| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2020/0017/З |
| Дугаар | 112/ШШ2020/0023 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 112/ШШ2020/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А-Ө к ХХК-ийн захирал Г.Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******д холбогдох
Аймгийн Засаг даргын 2020 оны А/457 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2 дахь удаагийн тендер шалгаруулалтын үр дүнгээр байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-Ө к ХХК-ийн захирал Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Н.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, гэрч Ж.М, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А-Ө ХХК-ийн захирал Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: А-Ө к ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерт оролцож уг тендер 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нээгдэж, Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 525 тоот албан бичгээр А Ө констракшн ХХК шалгарсан тул 489451564/дөрвөн зуун наян есөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуун жаран дөрвөн/ төгрөгний төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулах албан бичгийг хүргүүлсэн.
Манай байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газарт хандахад 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, захиалагчийн хяналт гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээг Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж нартай байгуулж гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулан гэрээ байгуулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулахаар захиалагчийг үүрэгжүүлсэн байхад аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг гаргалгүй үндэслэлгүй удааж тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болохоос ажлын 1 хоногийн өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нь манай байгууллагын худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан төдийгүй, захиалагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Гэрээ байгуулах эрх олгох албан бичгийг үнэлгээний хорооноос тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас ажлын 1 хоногийн өмнө захиалагчид хүргүүлсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжит хугацааг захиалагчид олгоогүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тул тендер хүчинтэй байх хугацааг сунгах боломжгүй болсон нь нэхэмжлэгч А ө констракшн ХХК-ийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.
Тендерт оролцож хамгийн сайн тендер ирүүлсэн байгууллагаар шалгарч гэрээ байгуулсан тул манай байгууллага ажил эхлүүлэхээр бүх материал тоног төхөөрөмжөө татаж ажил эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байтал Говь-Алтай аймгийн ******* хууль бус шийдвэр гаргаж 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А/457 тоот захирамжаар манай компанийн оролцож шалгаран гэрээ байгуулсан тендерийн үнэлгээний хороог шинэчлэн байгуулж шинэчлэн байгуулагдсан үнэлгээний хороо нь дахин гүйцэтгэгчээр манай компанитай оролцож шалгараагүй Ж Т К Э ХХК-ийг шалгаруулсан болохыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн орон нутгийн өмчийн газраас гаргасан мэдэгдэлтэй танилцаж мэдсэн болно.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, эс үйлдэхүйн улмаас иргэд байгууллагын зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн тул Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Г-ын өөрийн хувийн сонирхлоор хамгийн сайн тендер ирүүлсэн байгууллагаар шалгарсан компанид хуулийн хугацаанд гэрээ байгуулах боломжит хугацаа олгоогүй хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү. Манай байгууллага Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендер нээснээс хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулсан бол мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараагаас гэрээ байгуулах хуулийн хугацааг зөрчих байсан.
Захиалагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасныг, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ гэсэн заалтыг тус тус зөрчиж хууль бус үйлдлүүдээрээ манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерт шалгарч гэрээ байгуулсан, гэрээ нь хүчин төгөлдөр байхад дахин тендер зарлаж үнэлгээний хороо байгуулсан захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:
Аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Үнэлгээний хороо шинэчлэн байгуулсан тухай А/457 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ГААОНӨГ/202001010 дугаартай тендерт оролцож шалгаран, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 525 дугаар албан бичгээр шалгарч гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг хүлээн авч, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж, 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан талаар дурьдсан байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын захиалагчийн хувьд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтад энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/42 дугаар захирамжаар байгуулсан. Үнэлгээний хороо нь тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар 04 дүгээр сарын 22-ны өдөр зарлаж, урилгыг өдөр тутмын сонин, www.tender.gov.mn, www.govi-altai.gov.mn цахим сайтад олон нийтэд нээлттэй байршуулж, 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 05 минутад нээж, 3 оролцогчийн ирүүлсэн тендерийг үнэлэх ажлыг хийсэн. Үнэлгээний хороо ирүүлсэн тендерүүдийг хянан үзэж А-Ө к ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж дүгнэн аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 525 дугаар албан бичгээр тус компаний ирүүлсэн тендерийг хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдэгдэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө гэрээ байгуулах ёстойг анхааруулсан. Нэхэмжлэгч тал нь тус анхааруулсан хугацааг хэтрүүлэн гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэснийг зөрчсөн байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчин тендер хүчинтэй байх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэгч болон хэргийн хариуцагч талын хооронд байгуулсан гэрээ нь өөрөө мөн хуулийн 42 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус гэрээ гэж, 42.1 дэх хэсэгт Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж, 42.1.2 дахь заалтад захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээнд хамаарч байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулахаар захиалагчийг үүрэгжүүлсэн байхад аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг гаргаагүй, үндэслэлгүй удаасан, энэ нь манай байгууллагын худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан төдийгүй мөн хуулийн 6.1 дэх хэсэгт заасан Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэснийг зөрчсөн гэж үзсэн байна.
Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь дээрх асуудлаар захиалагчид буюу хэргийн хариуцагчид гаргасан гомдол байхгүй байх тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч гэрээ байгуулан ажил эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байтал аймгийн Засаг даргын хууль бус шийдвэр гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/457 дугаар захирамжаар үнэлгээний хороог шинэчлэн байгуулж, дахин гүйцэтгэгчээр Ж Т К Э ХХК-ийг шалгаруулсан болохыг 2020 оны оны 10 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргасан мэдэгдэлтэй танилцаж мэдсэн гэж нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт дурдсан байна.
Нэхэмжлэгчийн А/457 дугаар захирамжийг 2020 оны оны 10 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргасан мэдэгдэлтэй танилцаж мэдсэн гэсэн үндэслэл худал үндэслэл болох нь ГААОНӨГ/202001010 дугаартай тендерт гомдол гарч, Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулах тухай мэдэгдэл ирсэн, аймгийн Засаг даргын гэрээ байгуулах эрх олгосон 2020 оны А/391 дүгээр захирамжийг А/457 дугаар захирамжаар хүчингүй болгосон тухай мэдэгдсэн аймгийн Засаг даргын 2020 оны 38 дугаар сарын 26-ны өдрийн 1/1311 дүгээр албан бичгээр нотлогдоно.
Нэхэмжпэгчид аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/1311 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлснээс хойш буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан хугацаанд нэхэмжлэгчээс ямар нэгэн гомдол ирүүлээгүй болно.
Тус тендерт оролцогч Ж Т К Э ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасны дагуу гомдол гаргасан тул захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн тухай Сангийн яамны 2020 оны 06 дугаар сарын 30-ны 6-1/4475 дугаар албан бичиг ирсэн бөгөөд албан бичигт заасан хугацаанд холбогдох материалыг Сангийн яаманд хүргүүлж, хянуулсан.
Сангийн яам гомдлыг хянаж үзээд хуульд заасан хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүссэн байх тул дээрх тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг мэдэгдсэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/4648 дугаар албан бичгийг ирүүлсэн учир Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 2020 оны А/457 дугаар захирамжаар шинэчлэн байгуулж, дахин тендер зарласан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан зүйл үндэслэлгүй бөгөөд ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерт гарсан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яамнаас хянаж, дахин тендер зохион байгуулах тухай мэдэгдэл ирүүлсэний хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны А/457 дугаар захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: А ө констракшн ХХК-ийн захирал Г.Аийн нэхэмжлэлтэй, аймгийн *******д холбогдох захиргааны хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 28-нд Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын 2 дахь нээлттэй тендерийг нээж 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орон нутгийн өмчийн газраас 782 дугаар албан бичгээр тендерт оролцогч нарт албан бичиг хүргүүлсэн байна. Хэрэг энэ мэдэгдлээр гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасантай зөрчилдөж байх бөгөөд захиалагч шалгарсан гүйцэтгэгчтэй тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүссэн байна. Иймд 2 дахь удаагийн тендер шалгаруулалтын үр дүнгээр байгуулсан гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнд:
Дахин тендерийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зарлаж, 09 дүгээр сарын 28-ны өдөр нээхэд Ж Т К Э компани, М-А ХХК гэсэн 2 оролцогч тендер ирүүлсэнийг үнэлгээний хороо үнэлж, Орон нутгийн өмчийн газрын 10 дугаар сарын 20-ны өдрийн 781 дүгээр албан бичгээр тендерийн шийдвэр, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг Ж Т К Э компанид хүргүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/596 дугаар захирамжаар Ж Т К Э компанитай гэрээ байгуулах эрхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт олгосон. Тус шийдвэрийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд соёл амралтын хүрээлэн байгуулах ажлын гэрээг байгуулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасныг зөрчөөгүй болно.
Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасантай зөрчилдөж байх бөгөөд захиалагч шалгарсан гүйцэтгэгчтэй тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүссэн байна" гэж ямар нэгэн нотлох баримтгүйгээр худал зүйл үндэслэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн болох нь өгсөн нотлох баримтуудаар нотлогдоно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан зүйл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ж Т К Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн үнэлгээний хороо шинэчлэн байгуулсан тухай А/457 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зарлаж хуулийн хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нээсэн. Тус тендерт А- Ө констракшн ХХК, Ж Т К Э ХХК, Э А XXК гэсэн 3 компани оролцсон байсан юм. Үнэлгээний хороо А ө к ХХК-ийг шалгаруулсан талаарх мэдэгдлийг Ж Т К Э компанид ирүүлсэн юм.
Ж Т К Э ХХК нь 81 дугаартай албан бичгээр 2020 оны 06-р сарын 19-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.
Гомдол гаргасан байхад А ө констракшн ХХК нь Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гэрээг 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон байхад Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гэрээ байгуулсан.
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/391 дугаартай захирамж нь Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гэрээг байгуулснаас 1 хоногийн дараа гарсан байгаа зэрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гомдлын мөрөөр Сангийн яам хянаад дахин тендер зохион байгуулах шийдвэр гарч, мэдэгдэл ирсэний дагуу аймгийн Засаг даргын 2020 оны А/457 дугаар захирамжаар дахин үнэлгээний хороо байгуулагдаж, тендер зарлагдсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаар хянагдсан шийдвэрийг хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын А/457 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо тендерийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зарлаж, 09 дүгээр сарын 28-ны өдөр нээхэд Ж Т К Э компани, М А компани гэсэн 2 компани тендерт оролцож материал ирүүлснийг үнэлгээний хороо үнэлж, Ж Т К Э компаний тендерийг шаардлага хангасан хамгийн сайн тендер гэж үнэлсэн.
Аймгийн Орон нутгийн өмчийн газрын 10 дугаар сарын 20-ний өдрийн 781 дугаартай албан бичгээр тендерийн шийдвэр, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг Ж Т К Э компанид ирүүлсэн .
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/596 дугаартай захирамжаар Ж Т К Э компанитай гэрээ байгуулах эрхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалттын газарт олгосон шийдвэрийн дагуу Ж Т К Э компани нь 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлын гэрээг байгуулсан. Ж Т К Э компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулсан нь ямар нэг хууль зөрчөөгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан зүйл үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гэрч Г.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Энэ тендерт оролцогч 3 хуулийн этгээд байгаа. Гурван хуулийн этгээдээс А ө констракшн ХХК бол эхний сонгон шалгаруулалтад шалгарсан. Үүн дээр Сангийн яаманд гомдол гарсан. Гомдол гарсан тухай Тамгын газарт болон шалгарсан этгээдэд мэдэгдсэн. Тэгээд Сангийн яамнаас 2020 оны 06 дугаар сарын 30-нд түдгэлзүүлэх албан бичиг ирсэн. Энэ гомдолтой холбоотой гомдлыг нь хянан шийдвэрлэсэн албан бичиг нь 07 дугаар сарын 07-ны өдөр Наранцогт гээд гарын үсэгтэй ирсэн. Тухайн тендер шалгаруулах ажиллагаанд гомдол гаргаад тухайн тендер шалгаруулалтыг хянан үзээд энэ тендерийг хүчингүй болгоод дахин хуульд нийцүүлэн зарлах шийдвэр ирсэн. 2020 оны 5 дугаар сарын 22-нд нээлт хийгээд 6 дугаар сарын 02-нд хуралдсан. Хуулиараа бол 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. 2020 оны 06 дугаар сарын 02-нд үнэлгээний хороо хуралдаад захиалагч байгууллага буюу *******ар зуруулах гээд тэр зөвлөмжөө хүргүүлээд тэр нь зурагдаад ирэхээр гүйцэтгэгчид хүргүүлнэ гэхээр 06 дугаар сарын 18-нд баталгаажиж зурагдаж ирсэн. ******* гарын үсэг зурахгүй байгаа болохоор тендерийн хүчинтэй хугацааг сунгаж болдоггүй юм гэсэн тайлбарыг нэхэмжлэгчид хэлснээ зөвшөөрч байна. Баталгаажсан хугацаа нь мэдэгдэл өгсөн өдрөөрөө байгаа. 2020 оны 06 дугаар сарын 02-нд хуралдаад зөвлөмжөө 3 хоног дотроо Тамгын газарт оруулахад үнэлгээний хорооны гишүүд гарын үсэг зураад *******д өгдөг. Тэгээд ******* түүнийг баталгаажуулаад ирэх хүртэл нь хүлээгээд түүнийг зурагдсан өдөр нь мэдэгдэл өгдөг. Төсвийг ерөнхийлөн захирагч гарын үсэг зурснаар баталгааждаг.
Гэрч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: А ө констракшн ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 26-нд гарсан албан бичгийг би өөрийн биеэр өөрт нь өгсөн. А ө констракшн ХХК-ийн захирал Г.Ат өгсөн. Бичиг гарсан даруйд өөрт нь утсаар мэдэгдэхэд би ажилтай байна. Зээл гаргаж байгаа ажлаа дуусгаад ажлаа зохицуулаад ороод авна гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа гудамжинд таараад би нэг заваараа ороод авна гээд орой нь ирээд авсан. Өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан ажлын 4 хоногийн дотор материалыг нь өгсөн. Би 2020 оны 08 дугаар сарын 27-нд утсаар холбогдоод ямар учиртай бичиг гарсан гэдгийг нь утсаар танилцуулсан. Нэхэмжлэгч талаас ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн бичиг ирсэн байсан. Тэр дээр нь Сангийн яамнаас гомдол гарсан байна. Таны тендер дээр гомдол гарсан тул ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй гээд утсаар яриад материалуудыг ярьснаас хойш 3 хоногийн дараа өгсөн. Сангийн яамнаас ирсэн албан бичиг 2 хуудас, үнэлгээний хороог шинэчлэн байгуулах захирамж, үнэлгээний хороо байгуулсан Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгох тухай гээд н.Байгальмаа даргаар ахлуулсан багийн захирамжийг хавсаргаад өгсөн. Гарын үсэг зуруулж аваагүй учир баримтгүй болчоод байна.
ҮНДЭСЛЭХ нь:
А- Ө констракшн ХХК-иас Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулсан байхад дахин тендер зарлах үнэлгээний хороо байгуулсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны А/457 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2 дахь удаагийн тендер шалгаруулалтын үр дүнгээр байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Нэг. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулсан байхад дахин тендер зарлах үнэлгээний хороо байгуулсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны А/457 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
А- Ө констракшн ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын тендерт оролцон шалгарч, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 525 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл авчээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, нэхэмжлэгч А- Ө констракшн ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гэрээг байгуулжээ.
Энэхүү тендер шалгаруулалтад оролцсон Ж Т К Э ХХК-иас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сангийн яаманд хандаж гомдол гаргасан байна.
Сангийн яамнаас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6-1/4475 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэн, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/4648 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин явуулахыг мэдэгджээ.
Харин хэргийн оролцогчид тендерийн үнэлгээтэй холбогдуулан маргаагүй болно.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нээлттэй тендерийг цахимаар зарласан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нээсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна. гэж зааснаар тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болжээ.
Тендерт шалгарсан оролцогч болох А- Ө констракшн ХХК-д захиалагчаас 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна. гэж заасан хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцлийг үүсгэсэн байна. Учир нь тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тендерт шалгарсан А- Ө констракшн ХХК-иас тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах талаар хүсэлт гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж маргаж байх боловч тендерийг аль болох богино хугацаанд үнэлэн, шалгаруулж тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах нь захиалагч, түүний байгуулсан үнэлгээний хороонд хамааралтай байна.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж тодорхойлсон байгаа тул захиалагч энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах үүрэгтэй байна.
Хариуцагч хуульд заасан хугацаанд тендерийг шалгаруулаагүй, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг гэрээ байгуулах хугацааг тооцон олгоогүй зэргээр тендерт шалгарсан оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх төдийгүй үүний улмаас тендерт шалгарсан этгээдтэй байгуулсан гэрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т /захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан/ зааснаар хүчин төгөлдөр бус болсон байна.
Нэхэмжлэгч бид гэрээг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан, энэ дагуу ажил гүйцэтгэх ёстой гэж маргаж байгаа боловч А- Ө констракшн ХХК-д 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэлд тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаа талаар дурдсан байдаг.
Түүнчлэн тендер шалгаруулалтын талаар оролцогч Ж Т К Э ХХК-иас Сангийн яаманд гомдол гарсан байгаа талаар захиалагч болон тендерт оролцогч нарт мэдэгдсэн болох нь гэрч Г.Аийн мэдүүлэг болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. гэж заасныг харгалзан үзэлгүй гэрээ байгуулсан нь Сангийн яамны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6-1/4475, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/4648 дугаар албан бичгүүдээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч дахин тендер зарласан талаар мэдээгүй, ажлаа хийхээр төлөвлөж байсан гэж маргаж байх боловч Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Гаас А- Ө констракшн ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/1311 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсоныг мэдэгдсэн байна. Энэхүү албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь гэрч Ж.Мийн мэдүүлэг, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан хугацаа дууссан, тендер шалгаруулалттай холбоотой гомдол гарсаныг мэдсэн буюу мэдэх бололцоотой байсан гэж шүүх үзлээ.
Нэгэнт тендер шалгаруулалтын талаар гомдол гарсан байхад гомдлыг хянах эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрийг хүлээлгүй гэрээ байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн үйлдэл болжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг зөрчин гэрээ байгуулагдсаны улмаас мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасан хүчин төгөлдөр бус гэрээг шүүхээс хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нарын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гэрээ хүчин төгөлдөр бус байх тул хариуцагчаас дахин үнэлгээний хороо байгуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
Иймээс Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчийг дахин шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны А/457 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын 2 дахь удаагийн тендер шалгаруулалтын үр дүнгээр байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
А- Ө констракшн ХХК-ийн Говь-Алтай аймгийн *******д холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулсан байхад дахин тендер зарлах үнэлгээний хороо байгуулсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны А/457 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчийг шалгаруулах 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зарласан тендерийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хянан үзлээ.
Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчийг дахин шалгаруулах үнэлгээний хороог Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны А/457 тоот захирамжаар 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулжээ.
Үнэлгээний хороо энэхүү тендерийг цахимаар нээлттэй зарлаж, тендерийн урилгыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр www.tender.gov.mn, www.govi-altai.gov.mn сайтуудад байршуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ., 21.2-т Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно. гэж заасан байгаа тул захиалагч худалдан авах ажиллагааны цахим систем болон өөрийн байгууллагын цахим хаягаар нийтэд мэдээлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн тендерийн урилгад сонирхсон этгээдийн мэдээлэл авч болох хаяг, утасны дугаарыг нийтэлсэн учир мэдээлэл авах боломжийг хаасан гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас харвал тухайн тендерт оролцох эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна. Учир нь тендерийг цахим хэлбэрээр, нээлттэй зарласан учир урилгыг нэхэмжлэгчид тухайлан хүргэх үндэслэлгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-т тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно: 5.1.6.а.дангаараа тендер ирүүлсэн этгээд; 5.1.6.б.хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд;-ийг ойлгоно гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл тендер ирүүлсэн этгээд нь тендерт оролцогч байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар 5.1.1-д зааснаар тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлэх бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зарласан Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт Ж Т К Э ХХК, М-А ХХК нар оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
А- Ө констракшн ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зарласан Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн оролцогч биш болох нь нотлогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55, 56 дугаар зүйлд зааснаар тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг тендерт оролцогч гаргахаар заасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж тодорхойлсон байдаг.
А- Ө констракшн ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зарласан Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт оролцоогүй нь нотлогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д ... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 42 дугаар зүйлийн 42.1.2, 55 дугаар зүйлийн 55.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус баримтлан А- Ө констракшн ХХК-иас Говь-Алтай аймгийн *******д холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ГААОНӨГ/202001010 дугаартай Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулсан байхад дахин тендер зарлах үнэлгээний хороо байгуулсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны А/457 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажил-ын 2 дахь удаагийн тендер шалгаруулалтын үр дүнгээр байгуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН