэгээд л би зөвшөөрч надад энэ барьцаа хөрөнгийг нь захиран зарцуулах итгэмжлэлийг өгч гарын үсэг зурцгаасан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Блю Мон" төвд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр Тд 80.000.000 төгрөг өгсөн. Д.Тд мөнгө өгөхөд хажууд Баярсайхан байсан. За ингээд л би 80.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн..." гэх мэдүүлэг /1хх 73-75/,

гэрч Ч.Баярсайханы “...би мөнгөө нэхээд байж байтал 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр надтай Т ирж уулзаад “надад мөнгөний хэрэг гараад байна, банкны зээл хөөцөлдөж байгаад чиний мөнгийг өгөх хэрэгтэй байна. Би чамд чиний мөнгийг Должин гэх эгчээс аваад өгье, Должин эгч бол том эмч байгаа юм” гэж хэлсэн. Би бол Должин эмчийг сайн таньдаг байсан ба тэгээд л Т бид 2 Должин эмчийн гэрт нь энэ өдөр очсон. Должин эмчийн гэр нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Баруун Сэлбийн гудамж 39-06 тоотод очиж уулзаад Т нь 80.000.000 сая төгрөг бэлнээр Должин эгчээс зээлж гэрээ байгуулан барьцаанд нь засварын газраа Должин эгчийн дүү С.Баттогтох гэх залуугийн нэр дээр шилжүүлж өгсөн. За ингээд надад энэ 80.000.000 сая төгрөгийг бэлнээр шууд өгсөн. “...Должин эгч нь мөнгө өгөөд гэрээний ар талд нь гарын үсэг зуруулж байсан. Бид гурваас өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг /1хх 77-78, 3хх 98/,

гэрч Д.Түвшинтулгын “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн дүү Д.Т нь Баярсайхан гэх хүнд өртэй гэсэн. Тэгээд Х.Должин гэх хүнээс мөнгө авч Баярсайханд өгөх юм. Би өөрөө Баярсайханд өртэй гэж хэлсэн юм. Тэгээд үл хөдлөх эд хөрөнгөө Должин гэх хүнд итгэмжлэл хийж өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 50/,

гэрч Д.Амартүвшингийн “...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т ахтай уулзах болсон шалтгаан нь Баярсайхан гэх хүнд мөнгө төгрөгийн асуудалтай байгаа юм, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 15-4596 тоот хаягт байх Ү-2203008772 гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад итгэмжлэл хийж өгөх хэрэгтэй байна, та хоёр туслаач гэхээр нь эгч бид хоёр эсэргүүцэж байгаад зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /3хх 49/,

Д.Тын сэжигтэнээр өгсөн  “...Баярсайхан мөнгөө нэхээд байхаар нь би Должин эгчээс 80.000.000 төгрөг зээлээд Баярсайханд өгчихсөн юм. Энэ мөнгийг Баярсайхантай хамт очиж авсан. Баярсайханаас зээлсэн байсан 150.000.000 төгрөгийг өгөх гэж л 80.000.000 төгрөг Должин эгчээс авч Баярсайханд өгсөн юм. Би Должин эгчээс авсан мөнгөө төлөхгүй..." гэх мэдүүлэг /1хх 89-90/,

Д.Тын яллагдагчаар өгсөн “...би 2015 онд Х.Должингийн гэрт ганцаараа очиж уулзсан Х.Должингийн гэр нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт "Тэди" төвийн урд талд байдаг. Х.Должинтой уулзах болсон шалтгаан нь би Должингоос мөнгө зээлж аваад алтны ажил хийе гэж бодож очсон...” гэх мэдүүлэг /2хх 158/.

Харин шүүгчийн захирамж нь хохирогч Х.Должин, Д.Т нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр буюу хэрэг болсон цаг хугацаанаас хойш 6 сар 18 хоногийн дараа байгуулсан зээлийн гэрээг үндэслэж байгаа нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, зээлийн гэрээний зорилгыг үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Х.Должин, Д.Т нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйлийг удирдлага болгож зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу 80.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл явдал огт болоогүй.

   Харин хохирогч Х.Должингийн зүгээс дээрх 80.000.000 төгрөгийн барьцаа болгож яллагдагч Д.Тын төрсөн эгч Д.Түвшинтулга, төрсөн дүү Д.Амартүвшин нарын нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 15-4596 тоот хаягт байх Ү-2203008772 гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэл хийлгэж авсан байдаг. Хохирогч Х.Должингийн зүгээс Д.Тд зээлсэн 80.000.000 төгрөгийг авах хугацаа болоход Д.Т нь өгөөгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүссэн учраас 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Х.Должин нь яллагдагч Д.Тд 80.000.000 төгрөг зээлүүлсэн гэх баримт үйлдсэнийг дээрх гэрээний дагуу 80.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн мэтээр ойлгож байна гэж дүгнэлээ.

Мөн яллагдагч Д.Т нь гэрч Ч.Баярсайханаас зээлсэн өрөө төлөх гэж хохирогч Х.Должинд Баянхонгор аймагт алтны уурхай ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авах хэрэгтэй байна гэж өөрийн санаа зорилгыг түүнээс нууж 80.000.000 төгрөгийг аваад гэрч Ч.Баярсайханд өгсөн болох нь мөн тогтоогдож байх тул яллагдагч Д.Тыг хохирогч Х.Должингоос зээлсэн 80.000.000 төгрөгөөр Баянхонгор аймагт алтны уурхайд ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авсан эсэхийг шалгах ямар ч шаардлагагүй, энэ нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЗ/1104 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баярсайхан нь хохирогч Х.Должинтэй хамаатан садны холбоотой. Үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах талаар Х.Должинд итгэмжлэл хийж өгөхөд Х.Должин өөрийн хамаатан болох Баттогтохын нэр дээр газрыг шилжүүлсэн байсан. Баттогтохыг анх танихгүй гэж мэдүүлж байгаад сүүлд таньдаг гэж хэлсэн. Мөнгийг авна, өгнө гэсэн харилцан тохиролцоо байсны үндсэн дээр итгэмжлэл хийж өгсөн. Х.Должин Америк улс руу явахдаа шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч шилжүүлж өгөөгүй. Баярсайхан хохирогч Х.Должингоос мөнгө авсан байсан бол Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт өрөндөө авсан гэдэг зүйл тусгагдах ёстой байсан. Уг асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тодорхойлж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч хэргийг буцаагаагүй. Уг нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ямар ч үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч А.Энхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Д.Тыг яллахдаа зөвхөн хохирогч Х.Должингийн мэдүүлгийг үндэслэсэн. Прокурорын  зүгээс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл хохирогч Х.Должингийн мэдүүлэгт 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.Тд мөнгө өгсөн гэж мэдүүлсэн. Х.Должин нь Д.Ттай урьд ямар харилцаатай байсан эсэх мөн 80.000.000 төгрөгийн эх үүсвэрийг хаанаас бий болгосон гэдгийг нотолж үнэн зөвөөр мэдүүлж чаддаггүй.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Должин 10 удаа, мөн шүүхийн шатанд мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл дээрх мэдүүлгүүд бүгд зөрүүтэй. Анхан шатны шүүх хуралдаанд Х.Должин нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээг байгуулаагүй гэж мэдүүлдэг. Баярсайхан болон Түвшинтулга, Амартүвшин нарын мэдүүлгээр прокурорын зүйлчилж оруулж ирсэн нөхцөл байдал нотлогддоггүй. Гэрч Түвшинтулга, Амартүвшин нарын мэдүүлэгт Баярсайханд мөнгөний асуудалтай байгаа учир өөрийн газрыг бусдад шилжүүлэх итгэмжлэх хийж өгсөн байдаг. Уг итгэмжлэлийн дагуу Баярсайханы нэр дээр шилжсэн учир Д.Т газрыг буцааж өөрийн нэр шилжүүлж авсан байдаг. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна. ...” гэв.

Хохирогч Х.Должингын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЗ/1104 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Д.Тыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю Мон” төвийн 1 дүгээр давхарт хохирогч Х.Должингоос “Баянхонгор аймагт алтны уурхай ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 80.000.000 төгрөгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй энэ нь тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх гол шалгуур болдог.

Шүүх хийсвэр бус, шилжүүлсэн хэргийнхээ хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг тогтоодог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, болон шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд ялгагддаг билээ.

 

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигладаг шинжтэй, хохирогч өөрийн эд хөрөнгө, түүний эрхийг сайн дураараа өгсөн байдгаараа Эрүүгийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагддаг. 

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн шууд санаатай, идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байхыг шаарддаг.

           

Дээрх шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, тодорхой сэдэлт бий болсон үеийг тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө.

 

Шүүгдэгч Д.Т 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн танил Х.Должингоос 80.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулах замаар залилан мэхэлж авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан эсэх, шүүгдэгч Д.Т нь уг гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх, өөрөөр хэлбэл, дээрх хэлцэл нь иргэний эрх зүйн шинжтэй харилцаа эсхүл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдсөн асуудлын аль нь болохыг зайлшгүй шалгаж, тодруулах шаардлагатай.

 

Энэ ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцнэ.

 

Үүнээс гадна Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд шинэ хуулийг хуучин хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан гэмт үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх гэсэн мөрдлөгийг удирдлага болгон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу ногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг.

 Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хорих ял болон дэглэм хөнгөрсөн, эрүүгийн хариуцлага эсхүл ялаас чөлөөлөх шинэ нөхцлүүдийг нэмсэн, ялгүй болох хугацааг багасгасан байдлаар илэрдэг юм.

Харин ял хөнгөрүүлсэн хууль гэдэгт тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд доод хугацааг багасгасан, өмнө үйлчилж байсан хуульд зааснаас хөнгөн ялыг хуульчилсан, хөнгөн ял хэрэглэж болох сонгох санкцыг тогтоосон хуулийг ойлгодог бөгөөд ялыг хөнгөрүүлсэн хуулийг ял шийтгэгдэх буюу ял шийтгүүлсэн этгээдэд хамааруулж шийдвэрлэх ёстой.

Прокуророос дахин яллах дүгнэлт үйлдсэн тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх асуудалд онцгойлон анхаарвал зохино.

Ингэснээр Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн  бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял  тохоож болохгүй” гэж тус тус заасан олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцэх юм.

 

Иймд прокурор П.Ганбаатарын бичсэн “...хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин Д.Т нь Х.Должингоос авсан мөнгөө хэрхэн, юунд зарцуулсан эсэх нь түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж үзэв.

 

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: