Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0397

 

 

 

 

 

 

 

 

Г.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Г.С

Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар

Хариуцагч Төрийн албаны зөвлөл

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Нэхэмжлэлийн шаардлага:

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” **** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С-г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай” Б/**** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,

Урьд эрхэлж байсан ажил болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах,

Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулах агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0325 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч

Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0120/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.С нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Төрийн албаны зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тус тус холбогдуулж “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” **** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С-г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай” Б/**** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан ажил болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулах агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0325 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.С-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /хуучин нэршлээр/-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/**** дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, Г.С-г Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, хуульд заасны дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1 Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г давж заалдах гомдолдоо:

Г.С-ийн ажиллаж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаал дэс түшмэлийн ТЗ-6 зэрэглэлийн гүйцэтгэх албан тушаалд, түүнийг шилжүүлэн томилсон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаал эрхэлсэн түшмэлийн ТЗ-3 зэрэглэлийн удирдах албан тушаалд тус тус хамаарч байна. Гэтэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын /хуучин нэршлээр/ 2021 оны 11 дүгээр сарын 12-нь өдрийн Б/*** дугаар тушаалаар дэс түшмэлийн ангилал зэрэглэлээс эрхэлсэн түшмэлийн ангилал зэрэглэлд томилсон байсан. Үүнийг анхан шатны шүүх “...Дээрхээс үзвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /хуучин нэршил/-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Г.С-г тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилон ажиллуулсныг буруутгах боломжгүй юм...” гэж дүгнэсэн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална. Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шалан дэвшүүлэх журам”-ын 2.4 дэх заалтад “Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн үнэлэлт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг зөрчсөн шийдвэр гаргасан бөгөөд журмын 1.4 дэх хэсэгт “энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахыг хориглоно”, 1.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна” гэж заасан байдаг. Г.С нь удирдах төрлийн албан тушаалын тусгай шалгалт өгөөгүй байхад албан тушаалын төрөл өөрчилж, ангилал алгасуулж шилжүүлсэн хөдөлмөрийн.харилцаа нь хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Төрийн алба Төрийн албаны тухай хуулийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхдээ “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчмыг баримталж Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын албан тушаалыг нээлттэй ил тод байдлаар олон нийтэд зарласны үндсэн дээр уг албан тушаалд иргэд тэгш, боломжоор хангагдаж өрсөлдөн томилогдож ажилладаг. Гэтэл анхан шатны шүүх “...Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар Г.С-г ...шаардлагатай байгаа мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхийн хүний нөөцийг бүрдүүлэх гэсэн үндэслэлээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт шилжүүлсний зэрэгцээ тэрээр хүүхдийн эрхийн салбарт тасралтгүй 10 жил ажилласан, тухай албан тушаалыг эрхлэхтэй холбоотой шаардлагатай сургалтуудад хамрагдсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /хуучин нэршил/-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг” чадахуйн зарчимд үндэслэсэн болохыг хариуцагчаас анхаараагүй нь мөргөөн бүхий А/**** дугаар тогтоолыг үндэслэл бүхий гэж үзэж боломжгүйд хүргэж байна...” гэжээ. Энэ нь тухайн албан тушаалд сонгон шалгаруулж томилох, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг зөрчсөн, илтэд нэг талд үйлчилсэн гэж дүгнэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0325 дугаар шийдвэр нь нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоож буй албан тушаалын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хэмжээг тусгаагүй талаар:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудаас нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил болох Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий боловч нэхэмжлэгч Г.С-г чөлөөлсөн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх цалин хөлсний хэмжээг тооцож, тодорхой заагаагүй байна. Гэтэл шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Шүүхийн шийдвэр дээр түүний ажилгүй байсан хугацааны авах цалин хөлсний хэмжээг хуульд заасан үндэслэл журмын тодорхой заагаагүйн улмаас шийдвэр гүйцэтгэл дээр эсвэл талуудын хооронд маргаан үүсэж болзошгүй юм. Иймд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох (нэг өдрийн цалин 110,805.4 нийт ажилгүй байсан өдөр ажлын 381 хоног) нийт 42,216,857.4 төгрөгийг тусгаж, тодорхой зааж өгнө үү.

Нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар:

Шүүхийн шийдвэрийн 24 дэх талд дээрх шаардлагын талаар дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар нэхэмжлэгчид хариуг хүргүүлсэн буюу хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй эс үйлдэхүй байхгүй тул Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр шийдвэр гаргаж, ажиллуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд ямар нэгэн байдлаар шийдвэрлэж, хариу авах агуулга байсан. Тодруулбал, нэхэмжлэгчийг Яамд байсан албан тушаалд буцаан томилох боломжтой, эсвэл томилох боломжгүй гэсэн агуулгаар ямар нэгэн байдлаар хариу авах агуулга байсан. Яамны зүгээс хүсэлтийн хариу болгож “Яамд ажиллуулах боломжгүй” гэх хариу өгвөл энэ нь “татгалзсан шийдвэр” хэлбэртэй захиргааны акт болох бөгөөд нэхэмжлэгч нь тус шийдвэрийн эсрэг тусдаа маргах байсан. Гэтэл Яам нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй буюу хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн хэрэг тул өөрийн өргөдөл, гомдол гаргах эрхээ хамгаалуулах үүднээс дээрх нэхэмжлэлийг гаргасан юм.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд холбогдуулан гаргасан хүсэлтэд өгсөн хариу байдаггүй. Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа мөн адил нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн гэх агуулгаар тайлбарлаагүй байдаг. Харин хэрэгт Яамны зүгээс нэхэмжлэгчид өөр асуудлаар хариу өгч байсан. Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад тус албан бичгийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд өгсөн хариу гэж тайлбарласан ч асуулт, хариултын үе шатад өргөдлийг шийдвэрлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, шүүх хуралдааны асуулт, хариултын үед шатад нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй болохоо 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2479 дугаартай анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл 12 дахь хуудасны сүүлийн өгүүлбэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хүсэлтэд хариу өгсөн зүйл байгаа юу? гэхэд байхгүй гэж хариулдаг, 13 дахь хуудас (92 тал), 3 дахь догол мөрөнд хүсэлт шийдээгүй юм биш үү гэхэд тус хүсэлтэд мэдээллийн шинжтэй хариу өгсөн гэж хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Төрийн албаны зөвлөл болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч энэ нь Яамд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм. Тодруулбал, Яамны хувьд “ажилд томилох” агуулгаар шүүхийн шийдвэр гарахгүй, гагцхүү “Хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөх” агуулгатай шүүхийн шийдвэр гарах билээ. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь нэхэмжлэгч нь Яам дахь ажилдаа орохгүй. Гагцхүү Яамд гаргасан хүсэлтийнхээ хариуг аваад тус шаардлагатай холбоотой асуудал дуусгавар болгох боломжтой болох юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.3 Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж давж заалдах гомдолдоо:

“...Г.С Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах үеийн байдлаар төрийн албанд 23 жил 7 сар, дэс түшмэлийн албан тушаалд 9 жил 1 сар ажилласан бөгөөд түүний ажилласан жилийн туршлагыг дэлгэрүүлэн үзвэл 1993 оны 8 дугаар сараас 2006 оны 2 дугаар сар хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант, Их уул сумын ерөнхий боловсролын дунд сургуульд багш, 2006 оны 02 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл МУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, багш, 2006 оны 10 дугаар сараас 2009 оныг дуустал Их Британы болон Японы хүүхдийг ивээх сан олон улсын байгууллагад менежер, 2010 оны 01 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл Хүүхдийн төлөө газрын Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжил хамгааллын менежер, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/** дугаар тушаалаар тус газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, мөн газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/** дүгээр тушаалаар Гэр бүлийн боловсролын арга зүй, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, мөн даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Хүүхдийн хөгжил, оролцооны бодлого хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/** дүгээр тушаалаар Хүүхдийн оролцоо, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/*** дүгээр тушаалаар Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүл, ахмад настан, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, мөн даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шинжээч, мөн даргын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Хүн амын хөгжлийн газрын Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус ажилласан байдаг.

Г.С-г Хүүхдийн төлөө үндэсний газарт 2012 оноос хүний нөөц хариуцсан мэргэжилтнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2018 онд шилжин ажиллах хүртэл хугацаанд төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэхүү тогтоолоор Засгийн газрын агентлагийн мэргэжилтний албан тушаал дэс түшмэлийн ангиллын ТЗ-6 зэрэглэлд, Засгийн газрын агентлагийн ахлах мэргэжилтний албан тушаал дэс түшмэлийн ТЗ-7 зэрэглэлд тус тус хамаарч байсан болно.

Мөн Г.С-ийн ажиллаж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүл, ахмад настан, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаал дээрх тогтоолын дагуу дэс түшмэл ангиллын ТЗ-7 зэрэглэлд хамаарна. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол хүчингүй болж, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсан. Уг тогтоолоор яамны мэргэжилтний албан тушаал дэс түшмэл, ТЗ-7 ангилал зэрэглэлд хамаарна. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар тушаалаар Г.С Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шинжээчээр, мөн даргын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар Хүн амын хөгжлийн газрын Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус томилогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл, яамны шинжээчийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл баталсан Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор ахлах түшмэлийн ангиллын ТЗ-9 зэрэглэлд хамаарна. Тодруулбал, Г.С-ийн яаманд шинжээчээр ажилласан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сар 15 хоногийн хугацаа нь ахлах түшмэлийн албан тушаалд ажилласанд тооцогдоно.

Гэтэл анхан шатны шүүх Г.С-г төрийн захиргааны ямар ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалд ажилласан эсэхийг эрх бүхий байгууллага /тухайн үеийн/-аас баталсан дүрэм журмын дагуу нягтлан шалгахгүйгээр зэрэг дэв олгосон шийдвэрийг үндэслэн ахлах түшмэлийн албан тушаалд 4 болон түүнээс дээш жил ажилласан байх хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан туршлагын тусгай шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, Г.С-ийн яаманд шинжээчээр ажилласан 6 сар, 15 хоногийн хугацааг ахлах түшмэлийн албан тушаалд ажилласан гэж тооцох бөгөөд уг хугацааг 4 болон түүнээс дээш хугацаагаар ахлах түшмэлийн албан тушаалд ажилласантай адилтгасан нь хууль бус болсон байна. Г.С Удирдлагын академийн эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн бөгөөд мэргэшлийн шаардлагыг хангаагүй зөрчсөн гэж Төрийн албаны зөвлөлийн 2022 оны ****  дугаар тогтоолоор дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг” ойлгоно гэж заасныг үндэслэн яамны мэргэжилтнээс агентлагийн газрын даргын албан тушаалд албан тушаалын ангилал, төрөл өөрчлөгдөж байхад төрийн албаны тусгай шалгалтгүйгээр шууд томилсныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль бус юм.

Анхан шатны шүүх Т.С-г тухайн албан тушаалд томилох үед Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /цаашид Ковидын хууль гэх/-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлэх”-ээр заажээ. заасныг үндэслэн шилжүүлэн томилсон байдаг.

Энэ тохиолдолд буюу бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх шаардлага болон дээрх 14 дэх хэсэгт дурдсан ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжтой байсан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Г.С-г яамны мэргэжилтнээс агентлагт нэгжийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон цаг хугацаанд Ковидын хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан хэдий ч уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан.

Тодруулбал, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмын хүрээнд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр. Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжийг нээсэн зохицуулалт гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл, Г.С төрийн албанд ажилласан хугацааны шаардлагыг хангаж байгаа боловч ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх хуульд заасан туршлагын тусгай шаардлагыг хангахгүй байх тул Коронавируст халдвар /ковид-19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эрхэлсэн түшмэлийн албанд тушаалд шилжүүлэн томилсон байдаг.

Тодруулбал, анхан шатны шүүх Ковидын хуулийн үйлчлэлийн хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжийг олгохоор зохицуулжээ гэж буруу дүгнэсэнтэйгээ уялдуулж Төрийн албаны зөвлөлийн 2022 оны **** дугаар тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй юм.

Нөгөөтээгүүр Ковидын хуулийн үйлчлэлийн хугацаа дуусгавар болсон, төрийн албаны сонгон шалгаруулалтууд хэвийн байдлаар үргэлжилж байгаа, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд авна” гэж заасан. Г.С Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд ажиллах ямар ч тохиолдолд зайлшгүй төрийн албаны тусгай шалгалт өгөх хуулийн зохицуулалттай, Түүнчлэн, яамны мэргэжилтний албан тушаалаас агентлагийн нэгжийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад тус тус заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагааг хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэр бүхий 6 албан хаагчийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож, Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад заасны дагуу томилгооны зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.

Улмаар Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд эрх бүхий албан тушаалтан хууль бус томилгооны зөрчил арилгаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт заасны дагуу Зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар тогтоолоор Г.С-г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Зөвлөлийн 2021 оны 391 дүгээр тогтоолыг Г.С хүлээн зөвшөөрдөг бөгөөд гомдол, нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Яамны мэргэжилтний албан тушаалаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд Г.С-г шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг хэсэгт заасан өөрийнх нь зөвшөөрлийг авсан, 2 байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон байх хуулийн урьдчилсан шаардлагыг хангасан атал төрийн захиргааны адил ангилал, төрлийн албан тушаалд шилжүүлэх хуулийн зохицуулалтыг зөрчиж, ангилал алгасуулж, албан тушаалын төрөл өөрчилж ажиллуулсан нь хууль бус болсныг Зөвлөлийн 2021 оны 391 дүгээр тогтоолоор тогтоосон. Энэ талаар шүүх шийдвэртээ дүгнээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0325 дугаар шийдвэрийн Төрийн албаны зөвлөлд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын Төрийн албаны зөвлөлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

   1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болон Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/120 дугаар “Г.С-г шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар “...Г.С-г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор шилжүүлэн ажиллуулах”-аар шийдвэрлэж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын /хуучин нэрээр/ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/*** дугаар “Г.С-г төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г-ийн С-г 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн” ажиллуулжээ.

3. Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тушаалаар “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж”, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 391 дүгээр “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолоор “...Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С-г шилжүүлэн ажиллуулахдаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг зөрчсөн” болохыг тогтоосон байна.

4. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоолоор “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг тогтоосон Төрийн албаны зөвлөлийн 391 дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хөгжлийн газрын даргаар Г.С-г томилсон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож,

5. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын /хуучин нэрээр/ 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/**** дугаар “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С-г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай” тушаалаар “...Төрийн албаны зөвлөлийн 2022 оны **** дугаар тогтоол гарсантай холбогдуулан Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С-г 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлж” тус тус шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгч Г.С нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар “Маргаан хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолоор “...Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалтыг зөрчиж төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй үндэслэлээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/**** дугаар тушаалыг хэвээр үлдээж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/**** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах Г.С-ийн гомдлын шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ... мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд Г.С-г томилохыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж” шийдвэрлэсэн байна.

7. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/** дүгээр албан бичгээр “...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний ажлын байрыг санал болгож” нэхэмжлэгч Г.С-д хүргүүлж байсан байна.

8. Нэхэмжлэгч Г.С нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтний албан тушаалд ажиллуулж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргаж, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 03/*** дугаар албан бичгээр түүнд хариу мэдэгджээ.

9. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ” гэж заасан.

10. Хэрэгт авагдсан болон дээр дурдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.С-г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг үндэслэн түүнийг тусгай шалгалт өгөөгүй байхад томилон ажиллуулсан болох нь тогтоогдсон байна.

11. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, шаардлага хангаагүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулахаар шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар “Маргаан хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолыг гаргаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад хүргүүлжээ.

12. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Г.С төрийн албанд ажилласан хугацааны шаардлагыг хангаж байгаа боловч ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх хуульд заасан туршлагын тусгай шаардлагыг хангахгүй байх тул Коронавируст халдвар /ковид-19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эрхэлсэн түшмэлийн албанд тушаалд шилжүүлэн томилсон...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

12.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд /ТЗ-7 ангилалд хамаарах/ ажиллаж байсан Г.С-г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хөгжлийн газрын даргын албан тушаалд /ТЗ-11 ангилал/ томилсон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг зөрчсөн байсан талаар Төрийн албаны зөвлөл хяналт шалгалтаар үндэслэлтэй тогтоож, маргаан бүхий 2022 оны **** дугаар тогтоолыг гаргажээ. 

12.2 Төрийн албаны тухай 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авах”-аар заасан бөгөөд тусгай шалгалт өгөөгүй Г.С-г ТЗ-7 дэс түшмэлийн  ангиллаас ТЗ-11 эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа энэхүү зохицуулалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.  

12.3 Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан хаагчийг албан тушаалын ангилал хооронд шилжүүлж байгаа тохиолдолд тусгай шалгалт өгсөн байхыг шаардах бөгөөд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан зохицуулалт нь сонгон шалгаруулалт явуулахгүй, тусгай шалгалт авахгүй томилох эрх хэмжээг олгосон хэмээн ойлгох, ийнхүү хэрэгжүүлэх үндэсгүй юм.

12.4. Иймд Төрийн албанд хууль дээдлэх зарчмыг баримтлах бөгөөд Төрийн албаны зөвлөл өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцээгүй тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 66 дугаар зүйлийн 66.1.3-т зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Төрийн албаны зөвлөлийн 2022 оны **** дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

13. Төрийн албаны зөвлөл Г.С-г томилсон хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын /хуучин нэрээр/ 2021 оны Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, 2022 оны 650 дугаар тогтоолоор Г.С-г мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд томилохыг даалгасан шийдвэрийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д зааснаар биелүүлж ажиллаагүй, үүний улмаас нэхэмжлэгчийн хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөгдөхгүй байх, тогтвортой ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

13.1 Төрийн албаны зөвлөл 2022 оны **** дугаар тогтоолоор Г.С-г томилсон тушаалыг нэгэнт хүчингүй болгосон байхад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын /хуучин нэрээр/ Б/**** дугаар тушаалаар дахин нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гаргаж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж түүнийг ажил, албан тушаалд томилоогүй нь хууль бус байна.

13.2 Ийнхүү дээр дурдсанаар нэхэмжлэгч Г.С-г шүүхээс өмнө эрхэлж байсан албан тушаалд томилсон шийдвэр гаргах үндэслэлгүй, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар түүнийг мэргэжил, мэргэшлийн дагуу хуульд нийцүүлэн ажил, албан тушаалаар хангах үүрэгтэй болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий Б/**** дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

13.3 Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж, өөрийн байгууллагын бүтэц, орон тоо, ажлын байрны тодорхойлолт болон хууль, тогтоомжид нийцүүлэн Г.С-г зохих албан тушаалд томилсон шийдвэр гаргах шаардлагатай бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломж, шийдвэр гаргах цар хүрээнээс хэтэрсэн буюу шүүхийн шийдвэрээр тухайн байгууллагын тодорхой нэг албан тушаалд томилох боломжгүй байна.

14. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж тус тус заасны дагуу Г.С-ийн өмнө нь авч байсан /ТЗ-7 ангилал/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмаар тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.С нь хүсэлт гаргаж, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 03/147 дугаар албан бичгээр түүнд хариу өгсөн байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулах агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэсгүй байна.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0325 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.3, 41 дүгээр зүйлийн 41.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ийн гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” **** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулах агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах тухай” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын /хуучин нэрээр/ 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С-г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай” Б/**** дугаартай тушаалыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаас Г.С-г зохих албан тушаалд томилсон шийдвэр гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, Г.С-ийн өмнө авч байсан /ТЗ-7 ангилал/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний ажилгүй байсан хугацаагаар зохих журмаар тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар шинэ акт гаргаагүй бол 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/**** дугаар тушаал хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарын заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА